A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХИЛ ОРЧМЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2024 оны 04 дүгээр

   сарын 03ы өдрийн 142 дугаар

         тогтоолын хавсралт

 

 

 

ХИЛ ОРЧМЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛ

АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ

ХАНГАХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Монгол Улсын хил орчмын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

 

1.2.Хил орчмын аялал жуулчлалын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах аялал жуулчлалын үйл ажиллагаанд Аялал жуулчлалын тухай хууль, Монгол Улсын Хилийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актыг мөрдөнө.

 

1.3.Монгол Улсын хил орчмын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахад Монгол Улсын олон улсын гэрээнд энэ журмаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

1.4.Монгол Улсын хилийн тухай хуулийн 28.2-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас хилийн боомтыг түр хаах, түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон тохиолдолд хил орчмын нутаг дэвсгэрийн аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулахгүй.

 

Хоёр.Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг
зохион байгуулах

 

2.1.Монгол Улсын хил орчмын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагааг Аялал жуулчлалын тухай хуулийн 18.2-т заасны дагуу хууль зүйн болон аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан маршрутын дагуу зохион байгуулна.

 

 2.2.Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагаанд бүлэг жуулчид (8 буюу түүнээс дээш) хамрагдана.

 

 2.3.Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэх дотоодын аж ахуйн нэгж нь Аялал жуулчлалын тухай хуулийн 18.3-т заасан шаардлагыг хангасан, Улсын хил хамгаалах байгууллагатай "Улсын хилийн зурвас, бүсэд мөрдөх журам сахиулах гэрээ" байгуулсан тур оператор байна.

 

2.4.Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх тур оператор нь Улсын хил хамгаалах байгууллага болон бүлэг жуулчдыг дараах мэдээллээр хангаж ажиллана:

 

  2.4.1.бүлэг жуулчдын хил нэвтрэх боомт болон аяллын маршрутын мэдээлэл;

 

  2.4.2.бүлэг жуулчдын хоноглох байршуулах хэрэгслийн мэдээлэл;

 

  2.4.3.бүлэг жуулчдыг тээвэрлэх тээврийн хэрэгсэл, түүний аюулгүй байдал, бүрэн байдлын талаарх мэдээлэл;

 

  2.4.4.аяллыг хөтлөн явуулах жуулчны хөтөч-тайлбарлагч болон жолоочийн мэдээлэл;

 

2.4.5.аяллын даатгалын мэдээлэл. 

 

 2.5.Энэ журмын 2.4.1-2.4.5-д заасан мэдээлэл, түүний захиалга, баталгаажуулалтыг Монгол Улсын тур оператор бүрэн хариуцаж зохион байгуулна.

 

2.6.Тур оператор нь жуулчдын Монгол Улсын хил нэвтэрснээс хойш эргэн хилээр гарах хүртэлх аюулгүй байдлыг хариуцах бөгөөд шаардлагатай тохиолдолд тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана.

 

Гурав.Хил нэвтрэхэд бүрдүүлэх баримт бичиг

 

 3.1.Монгол Улсын хил орчмын аялал жуулчлалын нутаг дэвсгэрийн үйл ажиллагаанд хамрагдах бүлэг жуулчид, жуулчны хөтөч-тайлбарлагч, жолооч нар дараах баримт бичгээр Монгол Улсын хил нэвтэрнэ:

 

  3.1.1.Монгол Улсын хилийг бүлэг жуулчид нэрсийн жагсаалтаар нэвтрэх бөгөөд жагсаалтад аялал зохион байгуулж байгаа тур операторт бүртгүүлсэн жуулчин бүрийн эцэг, эхийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, албан ёсоор оршин суух хаяг, "орох, гарах зорчих үнэмлэхийн дугаар", автотээврийн хэрэгслийн дугаар болон холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг бусад мэдээллийг тусгасан байна;

 

  3.1.2.бүлэг жуулчны хөтөч-тайлбарлагч нь Улсын хил хамгаалах байгууллага болон Аялал жуулчлалын тухай хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдээс олгосон "Хил орчмын аялал жуулчлалын Жуулчны хөтөч-тайлбарлагч"-ийн үнэмлэхээр хил нэвтэрнэ;

 

  3.1.3.энэ журмын 3.1.2-т заасан бүлэг жуулчны хөтөч-тайлбарлагч нь гадаад улсын иргэн байх тохиолдолд тухайн улсын эрх бүхий байгууллагаас Монгол Улсад нэвтрэх үнэмлэхийг авсан байна;

 

  3.1.4.бүлэг жуулчдыг тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон зорчигч тээвэрлэх, жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.

 

 3.2.Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулах тур оператор хилээр нэвтрэхдээ энэ журмын 3.1-д заасан бүлэг жуулчны нэрсийн жагсаалт, жуулчны хөтөч-тайлбарлагч, жолоочийн мэдээллийг бүрдүүлж Улсын хил хамгаалах байгууллагад өгнө.

 

 3.3.Улсын хил хамгаалах байгууллага шаардлагатай тохиолдолд тур оператораас нэмэлт баримт, мэдээллийг гаргуулан авч болно.

 

 3.4.Жуулчны хөтөч-тайлбарлагч, бүлэг жуулчид хил нэвтрэх баримт бичгээ гээж үрэгдүүлсэн тохиолдолд энэ талаар харьяалах улсын Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэж, үнэмлэхээ үрэгдүүлснийг нотолсон бичигтэйгээр хил нэвтэрнэ.

 

3.5.Хил орчмын аялал жуулчлалын нутаг дэвсгэрт аялах бүлэг жуулчид биеийн давхцахгүй өгөгдлийг шалгуулан улсын хилээр нэвтэрнэ.

 

Дөрөв.Тур операторын хүлээх үүрэг

 

4.1.Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх тур оператор нь Улсын хил хамгаалах байгууллагатай "Улсын хилийн зурвас, бүсэд мөрдөх журам сахиулах гэрээ" байгуулж ажиллах бөгөөд дараах материалыг бүрдүүлж, Улсын хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авна:

 

4.1.1.тухайн тур оператор Аялал жуулчлалын тухай хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан ангиллаар бүртгүүлсэн талаарх мэдээлэл;

 

4.1.2.аяллын маршрут, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэл;

 

4.1.3.Монгол Улсын хилийн тухай хуулийн 25.4-т заасан баримт бичиг.

 

4.2."Улсын хилийн зурвас, бүсэд мөрдөх журам сахиулах гэрээ" нь Монгол Улсын хилийн тухай хуулийн 26.1, 30.1-д заасан улсын хилийн зурвас, улсын хилийн бүсэд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд гэрээнд дараах зүйлсийг заавал тусгана:

  

 4.2.1.тухайн тур операторын хил орчмын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах маршрутын мэдээлэл;

 

 4.2.2.хилийн аюулгүй байдлыг хангах талаар талуудын эрх, үүрэг;

 

 4.2.3.хил орчмын аялал жуулчлалын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулахад баримтлах дэглэм;

 

 4.2.4.энэ журмын 4.2.3-т заасан дэглэмийг зөрчсөн үйлдлийн талаар улсын хил хамгаалах байгууллагад мэдээлэх асуудал.

  

4.3.Тур оператор нь хилийн зурвасын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах тохиолдолд Улсын хил хамгаалах байгууллагаас хилийн зурвасын аюулгүй байдлыг хангах, хориглосон үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор албан хаагчийг томилж болно.

 

4.4.Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэх иргэн, аж ахуйн нэгж байгууллага Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүхий газар, түүний хэвлийд хүндэтгэлтэй хандан, хамгаална.

 

 4.5.Хил орчмын аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулах тур    оператор нь үйл ажиллагаагаа явуулахдаа "Улсын хилийн зурвас, бүсэд  мөрдөх журам сахиулах гэрээ", хууль болон холбогдох дүрэм, журам, Улсын хил хамгаалах байгууллагын ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

 

Тав.Хил дамнасан аялал жуулчлал

 

 5.1.Олон улсын аялал жуулчлалын арга хэмжээ (цаашид "арга хэмжээ" гэх)-нд оролцогчид Монгол Улсын хилээр нэвтэрч, нутаг дэвсгэрээр дайран өнгөрч болно.

 

 5.2.Арга хэмжээнд оролцогчид Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхдөө зөвхөн Улсын хил хамгаалах байгууллагын заасан боомтоор хил нэвтэрч, батлагдсан маршрутын дагуу зорчино.

 

 5.3.Арга хэмжээ зохион байгуулагч нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хүсэлтийг доор дурдсан мэдээллийн хамт аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад арга хэмжээ зохион байгуулахаас    15-30 хоногийн өмнө хүргүүлнэ:

 

  5.3.1.арга хэмжээний зорилго, оролцогч улсууд, явагдах үйл ажиллагааны төрөл, онцлог, аюулгүй байдлыг хангах мэдээлэл, түр буудаллах хугацаа болон бусад шаардлагатай мэдээллийг агуулсан танилцуулга;

 

  5.3.2.Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх оролцогчдын нэрсийн жагсаалт;

 

  5.3.3.Монгол Улсын хилээр нэвтрэх автотээврийн хэрэгслийн жагсаалт;

 

  5.3.4. бусад.

 

 5.4.Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 5.3-т заасан мэдээллийг Улсын хил хамгаалах байгууллага болон оролцогч бусад байгууллагын саналыг авч хамтран ажиллана. 

 

Зургаа.Хяналт-шинжилгээ, үнэлгээ

 

6.1.Энэ журмын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил, улирал, тутам хийж гүйцэтгэнэ.

 

6.2.Аялал жуулчлалын тухай хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааны тайланг дараа сарын       05-ны дотор аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

6.3.Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улирлын тайланг дараа улирлын эхний сарын 05-ны дотор нэгтгэж, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороонд танилцуулж, мэдээллийг Аялал жуулчлалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан мэдээллийн санд байршуулна.

 

Долоо.Бусад

 

 7.1.Монгол Улсын хил хамгаалах байгууллагаас хил орчмын аялал жуулчлал зохион байгуулагдаж байгаа нутаг дэвсгэрт хил зөрчигчийг саатуулах, улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн үйлдлийг таслан зогсоох зорилгоор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд тур оператор дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

 

7.2.Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хилээр нэвтрүүлэхийг завдсан гадаадын иргэнийг аялал жуулчлалын зорилгоор хил нэвтрүүлэхгүй.

 

7.3.Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Улсын хил хамгаалах байгууллага, хилийн хяналтын болон холбогдох бусад байгууллагууд энэ журмыг хэрэгжүүлэх асуудлаар тухай бүр мэдээлэл солилцох, хуралдах, шаардлагатай тохиолдолд хамтарсан Ажлын хэсэг байгуулах замаар хамтран ажиллана.

 

7.4.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

7.5.Энэ журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

 

----о0о----