- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- МОНГОЛ БИЧГИЙН АЛБАН ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2010 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 155
Улаанбаатар хот
МОНГОЛ БИЧГИЙН АЛБАН ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг угтаж, үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байхаар тогтоосугай.
2.Иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд крилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байсугай.
3. 2008 онд баталсан "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр–II"–ын хэрэгжилтийн явц, үр дүнг 2011 оны 2 дугаар улиралд дүгнэж, хэрэгжилтийг цаашид эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай.
4.Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхэд шаардагдах бэлтгэл ажлыг хангаж, 2011 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A