- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОТРЫН БЭЛЧЭЭРИЙН АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОТРЫН БЭЛЧЭЭРИЙН АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2007 оны 7 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 187
Газрын тухай хуулийн 18.1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5, Засгийн газрын тухай хуулийн 20.5.13, 24.1.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Баянжаргалан, Хэнтий аймгийн Дархан сумын хилийн заагт орших Малахын талын 73.1 мянган га, Завхан аймгийн Завханмандал сумын нутагт орших Багахайрханы 68.3 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч, отрын хилийн заагийг 1 дүгээр хавсралтын ёсоор тогтоосугай.
(Энэ тогтоолын 2 дугаар хавсралтыг Засгийн газрын 2024 оны 112 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2025-01-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
3. Тусгай хэрэгцээний газарт авсан аймаг дундын отрын бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулан 2007 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс ажиллуулсугай.
4. Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны бүтэц, дүрмийг батлан, захирлыг нь томилж ажиллуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад даалгасугай.
5. Отрын бүс нутгийг хашиж хамгаалах, малын хашаа, тэжээлийн агуулахыг сайжруулах, бэлчээрийг усжуулах арга хэмжээ болон аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны зардалтай холбоотой асуудлыг жил бүрийн үндсэн чиглэл, төсвийн төсөлд тусгаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт даалгасугай.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Говийн бүсийн аймгуудын малын тэжээлийн болон усан хангамжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1998 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 185 дугаар тогтоолын 4 дүгээр зүйл, "Мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 181 дүгээр тогтоолын 5, 6 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.ТЭРБИШДАГВА
Текст томруулах
A
A
A