- Нүүр
- Монгол Улсын хууль
- СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь сонгуулийн төв байгууллагын эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Сонгуулийн төв байгууллагын тухай хууль тогтоомж
2.1.Сонгуулийн төв байгууллагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3 дугаар зүйл. Сонгуулийн төв байгууллагын эрх зүйн байдал
3.1.Сонгуулийн төв байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо мөн.
3.2.Сонгуулийн ерөнхий хороо /цаашид "Хороо" гэх/ нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй төрийн байгууллага мөн.
3.3.Хороо нь аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.4.Хороо үйл ажиллагаагаа бие дааж, хараат бус байдлаар явуулна.
3.5.Хороо нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг баримтална.
3.6.Хороо бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд түүний төсвийг Улсын Их Хурал батална.
3.7.Хороо тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
3.8.Хороо, түүний гишүүн хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах
4 дүгээр зүйл.Хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, томилох журам
4.1.Хороо нь есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байна.
4.2.Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
4.3.Хорооны дарга, нарийн бичгийн даргыг Хорооны гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилно.
4.4.Хорооны дарга, нарийн бичгийн дарга нь орон тооны байна.
4.5.Хорооны гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Улсын Их Хурлын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн гишүүн томилогдсоноор дуусгавар болно.
4.6.Хорооны гишүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүгч, прокурор, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч байхыг хориглоно.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.7.Хорооны гишүүн энэ хуулийн 4.6-д заасан ажил, албан тушаалд нэр дэвших буюу томилогдож сонгогдох бол чөлөөлөгдөх хүсэлтээ Хороогоор дамжуулан Улсын Их Хуралд гаргана.
5 дугаар зүйл.Хорооны гишүүний тангараг
5.1.Хорооны гишүүн томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор "Би Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая." хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө.
5.2.Хорооны гишүүн тангараг өргөх журмыг Монгол Улсын Их Хурал батална.
6 дугаар зүйл. Хорооны гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох
6.1.Хорооны гишүүн энэ хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдсөн, огцорсон тохиолдолд түүний бүрэн эрх энэ хуулийн 4.2-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болно.
6.2.Энэ хуулийн 6.1-д зааснаар орон гарсан бол мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасан журмын дагуу Хорооны гишүүнийг нөхөн томилно.
6.3.Хорооны гишүүн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бол Улсын Их Хурал энэ хуулийн 4.2-т заасан хугацаанаас өмнө түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлнө.
6.4.Энэ хуулийн 6.3-т зааснаас өөр үндэслэлээр Хорооны гишүүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хориглоно.
6.5.Хорооны гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг Хорооны гишүүнээс огцруулсанд тооцно.
6.6.Хорооны гишүүн огцрох тухай хүсэлтээ Улсын Их Хуралд бичгээр гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг Улсын Их Хурлын чуулганы үед гаргасан бол 21 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт гаргасан бол чуулган эхэлснээс хойш 21 хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэнэ.
6.7.Хорооны гишүүн гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 11.7-д заасны дагуу баривчлагдсан бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын гаргасан санал, шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэнэ.
6.8.Хорооны гишүүн гэмт хэрэгт холбогдолгүй, гэм буруугүй болохыг тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн түүний бүрэн эрхийг сэргээж, Улсын Их Хурал тогтоол гаргана.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хороо, түүний гишүүний бүрэн эрх, баталгаа
7 дугаар зүйл. Хорооны бүрэн эрх
7.1.Хороо дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.ард нийтийн санал асуулга болон сонгууль бэлтгэн явуулах ажлыг төлөвлөж, зохион байгуулах;
7.1.2.ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;
7.1.3.сонгуулийн бүх шатны хороодын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах;
7.1.4.ард нийтийн санал асуулга болон сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдсон асуудлаар төрийн зохих байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
7.1.5.ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн зардлын төсвийг батлагдсан хэмжээний дотор хуваарилах, зарцуулалтад хяналт тавих;
7.1.6.ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах болон сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах;
7.1.7.ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжид заасан дүрэм, журам, заавар, баримт бичгийн загвар маягт батлах;
7.1.8.сонгуулийн төв архивыг зохион байгуулах, үүнтэй холбогдуулан архивын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран сонгуулийн баримт бичгийг архивт шилжүүлэх, хадгалах журам баталж мөрдүүлэх;
7.1.9.ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах саналыг Улсын дээд шүүхэд оруулах;
7.1.10.сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар Улсын Их Хуралд санал тавих;
7.1.11.ард нийтийн санал асуулга болон сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдсон асуудлаар шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хурал, Засгийн газарт санал оруулах;
7.1.12.Хорооны дүрмийг хэлэлцэн батлах;
7.1.13.Хорооны төсвийн төсөл, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх;
7.1.14.өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар сонгуулийн хороод, сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахад туслах үүрэг бүхий төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүнчлэн хууль тогтоомжид заасан асуудлаар холбогдох бусад байгууллагаас шаардлагатай баримт, мэдээ сэлтийг гаргуулж авах, зохих албан тушаалтны мэдээллийг сонсож, хууль биелүүлэх асуудлаар үүрэг даалгавар өгөх;
7.1.15.сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрмийг батлах;
/Энэ заалтыг 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.1.16.хуульд заасан бусад бүрэн эрх.
7.2.Хороо ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.2.1.нутаг дэвсгэрийн хороог байгуулах, түүний бүрэлдэхүүнийг батлах;
7.2.2.нутаг дэвсгэрийн хорооны үйл ажиллагааг дуусгавар болгох;
7.2.3.ард нийтийн санал асуулгын талаар гаргасан өргөдөл, гомдлыг харьяаллын дагуу хянан шийдвэрлэх;
7.2.4.ард нийтийн санал асуулгын саналын хуудсыг хэвлүүлэх, хуваарилах;
7.2.5.ард нийтийн санал асуулгын нэгдсэн дүнг гаргаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
7.2.6.Ард нийтийн санал асуулгын тухай хуульд заасан бусад бүрэн эрх.
7.3.Хороо Монгол Улсын Их Хурлын сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.3.1.Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, түүнийг өөрчлөх талаархи саналыг Улсын Их Хуралд оруулах;
7.3.2.сонгуулийн тойргийн хороог байгуулах, түүний бүрэлдэхүүнийг батлах;
7.3.3.сонгуулийн тойргийн хорооны үйл ажиллагааг дуусгавар болгох;
7.3.4.сонгуулийн аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг давж заалдсан гомдол болон сонгуулийн асуудлаар гаргасан бусад өргөдөл, гомдлыг харьяаллын дагуу хянан шийдвэрлэх, хэрэв хууль тогтоомжид нийцээгүй бол тухайн тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох;
/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.3.5. Улсын Их Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, намуудын сонгуулийн эвсэл /цаашид "нам, эвсэл" гэх/-ийг бүртгэх;
7.3.6.сонгуульд оролцогч нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагатай сонгуулийн асуудлаар харилцах;
7.3.7.хуульд заасан үндэслэлээр Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгох;
7.3.8.Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудасны загварыг батлах, түүнийг хэвлүүлэх, хуваарилах;
7.3.9.сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, сонгогдсон Улсын Их Хурлын нийт гишүүний нэрийн жагсаалтыг үйлдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган мэдүүлэх, тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх санал боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, нийтэд мэдээлэх;
7.3.10.нам, эвсэл, нэр дэвшигчийн авсан хандивын хэмжээ, зарцуулалтад хяналт тавих;
7.3.11.нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг хянан хэлэлцэх, дүнг нийтэд мэдээлэх;
7.3.12. Сонгуулийн тухай хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.4.Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.4.1.аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулах, түүний бүрэлдэхүүнийг батлах;
/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.4.2.аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны үйл ажиллагааг дуусгавар болгох;
/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.4.3.аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг давж заалдсан гомдол болон сонгуулийн асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг харьяаллын дагуу хянан шийдвэрлэх, хэрэв хууль тогтоомжид нийцээгүй бол тухайн нутаг дэвсгэрийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох;
/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.4.4.Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох;
7.4.5.Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн намын сонгууль эрхэлсэн байгууллагатай сонгуулийн асуудлаар харилцах;
7.4.6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны загварыг батлах, түүнийг хэвлүүлэх, хуваарилах;
7.4.7.анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх санал боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
7.4.8.Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нам, нэр дэвшигчийн авсан хандивын хэмжээ, зарцуулалтад хяналт тавих;
7.4.9.Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нам болон сонгуульд хамтарч нэр дэвшүүлсэн намуудыг төлөөлөх байгууллагын сонгуулийн зардлын сангийн тайланг хянан хэлэлцэх, дүнг нийтэд мэдээлэх;
7.4.10. Сонгуулийн тухай хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.5.Хороо аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.5.1.аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, түүний бүрэлдэхүүний талаар тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөмж өгөх;
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.5.2.аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хороодын ажилтнуудад зориулсан сургалт явуулах;
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.5.3. аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн саналын хуудасны загварыг батлах;
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.5.4.аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны хүсэлтээр шаардлагатай туслалцааг Хорооны бүрэн эрхийн хүрээнд үзүүлэх;
7.5.5.аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын үйл ажиллагааг шалган зааварлах;
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.5.6.аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.5.7. Сонгуулийн тухай хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.6.Хороо улс төрийн намын үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.6.1.Улс төрийн намын тухай хуулийн 9.10-т заасан мэдээллийн сан бүрдүүлж, нийтэд мэдээлэх;
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.6.2.төрийн санхүүжилт авах тухай хүсэлт гаргах маягтыг батлах;
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.6.3.намд өгөх хандивын бүртгэлийг хөтлөх маягтыг батлах;
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.6.4.хуульд заасан үндэслэл, журмын дагуу намыг тараах тухай санал гаргах;
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.6.5.намд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоож, төсөвт суулган олгох;
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.6.6.намд төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг олгох, шийдвэрлэх;
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.6.7.Улс төрийн намын тухай хуулийн 8.9, 10.3-т заасны дагуу хяналт хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.6.8.Улс төрийн намын тухай хуулийн 26.6-д заасны дагуу шийдвэр гаргах;
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.6.9.улс төрийн намын санхүүгийн тайланд хяналт тавих;
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.6.10.Улс төрийн намын тухай хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.7.Хороо нь бүрэн эрхийнхээ хүрээнд олон улсын, бүсийн, бусад улсын сонгуулийн байгууллагатай хамтран ажиллах, үйл ажиллагаа явуулах эрхтэй.
/Энэ хэсгийн дугаарт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
7.8.Хорооноос эрх хэмжээнийхээ дотор гаргасан шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.
/Энэ хэсгийн дугаарт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
8 дугаар зүйл. Хорооны гишүүний бүрэн эрх
8.1.Хорооны гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.Хорооны хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцүүлэх;
8.1.2.Хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох;
8.1.3.Хорооны дүрэмд заасан ажил үүргийн хуваарийн дагуу хариуцсан ажлыг хийж гүйцэтгэх, ажлаа Хорооны хуралдаанд тайлагнах;
8.1.4.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
9 дүгээр зүйл. Хорооны даргын бүрэн эрх
9.1.Хорооны дарга Хорооны гишүүний бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.Хороог дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
9.1.2.Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;
9.1.3.Хорооны шийдвэрийн биелэлтийг хангуулах;
9.1.4.Хорооны гишүүдийн ажил үүргийн хэрэгжилтэд нь гүйцэтгэлийн хяналт тавих;
9.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
9.2.Хорооны дарга эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргана.
10 дугаар зүйл.Хорооны нарийн бичгийн даргын бүрэн эрх
10.1.Хорооны нарийн бичгийн дарга Хорооны гишүүний бүрэн эрхээс гадна Хорооны дүрэмд заасны дагуу Хорооны хуралдааны бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийг хэлбэржүүлэх, нийтэд мэдээлэх, хуралдааны явцын тэмдэглэл хөтлөх зэрэг ажлыг зохион байгуулна.
11 дүгээр зүйл. Хорооны гишүүний бүрэн эрхийн баталгаа
11.1.Хороо, түүний Тамгын газарт улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
/Энэ хэсэгт "ажлын албанд" гэснийг "Тамгын газарт" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
11.2.Хорооны гишүүн албан тушаал хаших хугацаандаа улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ.
11.3.Хорооны орон тооны гишүүн багшлах, эрдэм шинжилгээнийхээс бусад ажил, албан тушаал хавсрахыг хориглоно.
11.4.Хорооны дарга, нарийн бичгийн дарга нь төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд тохирсон цалин авна.
11.5.Хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн тохиолдолд түүнийг томилогдохоос өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу мэргэжил, мэргэшлийнх нь дагуу өөр ажилд шилжүүлэх, тухайн ажил байхгүй бол түүнд ажил эрхлэх хүртэлх зургаан сарын хугацаанд Хорооны гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс буурахааргүй тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж мөн хугацаанд олгоно.
11.6.Хуульд өөрөөр заагаагүй бол Хорооны гишүүнийг сонгуулийн үүрэгт ажилтай нь холбогдуулан баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь нэгжлэг хийхийг хориглоно.
11.7.Хорооны гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байх үед нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол холбогдох албан тушаалтан энэ тухай Улсын Их Хурлын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ.
11.8.Хуульд зааснаас бусад тохиолдолд Хорооны гишүүнийг ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.
11.9.Хорооны гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.
11.10.Хорооны гишүүн аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулахыг хориглоно.
11.11.Хорооны гишүүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө эдлэхдээ хашиж буй төрийн албан тушаалдаа хүндэтгэлтэй хандана.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад асуудал
12 дугаар зүйл. Хорооны ажлын зохион байгуулалт
12.1.Хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан мөн.
12.2.Хорооны хуралдаанд нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол хүчинтэйд тооцогдох бөгөөд хуралдааны дэгийг Хороо батална.
12.3.Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, Хорооны нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд түүнд Хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
12.4.Хорооны даргыг түр эзгүйд түүний даалгаснаар Хорооны аль нэг гишүүн орлоно.
12.5.Хорооны дүрэмд заасны дагуу орон тооны бус гишүүдэд зохих хөлс, урамшуулал олгоно.
12.6.Сонгуулийн баримт бичиг бүртгэлтэй байх бөгөөд түүнийг бүртгэх журмыг Хороо тогтооно.
12.7.Хороо хуваарилагдсан төсвийн хөрөнгийн хэмжээнд сонгуулийг бэлтгэн явуулахтай холбоотой ажил гүйцэтгүүлэх зорилгоор хувь хүн, хуулийн этгээдтэй иргэний эрх зүйн гэрээ байгуулан ажиллаж болно.
13 дугаар зүйл.Сонгуулийн санхүүгийн хяналт
13.1.Хороо нь сонгуулийн санхүүгийн хяналтын талаар дараахь эрх хэмжээтэй байна:
13.1.1.нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн санхүүжилт, түүний зарцуулалтад хяналт тавих;
13.1.2.сонгуулийн хороодын санхүүгийн тайланг хянан шалгах;
13.1.3.нам, эвсэл, нэр дэвшигчээс болон сонгуулийн хороодоос өөрийн эрх хэмжээний асуудлаар мэдээлэл авах;
13.1.4.төрийн болон бусад байгууллага, албан тушаалтан, иргэдээс сонгуулийн санхүүжилттэй холбоотой баримт бичгийг гаргуулан авах;
13.1.5.сонгуулийн санхүүжилт, түүний зарцуулалтад гарсан зөрчлийн талаар баримт бичиг үйлдэх, бүрдүүлэх.
13.2.Энэ хуулийн 13.1.4-т заасан баримт бичгийг холбогдох этгээд гурав хоногийн дотор, санал авах өдөр буюу уг өдөр хүртэл гурваас дээшгүй хоног үлдсэн бол шаардсан өдөрт багтаан ирүүлнэ.
13.3.Хороо шаардлагатай гэж үзвэл хяналт шалгалтын ажлыг холбогдох хяналт шалгалтын байгууллага, түүний дотор төрийн аудитын байгууллагаар гүйцэтгүүлнэ.
14 дүгээр зүйл. Хэвлэл мэдээллийн зөвлөл
14.1.Хороо сонгуулийн үеэр дэргэдээ хараат бус хэвлэл мэдээллийн орон тооны бус зөвлөл байгуулж ажиллуулна.
14.2.Хэвлэл мэдээллийн зөвлөл нь хэвлэл, мэдээллийн мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл болон сонгуульд оролцож буй нам, эвслийн тэгш төлөөллөөс бүрдсэн байна.
14.3.Хэвлэл мэдээллийн зөвлөл нь нам, эвсэл, нэр дэвшигчийн хэвлэл мэдээллийн сурталчилгааны тэнцвэрт байдалд хяналт тавих бөгөөд энэ асуудлаар нам, эвсэл, нэр дэвшигч, хуулийн этгээд, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан үзэж, санал дүгнэлт гаргаж Хороонд танилцуулна.
14.4.Хэвлэл мэдээллийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Хороо тогтооно.
15 дугаар зүйл. Хорооны Тамгын газар
/Энэ зүйлд "ажлын алба" гэснийг "Тамгын газар" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
15.1.Хороо өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд туслах Тамгын газартай байх бөгөөд түүний бүтэц, ажиллах журмыг Хороо батална. Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг Хорооны даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.
/Энэ хэсэгт "ажлын албатай" гэснийг "Тамгын газартай" гэж, "Хороо батална." гэснийг "Хороо батална. Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг Хорооны даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно." гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
15.2.Хорооны Тамгын газрын дарга, ажилтан төрийн захиргааны албан хаагч байх бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдана.
/Энэ хэсэгт "ажлын албаны" гэснийг "Тамгын газрын" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A