A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ, ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭ БОЛОН ЦАЛИНГИЙН ИТГЭЛЦҮҮРИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 15

Улаанбаатар хот

ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ, ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭ БОЛОН ЦАЛИНГИЙН ИТГЭЛЦҮҮРИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 30 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох болон цэргийн албан хаагчийн 200000 (хоёр зуун мянга) хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 27000 (хорин долоон мянга) төгрөгөөр, 600000 (зургаан зуун мянга) хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22000 (хорин хоёр мянга) төгрөгөөр, түүнээс дээш тэтгэврийн хэмжээг 20000 (хорин мянга) төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож олгох арга хэмжээ авахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус даалгасугай. 

/Энэ заалтыг ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 52-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу иргэдийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хавсралт ёсоор баталсугай. /Энэ заалтад ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 52-р тогтоолоор өөрчлөлт орсон/

3. Нийгмийн даатгалын сангаас олгох болон Цэргийн албан хаагчийн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 207300 (хоёр зуун долоон мянга гурван зуу) төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 172200 (нэг зуун далан хоёр мянга хоёр зуу) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож, 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй. 

/Энэ заалтыг ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 52-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын З дахь заалтыг 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 238

Улаанбаатар хот

ИТГЭЛЦҮҮР ШИНЭЧЛЭН ТОГТООХ, ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрийг хавсралт ёсоор шинэчлэн тогтоосугай.

2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасны дагуу иргэний тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан иргэдийн авч байгаа тэтгэврийг дахин бодож, авч байгаа болон дахин бодогдсон тэтгэврийн аль өндөр хэмжээгээр нь шинэчлэн тогтоох, эсхүл хэвээр үлдээх арга хэмжээ авахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасугай.

3."Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг "Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1,404,000.0 (нэг сая дөрвөн зуун дөрвөн мянга) төгрөгөөр, мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус тооцсугай." гэж өөрчлөн найруулсугай.

(Энэ заалтыг Засгийн газрын 2024 оны 10 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоол, "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоол, "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 52 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА