A

A

A

Бүлэг: 1979

                                                                                                                    Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр
                                                                                                                    тогтоолын 1 дүгээр хавсралт

                                                                           МОНГОЛ УЛСЫН СОРЬЦЫН
                                                                                  ХЯНАЛТЫН ДҮРЭМ
                                                                                

                                                                                Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын сорьцын хяналт (цаашид "сорьцын хяналт" гэх)-ын зорилго нь Монгол Улсад үнэт металл, тэдгээрээр хийсэн эдлэлийн сорьц тогтоож баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээр (цаашид "эрдэнэс" гэх)-ийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахад оршино.

1.2. Сорьцын хяналтыг улсын хэмжээнд сорьцын хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

1.3. Сорьцын хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /"цаашид сорьцын хяналтын асуудал хариуцсан байгууллага" гэх/-ын дарга нь сорьцын хяналтын улсын ерөнхий байцаагч, сорьцын хяналтын асуудал хариуцсан нэгжийн дарга нь улсын ахлах байцаагч байна. Сорьцын хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг сорьцын хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

1.4. Сорьцын хяналтын асуудал хариуцсан байгууллага нь үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулуу тодорхойлох лабораториуд, үнэт металл хайлах хэсэг, улсын байцаагчдаас бүрдэнэ. Орон нутагт үнэт металлын сорьц тогтоох лаборатори байгуулан ажиллуулж болно.

1.5. Сорьцын хяналтын асуудал хариуцсан байгууллагын үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулуу тодорхойлох лабораториуд нь итгэмжлэгдсэн байна. Лаборатори нь шинжилгээний дүнг батлах тусгай тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

1.6. Сорьцын хяналтын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү дүрэм болон тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана.

1.7. Сорьцын хяналтын улсын байцаагч нь үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг, түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

1.8. Сорьцын хяналтын улсын байцаагч нь үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулуу тодорхойлох асуудлаар мэргэшсэн, сорьцын хяналт шалгалтын ажилд дадлагажсан байвал зохино.

1.9. Сорьцын хяналтын асуудал хариуцсан байгууллага нь орон нутагт ажиллаж байгаа улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь нэгдсэн дүгнэлт гарган, холбогдох арга хэмжээ авч ажиллана. 

                                                Хоёр. Сорьцын хяналтын үйл ажиллагааны хамрах хүрээ

2.1. Монгол Улсад үйлдвэрлэх үнэт металлаар хийсэн эдлэл нь ISO 9202:1991 стандартыг үндэслэн дор дурдсан сорьцтой байна:

а/ платинан эдлэл                                850              /найман зуун тавь/
платинан эдлэл                                    900              /есөн зуу/
платинан эдлэл                                    950              /есөн зуун тавь/

б/ алтан эдлэл                                      333               /гурван зуун гучин гурав/
алтан эдлэл                                          375               /гурван зуун далан тав/
алтан эдлэл                                          585               /таван зуун наян тав/
алтан эдлэл                                          750               /долоон зуун тавь/
алтан эдлэл                                          916               /есөн зуун арван зургаа/
алтан эдлэл                                          960               /есөн зуун жар/

в/ мөнгөн эдлэл                                   800                /найман зуу/
мөнгөн эдлэл                                       835                /найман зуун гучин тав/
мөнгөн эдлэл                                       875                /найман зуун далан тав/
мөнгөн эдлэл                                       925                /есөн зуун хорин тав/

г/ палладийн эдлэл                            500                 /таван зуу/
палладийн эдлэл                               950                 /есөн зуун тавь/

д/ тусгай зориулалт болон захиалгаар хийх эдлэлийг 999 /есөн зуун ерэн ес/ сорьцтой үйлдвэрлэж болно.

2.2. Үнэт металл, тэдгээрээр хийсэн эдлэлийн сорьц тогтоох шинжилгээг үнэт металлын сорьц тогтоох лабораторид хийнэ. Үнэт металлаар хийсэн эдлэлд энэхүү дүрмийн 2.1-д заасан сорьцын баталгааны цифр бүхий тусгай тэмдэг /клейм/-ийг дарж баталгаажуулна.

2.3. Үнэт металл, тэдгээрээр хийсэн эдлэлийг дараахь байдлаар баталгаажуулна:

-хэрэв уг эдлэл нь хоёр буюу түүнээс дээш хэсгээс бүрдэж хэсэг тус бүрийг өөр сорьцоор үйлдвэрлэсэн бол тухайн хэсэг тус бүрийн сорьцыг тогтоон бага сорьцыг дарна;

-хэрэв уг эдлэлийг хоёр буюу түүнээс дээш төрлийн үнэт металлаар үйлдвэрлэсэн бол металл тус бүрийн сорьцыг тогтоож, тухайн металл дээр нь сорьц дарах боломжгүй бол аль дарж болох хэсэг, төрөл дээр нь хоёр сорьцыг дарна.

2.4. Монгол Улсын эрдэнэсийн санд худалдан авах үнэт металлын сорьцыг тогтоож, эрдэнийн чулууг тодорхойлж баталгаажуулалт хийнэ.

2.5. Бүх төрлийн үнэт металлаар хийсэн утас, хуудас болон багаж хэрэгсэл тэдгээрийн эд ангийг үйлдвэрлэл, техникийн шаардлагын дагуу энэхүү дүрэмд заагаагүй сорьцоор үйлдвэрлэж болно.

2.6. Түүх, соёлын дурсгалт зүйл, археологийн олдвор, байгалийн төрц үнэт металлд сорьцын баталгааны тэмдэг дарахгүй байж болно.

2.7. Сорьцын улсын хяналтыг дараахь үйл ажиллагаанд хэрэгжүүлнэ:

2.7.1. эрдэнэс олборлолтын бүртгэл нь зохих хууль тогтоомжийн дагуу хийгдэж байгаа эсэх;

2.7.2. байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үнэт металлаар үйлдвэрлэсэн эдлэлийн сорьц нь энэ дүрмийн 2.1-д заасан стандартад тохирч байгаа эсэх;

2.7.3. байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эрдэнийн чулуугаар үйлдвэрлэсэн эдлэлийн тодорхойлолт нь үнэн эсэх;

2.7.4. импортоор оруулж ирсэн эрдэнэсийн сорьц, эрдэнийн чулууны тодорхойлолт нь худалдааны гэрээ болон гэрээнд заасан сорьцын баталгааны тэмдэг, эрдэнийн чулууны тодорхойлолттой тохирч байгаа эсэх;

2.7.5. шаардлагатай бол эрдэнэсээр хийсэн үнэт эдлэлийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах тодорхойлолт буюу шинжээчийн дүгнэлтийг гаргах;

2.7.6. үнэт эдлэлийн сорьцын баталгааны болон үйлдвэрлэгчийн барааны тэмдгийн хэв загвар, дардсыг магадлан шалгах;

2.7.7. үнэт металлын сорьц тогтоох шинжилгээний дүн, эрдэнийн чулуу тодорхойлсон талаар гарсан маргааныг таслан магадлах /экспертийн/ шинжилгээ хийх;

2.7.8. эрдэнэсээр хийсэн эдлэлийн бүртгэлд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэл нь хэмжих хэрэгслийн баталгаажуулалтад хамрагдсан эсэх.

                                      Гурав. Сорьцын хяналтын улсын байцаагчийн бүрэн эрх

3.1. Сорьцын хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна энэ дүрмийн 2.7-д заасан хяналтыг хэрэгжүүлж, сорьц тогтоох шаардлагатай эдлэлийг үнэт металлын сорьц тогтоох лабораторид шилжүүлж шалгуулах.

                                                                    Дөрөв. Хариуцлага

4.1. Энэ дүрмийн заалтыг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд сорьцын хяналтын улсын байцаагч хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

4.2. Улсын байцаагчийн албан шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж, иргэн албан тушаалтан хугацаанд нь биелүүлж хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.

4.3. Сорьцын хяналтын улсын байцаагчийн тавьсан акт, торгууль, албан шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг хүлээн авсан этгээд гомдлоо улсын ерөнхий байцаагчид тавина. Улсын ерөнхий байцаагч асуудлыг хянан үзээд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариу өгөх үүрэгтэй.

4.4. Сорьцын хяналтын асуудал хариуцсан байгууллагын үйл ажиллагаа, улсын байцаагчтай холбоотой гомдлыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

4.5. Сорьцын хяналтын улсын байцаагч үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ. 



                                                                                            ---оОо---