A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Энэ хуулийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцно.

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1. Энэ хуулийн зорилт нь согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах /үйлчлэх/, хэрэглэх, архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомж нь энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

З дугаар зүйл. Согтууруулах ундаа

Хэвлэх

3.1.Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, импорт

4 дүгээр зүйл. Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл

Хэвлэх

4.1. Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн Засгийн газар олгож, хүчингүй болгоно. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хяналт тавих чиг үүргийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ. Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, сунгаж, хүчингүй болгоно.

/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.2. Зөвшөөрөлд согтууруулах ундааны нэр төрөл, үйлдвэрлэх арга хэрэгсэл, түүхий эд, үйлдвэрийн байршлыг болон хүчин чадлыг заана.

/Энэ хэсэгт 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.3.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг харьяалах нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг авсны үндсэн дээр батална. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгоно.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.4. Худалдаа үйлчилгээнд улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангасан, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан, тохирлын гэрчилгээ авсан согтууруулах ундааг нийлүүлнэ.

/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.5. Согтууруулах ундааны үйлдвэрлэл шинээр эрхлэх тусгай зөвшөөрлийг төсөл сонгон шалгаруулах үндсэн дээр олгоно. Төсөл сонгон шалгаруулах болон үйлдвэрлэлд хяналт тавих журмыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.6. Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан баримт бичгээс гадна дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.6.1. согтууруулах ундааны үйлдвэрийн төслийн баримт бичиг;

4.6.2. аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан;

4.6.3. үйлдвэрийн байрны талаарх мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт.

4.6.4. татварын албаны санал, тодорхойлолт.

/Энэ заалтыг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.7. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар, согтууруулах ундаа импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тус тус сунгана.

/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.8. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

5 дугаар зүйл. Үйлдвэрлэх, импортлох журам

Хэвлэх

5.1. Хүнсний зориулалтын бус түүхий эдээр болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа үйлдвэрлэхийг хориглоно.

5.2. Согтууруулах ундааны үйлдвэрлэлийг шугамын оролт, гаралтыг тоолууржуулсан зориулалтын төхөөрөмжөөр, технологийн горим, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд батлагдсан стандартын дагуу явуулна.

/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.3. Согтууруулах ундааны шошго дээр барааны тэмдэг, оноосон нэр, улсын стандарт, найрлага, хатуулаг, нэр төрөл, үйлдвэрлэсэн газар, он, сар, өдрийг, шил, сав, хайрцаг дээр эрүүл мэндийн анхааруулга, агуулагдах стандарт хэмжээг заасан байна.

/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.4. Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж уул зөвшөөрлийг бусдад шилжүүлэх, үйлдвэрийн байршлыг өөрчлөхийг хориглоно.

5.5. Согтууруулах ундааны үйлдвэрлэлийг хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр, орон сууц, түүний орц, хонгилд явуулахыг хориглоно.

5.6. Гадаад улсаас импортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг тогтоосон техникийн зохицуулалтын баримт бичгийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.7. Импортолж болох согтууруулах ундааны жагсаалтыг батлахдаа согтууруулах ундааны нэр, төрөл, олон улсын стандарт, дээд ангиллын зэрэг, хатуулгийг тодорхой заана.

5.8. Импортолж болох согтууруулах ундааны жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг импортлохдоо дээжийг нь эрүүл ахуйн мэргэжлийн хяналтын байгууллагаар урьдчилан шинжлүүлж, хилийн болон гаалийн эрүүл ахуйн хяналт шалгалт хийлгүүлэн баталгаажуулсан байна.

/Энэ хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.9. Импортолж болох согтууруулах ундааны жагсаалтад ороогүй согтууруулах ундааг улсын хилээр оруулах, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.

5.10. Согтууруулах ундааг импортлох, экспортлох, реэкспортлохдоо зөвхөн гаалийн төв байгууллагаас нэр заан тогтоосон боомтоор улсын хилээр нэвтрүүлнэ.

5.11. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь согтууруулах ундааны нэр, савлалтын хэмжээг татварын албанд мэдэгдэнэ.

/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

51 дугаар зүйл. Спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих журам

Хэвлэх

51.1. Хүнсний болон техникийн зориулалтаар ашиглах спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих журмыг хүнсний, хууль зүйн, санхүү, эдийн засгийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

/Энэ зүйлийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

6 дугаар зүйл. Худалдах, үйлчлэх журам

Хэвлэх

6.1. Аймаг, нийслэлийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт болон гар дээрээс согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.2. Энэ хуулийн 5.1; 5.2; 5.3; 5.8; 5.9; 5.10-т заасан журмыг зөрчиж үйлдвэрлэсэн буюу импортолсон, эсхүл хяналтын шинжилгээ хийлгээгүй согтууруулах ундааг худалдаа, үйлчилгээнд гаргахыг хориглоно.

6.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлэх, мөн зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр худалдаа, үйлчилгээ явуулах байршлаа өөрчлөхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.4. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, төрлийн талаарх нормативыг тухайн орон нутгийн хүн амын тоо, үйлчилгээний хүрээ, эрүүл мэнд, соёлын байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байрны байршлыг харгалзан худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.5.Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно.

/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Согтууруулах ундааны хэрэглээнд тавих шаардлага

7 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхэд хориглох зүйл

Хэвлэх

7.1. Дараахь газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно:

7.1.1. төрийн болон төрийн бус байгууллагын албан байр;

7.1.2. согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжийн албан болон үйлдвэрлэлийн байр;

7.1.3. хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар;

7.1.4. оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр;

7.1.5. орон сууцны орц, хонгил;

7.1.6. гудамж, талбай, цэцэрлэг;

7.1.7. галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар;

7.1.8. нийтийн тээвэр, хүнсний болон барааны зах, худалдаа, үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт.

7.2. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй газарт дараахь зүйлийг хориглоно:

7.2.1. согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах, худалдах, түүгээр үйлчлэх ажилд 18 нас хүрээгүй хүн авч ажиллуулах;

7.2.2. 21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх.

/Энэ заалтад 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.3. Дараахь хүмүүст согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно:

7.3.1. тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн;

7.3.2. 21 нас хүрээгүй хүн.

/Энэ заалтад 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.4. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно.

/Энэ заалтад 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.5. Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлс орлуулахыг хориглоно.

7.6. Согтууруулах ундааны шошгыг дуурайлган үйлдэх, хууль бусаар хэрэглэх, худалдахыг хориглоно.

7.7. Согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй зоогийн болон шөнийн цэнгээний газрыг хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр, орон сууц, түүний суурийн давхар /зориудаар тохижуулснаас бусад/-т ажиллуулахыг хориглоно.

7.8. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газарт 00-06 цагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.9.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг хориглох

Хэвлэх

8.1. Сургуулийн сурагч, 18 нас хүрээгүй хүмүүст согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг санаачлан зохион байгуулах, энэ зорилгоор орон байр ашиглуулах, мөнгөн туслалцаа үзүүлэхийг тэдгээрийн эцэг, эх, төрөл садан, асран хамгаалагчид болон багш нарт хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Архидан согтуурахтай хийх тэмцэл

9 дүгээр зүйл. Архидан согтуурахын эсрэг сурталчилгаа

Хэвлэх

9.1. Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах талаар төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, соёл, боловсролын байгууллага бүх төрлийн сурталчилгаа явуулах үүрэгтэй.

9.2. Дараахь хэлбэрээр согтууруулах ундаа сурталчлахыг хориглоно:

9.2.1. согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах;

9.2.2.энэ хуулийн 7.3.2-т заасан этгээдэд согтууруулах ундаа хэрэглэхийг зааж сургах;

9.2.3.согтууруулах ундаа үйлдвэрлэгч нь өөрийн аж ахуйн нэгжийн нэртэй ижил нэрээр нэрлэсэн согтууруулах ундаа үйлдвэрлэх;

9.2.4.согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспорт эрхэлдэг, согтууруулах ундаа борлуулдаг хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүнийг сурталчлах, нэрийг нь олонд таниулах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор соёл, урлаг, спортын болон бусад олон нийтийн арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцох, төрөл бүрийн хандив, тусламж, тэтгэлэг үзүүлэх;

9.2.5.эд бараа, хувцас, хэрэглээний зүйлд согтууруулах ундаа болон согтууруулах ундааны зураг, нэр, тэмдэг хэрэглэх;

9.2.6.согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор, аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулах.

/Энэ заалтыг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.2.7.Зар сурталчилгааны тухай хуулийн 141 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгааг явуулах.

/Энэ заалтыг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

9.3. Согтууруулах ундааны зар сурталчилгааны материалыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

9.4. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг сурталчилгааг ивээн тэтгэж болно.

/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

10 дугаар зүйл. Стандартын шаардлага хангаагүй согтууруулах ундааг нийтэд мэдээлэх

Хэвлэх

10.1. Эрх бүхий байгууллагын шалгалт, шинжилгээгээр хүний амь нас, эрүүл мэндэд хортой болох нь тогтоогдсон, стандартын шаардлага хангаагүй согтууруулах ундааны хор хөнөөлийн тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд шуурхай зарлан мэдэгдэнэ.

10.2. Стандартын шаардлага хангаагүй согтууруулах ундааны хор хөнөөлийн талаархи мэдээллийг бүх төрлийн хэвлэл мэдээллийн байгууллага саадгүй хүлээн авч, нийтэд түгээх үүрэгтэй.

11 дүгээр зүйл. Албадан эрүүлжүүлэх

Хэвлэх

11.1. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх ажиллагааг хуулиар зохицуулна.

/Энэ зүйлийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12 дугаар зүйл. Эмчилгээ

Хэвлэх

12.1. Архинд донтох өвчтэй болсон этгээд өөрийн санаачилгаар эмнэлгийн байгууллагад хандаж сайн дурын үндсэн дээр эмчлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд түүнд ердийн журмаар эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ.

12.2. Архинд донтох өвчтэй нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн этгээдийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсэгт 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13 дугаар зүйл. Архидан согтуурахтай тэмцэх олон нийтийн үүсгэл, санаачилгыг дэмжих

Хэвлэх

13.1. Архидан согтуурахтай тэмцэх зорилго бүхий олон нийтийн үүсгэл санаачилгыг төрийн болон төрийн бус байгууллага дэмжин туслах үүрэгтэй.

13.2.Бүх нийтийн ерөнхий боловсролын агуулгад согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг эзэмшвэл зохих мэдлэгийг заавал тусгана.

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

13.3.Аж ахуйн нэгж, байгууллага нь байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ архидан согтуурч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч, ажилтнууддаа архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

13.4.Архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагыг төрийн бодлогоор дэмжинэ.

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

131 дугаар зүйл. Хураагдсан спирт, согтууруулах ундаанд шинжилгээ хийх, түүнийг борлуулах, устгах

Хэвлэх

131.1. Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн улмаас цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, гааль болон мэргэжлийн хяналтын байгууллага, татварын албаны эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураагдсан буюу шүүхийн шийдвэрээр хураахаар эцэслэн шийдвэрлэгдсэн согтууруулах ундааг улсын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийж, дараахь дүгнэлтийн аль нэгийг гаргана:

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

131.1.1. эрүүл ахуйн аюулгүй үзүүлэлт, стандартын шаардлага хангасан тул хүнсэнд хэрэглэж болох;

131.1.2. техникийн болон хүнсний бус бусад зориулалтаар ашиглах;

131.1.3. энэ хуулийн 131.1.1, 131.1.2-т заасан зориулалтаар ашиглах шаардлага хангахгүй.

131.2. Согтууруулах ундааг хураах, шинжилгээ хийх, улсын орлого болгож борлуулах журмыг Засгийн газар батална.

131.3. Энэ хуулийн 131.1.3-д заасан согтууруулах ундааг устгах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болон Улсын ерөнхий прокурор хамтран батална.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

132 дугаар зүйл. Архидан согтуурахтай тэмцэх сан

Хэвлэх

132.1. Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Архидан согтуурахтай тэмцэх сан /цаашид "сан" гэх/-г байгуулна.

132.2. Сангийн хөрөнгө нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:

132.2.1. архидан согтуурахтай тэмцэх ажлыг дэмжиж иргэд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, түүнчлэн олон улсын болон гадаадын байгууллага, иргэд, харьяалалгүй хүнээс үзүүлсэн хандив, тусламжийн хөрөнгө;

132.2.2. Монгол Улсын хууль тогтоомжид үл харшлах бусад орлого.

132.3. Сангийн зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Монгол Улсын Засгийн газар батална.

132.4. Сангийн үйл ажиллагаанд шаардлагатай үед төрөөс дэмжлэг үзүүлж болно.

132.5. Архидан согтуурахтай тэмцэх ажлыг дэмжиж иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, түүнчлэн олон улсын болон гадаадын байгууллага, иргэд, харьяалалгүй хүмүүсээс үзүүлсэн хандив, тусламжийн хөрөнгө, бусад орлогыг сангийн дансанд бүртгэнэ.

132.6. Сангийн хөрөнгийг сангийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн дараахь зориулалтаар зарцуулна:

132.6.1. архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар гарсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах;

132.6.2.согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах, архины хэрэглээ, түүнээс үүссэн сөрөг үр дагаврыг бууруулах, урьдчилан сэргийлэх, түүнд хяналт тавих үйл ажиллагааг дэмжих;

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

132.6.3. архины хор хөнөөл, хүний эрүүл мэнд, гэр бүл, хамт олон, нийгэмд учрах хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх болон архины зохистой, соёлтой хэрэглээг олон нийтэд төлөвшүүлэх;

132.6.4. архинд донтох өвчтэй хүнд үзүүлэх үйлчилгээг боловсронгуй болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх;

/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

132.6.5.архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг дэмжих;

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

132.6.6.согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих.

/Энэ заалтыг 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

ТАВДУГААР БҮЛЭГ

Бусад

14 дүгээр зүйл. Үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ, хэрэглээнд тавих хяналт

Хэвлэх

14.1. Согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавих хяналтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон мэргэжлийн хяналтын байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар хэрэгжүүлнэ.

14.2. Согтууруулах ундааны импортод тавих хяналтыг гаалийн байгууллага болон хилийн эрүүл ахуйн хяналтын алба хэрэгжүүлнэ.

14.3. Согтууруулах ундаа худалдах, хэрэглэх, түүгээр үйлчлэх талаар тогтоосон журмын биелэлтэд дараахь байгууллага, албан тушаалтан энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаар олгосон эрх хэмжээний дотор хяналт тавина:

14.3.1. бүх шатны Засаг дарга;

14.3.2. цагдаагийн байгууллага;

14.3.3. аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага;

14.3.4. эрх бүхий мэргэжлийн хяналтын байгууллага;

14.3.5. хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага.

14.4. Согтууруулах ундааны үйлдвэрлэлт, борлуулалт, импортод хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтны тавьсан хууль ёсны шаардлагыг холбогдох байгууллага, албан тушаалтан нэн даруй биелүүлэх үүрэгтэй.

15 дугаар зүйл. Зөрчлийн талаар мэдээлэл авах

Хэвлэх

15.1.Согтууруулах ундаа хууль бусаар үйлдвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, борлуулсан зөрчлийн талаар мэдээллийг төрийн эрх бүхий байгууллага иргэнээс төлбөртэй авч болно. Иргэнээс төлбөртэй мэдээлэл авахад Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийг баримтална.

/Энэ хэсгийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

16.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

16.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 07 сарын 05 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР