A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 169 дүгээр
                     тогтоолын хавсралт

 

ТӨРӨӨС ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ
ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО (2018-2027)


Нэг. Ерөнхий мэдээлэл

Монгол Улсын нутаг дэвсгэрт 2017 оны байдлаар 18 талбайд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн гэрээ (газрын тосны 10, нүүрсний давхаргын метан хийн 5, шатдаг занарын 3), 25 талбай (газрын тосны хайгуулын 22, ашиглалтын 3)-д бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ)-ний дагуу газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна.

Өнгөрсөн хугацаанд 391,000 км2 талбайд хүндийн хүчний судалгаа, 33494 тууш.км талбайд хоёр хэмжээст, 6274 км2 талбайд гурван хэмжээст чичирхийллийн судалгаа хийж, 1534 цооног өрөмдсөн.

Газрын тосны эрэл, хайгуулын ажлын үр дүнд 332.6 сая тонн газрын тосны баталгаат нөөц, 43.2 сая тонн ашиглалтын баталгаат нөөцийг тогтоож, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн. 1996-2017 онуудад 49.2 сая баррель (6.6 сая тонн) газрын тос олборлон экспортолж, улсын төсөвт    1.3 их наяд төгрөг төвлөрүүлсэн байна.

Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.70-д “Газрын тосны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэн, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна” гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд Засгийн газрын 2017 оны 92 дугаар тогтоолоор газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит ХХК-ийг байгуулж, улмаар жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад байна.

Монгол Улсын газрын тосны олборлолтын хэмжээ 2016 онд 1.1 сая тонн, 2017 онд 960.0 мянган тонн байсан, цаашид 1.0 сая тонн орчим байх төлөвтэй байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тогтвортой хангахын тулд газрын тосны эрэл, хайгуулыг эрчимжүүлж нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэглээгээ хангах боловсруулах үйлдвэр байхгүйн улмаас ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг орнуудаас     100 хувь импортоор шатахууны хэрэгцээгээ хангаж байгаа бөгөөд жилд ойролцоогоор 1.3 сая тонн шатахуун импортолж байна.

Манай улсын хэмжээнд шатахууны хэрэглээ жилээс жилд өсч, 2020 онд    1.6 сая тонн, 2022 онд 1.9 сая тонн, 2027 онд 2.4 сая тонн болох төлөвтэй байна. Шатахууны импортын хэмжээг төрлөөр нь авч үзэхэд, сүүлийн 10 жилд                  А-80 автобензиний хэрэглээ тогтмол буурч байгаа бол АИ-92, АИ-95 автобензиний импорт тогтмол өсч, харин дизелийн түлшний импортын өсөлт, бууралт нь уул уурхайн салбарын үйл ажиллагаатай уялдан хэлбэлзэлтэй байгаа ч цаашид урт хугацаанд мөн нэмэгдэх хандлагатай байна.

Манай улсын шатахууны хангамж гадаад эх үүсвэрээс бүрэн хамааралтай байгаа өнөө үед газрын тосны дэлхийн үнийн хэлбэлзэл, нийлүүлэлт, валютын ханшны өөрчлөлтөөс шалтгаалан шатахууны хомсдол, бөөний болон жижиглэнгийн үнийн савалгаа үүсэх магадлалтай бөгөөд энэ нь манай улсын эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх хандлагатай байдаг.

Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тохирсон. Энэ нь шатахууны жижиглэнгийн үнэ өсөх гол хүчин зүйл болж байгаа ч хэрэглэгчдэд нийлүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зорилгоор Засгийн газрын шийдвэрээр онцгой албан татварт өөрчлөлт оруулах, татварын хугацааг сунгах болон аж ахуйн нэгжүүд шатахууны нөөц бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.17.6-д “Шатахуун импортлох, үйлдвэрлэх, хадгалах, бөөн болон жижиглэнгээр борлуулах үеийн чанарын хяналтын тогтолцоог сайжруулах”-аар, “Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөр”-ийн 4.3.2-т “Евро-5 стандартад нийцсэн чанарын шаардлага хангасан шатахууны импорт, хэрэглээг дэмжих, стандартын шаардлагад нийцээгүй шатахууныг импортоор оруулах, хэрэглэхийг үе шаттайгаар хориглох, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах”-аар, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.2-т “Стандартын шаардлагад нийцээгүй шатахууны импортод хяналт тавих, төрийн өмчит итгэмжлэгдсэн лабораторийг бий болгох”-оор тус тус заасан. Иймд газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын улсын лабораторийг байгуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулах, түүнд шаардагдах төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын нийт 97 агуулах, 1252 шатахуун түгээх станц, шингэрүүлсэн шатдаг хий цэнэглэх 10 станц (агуулах), автомашин хийгээр цэнэглэх 78 станцаар дамжуулан бөөний болон жижиглэнгийн худалдаа үйлчилгээ үзүүлж байна.

Түүнчлэн сүүлийн үед шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ манай улсад ихээхэн нэмэгдэж, ОХУ, БНСУ, БНХАУ-аас импортоор авч байна. Үүнээс гадна шингэрүүлсэн шатдаг хийгээс бусад шатдаг хийн барилга байгууламжууд баригдаж, хэрэглээнд нэвтэрч эхлээд байгаа тул холбогдох хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хийн тоног төхөөрөмж, түүнтэй харьцах аюулгүй ажиллагааны дүрэм, журам боловсруулах шаардлагатай байна.

Мөн “Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого”-ын залгамж чанарыг хадгалан энэ салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөц, үндэсний ажиллах хүчийг чадавхжуулах, мэргэшүүлэх зорилгоор дээр дурдсан бусад үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан үзэж газрын тосны салбарын бодлогыг шинээр боловсруулан батлуулах шаардлага тулгараад байна.

Хоёр. Бодлогын зорилго, зорилт

2.1. Бодлогын зорилго

Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого (цаашид “бодлого” гэх)-ын зорилго нь Монгол Улсын газрын тосны салбарт эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангахад оршино.

2.2. Бодлогын зорилтууд

       2.2.1. газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлэх;

       2.2.2. газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

       2.2.3. газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчийг тогтвортой хангах, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах;

       2.2.4. салбарын хүний нөөц, ажиллах хүч бэлтгэх, мэргэшүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх;

     2.2.5. газрын тосны салбарын үйл ажиллагааны үед байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ногоон хөгжил, орон нутгийн хөгжлийг дэмжих;

       2.2.6. газрын тосны төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани байгуулж хөгжүүлэх.

2.3. Бодлогын зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

       2.3.1. Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлэх чиглэлээр:

            2.3.1.1. газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг бүтээгдэхүүн хуваах гэрээ, татвар-роялти, бусад гэрээний зарчмаар явуулах;

            2.3.1.2. газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаан дахь төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах;

            2.3.1.3. газрын тостой холбогдсон үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах;

       2.3.1.4. салбарын үйл ажиллагааны стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгох, шинээр боловсруулах, сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулах;

            2.3.1.5. газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуулын ажил гүйцэтгэж, хэтийн төлвийг тодорхойлох;
            2.3.1.6. газрын тосны орд ашиглалтыг эрчимжүүлж, олборлолтыг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх, газрын тосны ордын дэд бүтцийг хөгжүүлэх, тээвэрлэлтийн менежментийг боловсронгуй болгох;

         2.3.1.7. Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлосон газрын тосыг дотоодын боловсруулах үйлдвэрт тэргүүн ээлжинд нийлүүлэх.

       2.3.2. Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр:

            2.3.2.1. Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлож байгаа газрын тосыг боловсруулах төрийн өмчит үйлдвэрийг ашиглалтад оруулах;

                2.3.2.2. газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын таатай бодлогоор дэмжих;

                2.3.2.3. газрын тосны тээвэрлэлт, дамжуулах хоолойн судалгааг хийх;

           2.3.2.4. газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн барилга байгууламж, техник технологи, тоног төхөөрөмж, тэдгээрийн угсралт, аюулгүй ажиллагаатай холбоотой стандарт, норм, дүрэм, журмыг боловсруулах;

            2.3.2.5. олон улсын патенттай технологи ашиглан чанар, стандартын шаардлагад нийцсэн газрын тосны бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийг дэмжих;

            2.3.2.6. нүүрс боловсруулах, нүүрснээс шингэн түлш гарган авах үйлдвэрлэлийг газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн бодлоготой уялдуулах;

            2.3.2.7. уламжлалт бус газрын тосны эх үүсвэрээс (нүүрсний давхаргын метан, занар, байгалийн битум, тослог элс г.м) шингэн болон хийн түлш боловсруулах судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийг дэмжих.

       2.3.3. Газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчийг тогтвортой хангах, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр:

            2.3.3.1. чанарын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчийг тогтвортой хангах;

            2.3.3.2. газрын тосны бүтээгдэхүүний улсын болон аж ахуйн нэгжийн нөөц бүрдүүлэх, шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах зорилгоор Эрсдэлийн сан байгуулах асуудлыг судлан эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;

            2.3.3.3. газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, техник ашиглалт, аюулгүй ажиллагаатай холбогдсон стандарт, норм, дүрэм, журмыг боловсронгуй болгох, шинээр боловсруулах, сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулах;

            2.3.3.4. нийлүүлэлтийг тогтвортой хангах талаар газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч орнуудтай Засгийн газрын түвшинд тохиролцох, импортын эх үүсвэрийг дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулах;
         2.3.3.5. дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх замаар газрын тосны бүтээгдэхүүн түгээх байгууламжийн аюулгүй ажиллагааг хангах;

            2.3.3.6. газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дэргэдээ газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтыг гүйцэтгэх лабораторийг итгэмжлэлийн үндсэн дээр байгуулах;

            2.3.3.7. агаарын бохирдлыг бууруулах экологийн цэвэр түлшний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор шатдаг хийн салбарыг хөгжүүлэх.

       2.3.4. Салбарын хүний нөөц, ажиллах хүчийг бэлтгэх, мэргэшүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр:

          2.3.4.1. салбарын хөдөлмөрийн зах зээлийн судалгааны үндсэн дээр үндэсний мэргэжилтэн, мэргэшсэн хүний нөөц, ажиллах хүчийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх;

             2.3.4.2. сургалтын урамшууллын хөрөнгийг ахисан шатны болон тодорхой чиглэлээр нарийн мэргэшүүлэх сургалт, судалгаа, шинжилгээ, технологи эзэмших, нутагшуулах чиглэлээр зарцуулах;

              2.3.4.3. газрын тосны салбарт үндэсний ажиллах хүчний оролцоо, ажил эрхлэлтийг үе шаттайгаар нэмэгдүүлэх.

       2.3.5. Газрын тосны салбарын үйл ажиллагааны үед байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ногоон хөгжил, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр:

            2.3.5.1. байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай дэвшилтэт техник, технологи, олон улсын тэргүүн туршлага, стандартыг нэвтрүүлэх, ногоон хөгжлийг дэмжих;

            2.3.5.2. газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх, хайх, олборлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх, борлуулахтай холбоотой үйл ажиллагааг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийх замаар орон нутгийн ажиллах хүч болон худалдан авалтыг нэмэгдүүлж, орон нутгийн хөгжлийг дэмжих;

            2.3.5.3. газрын тосны нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн тодорхой хувийг газрын тосны үйл ажиллагаа явуулж байгаа орон нутагт нь хуваарилах хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх;

            2.3.5.4. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хөрсний доройтлыг бууруулах үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглах, нэвтрүүлэх, бохирдуулагч нь холбогдох төлбөрийг төлөх, нөхөн сэргээх зарчмыг хэрэгжүүлэх.

       2.3.6. Газрын тосны төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани байгуулж хөгжүүлэх чиглэлээр:

           2.3.6.1. төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани байгуулж, үйл ажиллагааг нь компанийн засаглалаар хөгжүүлэх;
           2.3.6.2. газрын тосны салбарын мэдээлэл, судалгаа, шинжилгээний төвийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх;

           2.3.6.3. газрын тосны хайгуулын үр дүнгийн анхдагч материал боловсруулах, чулуун болон тосны дээжид шинжилгээ хийх, салбарын хэмжээний нэгдсэн тайлан боловсруулах, эрдэм шинжилгээний болон сэдэвчилсэн судалгаа хийх мэдээлэл, судалгаа, шинжилгээний төв байгуулах;

                   2.3.6.4. олон улсын стандартын шаардлагад нийцсэн газрын тосны салбарын иж бүрэн мэдээллийн цахим сан үүсгэж, баяжуулах.

Гурав. Бодлогыг хэрэгжүүлэх үе шат

3.1. Бодлогыг 2018-2027 онд дараах үе шаттай хэрэгжүүлнэ:

       I үе шат: 2018-2021 онд газрын тосны салбарын бодлого, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож, дэд бүтцийг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой газрын тосны компанийг байгуулах ажлыг эхлүүлснээр улсын нийгэм эдийн засагт үзүүлэх үр нөлөө, өрсөлдөх чадвар дээшилнэ.

       II үе шат: 2022-2027 онд стратегийн ач холбогдол бүхий газрын тосны салбарт эрэл, хайгуулын ажил эрчимжиж, газрын тосны нөөц, олборлолт нэмэгдэн боловсруулах үйлдвэр байгуулагдаж, хүний нөөцийн чадавх бэхжиж, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангах газрын тосны үндэсний аж үйлдвэрийн суурь бий болно.
 

Дөрөв. Бодлогын үр нөлөө, бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлт

4.1. Бодлогын хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг дараах байдлаар тогтоож, 2017 оны тоон мэдээллийг суурь үзүүлэлт болгон авч үзнэ.

Хөгжлийн бодлогын баримт бичгийн шалгуур үзүүлэлт

Зорилт

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин

Зорилтот түвшин

Мэдээллийн эх сурвалж

2017

2022

2027

1

2.2.1. Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлэх

 Газрын тосны

 хайгуул

хайгуулын талбай

22 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан.

Шинээр 3 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байна.

Шинээр 2 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ  байгуулсан байна.

Үндэсний статистикийн хороо, АМГТГ-ын статистик мэдээлэл

Газрын тосны олборлолт

сая баррель

7.7

8.8

10.3

Үндэсний статистикийн хороо, АМГТГ-ын статистик мэдээлэл

2

2.2.2. Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх

2.1 Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл

сая.тн

ТЭЗҮ боловсруулж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон байна

Дотоодын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний 50% (1.2 сая.тн)-аас доошгүйг хангасан байна.

УУХҮЯ, АМГТГ, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК

2.2 Нийлэг байгалийн хий болон бусад дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл

сая.м3

ТЭЗҮ боловсруулсан.

Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр баригдсан байна.

Нийлэг байгалийн хийгээр дотоодын хэрэгцээг бүрэн хангасан байна.

УУХҮЯ, “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр барих” төслийн нэгж

3

2.2.3. Газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг тогтвортой хангах, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах

Газрын тосны бүтээгдэхүүний тоо хэмжээ

сая.тн

1.5

1.9

2.4

АМГТГ, ГЕГ

Чанар, экологийн ангилал, к5

хувиар

7.7

50

80

4

2.2.4. Салбарын хүний нөөц, ажиллах хүчийг бэлтгэх, мэргэшүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх

Салбарын мэргэжилтэй хүний нөөц, ажиллах хүч

хүний тоо

10000

15000

20000

 

 

Үндэсний статистикийн хороо

Ажлын байр

орон тоо

6000

9000

12000

5

2.2.5. Газрын тосны салбарын үйл ажиллагааны үед байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ногоон хөгжил, орон нутгийн хөгжлийг дэмжих

Байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн зардал

 

Хайгуул, ашиглалтын үе шатанд БХГ-нд заасан Байгаль орчинг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан зардал хөрөнгийг зарцуулна.

Хайгуул, ашиглалтын үе шатанд БХГ-нд заасан Байгаль орчинг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан зардал хөрөнгийг зарцуулна.

Хайгуул, ашиглалтын үе шатанд БХГ-нд заасан Байгаль орчинг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан зардал хөрөнгийг зарцуулна.

 

 

 

 

 

 

 

 

УУХҮЯ, БОАЖЯ,

Нутгийн удирдлагын байгууллагууд,

холбогдох       ТТБ-ууд

Дэд бүтэц, бүс нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт, дэвшилтэт техник технологи

 

БХГ-нд заасан орон нутгийг хөгжүүлэх санд зориулсан хөрөнгийг зарцуулах

БХГ-нд заасан орон нутгийг хөгжүүлэх санд зориулсан хөрөнгийг зарцуулах

Шинээр нөөц тогтоогдож ашиглалтад талбай шилжсэн тохиолдолд дэд бүтэц (зам барилга, эрчим хүчний шугам) орд ашиглах төлөвлөгөөнд тусгаж өгөх

6

2.2.6. Газрын тосны төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани байгуулж, салбарыг хөгжүүлэх

Компани болон олон улсын жишигт нийцсэн мэдээлэл, судалгаа, шинжилгээний төв байгуулагдсан байна

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, судалгаа, шинжилгээ

Мэдээлэл, судалгаа, шинжилгээний төвийн төслийг хэлэлцэж байна

-Хувь хүн болон компанийн хөрөнгөд бүртгэлтэй тоног төхөөрөмжийг түрээслэх зарчмаар эхний ээлжинд ажил гүйцэтгэх;

 

-Газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүний импорт, хангамжийн мэдээллийн иж бүрэн цахим сан үүсгэж, баяжуулсан байх;

 

-Чичирхийллийн соронзон хальс (картридж)-ыг уншиж, анхан шатны боловсруулалт хийдэг болсон байх.

-Газрын тосны хайгуул, судалгаа, олборлолт ашиглалт, боловсруулалтын бие даасан компанитай болно;

 

-Чулуун болон тосны дээжинд шинжилгээ хийдэг болсон байх;

 

-Нэгдсэн тайлан боловсруулж, эрдэм шинжилгээний ажил хийсэн байх,

 

-Сэдэвчилсэн судалгаа хийсэн байх;

 

-Эрдэм шинжилгээний ажилтантай болсон байх.

 

 

 

 

 

 

 

 

 

 

УУХҮЯ, АМГТГ,

“МГТБҮ” ТӨХХК

 

Тав. Бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр

5.1. Газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

       5.1.1. улсын төсөв;

       5.1.2. гадаадын зээл, тусламж;

       5.1.3. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

       5.1.4. бусад эх үүсвэр.

Зургаа. Бодлогын хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1. Бодлогын хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хийж, дөрвөн жил тутам хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулж, дүнг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.

 

 

 

 

 

—оОо—