A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын /цаашид "Улсын Их Хурал" гэх/ бүрэн эрх, түүний зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал, түүний бүрэн эрхийн баталгааг тогтоох, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Улсын Их Хурлын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Улсын Их Хурлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль /цаашид "Үндсэн хууль" гэх/, энэ хууль болон бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

3 дугаар зүйл. Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчим

Хэвлэх

3.1.Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.2.Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь хараат бус, нээлттэй, ил тод, хариуцлагатай, иргэдэд хүртээмжтэй байх бөгөөд асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж олонхийн саналаар шийдвэрлэх зарчимд тулгуурлана.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

Хэвлэх

4.1. Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой болон хуулиар тогтоосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Улсын Их Хурлын бүрэлдэхүүн

5 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэлдэхүүн

Хэвлэх

5.1. Улсын Их Хурал нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн дагуу сонгогдсон 76 гишүүнээс бүрдэх бөгөөд энэхүү бүрэлдэхүүнийг "нийт гишүүн" гэж ойлгоно.

5.2. Ээлжит сонгуулийн дараа нийт гишүүний дөрөвний гурав буюу 57-оос доошгүй гишүүн сонгогдож, Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөсөн бол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.3. Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд Улсын Их Хурлын гишүүн нас барсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдсөн, эсхүл бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, эгүүлэн татсаны улмаас орон гарсан боловч нөхөн сонгууль явагдаагүй тохиолдолд Улсын Их Хурлын 57-оос доошгүй гишүүний бүрэн эрх хүчинтэй байвал Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.

6 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүн

Хэвлэх

6.1. Улсын Их Хурлын гишүүн /цаашид "гишүүн" гэх/ бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.

6.2. Гишүүн "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая" хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөнө.

6.3. Гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

6.4. Гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.

6.5.Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

6.6. Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 6.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:

6.6.1. нас барсан;

6.6.2. /Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.6.3. гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

6.6.4. хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

6.6.5. Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

6.6.6. гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан.

6.7. Энэ хуулийн 6.6.3, 6.6.4-т заасан тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, 6.6.5, 6.6.6-д заасан тохиолдолд эгүүлэн татах тогтоол гаргах бөгөөд 6.6.1-д заасан тохиолдолд гишүүнийг шууд орон гарсан гэж үзэж энэ тухай Улсын Их Хурлаас шийдвэр гаргахгүй.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.8. Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

6.9.Доор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:

6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;

6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.

/Энэ хэсгийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.10. Эрх бүхий байгууллага гишүүнийг энэ хуулийн 6.9.1-д заасны дагуу баривчилсан бол энэ тухай Улсын Их Хурлын даргад 3 цагийн дотор нэн даруй мэдэгдэнэ.

6.11. Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан санал хүлээн авсан бол ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.12. Чуулганы чөлөөт цагт энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан санал хүлээн авсан бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлаж чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.13. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

6.14. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан бол баривчлагдсан гишүүнийг нэг цагийн дотор суллана.

6.15. Гишүүнийг энэ хуулийн 6.6.3, 6.6.4-т заасан үндэслэлээр чөлөөлөх танилцуулгыг Улсын Их Хурлын дэд дарга, 6.6.5, 6.6.6-д заасан үндэслэлээр эгүүлэн татах, 6.9.1, 6.9.2-т заасан үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх танилцуулгыг Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор тус тус зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд хийнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.16.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхэд гишүүд асуулт тавьж хариулт авах, үг хэлж байр сууриа илэрхийлэх эрхтэй.

7 дугаар зүйл. Гишүүний бүрэн эрх

Хэвлэх

7.1. Гишүүн дараахь бүрэн эрхтэй:

7.1.1.үйл ажиллагаандаа нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах;

7.1.2.Байнгын хороонд заавал харьяалагдах;

7.1.3.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах;

7.1.4.санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг өөрийн саналаар татаж авах;

7.1.5.нэгдсэн болон өөрийн харьяалагддаг Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох;

7.1.6.Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх;

7.1.7.Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүнд орох, нэг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарч өөр Байнгын хорооны бүрэлдэхүүнд орох;

7.1.8.Улсын Их Хурал, Байнгын, дэд, түр хорооны ажлын хэсэгт хүсэлтээрээ орж ажиллах;

7.1.9.хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах;

7.1.10.зарчмын зөрүүтэй саналаа нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, санал хураалгах;

7.1.11.Улсын Их Хурлын шийдвэрээр байгуулагддаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, сонгогдох буюу томилогдох албан тушаалтны талаар үг хэлж байр сууриа илэрхийлэх, санал, дүгнэлт гаргах;

7.1.12.Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. Ерөнхий сайдыг огцруулах саналыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны адил Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь хамтарч гаргана;

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7.1.13. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга, асуулт тавьж хариуг нь хуульд заасан хугацаанд авах, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл санаачилж хэлэлцүүлэх;

7.1.14. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг судлан үзэж, шаардлагатай гэж үзвэл төсөл санаачлах, шаардлагагүй бол энэ тухай хариуг бичгээр өгөх;

7.1.15. иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэж хариуг нь шууд өгөх, эсхүл хариуцан шийдвэрлэх эрх, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж энэ тухай хариу мэдэгдэх;

7.1.16. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаатай танилцах;

7.1.17. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах;

7.1.18. бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч хүлээгдэлгүй уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар авах;

7.1.19. онцгой чуулган зарласан бол дуудлага хүлээлгүйгээр нэн даруй хүрэлцэн ирэх;

7.1.20. төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг чанд хадгалж задруулахгүй байх бүх арга хэмжээ авах;

7.1.21. өвчтэй, чөлөөтэй байх, гадаад, дотоодод томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох;

7.1.22. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг сахиж ажиллах; 7.1.23. хууль, гишүүний ёс зүйг чанд сахих;

7.1.24. чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх;

7.1.25. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах;

7.1.26. хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах.

7.1.27.Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу нийтийн сонсголыг явуулах хүсэлт гаргах.

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.2. Энэ хуулийн 7.1.15-д заасны дагуу гишүүнээс шилжүүлсэн өргөдөл, гомдол болон хууль тогтоомжийн хэрэгжилт, бусад асуудлаар ирүүлсэн албан бичгийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь 30 хоногийн хугацаанд асуудлыг шийдвэрлэж хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.3. Гишүүн энэ хуулийн 7.1.5-д заасан таслах эрхийг дор дурдсан тохиолдолд эдлэхгүй:

7.3.1./Энэ заалтыг 2006 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.3.2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд зааснаас бусад тохиолдолд өөрийнх нь үл харьяалагддаг Байнгын, дэд, түр хорооны хуралдаан санал хураах үед;

7.3.3./Энэ заалтыг 2006 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.3.4./Энэ заалтыг 2006 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.3.5./Энэ заалтыг 2006 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.3.6./Энэ заалтыг 2006 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

8 дугаар зүйл. Улсын Их Хурал дахь олонхи ба цөөнх

Хэвлэх

8.1. Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг Улсын Их Хурал дахь олонхи (цаашид "олонхи" гэх) гэнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.2. Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 38 ба түүнээс доош суудал авсан нам, эвсэл, гишүүнийг цөөнх (цаашид "цөөнх" гэх) гэнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.3. Улсын Их Хурал дахь олонхи, цөөнхийн авсан суудлыг зөвхөн тухайн нам, эвслээс нэр дэвшин сонгогдсон гишүүдийн тоогоор тодорхойлох бөгөөд үүнд бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг оруулж тооцохгүй.

9 дүгээр зүйл. Улсын Их Хурлын даргыг сонгох

Хэвлэх

9.1. Энэ хуулийн 8.1-д заасан нам, эвсэл Улсын Их Хурлын даргын сонгуульд нэр дэвшүүлнэ.

9.2. Аль ч нам, эвсэл энэ хуулийн 8.1-д заасан суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл нь бусад нам, эвсэлтэй зөвшилцөн Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.

9.3. Энэ хуулийн 9.1, 9.2-т заасны дагуу нэр дэвшигчийг холбогдох Байнгын хороо, түүнчлэн шаардлагатай гэж үзвэл нам, эвслийн бүлгүүд хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

9.4. Энэ хуулийн 9.3-т заасны дагуу гаргасан санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж санал хураалтыг илээр явуулна.

9.5. Нэр дэвшигч энэ хуулийн 9.4-т заасны дагуу явуулсан санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан бол түүнийг Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд тооцож, энэ тухай тогтоол батлагдсанд тооцно.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.6. Нэр дэвшигч нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй бол өөр хүний нэрийг дэвшүүлж энэ зүйлд заасны дагуу сонгоно.

9.7. Гишүүд Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн болон нэгдсэн хуралдаан дээр нэр дэвшигчид асуулт тавьж хариулт авах, үг хэлж байр сууриа илэрхийлэх эрхтэй.

10 дугаар зүйл. Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах

Хэвлэх

10.1. Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.

10.2. Дор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын бүрэн эрх энэ хуулийн 10.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:

10.2.1. нас барсан;

10.2.2. өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

10.2.3. хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

10.2.4. Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

10.2.5. гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан.

10.2.6.Улсын Их Хурлын гишүүдийн олонх Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэн ёсоор болгосон.

/Энэ заалтыг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.3. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

10.4. Энэ хуулийн 10.2.2, 10.2.3, 10.2.6-д заасан тохиолдолд Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, 10.2.4, 10.2.5-д заасан тохиолдолд огцруулах тухай тогтоол батална.

/Энэ хэсгийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.5. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг нам, эвслийн бүлэг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.

10.6. Гишүүд Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн болон нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудалтай холбогдуулан асуулт тавьж хариулт авах, үг хэлж байр сууриа илэрхийлэх эрхтэй.

10.7. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэх нэгдсэн хуралдааныг олонхийн буюу хамгийн олон суудал авсан нам, эвслийн бүлгээс нэр дэвшиж сонгогдсон дэд дарга даргална.

11 дүгээр зүйл. Улсын Их Хурлын даргын бүрэн эрх

Хэвлэх

11.1. Улсын Их Хурлын дарга нь гишүүнд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1. Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах;

11.1.2. ээлжит, ээлжит бус чуулган, хүндэтгэлийн хуралдаан зарлах, бэлтгэлийг хангах, нэгдсэн хуралдааныг даргалах;

11.1.3. энэ хуулийн 11.3-т заасан Зөвлөлийн саналыг харгалзан чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох;

11.1.4. Ерөнхийлөгч, Засгийн газартай Улсын Их Хурлыг төлөөлөн харилцах;

11.1.5. Засгийн газрын үйл ажиллагаанд Улсын Их Хурлаас тавих хяналтыг зохион байгуулах;

11.1.6. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлаас тавих хяналтыг зохион байгуулах;

11.1.7. Улсын Их Хурлын төсвийн тухайд төсвийн ерөнхийлөн захирагчид хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

11.1.8. Улсын Их Хурлыг гадаад, дотоодод төлөөлөх;

11.1.9. Улсын Их Хурлын гадаад харилцааны ажлыг зохион байгуулах;

11.1.10. бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь гишүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэх, тэдгээрийг төрийн дээд шагналд тодорхойлох;

11.1.11. гишүүд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын даргад гадаад, дотоод томилолт олгох журам баталж мөрдүүлэх;

11.1.12. Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааг чиглүүлэн удирдах;

11.1.13. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсэгт гишүүдийг оролцуулах асуудлыг Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн саналыг харгалзан шийдвэрлэх;

11.1.14. энэ хуулийн 11.1.5, 11.1.6-д заасан хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн, шалгалтын удирдамжийг батлах, хэрэгжилтийг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;

11.1.15. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах;

11.1.16. хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, дэд даргыг томилох санал гаргаж Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх;

11.1.17. хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Байнгын хороодод харьяаллаар нь хуваарилах;

11.1.18. Улсын Их Хурлын даргын зөвлөхүүдийг ажилд томилох, чөлөөлөх шийдвэр гаргах;

11.1.19. гишүүдийн ажиллах нөхцөл, ахуй хангамжтай холбоотой асуудлыг зохицуулах;

11.1.20.Ерөнхий сайдын хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлөөс баталсан тов, дарааллыг харгалзахгүйгээр төслийг чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх шийдвэр гаргах;

/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/

11.1.21.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх санал гаргаж Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх;

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

11.1.22. хуульд заасан бусад бүрэн эрх.

11.2. Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 11.1-д заасан эрх хэмжээний асуудлаар захирамж гаргана.

11.3. Нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын үйл ажиллагаа, Улсын Их Хурлын хяналт шалгалтын ажлыг уялдуулан зохицуулах, нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын санал болон хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хугацааг харгалзан ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох, тухайн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг батлах, Улсын Их Хурлын төсөв болон Улсын Их Хурлын дотоод үйл ажиллагаатай холбогдолтой бусад асуудлыг зөвшилцөх чиг үүрэг бүхий Зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ Улсын Их Хурлын даргын дэргэд ажиллана.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

11.4. Энэ хуулийн 11.3-т заасан Зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын дэд дарга, нам, эвслийн бүлгийн дарга, Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга - Улсын Их Хурлын гишүүн, Байнгын, түр хороодын дарга орно.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.5. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Улсын Их Хурлын дарга батална.

11.6. Зөвлөлөөс баталсан чуулганы хуралдааны тов, хэлэлцэх асуудлын чиглэл, дарааллыг нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороод, ажлын хэсэг дагаж мөрдөх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.7.Улсын Их Хурлын дарга нь бүрэн эрхийнхээ хугацаа дууссанаас эхлэн нэгэн бүрэн эрхийн буюу 4 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй.

/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

12 дугаар зүйл. Улсын Их Хурлын дэд дарга, түүний чиг үүрэг

Хэвлэх

12.1. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.

12.2. Улсын Их Хурлын дэд даргыг энэ хуулийн 9.3-9.5-д заасан журмын дагуу сонгож, 10.2.2, 10.2.3-т заасан үндэслэлээр чөлөөлж, 10.2.4, 10.2.5-д заасан үндэслэлээр огцруулна.

12.3. Энэ хуулийн 26.4-т зааснаар нам, эвслийн бүлэг тарсан бол тухайн бүлгээс сонгогдсон дэд даргыг чөлөөлөгдсөнд тооцож, энэ тухай тогтоол батлагдсанд тооцно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.4. Улсын Их Хурлын дэд дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

12.4.1. Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

12.4.2. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны ирц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

12.4.3. Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг, гишүүний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;

12.4.4. Улсын Их Хурлын даргаас даалгасан бусад чиг үүрэг;

12.4.5. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

12.5. Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг нь хэрэгжүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтэц

13 дугаар зүйл. Улсын Их Хурлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр

Хэвлэх

13.1. Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, Байнгын болон дэд, түр хороо, нам, эвслийн бүлэг, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.2. Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь чуулган байна.

13.3. Чуулган нь нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын дагнасан буюу хамтарсан, түүнчлэн нам, эвслийн бүлгийн хуралдаанаас тус тус бүрдэнэ.

13.4. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 13.3-т заасан хуралдаанд тус бүрийнх нь бүрэлдэхүүнд хамрагддаг нийт гишүүний олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.

13.5. Энэ хуулийн 13.4-т заасан ирцийг ээлжит, ээлжит бус, онцгой чуулганы нээлт, энэ хуулийн 13.3-т заасан хуралдаан эхлэхэд болон санал хураахад заавал бүрдүүлсэн байвал зохино.

13.6. Нэгдсэн хуралдааныг чуулганы хугацаанд долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гаригт, шаардлагатай бол нам, эвслийн бүлгийн хуралдах хуваарьт өдрөөс бусад ажлын өдрүүдэд зохион байгуулж болно.

14 дүгээр зүйл. Анхдугаар чуулган

Хэвлэх

14.1. Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна.

14.2. Ерөнхийлөгч энэ хуулийн 14.1-д заасны дагуу зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их Хуралд суудал авсан намуудтай зөвшилцсөн байна.

14.3. Анхдугаар чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх;

14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох;

14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох;

14.3.4. Ерөнхий сайдыг томилох;

14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах;

14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох.

14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх.

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.

14.5.Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

15 дугаар зүйл. Ээлжит чуулган

Хэвлэх

15.1.Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс дараа оны 2 дугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 1-ний хооронд тус тус хуралдана. Хэрэв ээлжит чуулганыг нээх, хаах өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын дараагийн өдөр тус тус нээж, хаана.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.2. Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурал урьдчилан хэлэлцэж тогтоол гаргах бөгөөд ээлжит чуулган эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурлын дарга ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож захирамж гаргана.

15.3. Ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга үг хэлнэ.

15.4.Энэ хуулийн 15.1-д заасан чуулганы хугацааг шаардлагатай бол Улсын Их Хурлын дарга 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болох бөгөөд энэ тухай захирамж гаргана.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

16 дугаар зүйл. Ээлжит бус чуулган

Хэвлэх

16.1. Ээлжит чуулганы чөлөөт цагт ээлжит бус чуулган зарлан хуралдуулж болно.

16.2. Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулна.

16.3. Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.

16.4. Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргана.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.5. Ээлжит бус чуулганаар зөвхөн Улсын Их Хурлын даргын захирамжид заасан болон түүнтэй шууд холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

17 дугаар зүйл. Онцгой чуулган

Хэвлэх

17.1. Ээлжит чуулганы чөлөөт цагт Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарлавал түүнээс хойш 72 цагийн дотор Улсын Их Хурлын онцгой чуулган хуралдах бөгөөд гишүүд зар хүлээлгүйгээр хуралдаанд хүрэлцэн ирнэ.

17.2. Онц болон дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг онцгой чуулганаар хэлэлцэж зарлиг гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор батлах буюу хүчингүй болгоно.

17.3. Онцгой чуулган Ерөнхийлөгчийн зарлигийг баталсан бол уг зарлигийг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад асуудлыг онцгой чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

17.4. Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулган хуралдаж байх үед онц болон дайны байдал зарлах онцгой нөхцөл үүсвэл тухайн чуулганаар хэлэлцэх аливаа асуудлын дарааллыг үл харгалзан онц болон дайны байдал зарлах тухай асуудлыг эхний ээлжинд хэлэлцэн шийдвэрлэнэ.

18 дугаар зүйл. Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан

Хэвлэх

18.1. Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно.

18.2. Улсын Их Хурлын дарга хүндэтгэлийн хуралдаан хуралдуулах тухай захирамж гаргана.

19 дүгээр зүйл. Байнгын хороо

Хэвлэх

19.1. Байнгын хороо нь хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого, Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох санал боловсруулах, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллана.

19.2. Байнгын хороо тус тусын эрхлэх асуудлын хүрээнд дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.2.1. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах;

19.2.2. нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах;

19.2.3. Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэгтэй холбогдсон асуудлаар санал, дүгнэлт гаргах;

19.2.4. Улсын Их Хурлын даалгаснаар, эсхүл өөрийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газар /цаашид "Засгийн газар" гэх/-т санал оруулах, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр биелүүлэхийг шаардах;

19.2.5. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлт, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх;

19.2.6. Засгийн газар, түүний гишүүн, Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллага, тэдгээрийн удирдлагын тайлан, мэдээллийг сонсож хэлэлцэх, тэднийг томилох, сонгох, чөлөөлөх, огцруулах тухай санал, дүгнэлт гаргах;

19.2.7. чуулганаар хэлэлцэх асуудлаар болон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар судалгаа, тайлан, мэдээ, санал, дүгнэлт зэрэг баримт материалыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, тэдний мэдээллийг сонсох;

19.2.8. Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор дагнасан болон холимог бүрэлдэхүүнтэй шалгалтын ажлын хэсэг байгуулж ажиллуулах;

19.2.9. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргахад туслалцаа авах, мэргэжлийн байгууллага болон олон нийтээс санал авах зорилгоор шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулах;

19.2.10./Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

19.2.11. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын гаргасан эрх зүйн актыг хянаж, хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээ авах.

19.3.Байнгын хороог төрийн бодлогын салбар, чиглэлээр гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулах бөгөөд дараахь Байнгын хороодтой байна:

19.3.1. Аюулгүй байдал, гадаад бодлогын;

19.3.2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн;

19.3.3. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны;

19.3.4.Өргөдлийн;

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

19.3.5. Төрийн байгуулалтын;

19.3.6. Төсвийн;

19.3.7. Хууль зүйн;

19.3.8. Эдийн засгийн.

19.4.Өргөдлийн байнгын хороо нь энэ хуулийн 19.2-т заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.4.1.Улсын Их Хурал, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх;

19.4.2.өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонсох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах.

/Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

20 дугаар зүйл. Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээ

Хэвлэх

20.1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

20.1.1. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал;

20.1.2. Монгол Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчин;

20.1.3. төрийн нууцын хадгалалт, хамгаалалт;

20.1.4. гадаад бодлого;

20.1.5. гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудал;

20.1.6. Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улс олон улсын байгууллагад элсэх тухай асуудал.

20.1.7.цөмийн энерги ашиглах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлого.

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

20.2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

20.2.1. газар тариалан, үрийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн бодлого;

20.2.2. хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал;

20.2.3. хөдөөгийн хөгжлийн бодлого;

20.2.4. хөдөөг хөгжүүлэх бодлоготой холбоотойгоор хэрэгжих гадаад орны болон олон улсын байгууллагын зээл тусламжийн асуудал;

20.2.5. мал аж ахуйн бодлого;

20.2.6. малын даатгал болон малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах;

20.2.7. газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, агаар мандал болон байгалийн бусад баялаг;

20.2.8. улсын тусгай хамгаалалттай газар, бэлчээр, тариалангийн газар;

20.2.9. геологи, уул уурхайн холбогдолтой эрэл, хайгуул, ашиглалтын ажилд тавих байгаль орчны хяналт;

20.2.10. агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал;

20.2.11. цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын болон цаг уур, орчны хяналтын асуудал;

20.2.12. усны бодлого, нөөц, усны бохирдол;

20.2.13. хог хаягдал, дахин боловсруулалт;

20.2.14. байгаль орчны бодлого;

20.2.15. байгаль орчны судалгаа, хөгжил;

20.2.16. ан агнуур.

20.2.17.газрын сангийн нэгдсэн бодлого, зохицуулалт;

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

20.2.18.газрын кадастр, зураглал.

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

20.3. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо:

20.3.1. хүн ам, хөгжлийн бодлого;

20.3.2. эрүүл мэнд;

20.3.3. нийгмийн халамж, хамгааллын бодлого;

20.3.4. нийтийн биеийн тамир, спортын талаархи бодлого;

20.3.5.хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр хамгаалал;

20.3.6. боловсрол;

20.3.7. соёл, урлаг;

20.3.8. шинжлэх ухаан;

20.3.9. ард түмний түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого;

20.3.10. монгол хэл, бичиг, үндэстний цөөнхийн хэл, бичиг, ёс заншил.

20.3.11.жендерийн тэгш байдлыг хангах бодлого.

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

20.4.Өргөдлийн байнгын хороо:

20.4.1.иргэд, байгууллагаас Улсын Их Хурал, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх асуудал.

/Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

20.5. Төрийн байгуулалтын байнгын хороо:

20.5.1. төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх дээд байгууллага, Ерөнхийлөгчийн асуудал;

20.5.2. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль;

20.5.3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хилийн цэс;

20.5.4. төрийн алба;

20.5.5. төрийн бэлгэ тэмдэг, төрийн дуулал;

20.5.6. ард нийтийн санал асуулга;

20.5.7. төр, сүм хийдийн харилцаа;

20.5 8. хэвлэл мэдээллийн хараат бус байдал;

20.5.9.төрийн ба төрийн бус байгууллага, улс төрийн намтай харилцах;

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20.5.10. гишүүний бүрэн эрхийн асуудал;

20.5.11. гишүүний ёс зүй;

20.5.12. гишүүний хөдөлмөр, ахуйн асуудал;

20.5.13. Улсын Их Хурал, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт;

20.5.14. гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг;

20.5.15. чуулганы хуралдааны дэгийн асуудал.

20.6. Төсвийн байнгын хороо:

20.6.1. улсын нэгдсэн төсөв, түүний гүйцэтгэл, хяналт;

20.6.2. төрийн санхүү, зээлийн болон татварын бодлого;

20.6.3. аудитын асуудал;

20.6.4. гадаад улс, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, хэлцэл;

20.6.5. Улсын Их Хурлын төсөв.

20.6.6.төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газраас гаргах үнэт цаасны тухай асуудал.

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

20.7. Хууль зүйн байнгын хороо:

20.7.1. эрх зүйн бодлого;

20.7.2. хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа;

20.7.3. гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого;

20.7.4. Улсын хил хамгаалалтын бодлого;

20.7.5. хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс, ялын бодлого;

20.7.6. шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;

20.7.7. нийтийн болон хувийн өмчийн эрх зүйн үндэс;

20.7.8. эрүү, иргэн, захиргааны байцаан шийтгэх ажиллагаа;

20.7.9. өршөөл үзүүлэх асуудал;

20.7.10. патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг;

20.7.11. цагаачлал, иргэний харьяалал;

20.7.12. архив;

20.7.13. эрх зүйн туслалцаа;

20.7.14. өмгөөлөл;

20.7.15.иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл.

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20.8. Эдийн засгийн байнгын хороо:

20.8.1. эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл;

20.8.2. эдийн засгийн дотоод, гадаад бодлого;

20.8.3. бүсчилсэн хөгжил;

20.8.4. төрийн мөнгөний бодлого, банк, Монголбанкны үйл ажиллагаа;

20.8.5.даатгалын бодлого, энэ хуулийн 20.6.6-д зааснаас бусад үнэт цаасны тухай асуудал;

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20.8.6. төрийн өмчийн удирдлага, зохицуулалт, хувьчлалын бодлого;

20.8.7. гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн нэгдсэн бодлого;

20.7.8./Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

20.8.9. ашигт малтмалын суурь судалгаа, эрэл хайгуул, ашиглалтын бодлого;

20.8.10. газрын тосны асуудал;

20.8.11. үйлдвэрлэл, үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого;

20.8.12. шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах бодлого;

20.8.13. төрөөс аж ахуй эрхлэлтийг дэмжих бодлого;

20.8.14. стандартчилал, хэмжил зүй, чанарын баталгаажуулалт;

20.8.15. албан ёсны статистикийн үйл ажиллагааны зохицуулалт;

20.8.16. үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт;

20.8.17. барилга, хот байгуулалт;

20.8.18. түлш, эрчим хүч;

20.8.19. зам тээвэр, шуудан;

20.8.20. орон сууц, нийтийн аж ахуй;

20.8.21. аялал жуулчлалын хөгжлийн стратеги;

20.8.22. аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжил;

20.8.23. мэдээлэл, технологийн хөгжил;

20.8.24. харилцаа холбоо;

20.8.25. техник, технологийн шинэчлэл.

20.8.26.газрын эдийн засгийн үр ашгийн бодлого.

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

20.9. Байнгын хороо хууль тогтоомжид нийцсэн дүрэмтэй байх бөгөөд түүнийг хуралдаанаараа батална.

20.10. Байнгын хороо тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

20.11. Байнгын хорооны үйл ажиллагааны зардлыг Зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу Улсын Их Хурлын төсөвт тусгана.

20.12. Улсын Их Хурлын төсвийн Ерөнхий менежер нь Байнгын хорооны даргын саналаар Байнгын хорооны зардлыг зориулалтын дагуу зарцуулна.

20.13.Байнгын хороо нь эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, судалгаа, мэдээллээр хангах, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын албатай байна.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

21 дүгээр зүйл. Байнгын хорооны ажлын зохион байгуулалт

Хэвлэх

21.1. Байнгын хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

21.2. Байнгын хорооны нийт гишүүний олонхи нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.

21.3.Байнгын хорооны хуралдааныг чуулганы чөлөө цагт зохион байгуулж болно.

21.4. Байнгын хороо эрх хэмжээнийхээ асуудлыг хуралдаанаар хэлэлцэж хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

21.5. Ажлын хэсэг байгуулах, түүнчлэн бодлогын баримт бичиг боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хангаж зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх шаардлагатай бол Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд тогтоол гаргаж болно.

21.6./Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

21.7. Байнгын хорооны хуралдааны явцыг хуралдааны тэмдэглэлд нэг бүрчлэн тэмдэглэнэ.

21.8.Байнгын хороо энэ хуулийн 21.5-д заасан тогтоолын төслийг хуралдаанаараа хэлэлцэн батална.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

22 дугаар зүйл. Байнгын хорооны бүрэлдэхүүн

Хэвлэх

22.1. Байнгын хороо 10-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүн нэгэн зэрэг гурваас дээшгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллаж болно.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22.2./Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

22.3. Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ.

22.4. Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно.

22.5. Байнгын хорооны дарга хорооныхоо өдөр тутмын ажлыг удирдаж хуралдааныг даргална.

22.6. Байнгын хорооны дарга 7-оос дээш хоног түр эзгүй байх тохиолдолд түүний саналыг харгалзан Улсын Их Хурлын даргын захирамжаар үүргийг нь аль нэг гишүүнд орлуулж гүйцэтгүүлнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

23 дугаар зүйл. Байнгын хорооны даргын чиг үүрэг

Хэвлэх

23.1. Байнгын хорооны дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

23.1.1. Байнгын хорооны хуралдааны бэлтгэлийг хангаж зохион байгуулах;

23.1.2. Байнгын хорооны хуралдааныг удирдах;

23.1.3. Байнгын хорооны нэрийн өмнөөс бусад байгууллагатай харилцах;

23.1.4. Байнгын хорооны ажлын алба болон тодорхой төсөл боловсруулахаар Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

23.1.5. Байнгын хорооны ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнах.

24 дүгээр зүйл. Дэд хороо

Хэвлэх

24.1. Байнгын хорооны бүрэлдэхүүнд дор дурдсан дэд хороо байгуулж болно:

24.1.1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын;

24.1.2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд Тогтвортой хөгжлийн зорилгын;

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.1.3. Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын;

24.1.4. Төсвийн байнгын хороонд Төсвийн зарлагын хяналтын;

24.1.5. Хууль зүйн байнгын хороонд Хүний эрхийн;

24.1.6. Эдийн засгийн байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн.

24.1.7.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын.

/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

24.2./Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

24.3. Дэд хороод нь харьяалагдах Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг эрхэлнэ:

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.3.1.Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаархи хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг;

24.3.2. Ёс зүйн дэд хороо нь гишүүний ёс зүй, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэгийг сахиулах асуудлыг;

24.3.3. Нутгийн удирдлагын дэд хороо нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн удирдлагын байгууллагын төлөвшил, хөгжил, удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг;

24.3.4. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь Улсын Их Хурал, түүний гишүүний бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг;

24.3.5.Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг;

24.3.6. Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг;

24.3.7. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг;

24.3.8.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд тусган хэрэгжүүлэх асуудлыг;

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

24.3.9.Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо нь Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын асуудлыг;

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

24.3.10./Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

24.3.11.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаархи хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг.

/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

24.4. Ёс зүйн, Төсвийн зарлагын хяналтын, Тусгай хяналтын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороод өөрсдийн эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулж болно.

24.5. Дэд хороо нь тухайн эрхэлсэн асуудлаараа шалгалт, судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэд, байгууллагаас тайлбар авах, өөрийн байгуулсан дагнасан буюу хамтарсан ажлын хэсгээр хяналт шалгалт хийлгэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж харьяалах Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх эрхтэй.

24.6. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын болон Ёс зүйн дэд хорооноос бусад дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүний тоо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байна.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.7. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд тэрбээр Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

24.8. Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалагдах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөнд тооцно.

24.9. Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.10. Дэд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байх ба түүнийг улируулан сонгож болно.

24.11. Дэд хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд түүнд дэд хорооны гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.

24.12. Дэд хороо асуудлыг хуралдаанаар хэлэлцэж оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана.

24.13. Нэг нам, эвсэл олонхийн суудал аваагүй тохиолдолд Зөвлөл нам, эвслийн бүлгийн зөвшилцлийн үндсэн дээр Байнгын хороо, дэд хорооны даргын суудлыг хуваарилна.

25 дугаар зүйл. Түр хороо

Хэвлэх

25.1. Тодорхой асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороог Улсын Их Хурлын тогтоолоор байгуулан ажиллуулж болно.

25.2. Түр хороо зөвхөн гишүүдээс бүрдэх бөгөөд түүний бүрэлдэхүүн, ажиллах хугацааг тухай бүр тогтооно.

25.3. Түр хороо хариуцуулсан ажлын гүйцэтгэлийг хангахдаа Байнгын хороотой адил эрх эдэлнэ.

25.4. Түр хороо хариуцуулсан ажлын гүйцэтгэлийг хангаж, ажлынхаа дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулан зохих шийдвэр гаргуулмагц түүнийг Улсын Их Хурал татан буулгана.

26 дугаар зүйл. Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлэг

Хэвлэх

26.1. Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг /цаашид "бүлэг" гэх/ байгуулж болно.

26.2. Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэр нь албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно.

26.3. Сонгуульд эвсэл байгуулж оролцсон намууд Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан бол эвслийн нэг бүлэг байгуулна.

26.4. Улсын Их Хуралд 8-аас дээш суудал авсан нам татан буугдсан, эвсэл тарсан бол бүлгийг татан буугдсанд тооцох ба түүний бүрэлдэхүүнд байсан гишүүд дахин бүлэг байгуулахыг хориглоно.

26.5.Нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр өргөн мэдүүлэх бөгөөд ийнхүү өргөн мэдүүлснээр бүлэг эрх, үүргээ хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

26.6. Бүлэг даргаа гишүүдийнхээ дотроос сонгож, энэ тухайгаа Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдээлнэ.

26.7. Бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаан дээр албан ёсоор мэдээлнэ.

26.8. Шинээр нөхөн сонгогдсон гишүүн аль нэг бүлэгт нэгдвэл тухайн бүлгийн дарга Улсын Их Хурлын даргад, Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд тус тус албан ёсоор мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.9. Бие даан нэр дэвшиж сонгогдсон болон ээлжит сонгуулиар 8-аас доош суудал авсан өөр нам, эвслийн төлөөлөл бүхий гишүүд нийлж нэг бүлэг байгуулахыг хориглоно.

26.10. Энэ хуулийн 26.9-д заасан гишүүд аль нэг бүлэгт нэгдэж болох бөгөөд энэ тухай шийдвэрийг энэ хуулийн 26.8-д заасны дагуу мэдээлнэ.

26.11. Гишүүд нэг бүлгээс гарч нөгөө бүлэгт нэгдэн орж болох боловч ийнхүү бүлгээс гарсан гишүүд нэгдэж бие даан бүлэг байгуулахыг хориглоно.

26.12. Энэ хуулийн 26.11-д заасны дагуу гишүүн аль нэг бүлгээс гарсан, нөгөө бүлэгт нэгдэн орсон бол тухайн бүлгийн дарга Улсын Их Хурлын даргад, Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд тус тус албан ёсоор мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27 дугаар зүйл. Бүлгийн эрх, үүрэг

Хэвлэх

27.1. Бүлэг дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

27.1.1. хэлэлцэж байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар бодлого, байр сууриа тодорхойлж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны, эсхүл нэгдсэн хуралдаанаар шууд хэлэлцүүлэх;

27.1.2. ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, түүний дарааллын талаар Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын даргад саналаа илэрхийлэх;

27.1.3. нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах санал гаргах;

27.1.4.нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах;

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

27.1.5. Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүний талаар Улсын Их Хурлын даргатай зөвшилцөх;

27.1.6./Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

27.1.7 бүлгийн төсвийг захиран зарцуулах, гүйцэтгэлийг үнэн зөв мэдээлэх;

27.1.8. нэгдсэн болон Байнгын хорооны үйл ажиллагаанд өөрийн бүлгийн гишүүдийг оролцуулах, хуралдааны ирцийг хангах, хуралдааны дэгийг чанд сахиулах;

27.1.9. хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулж ажиллуулах;

27.1.10. бүлгийн ажлын албаны ажилтныг ажилд томилох, чөлөөлөх.

27.2.Бүлэг нь бодлогоо боловсруулах, зохион байгуулалтын туслалцаа авах чиг үүрэг бүхий ажлын албатай байх бөгөөд түүний гүйцэтгэх үүргийг нь бүлгийн дүрмээр зохицуулна. Бүлгийн ажлын албаны ажилтны тоо нь тухайн бүлгийн гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү байх бөгөөд хэрэв бүлгийн гишүүдийн тоо нь сондгой байгаа тохиолдолд дараагийн бүхэл тэгш тооноос тооцно.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.3. Бүлгийг ажиллах нөхцөл бололцоогоор хангах асуудлыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцах ба ажлын албаны цалин, унаа, албан томилолт, холбоо, бичиг хэргийн зардлыг Улсын Их Хурлын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

27.4. Бүлэг Улсын Их Хурлын бүтцийн хувьд эрхлэх ажлаа намын дээд, төв, гүйцэтгэх байгууллагын өмнө шууд хариуцахгүй.

27.5. Бүлгийн төсвийн зарцуулалтад Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хяналт тавина.

28 дугаар зүйл. Бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болох

Хэвлэх

28.1. Дор дурдсан тохиолдолд бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болно:

28.1.1. бүлэг байгуулсан нам татан буугдсан, эсхүл эвсэл тарсан;

28.1.2. энэ хуулийн 6.6-д заасан үндэслэлээр орон гарч нөхөн сонгууль явуулсан боловч тухайн нам, эвсэл суудал авч чадаагүйгээс бүлгийн гишүүдийн тоо энэ хуулийн 26.1-д заасан тооны доод хязгаарт хүрэхгүй болсон;

28.1.3. гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийнх нь тоо энэ хуулийн 26.1-д заасан доод хязгаарт хүрэхгүй болсон.

28.1.4. бүлэг өөрөө тарах шийдвэр гаргасан.

28.2. Улсын Их Хуралд бүлэгтэй намууд, эсхүл нам, эвсэл нэгдсэн бол бүлгүүд нэгдэж шинэ бүлэг байгуулж болно.

28.3. Эвслийн бүлэг тарсны дараа түүний бүрэлдэхүүнд байсан нам Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудалтай бол тухайн намаас сонгогдсон гишүүд Улсын Их Хуралд хамтарсан үйл ажиллагаа явуулж болох бөгөөд ингэхдээ энэ хуулийн 27.1.1- 27.1.6, 27.1.8-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

29 дүгээр зүйл. Чуулганы хуралдааны нийтлэг журам

Хэвлэх

29.1. Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ.

29.2. Хэлэлцэх асуудлын шинж байдал, гишүүдийн саналыг харгалзан энэ хуулийн 29.1-д зааснаас бусад асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно.

29.3. Энэ хуулийн 29.1, 29.2-т зааснаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг нээлттэй хийнэ.

29.4. Нам, эвслийн бүлгийн хуралдааны журмыг тэдгээрийн дүрмээр зохицуулна.

29.5. Ерөнхийлөгч нэгдсэн хуралдаанд тааллаараа оролцож төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар үг хэлэх, мэдээлэл хийх эрхтэй.

29.6. Засгийн газраас санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд Ерөнхий сайд, Засгийн газрын бусад гишүүд чуулганы хуралдаанд оролцож, гишүүдийн асуултад хариулах, тайлбар хийх, Засгийн газрын байр суурийг илэрхийлнэ.

29.7. Засгийн газраас санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед уг асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүн түр эзгүй байгаа бол түүнийг албан ёсоор орлож байгаа Засгийн газрын гишүүн асуудлыг хариуцан хэлэлцүүлнэ.

29.8. Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга нар зөвхөн өөрсдийнх нь хариуцсан ажилтай холбогдолтой асуудлыг хэлэлцэхэд чуулганы хуралдаанд оролцож гишүүдийн асуултад хариулан байр сууриа илэрхийлж болно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.9. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд өөрөөр заагаагүй бол нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг зохих Байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

29.10. Нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд Тамгын газрын ажилтнууд байлцаж хуралдааны бэлтгэл хангах, үйл явцын тэмдэглэл хөтлөх, гарсан шийдвэрийн танилцуулга, томъёоллын эх бэлтгэх зэргээр чуулганы ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

29.11. Нам, эвслийн бүлэг энэ хуулийн 29.9-д заасан аливаа төслийг хуралдаанаараа хэлэлцэх эрхтэй боловч ийнхүү хэлэлцээгүй нь асуудлыг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд саад болохгүй.

29.12. Иргэд, гадаад, дотоодын зочид төлөөлөгчид чуулганы ажиллагаатай танилцах, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл, сурвалжлага хийх эрхтэй бөгөөд энэ талаар мөрдөх журмыг Улсын Их Хурлын дарга батална.

29.13. Ажлын зайлшгүй шаардлага гарвал Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 7-14 хоногийн хугацаагаар түр завсарлуулах эрхтэй.

29.14.Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг товлон зарласан үед Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 30 хүртэл хоногийн хугацаагаар түр завсарлуулж болно.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа

30 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа

Хэвлэх

30.1.Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд энэхүү хугацаа нь Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.

30.2. Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл үүссэний улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол мөнхүү нөхцөл арилж шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөтөл өмнөх Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

30.3.Улсын Их Хурлын ээлжит сонгууль зарласны дараа энэ хуулийн 30.2-т заасан онцгой нөхцөл үүсвэл Улсын Их Хурал ээлжит сонгууль зарласан шийдвэрээ цуцалж сонгуулийн үйл ажиллагааг зогсооно.

30.4. Энэ хуулийн 30.2, 30.3-т заасан нөхцөл байдал үүссэнийг Улсын Их Хурал нээлттэй чуулганаар хэлэлцэж Ерөнхийлөгчтэй санал тохиролцсоны үндсэн дээр ил санал хураалтаар тогтоол гаргаж шийдвэрлэнэ.

30.5. Энэ хуулийн 30.2-т заасан онцгой нөхцөл арилсны дараа Улсын Их Хурал ажлын 7 хоногт багтаан ээлжит сонгуулийг товлон зарлана.

30.6. Энэ хуулийн 30.5-д заасан хугацаанд Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлаагүй бол дараагийн өдрийг Улсын Их Хурлын сонгууль товлон зарласан өдөрт тооцож, Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг зохион байгуулна.

30.7.Энэ зүйлийн 30.4-т заасныг баримтлаагүй бол уг асуудлаар шийдвэр гаргаагүй гэж үзнэ.

31 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох

Хэвлэх

31.1. Дор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын бүрэн эрх энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:

31.1.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;

31.1.2. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;

31.1.3. Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;

31.1.4. энэ хуулийн 31.1.3-т заасан үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах зарлиг гаргасан.

31.2. Энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурал тарах тухай шийдвэр гаргана.

31.3. Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы үеэр өргөн мэдүүлсэн бол ажлын 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт өргөн мэдүүлсэн бол ээлжит бус чуулганыг ажлын 3 хоногт багтаан зарлаж, тухайн асуудлыг хэлэлцэж эхэлснээс хойш ажлын 7 хоногт багтаан шийдвэрлэнэ.

31.4. Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргах бөгөөд эдгээр шийдвэр эцсийнх байна.

31.5.Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т зааснаар Улсын Их Хурал өөрөө тарах тухай шийдвэр гаргасан бол мөн өдөр Улсын Их Хурлын сонгууль товлон зарлах тухай тогтоолыг хамтад нь батална.

31.6. Ерөнхийлөгч энэ хуулийн 31.1.4-т зааснаар Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах зарлиг гаргасан бол Улсын Их Хурал уг зарлиг гарснаас хойш 7 хоногийн дотор Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлана.

31.7. Энэ хуулийн 31.5, 31.6-д заасан хугацаанд Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлаагүй бол дараагийн өдрийг Улсын Их Хурлын сонгууль товлон зарласан өдөрт тооцож Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг зохион байгуулна.

31.8. Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах тухай энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, нам, эвслийн бүлэг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

31.9. Нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлыг тараах тухай тогтоолын төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж ил санал хураалт явуулна.

31.10. Нэгдсэн, Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаан дээр гишүүд төсөл санаачлагчид асуулт тавьж хариулт авах, түүнчлэн үг хэлж байр сууриа илэрхийлэх эрхтэй.

31.11. Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар Ерөнхийлөгч нэгдсэн хуралдаан дээр үг хэлж байр сууриа илэрхийлж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ

Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх

32 дугаар зүйл. Улсын Их Хурал хууль тогтоох

Хэвлэх

32.1. Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ гагцхүү чуулганаар хэрэгжүүлэх бөгөөд нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааныг бэлтгэн явуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой бусад асуудал хэлэлцэх, санал хураах, батлах, шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг баримтална.

32.2. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг хуулиар батална.

/Энэ хэсэгт 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

33 дугаар зүйл. Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ

Хэвлэх

33.1. Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ дараахь хэлбэрээр хэрэгжүүлнэ:

33.1.1. Засгийн газрын болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэл сонсох;

33.1.2. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга тавих, түүний хариуг чуулганаар хэлэлцүүлэх;

33.1.3. энэ хуулийн 33.1.2-т заасан албан тушаалтанд асуулт тавьж хариулт авах;

33.1.4. энэ хуулийн 33.1.1-д заасан байгууллага хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг хянан шалгаж дүнг Байнгын хорооны, шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх;

33.1.5. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлаас томилогдсон, түүнд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, гишүүнтэй холбогдсон ажил хэрэг, ёс зүйн зөрчлийг шалгаж санал, дүгнэлт гаргах.

33.2.Төр, нийгмийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл уг асуудлаар Засгийн газрын байр суурийг тодруулах, тодорхой үйл ажиллагаа явуулахыг шаардаж гишүүнээс энэ хуулийн 33.1.2-т заасан албан тушаалтанд бичгээр хандсаныг "асуулга" гэнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

33.3. Асуулга хүлээж авсан албан тушаалтан 30 хоногийн дотор хариуг гишүүнд бичгээр өгнө.

33.4. Асуулга тавьсан гишүүн өөрөө хүсвэл түүний хариуг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно.

33.5. Нэгдсэн хуралдаан асуулгын хариуг хэлэлцсэний үндсэн дээр Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргах шаардлагатай гэж үзвэл асуудал хариуцсан Байнгын хороонд энэ талаар чиглэл өгч болно.

33.6. Асуудал хариуцсан Байнгын хороо энэ хуулийн 33.5-д зааснаар нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон төрийн бодлоготой холбоотой бусад санал боловсруулж санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж тодорхой шийдвэр гаргуулж болно.

33.7. Төр, нийгмийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл тодорхой нэг асуудлаар гишүүн энэ хуулийн 33.1.2-т заасан албан тушаалтанд бичгээр хандсаныг "асуулт" гэнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

33.8. Асуултыг хүлээн авсан албан тушаалтан хариуг 14 хоногийн дотор гишүүнд бичгээр өгнө.

33.9. Гишүүн шаардлагатай гэж үзвэл асуултын хариуг Байнгын хорооны хуралдаанд танилцуулж, тодорхой арга хэмжээ авах хүсэлтийг шийдвэрийн төслийн хамтаар Байнгын хорооны даргад уламжилж болно.

33.10. Байнгын хороо энэ хуулийн 33.9-д зааснаар гишүүнээс гаргасан хүсэлт, шийдвэрийн төслийг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.

33.11. Улсын Их Хурлын дарга, түүнчлэн Байнгын, дэд, түр хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг гишүүд, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор байгуулан ажиллуулж болно.

33.12. Энэ хуулийн 33.11-д дурдсан ажлын хэсгийн хяналт шалгалтын ажлын хүрээ нь энэ хуулийн 33.1.1-д заасан байгууллагаар хязгаарлагдана.

33.13.Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид энэ хуулийн 33.11-д дурдсан ажлын хэсэг хяналт шалгалт явуулах шаардлага гарвал шалгалтыг төрийн хяналт шалгалтын эрх бүхий байгууллагатай хамтарч гүйцэтгэн дүнг Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

33.14./Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

33.15. Энэ хуулийн 33.1.5-д дурдсан зөрчлийг шалгах ажлын хэсэг байгуулах эсэх асуудлыг Зөвлөлөөр хэлэлцэж байгуулах нь зүйтэй гэж үзвэл удирдамжийг Улсын Их Хурлын дарга батална.

33.16. Энэ хуулийн 33.1.5-д дурдсан асуудлаар Байнгын, дэд, түр хороо ажлын хэсэг байгуулахыг хориглоно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Гишүүний бүрэн эрхийн баталгаа, төсөв, хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал, үйл ажиллагаанд нь хориглох зүйл

34 дүгээр зүйл. Гишүүний бүрэн эрхийн баталгаа

Хэвлэх

34.1. Гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтан бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

34.2. Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Улсын Их Хурлын Тамгын газраас мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, техник, зохион байгуулалтын бүх талын нөхцөлөөр хангана.

34.3. Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй.

34.4. Гишүүн гадаадад зорчих, байх хугацаандаа дипломат эрх, ямба, дархан эрх эдэлнэ.

34.5. Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд үнэмлэх, энгэрийн тэмдэг, албаны хэвлэмэл хуудас, "Монгол Улсын Их Хурлын гишүүн" гэсэн тэмдэг, нэрийн хуудас хэрэглэх бөгөөд тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг Улсын Их Хурлын даргын захирамжаар батална.

34.6. Гишүүний харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон шуудан, захидал харилцааны болон мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно.

34.7. Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

34.8./Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

34.9. Гишүүнээр ажилласан хугацааг нь мэргэжлээрээ ажилласан хугацаанд оруулан тооцно.

34.10. Гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бол түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн ажиллуулах, тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх 12 сарын хугацаанд гишүүний цалин, нэмэгдэлтэй тэнцэх нэг удаагийн, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний замын зардал, ачаа, тээшийн хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно.

34.11. Гишүүнийг хууль зөрчсөний улмаас эгүүлэн татсан бол түүнд энэ хуулийн 34.10-т заасан тэтгэмж бусад хангамж олгохыг хориглоно.

34.12. Онцгой чуулган зарласан тохиолдолд гишүүнийг чуулганд хүрэлцэн ирэх боломжийг Ерөнхийлөгч хангаж шаардлагатай бол төрийн тусгай хамгаалалтад авна.

34.13. Гишүүний бүрэн эрхийн хугацаанд түүний амь насны даатгалыг төр хариуцаж даатгалын хураамжийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

34.14. Гишүүн албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд дараахь баталгаагаар хангагдана:

34.14.1 хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, авч байсан цалингийн зөрүүг олгох;

34.14.2. тахир дутуу болсон тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу тахир дутуугийн тэтгэвэр авч байсан цалингийн зөрүүг олгох;

З4.14.3. хиймэл эрхтэн хийлгэх бол түүний зардал, түүнчлэн гишүүнд тусламж, үйлчилгээ үзүүлэх ажилтны хөлс олгох;

З4.14.4. гишүүн магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан бол зардлынх нь 70-аас доошгүй хувийг төр хариуцах.

34.15. Энэ хуулийн 34.14.2, 34.14.3-т заасан цалингийн зөрүү, хөлсийг гишүүний бүрэн эрхийн хугацаатай адил хугацаагаар олгоно.

34.16. Гишүүн албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд нь 24 сарын, өвчний улмаас нас барсан бол 18 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж ар гэрт нь олгоно.

34.17. Эмнэлгийн мэргэжилтэн албан үүргээ гүйцэтгэх явцдаа мэдсэн гишүүний эрүүл мэндийн нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.

34.18. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар өөрийн төсөвтөө тусгах үндсэн дээр гишүүн, түүний бие төлөөлөгч-туслахыг албан өрөө, тавилга, техник хэрэгслээр хангаж шаардлагатай бусад дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

35 дугаар зүйл. Гишүүний төсөв, цалин, бусад хангамж

Хэвлэх

35.1. Гишүүний цалин, нэмэгдэл, унаа, албан томилолт, бичиг хэрэг, холбооны зардлыг Улсын Их Хурлын жилийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

35.2. Энэ хуулийн 35.1-д заасан зардлын хэмжээг гишүүн тус бүрээр тооцож төсөвт тусгах бөгөөд ингэхдээ тойргийн онцлогийг харгалзаж Улсын Их Хурлаас харилцан адилгүй тогтоож болно.

35.3. Гишүүний сонгогдсон тойрогтоо ажиллахтай холбогдсон зардлын хэмжээг Улсын Их Хурал тогтоох бөгөөд Улс төрийн намын тухай хуулийн дагуу хуваарилагдах хөрөнгийг энэхүү зардалд үл тооцно.

35.4. Гишүүний цалин, түүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын зардал, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бусад хангамжийг Улсын Их Хурал тогтооно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

35.5. Гишүүн үйл ажиллагааныхаа талаар тойргийнхоо сонгогчдод мэдээлэх, сурталчлах зардал болон хэвлэл захиалгын зарим төлбөрийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

35.6. Гишүүний төсвийг Улсын Их Хурлаас баталсан журмын дагуу Тамгын газар тухайн гишүүний зөвшөөрөлтэйгээр зарцуулах бөгөөд зарцуулалтад Төрийн байгуулалтын байнгын хороо хяналт тавина.

35.7. Гишүүн төсвийнхөө цалингийн сангаас бусад зардлыг хооронд нь шилжүүлэн зарцуулж болно.

35.8. Гишүүн төсвийнхөө зарцуулалтын мэдээг Тамгын газраас хүссэн цагтаа авах эрхтэй.

35.9. Гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол Засгийн газрын гишүүний цалин хангамжийг авах бөгөөд Улсын Их Хурлын гишүүний төсөвт туссан бусад зардлыг захиран зарцуулах эрхтэй.

35.10. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бол түүний төсвийн зардлын санхүүжилтийг зогсоох бөгөөд сэргээсэн бол түдгэлзүүлсэн өдрөөс эхлэн тооцож гишүүн, түүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын санхүүжилтийг нөхөн олгоно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

35.11.Гишүүн нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол тасалсан өдрийн цалинг олгохгүй.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

36 дугаар зүйл. Гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал

Хэвлэх

36.1. Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд дор дурдсан ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй:

36.1.1. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн;

36.1.2. улс төрийн намын сонгуульт албан тушаал;

36.1.3. төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал;

36.1.4. багшлах болон эрдэм шинжилгээний ажил.

36.2. Сонгогдохоосоо өмнө энэ хуулийн 36.1-д зааснаас бусад ажил, албан тушаал эрхэлж байсан бол гишүүн тангараг өргөхөөсөө өмнө чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байна.

36.3. Гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдсон бол түүний чуулганы ажиллагаанд оролцох журмыг Ерөнхий сайдын саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга захирамжаар батална.

37 дугаар зүйл. Гишүүнд хориглох үйл ажиллагаа

Хэвлэх

37.1. Гишүүнд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

37.1.1. ногдсон төсвийг хэтрүүлэх, зориулалтын бусаар зарцуулах;

37.1.2. бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулж бусдаас шан харамж авах;

37.1.3. гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах;

37.1.4. гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах;

37.1.5. Улсын Их Хурлын даргын зөвшөөрөлгүйгээр Засгийн газар, түүний байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэний зардлаар гадаадад зорчих;

37.1.6. бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан олгосон санхүүгийн эх үүсвэр, холбоо, мэдээлэл, тээврийн хэрэгсэл, төрийн өмчийн бусад эд зүйлийг ашиг хонжоо олох зорилгоор, эсхүл сонгуулийн компанит ажилд ашиглах;

37.1.7. хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх;

37.1.8. гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэх;

37.1.9. аливаа байгууллага, иргэнээс нэг сарын цалингийн хэмжээнээс дээш төгрөгийн үнэтэй бэлгийн зүйлсийг хувиараа авах;

37.1.10. бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуй эрхлэх, аж ахуй эрхлэгчдийн холбоонд элсэх, аж ахуйн нэгжийн төлөөлөх болон хяналтын зөвлөлд сонгогдох.

37.1.11.бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд, эсхүл хуралдаанаас гадуур бусдыг гүтгэж, доромжлох.

/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

ДОЛДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

38 дугаар зүйл. Улсын Их Хурлын ажлын нөхцөл

Хэвлэх

38.1. Улсын Их Хурал "Төрийн ордон"-д байрлана.

38.2. Улсын Их Хурал нь гишүүд, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үүрэг бүхий Тамгын газартай байна.

38.3. Улсын Их Хурал аж ахуй, санхүүгийн хувьд бие даасан байх бөгөөд төсвийг нь Улсын Их Хурал батална.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

38.4. Улсын Их Хурлын төсвийн зарцуулалтад Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хяналт тавина.

38.5. Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны тайланг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн байгуулалтын байнгын хороонд жил бүр танилцуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл Төрийн байгуулалтын байнгын хороо дүнг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулж болно.

39 дүгээр зүйл. Улсын Их Хурлын Тамгын газар, түүний эрхлэх ажил

Хэвлэх

39.1. Улсын Их Хурлын Тамгын газар /цаашид "Тамгын газар" гэх/ нь дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

39.1.1. Улсын Их Хурал, Байнгын, дэд, түр хороод, ажлын хэсэг, гишүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;

39.1.2. Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх төслийг хянаж, зохих журмын дагуу өргөн мэдүүлэх бэлтгэлийг хангах;

39.1.3. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх, батлах үйл ажиллагааны зохион байгуулалтын бэлтгэлийг хангах;

39.1.4. Улсын Их Хурал, түүний Тамгын газар Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн аж ахуй, санхүүг хөтлөн явуулах, төсвийг хууль тогтоомжийн дагуу зарцуулах;

39.1.5./Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

39.1.6. нэгдсэн, Байнгын, дэд, түр хороод, нам, эвслийн бүлгийн хуралдааны техникийн бэлтгэлийг хангах;

39.1.7. батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулга хийх, хэлбэржүүлэн гаргах, нийтлэх, мэдээлэх;

39.1.8. чуулганы явцыг дэс дараалан албан ёсоор тэмдэглэн хөтөлж, уг тэмдэглэлийг ашиглах, хадгалах ажлыг эрхлэн явуулах;

39.1.9. Улсын Их Хурал, түүний Тамгын газрын бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг эрхэлж чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотой баримт бичгийг олшруулан тараах ажлыг зохион байгуулах;

39.1.10. Улсын Их Хурлаас олон нийттэй харилцах ажиллагааг зохион байгуулах;

39.1.11. гишүүдэд иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, санал, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг нэгтгэн дүгнэж Улсын Их Хурлын дарга, Өргөдлийн байнгын хороо, гишүүдэд мэдээлэх;

39.1.12. Улсын Их Хурал, Тамгын газрын гадаад харилцааны асуудлыг хариуцан шаардлагатай баримт бичиг бэлтгэх, Улсын Их Хурлын шугамаар гадаад оронд айлчлах болон гадаадаас ирэх зочин, төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэл хангах, тэдгээрт үйлчлэх;

39.1.13. хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь Байнгын, дэд, түр хороо, ажлын хэсэгт арга зүйн туслалцаа үзүүлэх;

39.1.14. чуулганаар хэлэлцэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар болон гишүүдийн хүссэнээр тодорхой хуулийн хэрэгжилтээр мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлэх;

39.1.15. Монгол Улсын хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлж гишүүдэд үйлчлэх;

39.1.16.гишүүн чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх;

/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

39.1.17. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрээр даалгасан бусад үүргийг биелүүлэх.

39.2. Тамгын газар нь хуулийн этгээд мөн бөгөөд түүний дүрмийг Улсын Их Хурал батална.

39.3.Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дэргэд Улсын Их Хурлаар төсвийн төсөл хэлэлцэх, төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэхэд туслах, бодлогын зөвлөмж гаргах, дүн шинжилгээ хийх бие даасан нэгжийг ажиллуулна.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

39.4.Энэ хуулийн 39.3-т заасан нэгж нь Улсын Их Хурлын Тамгын газрын бүтцэд байна.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

40 дүгээр зүйл. Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга

Хэвлэх

40.1. Тамгын газрыг хууль зүй, улс төрийн өндөр мэргэшил бүхий Ерөнхий нарийн бичгийн дарга удирдах бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө.

40.2. Ерөнхий нарийн бичгийн дарга намын харьяалалгүй байх бөгөөд уг албан тушаалд томилогдсон өдрөөс эхлэн намын гишүүнчлэлээс гарсанд тооцно.

40.3. Ерөнхий нарийн бичгийн дарга эрхлэх асуудлаараа захирамж гаргана.

41 дүгээр зүйл. Ерөнхий нарийн бичгийн даргын эрхлэх ажил

Хэвлэх

41.1. Ерөнхий нарийн бичгийн дарга дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

41.1.1. Тамгын газрын өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах;

41.1.2. нэгдсэн хуралдаан даргалагчид хууль, дэгийн асуудлаар зөвлөх;

41.1.3. нэгдсэн, Байнгын, дэд, түр хороо, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, гаргасан шийдвэрийг эрх зүйн хувьд хэлбэржүүлэх;

41.1.4. Тамгын газрын ажилтан, гишүүний саналыг үндэслэн түүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахыг томилох, чөлөөлөх;

41.1.5. Улсын Их Хурлаас олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах;

41.1.6. Улсын Их Хурлын төсвийн төслийг бэлтгэх, батлагдсан төсвийг зарцуулах;

41.1.7. Тамгын газрын захиргаа, санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх.

41.2. Ерөнхий нарийн бичгийн дарга нь Улсын Их Хурлын төсвийн ерөнхий менежерийн хувьд Байнгын хорооны ажлын албаны ажилтныг томилж, чөлөөлнө.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

42 дугаар зүйл. Улсын Их Хурлын даргын ажлын алба

Хэвлэх

42.1.Улсын Их Хурлын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын албатай байна.

42.2.Улсын Их Хурлын даргын ажлын албаны орон тоог Улсын Их Хурлын дарга батална.

42.3.Улсын Их Хурлын даргын ажлын албаны ажилтан Улсын Их Хурлын даргад ажлаа шууд хариуцаж, Тамгын газарт харьяалагдана."

/Энэ зүйлийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

421дүгээр зүйл.Улсын Их Хурлын төсөв

Хэвлэх

421.1.Улсын Их Хурал бие даасан төсөвтэй байна.

421.2.Улсын Их Хурлын төсөв нь гишүүд, Байнгын хороод, нам, эвслийн бүлэг, Тамгын газар, Улсын Их Хурлын нийтлэг арга хэмжээний төсвөөс тус тус бүрдэнэ.

421.3.Улсын Их Хурлын төсөв нь түүний үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүрэлцэхүйц хэмжээтэй байна.

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

422дугаар зүйл.Улсын Их Хурлын төсвийг боловсруулах, хэлэлцэх

Хэвлэх

422.1.Улсын Их Хурлын төсвийг Тамгын газар боловсруулах ба Байнгын хороо, нам, эвслийн бүлгээс тус тусын төсөвтэй холбогдсон саналыг авна.

422.2.Тамгын газар Улсын Их Хурлын төсвийн төслийг энэ хуулийн 11.3-т заасан Зөвлөлтэй зөвшилцсөний дараа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.

422.3.Тамгын газар Улсын Их Хурлын төсвийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж гаргасан саналыг тусгаж, төсвийн эцсийн хувилбарыг улсын төсвийн төсөлд нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ.

422.4.Засгийн газар Улсын Их Хурлын төсвийн төслийг улсын төсвийн төсөлд бүрэн тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулна.

422.5.Засгийн газар Улсын Их Хурлын төсвийн төсөлд өөрчлөлт оруулах санал гаргасан тохиолдолд уг саналыг улсын төсвийг чуулганаар хэлэлцэх үед хэлэлцэн шийдвэрлэнэ.

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

423дугаар зүйл.Улсын Их Хурлын төсвийг зарцуулах, гүйцэтгэлд тавих хяналт

Хэвлэх

423.1.Улсын Их Хурлын төсвийг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга зориулалтын дагуу захиран зарцуулна.

423.2.Улсын Их Хурал жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор төрийн аудитын төв байгууллагад хүргүүлнэ. Төрийн аудитын төв байгууллага тайланг хүлээн авснаас хойш 1 сарын дотор тайлангийн талаар аудитын дүгнэлт гаргана.

423.3.Улсын Их Хурлын төсвийн гүйцэтгэлийн тайлан, энэ хуулийн 423.2-т заасан төрийн аудитын төв байгууллагын дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэнэ.

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

43 дугаар зүйл. Улсын Их Хурлын шийдвэр

Хэвлэх

43.1. Улсын Их Хурал хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд бусад шийдвэр нь тогтоолын хэлбэртэй байна.

43.2. Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

43.3. Тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг хэрхэх тухай асуудлыг Улсын Их Хурал хянан хэлэлцэж дуусах хүртэл уг хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно.

43.4. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтлах бөгөөд дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж үзнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

43.5."Төрийн мэдээлэл" эмхэтгэлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүрэн эхээр нь нийтэлнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

43.6."Төрийн мэдээлэл" эмхэтгэлийг хэвлэн нийтлэх ажлыг Тамгын газар хариуцна.

/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

44 дүгээр зүйл. Улсын Их Хурлын тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас

Хэвлэх

44.1. Улсын Их Хурал нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

45 дугаар зүйл. Хүчин төгөлдөр болох

Хэвлэх

45.1. Энэ хуулийг 2006 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ