- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2006 оны 7 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 175
2006-2007 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Түлш, эрчим хүчний үйлдвэр болон зам, тээвэр, харилцаа холбоо, сургууль, цэцэрлэг, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хангах талаар төлөвлөгөө гарган биелэлтэд нь хяналт тавьж, сургууль, цэцэрлэгийн барилгын засварыг энэ оны 8 дугаар сарын 25-ны дотор дуусгах арга хэмжээ авахыг Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин нарт үүрэг болгосугай.
2. Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн үндсэн болон туслах тоноглолын засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь чанартай хийж, нүүрс, мазут нийлүүлэх, тээвэрлэх, нөөцлөх ажлыг эрчимжүүлэн энэ оны 10 дугаар сарын 1-ний дотор 20-иос доошгүй хоногийн нөөцийг бүрдүүлэх арга хэмжээ авахыг Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, Сангийн сайд Н.Баяртсайхан, Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/-нд даалгасугай.
3. Багануур, Налайхын дулааны станцын хувьчлалын асуудлыг хамтарсан ажлын хэсэг томилон судалж дүгнэлт гарган, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж энэ оны 8 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулахыг Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/-нд даалгасугай.
4. Шарын голын уурхайн нүүрсний хангамж хүрэлцэхгүй болж Дархан-Уул, Орхон аймгийн төвийн өвөлжилтийн байдал хүндрэх нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан "Дарханы дулааны цахилгаан станц" ТӨХК, "Эрдэнэтийн дулааны цахилгаан станц" ТӨХК-ийн зууханд Багануур, Шивээ-Овоогийн уурхайн нүүрсэнд тохируулан шинэчлэлт хийх талаар холбогдох арга хэмжээ авахад хяналт тавьж ажиллахыг Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт даалгасугай.
5. Цаг агаарын хүндрэлтэй үед авто зам, замын байгууламжийг авто тээврийн хөдөлгөөн саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шуурхай ажлын хэсэг байгуулах, засвар, арчлалтын ажлыг байгууллага, иргэдэд гэрээний дагуу хариуцуулах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэлд үүрэг болгов.
6. Улсын нөөцөд байх тэжээлийн 50-иас доошгүй хувийг улсын төсөвт багтаан овор багатай, удаан хадгалагдах хүчит тэжээлээр бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд С.Отгонбаярт даалгасугай.
7. Тусгай хамгаалалттай болон улсын хилийн дагуухь бүс нутагт гантай байгаа зарим аймгаас тодорхой тооны мал бүхий өрхийг өвөлжүүлэх асуудлыг судалж зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр нарт даалгасугай.
8. Мал сүргийг байгалийн болзошгүй эрсдэлээс хамгаалах болон эрсдэл багатай өвөлжүүлж, хаваржуулах зорилгоор мал бүхий иргэд бүрээр өвс, гар тэжээл бэлтгүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
9. Мал өвөлжилтийн бэлтгэл ажлын явцад хяналт тавьж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх ажлын хэсгийг орон нутагт томилж ажиллуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсын сайд С.Отгонбаяр, Монгол Улсын сайд У.Хүрэлсүх нарт үүрэг болгосугай.
10. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад дор дурдсан арга хэмжээ авахыг даалгасугай:
а/бэлтгэх өвс, гар тэжээлийн чанар, тэдгээрийн сав, баглаа боодлыг олон улсын жишигт нийцүүлэн стандартыг шинэчлэн боловсруулж батлуулан мөрдүүлэх;
б/гадаад, дотоодын зах зээлийг судалж экспортод гаргах болон дотоодод бэлтгэх махны хэмжээг нэмэгдүүлэх.
11. Дараахь арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:
а/энэ тогтоолын хавсралтад заасан хэмжээний өвс, гар тэжээлийг бэлтгэж нөөцлөх ажлыг зохион байгуулах;
б/орон нутагт зуншлага хүндэрсэнтэй холбогдуулан өвс, хадлан бэлтгэх боломжгүй байгаа Дундговь аймгийг Төв аймгийн нутагт, Өмнөговь аймгийг Булган аймгийн нутагт, Дорноговь, Говьсүмбэр аймгийг Сэлэнгэ аймгийн нутагт, Сүхбаатар аймгийг Хэнтий аймгийн нутагт тус тус хадлангийн талбай ашиглуулж өвс, гар тэжээл бэлтгэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх;
в/нутаг дэвсгэрийнхээ зуншлага, намаржилтын байдалтай уялдуулан мал өвөлжүүлэх, отор нүүдэл хийх зураглал гарган цагийн байдал хүндэрсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг хангах;
г/сум, багийн мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах явцад үзлэг шалгалт хийж, хэрэгжилтийг эрчимжүүлэн дүнг 11 дүгээр сарын 1-ний дотор Хүнс, хөдөө аж ахуйн яаманд ирүүлэх;
д/мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, угаалгын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгүүлж, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
е/цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, халаалтын зуух, технологийн тоног төхөөрөмжийн угаалга цэвэрлэгээ, туршилт тохируулгын болон түлш, эрчим хүчний үйлдвэр, зам, тээвэр, харилцаа холбоо, сургууль, цэцэрлэг, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын урсгал болон их засварын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь чанартай хийлгэж гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах;
ж/орон сууц ашиглалтын байгууллага болон Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран дундын өмчлөлийн шугам сүлжээний ашиглалтын байдалд үзлэг хийж шаардлагатай арга хэмжээ авах;
з/нийтийн тээврийн хэрэгслийн болон тэдгээрийн гараашийн засвар, дулаалгыг хугацаанд нь чанартай хийж, сэлбэг хэрэгсэл, өвлийн улирлын шатахуун, тослох материалыг зохих хэмжээнд нь нөөцөлж иргэдэд найдвартай үйлчлэх нөхцөл бүрдүүлэх.
12. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, үр дүнгийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчилж, 21 хоног тутамд Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Барилга, хот байгуулалтын сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Түлш, эрчим хүчний сайд Б.ЭРДЭНЭБАТ
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.ТЭРБИШДАГВА
Текст томруулах
A
A
A