A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1996 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Энэ хуулийг Соёлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцно.

СОЁЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад соёлын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндэс, соёлын үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, соёлын удирдлагын тогтолцоо, соёлын ажилтны нийгмийн халамж баталгаа, соёлын байгууллагын өмч, санхүүжилтийн зарчим, арга хэлбэрийг тогтоож, уг үйл ажиллагаанд оролцогчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Монгол Улсын соёлын хууль тогтоомж

Хэвлэх

1. Монгол Улсын соёлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2. Монгол улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

З дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

Хэвлэх

Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараахь утгаар ойлгоно:

1/ "соёлын үйл ажиллагаа" гэдэгт соёлын үнэт зүйлийг бүтээх, эзэмших, ашиглах, хадгалж хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой дараахь үйл ажиллагаа хамаарна:

а/ уран зохиол, хөгжим, дүрслэх урлаг, театр, цирк, киноны урлаг, уран барилга, дизайн зэрэг урлагийн бүх төрлийн бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох;

б/ соёлын үнэт зүйлийг бүтээх, хадгалж хамгаалах, нийтийн хүртээл болгоход чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;

в/ монгол үндэстэн болон угсаатан, ястны хэл, аялгуу, аман болон бичгийн соёлыг хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх;

г/ иргэдийн соёлын ерөнхий төвшинг дээшлүүлэх, уран сайхан-гоо зүйн боловсрол, хүмүүжил олгох;

д/ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр соёлын үйл ажиллагаа явуулах;

е/ соёл судлалыг хөгжүүлэх;

ж/ соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх.

2/ "соёлын үнэт зүйл" гэдэгт гоо сайхны үзэл баримтлал, эх хэл, бичиг үсэг, аман аялгуу, уламжлалт технологи, газар усны нэр, зан заншил, бэлгэ тэмдэг, ардын аман зохиол, ном, судар, шашдир, угийн бичиг, им, тамга, хадны зураг, бичээс, гар урлал, урлагийн бүх төрлийн болон соёл судлалын бүтээл, судалгааны арга барил хамаарна;

З/ "соёлын байгууллага" гэдэгт энэ хуулийн дагуу соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж хамаарна;

4 / "соёлын ажилтан" гэж бүх төрлийн уран бүтээлийг бүтээн туурвих, соёлын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, сэргээн засварлах үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд дагнан эрхэлж байгаа иргэнийг хэлнэ.

5/"уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлэг" гэж уран сайхны кино, теле жүжиг, телевизийн олон ангит кино, хөгжөөнт хөтөлбөр, тоглолт, баримтат болон хүүхэлдэйн кино, газар зүй, түүх, соёл, зан заншил, хэл зохиол, зан үйл, соёлын өвийг тайлбарлан таниулсан аливаа бүтээл ба сэтгүүл зүйн бусад төрөл жанрын бүтээлийг;

/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

6/"үндэсний нэвтрүүлэг" гэж телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа тухайн нэвтрүүлгийн зохиолч, ерөнхий найруулагч, продюссерийн аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсхүл зураг авалт, дуу бичлэг, сурвалжлах багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх бүх төрлийн бүтээлийг;

/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

7/"үндэсний кино" гэж зохиолч, ерөнхий найруулагч, продюссерийн аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсхүл зураг авалт, дуу бичлэг, эвлүүлгийн багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх бүх төрлийн киног.

/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Соёлын талаархи иргэний эрх, үүрэг

4 дүгээр зүйл. Соёлын талаархи иргэний эрх

Хэвлэх

1. Монгол Улсын иргэн соёлын талаар дараахь эрх эдэлнэ:

1/ үндэсний болон дэлхий нийтийн соёлын үнэт зүйлтэй танилцах, соёлын үйл ажиллагаа явуулах, тэдгээрийн үр шимийг хүртэх;

2/ уран бүтээлийн сэдэв, төрөл зүйл, арга барил, дэг сургууль, урсгал чиглэлийг чөлөөтэй сонгон авах, үүдэл санаа, ур чадварынхаа нууцыг хамгаалуулах ;

3/ Монгол улсын болон тухайн орны хууль тогтоомжоор хориглосноос бусад соёлын үйл ажиллагааг гадаадад явуулах;

4/ эх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх, соёлын уламжлалыг өвлөн хөгжүүлэх;

5/ соёлын үйл ажиллагаа явуулах эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор уран бүтээлийн эвлэл, холбоо, нийгэмлэг байгуулах, тэдгээрт эвлэлдэн нэгдэх.

5 дугаар зүйл. Соёлын талаархи иргэний үүрэг

Хэвлэх

/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Монгол Улсын иргэн соёлын талаар дараахь үүрэг хүлээнэ:

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/ түүх, соёлын уламжлалыг хамгаалж хөгжүүлэх;

2/ эх хэл, бичиг үсгээ судлах, өвлөх, өвлүүлэх;

З/ гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх;

4/ соёлын үнэт зүйлийг элдэв халдлагаас сэрэмжлэн хамгаалах.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Соёлын байгууллага

6 дугаар зүйл. Соёлын байгууллагын ангилал

Хэвлэх

1.Соёлын байгууллага нь өмчийн хэлбэрээс үл хамааран улс болон орон нутгийн чанартай гэсэн ангилалтай байна.

2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж харгалзахгүйгээр бүх нийтэд соёл, урлагаар үйлчлэх зорилго бүхий төрийн өмчийн байгууллага нь мэргэжлийн соёл, урлагийн төв байгууллагад тооцогдоно.

/Энэ хэсгийг 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Хэд хэдэн аймгийн хүн амд соёл урлагаар үйлчлэх үүрэг бүхий бүс нутгийн соёлын байгууллага байгуулж болно.

4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн болон бүс нутгийн хүн амд соёл урлагаар үйлчлэх зорилго бүхий байгууллага нь орон нутгийн соёлын байгууллагад хамаарна

7 дугаар зүйл. Соёлын байгууллагыг үүсгэн байгуулах

Хэвлэх

1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хууль тогтоомжийн дагуу ашгийн төлөө болон ашгийн төлөө бус соёлын байгууллага байгуулан ажиллуулж болно.

2.Улсын болон бүс нутгийн байгууллагыг байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргана.

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3.Төрийн өмчийн бүс нутгийнхаас бусад орон нутгийн соёлын байгууллагыг байгуулах шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга гаргана. Шийдвэр гаргахдаа аймаг, нийслэлийн Засаг дарга соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай, сум, дүүргийн Засаг дарга аймаг, нийслэлийн Засаг даргатай тус тус зөвшилцөнө.

4.Соёлын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн байгуулагдсанд тооцно.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8 дугаар зүйл. /Энэ зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

9 дүгээр зүйл. Улсын бүртгэлд бүртгэх

Хэвлэх

1.Соёлын байгууллагыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэнэ.

/Энэ хэсгийг 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10 дугаар зүйл. /Энэ зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

11 дүгээр зүйл. Соёлын байгууллага татан буугдах

Хэвлэх

1. Соёлын байгууллага дор дурдсан нөхцөлд татан буугдана:

1/ /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2/ татан буулгах тухай үүсгэн байгуулагчийн,эсхүл шүүхийн шийдвэр гарсан.

2. Соёлын байгууллага татан буугдсанаас хойш 45 хоногийн дотор энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэнэ.

З. Хууль тогтоомжид заасны дагуу татан буулгах ажиллагаа хийгдэж, бүртгэх байгууллага бүртгэлээс хассанаар соёлын байгууллагыг татан буугдсанд тооцно.

4. Соёлын байгууллага татан буугдсантай холбогдож үүссэн маргааныг шүүх шийдвэрлэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Соёлын удирдлага, зохицуулалт

12 дугаар зүйл. Соёлын удирдлагын тогтолцоо

Хэвлэх

1.Соёлын удирдлагын тогтолцоо нь соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн болон соёлын байгууллагын удирдлагаас бүрдэнэ.

/Энэ зүйлд 2008 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ зүйлд 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

13 дугаар зүйл. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхтэй байна:

1/төрөөс соёлын талаар баримтлах бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, соёлын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах;

/Энэ заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2/хууль тогтоомжийн хүрээнд түүнийг хэрэгжүүлэх зорилгоор соёлын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг батлан гаргах;

3/улсын чанартай болон орон нутгийн төрийн өмчийн соёлын байгууллагын оновчтой сүлжээ, бүтцийг бий болгож ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах;

4/соёлын байгууллагыг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх;

5/түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах ажлыг зохицуулах, үндэсний соёл, дизайны уламжлалыг дэмжин хөгжүүлэх;

/Энэ заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6/эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэх, уран сайхан, гоо зүйн хүмүүжил олгох бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

7/олон улсын болон улсын чанартай соёлын арга хэмжээ зохион байгуулах, соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх;

8/дайн, түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан соёлын үйл ажиллагаа явуулахыг хориглох арга хэмжээ авах;

/Энэ заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

9/соёлын тоо бүртгэл хөтөлж, дүн шинжилгээ хийх;

/Энэ заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10/соёлын салбарт мэргэжлийн хүний нөөц бэлтгэх арга хэмжээ авч, аймаг, нийслэлийн соёл, урлагийн байгууллагыг мэргэжлийн ажиллах хүчнээр хангахад дэмжлэг үзүүлэх, соёлын ажилтны нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх;

11/кино үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

12/соёл судлалыг хөхүүлэн дэмжих;

13/хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох соёл, урлагийн бүтээлийн зэрэглэл, жагсаалт, хэрэгжүүлэх журмыг тогтоох;

14/Монгол Улсад шинээр хэвлэгдэн гарч байгаа ном, хэвлэлийн бүтээгдэхүүн тус бүрээс хоёроос доошгүйг шалгаруулалт хийсний үндсэн дээр улс, аймаг, нийслэлийн төв номын санд худалдан авах. Шалгаруулалт хийх, худалдан авах журмыг Засгийн газар тогтооно;

/Энэ заалтыг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хассан/

15/түүх, соёлын дурсгалт зүйлийг судалж шинжлэх, хадгалж хамгаалах, сурталчлах, ашиглалт, хамгаалалтад хяналт тавих ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, гадаад, дотоодод үзэсгэлэн гаргах ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16/утга соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, хамгаалах, өвлүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах, утга соёлын өвийг өвлөн тээгч билиг авьяастныг судлан тодорхойлж, эрдэм авьяасыг нь хойч үед уламжлуулахад туслан дэмжлэг үзүүлэх;

/Энэ заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

17/ардын язгуур урлагийн чиглэлээр улсын хэмжээнд зохион байгуулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

/Энэ заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

18/дүрслэх урлаг, дизайны чиглэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

19/соёл, урлагийн мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрт дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

/Энэ заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

20/хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ хэсгийн 3 дахь заалтыг 2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 10-т зааснаар соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ.

З. Соёлын байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг соёлын хяналтын асуудал эрхэлсэн мэргэжлийн хяналтын улсын алба хэрэгжүүлнэ.

/ Энэ хэсгийг 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

131дүгээр зүйл. /Энэ зүйлийг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

131дүгээр зүйл.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/төрөөс соёлын талаар баримтлах бодлого, соёлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

2/дайн, түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан соёлын үйл ажиллагаа явуулахыг хориглох арга хэмжээ авах;

3/соёлын тоо бүртгэл хөтөлж, дүн шинжилгээ хийх;

4/түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах ажлыг зохицуулах, үндэсний соёл, дизайны уламжлалыг дэмжин хөгжүүлэх;

5/түүх, соёлын дурсгалт зүйлийг судалж шинжлэх, хадгалж хамгаалах, сурталчлах, ашиглалт, хамгаалалтад хяналт тавих ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, гадаад, дотоодод үзэсгэлэн гаргах ажлыг зохион байгуулах;

6/утга соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, хамгаалах, өвлүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах, утга соёлын өвийг өвлөн тээгч билиг авьяастныг судлан тодорхойлж, эрдэм авьяасыг нь хойч үед уламжлуулахад туслан дэмжлэг үзүүлэх;

7/ардын язгуур урлагийн чиглэлээр улсын хэмжээнд зохион байгуулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

8/дүрслэх урлаг, дизайны чиглэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;

9/соёл, урлагийн мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрт дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

10/хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

14 дүгээр зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд соёлын талаар дэвшүүлсэн зорилтын биелэлтийг дүгнэж, түүний хөгжлийн хэтийн төлвийг тодорхойлж, хяналт тавина.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт соёлын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ төрийн соёлын бодлого, соёлын хууль тогтоомжийн дагуу соёл урлагийг хөгжүүлэх, иргэдийн соёлын эрэлт хэрэгцээг хангах, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг хөтөлбөртөө тусгаж, хэрэгжүүлэх;

2/ соёлын байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулж, хууль тогтоомжид заасны дагуу санхүүжүүлэх, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, ажиллагчдын нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авах;

З/ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан соёлын зорилтыг хэрэгжүүлэх ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах;

/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4/ угийн бичиг хөтлөх ажлыг Засгийн газраас баталсан журмын дагуу зохион байгуулах.

3. Баг, хорооны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын соёлын үйлчилгээг сайжруулах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах, соёлын талаархи иргэний журамт үүргийн биелэлтийг хангуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

15 дугаар зүйл. Соёлын байгууллагын удирдлага

Хэвлэх

1. Соёлын байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тусгайлан эрх олгосон соёлын байгууллага хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Улсын болон бүс нутгийн чанартай соёлын байгууллагын даргыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захирлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн соёлын байгууллагын дарга, захирлыг аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захиралтай зөвшилцөн сум, дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө.

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3. Төрийн өмчийнхөөс бусад соёлын байгууллагыг үүсгэн байгуулагчийн томилсон дарга удирдана.

4. Улсын болон бүс нутгийн, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын байгууллагын дарга, захирлыг тухайн салбарын мэргэжилтэй, соёл, урлагийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 25.1, 27.1.1, 27.2, 27.3-т заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ТАВДУГААР БҮЛЭГ

Соёлын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг

16 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагуудын үүрэг

Хэвлэх

1. Төрийн захиргааны төв байгууллагууд соёлын талаар дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:

1/ төрөөс баримтлах соёлын бодлого, соёлын хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан соёлын зорилтыг хэрэгжүүлэх ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах;

2/ үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес, эрх зүй, экологи, ахуйн соёлыг хөгжүүлэх ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран буюу дангаар зохион байгуулах.

17 дугаар зүйл. Соёлын байгууллагын нийтлэг үүрэг

Хэвлэх

1.Соёлын байгууллагууд дараахь нийтлэг үүрэгтэй байна:

1/ соёлын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний өндөр түвшинд явуулах;

2/ төсөв, төслийн болон хандивын хөрөнгийг зориулалтаар нь үр ашигтай зарцуулах;

3/ соёлын ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг нь хангах.

18 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

Хэвлэх

1. Аж ахуйн нэгж, байгууллага соёлын талаар дараахь үүрэгтэй байна:

1/ түүх, соёлын дурсгалт болон соёлын үнэт зүйлсийг хадгалах, хамгаалах;

2/ үйлдвэрлэл, үйлчилгээний соёл, гоо зүй, үндэсний дизайны орчин бүрдүүлж хөгжүүлэх;

З/ ажиллагчдын ерөнхий соёлын түвшинг дээшлүүлэх, урлаг, уран сайхны мэдрэмж, авьяас чадварыг хөгжүүлэх, соёлын үйлчилгээг сайжруулах.

2. Аж ахуйн нэгж , байгууллага соёлын талаар дараахь эрх эдэлнэ:

1/ соёлын салбарт тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт хийх, хандив өргөх;

2/ жил бүрийн орлогын тодорхой хувийг соёлын зориулалтаар зарцуулах;

3/ ажиллагчдын оюуны хэрэгцээг хангах зорилгоор соёлын үйл ажиллагаа эрхлэх нэгж байгуулан ажиллуулах.

19 дүгээр зүйл. Соёлын хүрээнд төрийн болон бусад байгууллага, иргэнээс явуулах үйл ажиллагаанд тавих хязгаарлалт

Хэвлэх

1. Хууль тогтоомжоор хориглоогүй соёлын үйл ажиллагаа явуулахад төрийн болон бусад байгууллага, улс төрийн нам, эвсэл, холбоо, тэдгээрийн албан тушаалтан хөндлөнгөөс оролцох, дарамт шахалт үзүүлэхийг хориглоно.

2. Угсаатан ястны соёлыг ялгаварлан гадуурхах, хавчин хязгаарлахыг хориглоно.

3. Дайн түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг сурталчилах, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, соёлд хор хохирол учруулах соёлын үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

4.Уран бүтээлчийн үүдэл санаа, ур чадварын нууцыг түүний зөвшөөрөлгүйгээр задруулахыг хориглоно.

5.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна.

/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.Олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна.

/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.Кино театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, интернет протоколд суурилсан телевиз /Ай-Пи телевиз/-ийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь 40 хувиас доошгүй байна.

/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Соёлын байгууллагын өмч, санхүүжилт, соёлын ажилтанд үзүүлэх нийгмийн баталгаа.

20 дугаар зүйл. Өмч

Хэвлэх

1.Соёлын байгууллага өмчийн хэлбэрийн хувьд төрийн болон төрийн бус хэлбэртэй байна.

2.Соёлын зориулалтаар ашиглаж байгаа төрийн өмчийн барилга байгууламж, эзэмшил газрыг тухайн байгууллагын үндсэн чиг үүрэгт нь харшлах өөр зориулалтаар бүхэлд нь ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

21 дүгээр зүйл. Соёлын байгууллагын санхүүжилт

Хэвлэх

1. Соёлын байгууллага нь улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, хөнгөлөлттэй зээл, соёлын байгууллагын өөрийн орлого зэрэг санхүүгийн эх үүсвэртэй байна.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 29 -ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2. Ашгийн төлөө бус улсын болон орон нутгийн байгууллага үйл ажиллагаагаа улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

З. Төрийн өмчийнхөөс бусад ашгийн төлөө бус соёлын байгууллагад тодорхой төслийг үндэслэн төрөөс санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж болно. Төсөл шалгаруулах журмыг Засгийн газар тогтооно.

4. Соёлын зардлыг улсын төсөвт бие даасан зүйл болгож батална.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5./Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6. Соёлыг хөгжүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах зориулалт бүхий төрийн санд байгууллага, иргэнээс оруулсан хандив, хөрөнгө оруулалтад албан татварын хөнгөлөлт үзүүлэх журмыг хуулиар тогтооно.

7. Соёлын байгууллагыг санхүүжүүлэх нэмэгдэл эх үүсвэр бий болгох зорилгоор Үндэсний хонжворт сугалааг зохион байгуулж болно. Үндэсний хонжворт сугалаа гаргах журмыг Засгийн газар тогтооно.

8. Соёлын үйл ажиллагаанд зориулсан төсвийн хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 29 -ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

9. Хөгжмийн том хэлбэрийн болон дүрслэх урлаг, кино, ном, хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авч байна. Шилдэг бүтээл шалгаруулан худалдан авах журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

10. Монгол улсын түүхэнд холбогдох онцлог үйл явдал, он дарааллын түүхийн талаархи баримтат кино бүтээх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

/Энэ хэсгийг 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгэгт 2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11. Үндэсний уламжлалт, сонгодог болон хүүхдэд зориулсан урлагийн бүтээл, улсын захиалгаар бүтээх уран сайхны болон баримтат кинонд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

12. Соёлын байгууллагын улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийг өөрийн үйл ажиллагааны орлого болон байгууллага, иргэдийн хандивын хэмжээгээр багасгаж төлөвлөхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгэгт 2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13. Мэргэжлийн соёл, урлагийн байгууллага нь дэргэдээ судалгаа шинжилгээ, сэргээн засварлалтын газартай байж болно.

/Энэ хэсгийг 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

22 дугаар зүйл. Соёлын ажилтны нийгмийн баталгаа

Хэвлэх

1. Соёлын ажилтан нь дараахь нийгмийн баталгаагаар хангагдана:

1/ тэтгэвэрт гарах үед ажиллаж байсан байгууллага нь тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг жилийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгоно.

2/ хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн онцлогийг харгалзан нэмэгдэл цалин, урамшил, эрдмийн зэрэг, цолны болон ур чадварын нэмэгдэл хөлс олгоно;

3/ Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан соёлын ажилтан ажлын онцлогоос хамаарч мэргэжлийн хөдөлмөрийн чадвараа эрт алдсан тохиолдолд түүний хүсэлтийг нь үндэслэн дотоодын сургууль, курсээр тусгай мэргэжил эзэмших сургалтын зардлыг төр хариуцна;

4/ хуульд заасан бусад баталгаа.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2,3 дахь заалтад хамаарах мэргэжлийн жагсаалт, нэмэгдэл хөлс, сургалтын зардал олгох журмыг Засгийн газар батална.

3.Олон улсын хэмжээний соёл, урлагийн наадам, уралдаан тэмцээн, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно. Мөнгөн шагнал олгох журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

221дүгээр зүйл. Соёлын хяналт

Хэвлэх

1.Соёлын хяналтыг соёлын улсын хяналтын алба, улсын байцаагч, бүх шатны Засаг дарга хэрэгжүүлнэ.

2.Соёлын улсын хяналтын алба нь соёлын тухай хууль тогтоомж, түүнтэй холбогдсон норм, норматив, дүрэм, журмын хэрэгжилт болон соёлын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина.

/Энэ зүйлийг 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

ДОЛДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

23 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

23.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

23.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

23.3.Соёлын тухай хууль зөрчигчид хариуцлага торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний хуулиар өөрчлөн найруулсан/

24 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1996 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 07 сарын 02 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.1996 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр баталсан Соёлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Соёлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР