A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1996 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлыг тодорхойлоход оршино.

2 дугаар зүйл. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи

Хэвлэх

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи / цаашид "Академи" гэх/ нь тус улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төрийн байгууллага байна.

/Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Академийн зохион байгуулалт, удирдлага

З дугаар зүйл. Академийн гишүүд

Хэвлэх

1. Академи нь өөрийн орны нэрд гарсан эрдэмтдээс шинжлэх ухааны салбарыг төлөөлүүлэн сонгосон гишүүдээс бүрдэнэ.

2. Академи нь гадаад гишүүнтэй байж болно.

З. Академийн гишүүдийн тооны дээд хязгаарыг Засгийн газар тогтооно.

4. Академийн гишүүнд нэмэгдэл олгох бөгөөд түүний хэмжээг шинжлэх ухааны болон санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

4 дүгээр зүйл. Академийн харьяа байгууллага

Хэвлэх

1. Академи харьяандаа өөрийн чиг үүрэг, зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, лаборатори, бусад нэгж ажиллуулж болно.

/Энэ хэсгийн дугаарыг 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

2. Академи шинжлэх ухааны тодорхой салбараар төрөлжсөн академийг өөрийн бүтцэд байгуулж болно.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

5 дугаар зүйл. Академийн удирдах дээд байгууллага

Хэвлэх

1. Академийн удирдах дээд байгууллага нь академийн бүх гишүүдийн чуулган /цаашид "Их чуулган" гэх/ мөн. Академи нь шинжлэх ухааны салбараар Бага чуулган /цаашид "Бага чуулган" гэх/-тай байж болно.

2. Их чуулган жилд хоёроос доошгүй удаа хуралдана. Академийн гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ээлжит бус Их чуулганыг хуралдуулж болно.

З. Их чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэнэ:

1/ шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, эрдэм шинжилгээний төсөлт ажлын үр дүн, түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх арга зам, тус улсад шинжлэх ухаан, технологийн тодорхой салбар чиглэлийг хөгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх;

2/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөмж гаргаж Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газарт өргөн барих;

З/ академийн дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж Засгийн газраар батлуулах;

4/ академийн гишүүдийг сонгох;

5/ академийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчид болон эрдэмтэн нарийн бичгийн даргыг 4 жилийн хугацаагаар сонгох;

6/ академийн ерөнхийлөгчид эрдэм судлалын ажлыг идэвхтэй хийж байгаа академийн гишүүнийг буюу докторын зэрэгтэй эрдэмтнийг нэр дэвшүүлж Их чуулганаас сонгоно.

4. Академийн ерөнхийлөгчийг Монгол Улсын Ерөнхий сайд батламжилна. Хэрэв батламжлаагүй бол дахин сонгууль явуулна.

Академийн ерөнхийлөгч нь Монгол Улсын Ерөнхий сайдын шинжлэх ухаан, технологийн зөвлөх байна.

5. Бага чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэнэ:

1/ тухайн салбарын чиглэлээр хийж байгаа судалгаа, шинжилгээний ажлын явц, үр дүнг шүүн хэлэлцэх;

2/ эрдэм шинжилгээний дууссан төслийн тайланг хэлэлцэн үнэлгээ, дүгнэлт гаргаж холбогдох байгууллагад шилжүүлэх;

З/ салбарын шинжлэх ухааны хэвлэл, бүтээл, хэвлэлд шилжүүлэх ном, эрдэм шинжилгээний материалыг шүүн хэлэлцэж дүгнэлт гаргах;

4/ эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх талаар санал гаргах;

5/ салбарын чиглэлийн эрдэмтдээс Академийн гишүүнд нэр дэвшүүлэх;

6/ эрдэмтдийг шагнал, урамшилд тодорхойлох;

7/ бусад асуудал.

6 дугаар зүйл. Академийн тэргүүлэгчид

Хэвлэх

1. Их чуулганы чөлөөт цагт түүний өдөр тутмын үйл ажиллагааг Академийн тэргүүлэгчид удирдана.

2. Академийн Тэргүүлэгчид нь Академийн Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүдээс бүрдэнэ. Дэд ерөнхийлөгч, тэргүүлэгч гишүүний тоог Их чуулган тогтооно.

З. Академийн Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар тогтооно.

7 дугаар зүйл. Академийн үүрэг, эрх

Хэвлэх

1. Академи нь дараахь үүргийг гүйцэтгэнэ:

1/ хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах;

2/ харьяа нэгж, лабораторийн үйл ажиллагааг зохицуулах, улсын захиалгатай судалгааны ажлыг үр дүнтэй гүйцэтгэх ажлыг зохион байгуулах;

3/ улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн харилцааны хөгжлийн байдалд шинжлэх ухааны үүднээс дүгнэлт гаргаж, цаашдын чиглэл, арга замыг тодорхойлсон үндэслэл боловсруулах;

4/ шинжлэх ухаан, технологийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохтой холбогдсон дүгнэлт гаргах;

5/ шинжлэх ухаан, технологийн хөтөлбөр, төсөлд үнэлгээ өгөх, хянан магадлагаа хийх;

6/ салбарын шинжлэх ухааны хөтөлбөр, чиглэл, түвшинд тогтоосон хугацаанд үнэлгээ, дүгнэлт өгөх;

7/ эрдмийн зэрэг цолтой боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.

2. Академи нь үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын холбогдох байнгын хороонд жил тутам танилцуулна.

З. Академи нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийг гүйцэтгэх талаар Засгийн газартай гэрээ байгуулж ажиллана.

4. Академи нь дараахь эрхийг хэрэгжүүлнэ:

1/ эзэмшилдээ байгаа өмч хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэрийг зохих хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах;

2/ эрдэм шинжилгээний бүтээл, ном, сэтгүүл хэвлэж нийтлэх;

3/ гадаад орны шинжлэх ухааны байгууллагуудтай харилцаа тогтоох, хамтын ажиллагаа хөгжүүлэх;

4/ өөрийн нэрэмжит шагнал бий болгож, түүний санг байгуулах.

5. Академи нь зохих журмын дагуу хийсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

8 дугаар зүйл. Академийн ерөнхийлөгчийн бүрэн эрх

Хэвлэх

1. Академийн ерөнхийлөгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн харилцааг боловсронгуй болгох, шинжлэх ухаан, технологи хөгжүүлэх асуудлаар санал, зөвлөмж боловсруулж Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газарт өргөн барих;

2/ шинжлэх ухааны болон шаардлагатай бусад асуудал хэлэлцсэн Засгийн газрын хуралдаанд зөвлөх эрхтэй оролцох;

З/ Академийг дотоод, гадаадад төлөөлөх;

4/ Академийн тэргүүлэгчдийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах.

9 дүгээр зүйл. Академийн гишүүдийн эрх үүрэг

Хэвлэх

1. Академийн гишүүд / академичид / дор дурдсан эрх эдэлж үүрэг хүлээнэ:

1/ Академийн удирдах байгууллагад сонгох, сонгогдох;

2/ Улсын Их Хурлын Байнгын хороод, төрийн захиргааны төв байгууллагын удирдах зөвлөлийн хуралд шинжлэх ухаан, технологийн асуудлаар зөвлөх эрхтэй оролцох;

З/ Академийн Их, Бага чуулганд таслах эрхтэй оролцох;

4/ Эрдэм шинжилгээний ажлынхаа талаар Академийн тэргүүлэгчдээр уламжлан Бага чуулганд жил бүр тайлагнах;

5/ Академийн дүрэмд заасан бусад эрх, үүрэг.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Академийн санхүүжилт

10 дугаар зүйл. Санхүүжилт

Хэвлэх

1. Академийн үйл ажиллагааны зардлыг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

1/ төсвийн хөрөнгө;

2/ төслийн хөрөнгө;

З/ өөрийн үйл ажиллагааны орлого;

4/ бусад орлого.

2. Академи, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагааны санхүүжилтийн журмыг Засгийн газар тогтооно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ