A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 136

Улаанбаатар хот

УЛСЫН ХЭМЖЭЭНД 2024 ОНД ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 23.2.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Улсын хэмжээнд 2024 онд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар болон төрийн байгууллагад эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралт, "Аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт, "Улсын тусгай хамгаалалттай газарт ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тогтоолоор баталсан жагсаалтад тусгагдсан байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахдаа газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авч, жагсаалтад тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах аливаа шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, сум, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 294 дүгээр тогтоолын 1.3 дахь дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН