A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2024 оны 03 дугаар

сарын 06ы өдрийн 100 дугаар

       тогтоолын хавсралт

 

 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЖУРАМ

 

 

Нэг.Ерөнхий зүйл

 

1.1.Энэхүү журмын зорилго нь эрүүл мэндийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад оршино.

 

 1.2.Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулж, боловсруулахад Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.10-т заасан нэгдсэн ангилал, код, тайлбар болон олон улсын стандарт, кодчилол (ICD, FHIR/HL7, SNOMED CT, LOINC)-ыг дагаж мөрдөнө.

 

1.3.Эрүүл мэндийн мэдээллийг "Эрүүл мэндийн салбарын мэдээлэл солилцооны систем" (цаашид "мэдээлэл солилцооны систем" гэх)-ээр дамжуулан солилцох бөгөөд энэ систем нь төрийн мэдээлэл солилцооны үндсэн (ХУР) системийн бүрэлдэхүүн хэсэг байна.

 

1.4.Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан (цаашид "нэгдсэн сан" гэх) нь нэгдсэн ангилал, код, тайлбарын сан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээллийн сан, салбарын нөөц, хүчин чадлын мэдээллийн сан, эрүүл мэндийн лавлагаа мэдээллийн сан, бусад төрөлжсөн сангаас бүрдэх бөгөөд уг сан нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.1.2-т заасан санд  хамаарна.

 

1.5.Энэ журмыг бүх шатлалын эрүүл мэндийн байгууллага (цаашид "мэдээлэл хариуцагч" гэх) болон эдгээр эрүүл мэндийн мэдээллийн систем, мэдээллийн сан, программ хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгч байгууллага дагаж мөрдөнө.

 

1.6.Мэдээлэл хариуцагч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 8.10-д заасан журмаар тогтоосон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжийг үйл ажиллагаандаа ашиглана.

 

1.7.Мэдээлэл хариуцагч нь өөрийн байгууллагын программ хангамж, техник хангамж, мэдээллийн сүлжээний бэлэн байдлыг хангаж, ашиглалт, үйлчилгээнд шаардлагатай зардлыг санхүүжүүлнэ.

 

Хоёр.Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах

 

2.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа төрийн захиргааны байгууллага, мэдээлэл хариуцагч нь Эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ энэ журмын 1.4-т заасан нэгдсэн санг мэдээлэл солилцооны системээр дамжуулан ашиглана.

2.2.Бүртгэлийн маягт, заавар, эрүүл мэндийн үзүүлэлт тооцох аргачлалыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

 

2.3.Энэ журмын 2.2-т заасан аргачлалын дагуу мэдээлэл хариуцагч Эрүүл мэндийн тухай хуулийн 16.1-д заасан чиг үүргийн хүрээнд эрүүл мэндийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж, мэдээллийн санг бүрдүүлнэ.

 

2.4.Мэдээлэл хариуцагч нь хүний хувийн мэдээллийг анх удаа цуглуулахад болон мэдээлэл хариуцагч хооронд мэдээлэл дамжуулахдаа мэдээллийн эзнээс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөл авна.

 

2.5.Мэдээлэл хариуцагч дараах тохиолдолд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.5.5-д заасан мэдэгдэл хүргэх системээр дамжуулан мэдээллийн эзэнд мэдэгдэл хүргэнэ:

 

      2.5.1. мэдээллийн эзэн зөвшөөрөл өгсөн;

 

      2.5.2.энэ журмын 1.3-т  заасан мэдээлэл солилцооны системд мэдээлэл дамжуулсан;

 

      2.5.3.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн болон цаг товлох үйлчилгээний талаар;

 

      2.5.4.мэдээллийн эзэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэхээр мэдээллийг нь илгээсэн бол;

 

      2.5.5.гуравдагч этгээдэд дамжуулсан талаар;

 

      2.5.6.хуульд заасан бусад.

 

2.6.Эрүүл мэндийн хөгжлийн төв нь нэгдсэн сан, мэдээлэл солилцооны системийн хөгжүүлэлт, хэвийн, найдвартай үйл ажиллагааг хариуцаж, аюулгүй байдлыг хангана.

 

2.7.Энэ журмын 2.3-т заасан мэдээллийн санг бүрдүүлэхдээ төрийн мэдээлэл солилцооны үндсэн систем, эсхүл мэдээлэл солилцооны системээс олж авах боломжтой мэдээллийг давхардуулж бүрдүүлэхгүй.

 

2.8.Мэдээлэл хариуцагч нь мэдээллийг мэдээлэл солилцооны системээр бодит цагийн горимоор солилцох нөхцөлийг бүрдүүлнэ.

 

2.9.Мэдээлэл хариуцагч нь мэдээлэлд хандах, шаардлагатай мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах эрхийн тохиргоог тухайн программ хангамжийн хэрэглэгч бүрд тохируулсан байна.

 

2.10.Эрүүл мэндийн хөгжлийн төв нь мэдээлэл солилцооны системээр солилцох мэдээллийн агуулга, оролт, гаралтын нөхцөл, хувьсагчийг тогтоож, нийтэд ил тод, нээлттэй байршуулна.

 

2.11.Эрүүл мэндийн хөгжлийн төв нь нэгдсэн сангийн бүтэц, мэдээлэл солилцооны системд өөрчлөлт оруулах бол өөрчлөлтийн тухай мэдээллийг ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө мэдээлэл хариуцагч, программ хангамж хөгжүүлэгч байгууллагуудад мэдэгдэнэ.

 

2.12.Программ хангамж хөгжүүлэгч нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид өөрчлөлт оруулахдаа холбогдох туршилтыг хийж, амжилттай болсны дараа ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө өөрчлөлтийн тухай мэдээлэл, зааврыг мэдээлэл хариуцагчид хүргүүлнэ.

 

2.13.Программ хангамж хөгжүүлэгч нь мэдээлэл хариуцагчтай байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээнд зааснаас бусад зорилгоор мэдээллийг боловсруулах, ашиглах,  гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглоно.

 

Гурав.Мэдээллийг хадгалах, аюулгүй байдлыг хангах

 

3.1.Мэдээлэл хариуцагч нь программ хангамжийн сервер, мэдээллийн санг Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмын 4.4-т заасан шаардлага хангасан өрөөнд эсхүл зориулалтын дата төвд байршуулах бөгөөд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 7.1-д заасан нийтлэг журмыг мөрдөнө.

 

3.2.Мэдээлэл хариуцагч нь цахим архивын мэдээллийн бүрэн бүтэн, үнэн зөв байдлыг хариуцаж, тухайн мэдээллийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, холбогдох журамд заасан хугацаанд хадгална.

 

3.3.Мэдээлэл хариуцагч нь ашиглаж байгаа программ хангамжийг өөрчлөгдсөн, хөгжүүлэгчийн үйл ажиллагаа зогссон, татан буугдсан бол мэдээллийн санг программ нийлүүлэгч байгууллагаас хүлээн авна.

 

3.4.Мэдээлэл хариуцагчийн үйл ажиллагаа зогссон, татан буугдсан, чиг үүрэг өөрчлөгдсөн бол мэдээллийн санг Эрүүл мэндийн хөгжлийн төв хүлээн авна.

 

Дөрөв.Хариуцлага

 

4.1.Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

4.2.Мэдээлэл хариуцагч байгууллагаас нэгдсэн санд нийлүүлсэн мэдээллийг ашиглаж, боловсруулж буй хуулийн этгээд нь мэдээлэл алдагдсанаас үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

 

 

 

----о0о----