A

A

A

Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 217

Улаанбаатар хот

Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.1.10 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны 03/2019 дугаар шийдвэр, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар тэмдэглэлийн шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Барилга байгууламжийн төсөв зохиоход хэрэглэгдэх "Барилгын ажилтны тарифт цалингийн жишиг"-ийг нэгдүгээр хавсралтаар, "Барилгын ажилтны цагийн тарифт цалингийн жишгийг индексжүүлэн хэрэглэх аргачлал"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Баталсан тарифт цалингийн жишгийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдүүлсүгэй.

3. Тарифт цалингийн жишгийг шинэчлэн баталсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө барилга байгууламжийн зураг төсөл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн төсөл, арга хэмжээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 263 дугаар тушаалаар баталсан тарифт цалингийн жишгийг хэвээр мөрдөж ажилсугай.
/Энэ хэсгийг БХБС-ын 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай 95 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

4. Батлагдсан тарифт цалингийн жишгийг мөрдүүлэх, хэрэгжилтийг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/-т, хэвлэх, сурталчлах, сургалт хийх ажлыг зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т тус тус даалгасугай.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 263 дугаар тушаалыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болгосугай.

САЙД Х.БАДЕЛХАН

Энэ тушаалыг БХБС-ын 2024 оны Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай 95 дугаар тушаалаар 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцно /УНБД 6841/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 95

Улаанбаатар хот

ТАРИФТ ЦАЛИНГИЙН ЖИШИГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.10, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 01/2018 дугаар албан бичиг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/2198 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Барилга байгууламжийн төсвийн тооцоо хийхэд хэрэглэгдэх "Барилгын ажилтны тарифт цалингийн жишиг"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Батлагдсан тарифт цалингийн жишгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдсүгэй.

3.Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаар тушаалын 3 дахь заалтыг энэхүү тушаал гарсан өдрөөс хүчингүй болсонд тооцож, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө барилга байгууламжийн зураг төсөл нь магадлалын дүгнэлтээр баталгаажин барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн төсөл, арга хэмжээний тухайд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гүйцэтгэсэн ажилд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаар тушаалаар баталсан тарифт цалингийн жишгийг мөрдсүгэй.

4.Барилга, хот байгуулалтын сайдын "Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай" 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаар тушаалыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

5.Батлагдсан тарифт цалингийн жишгийг хэвлэх, мэдээлэх ажлыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т, энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т тус тус даалгасугай.

6.Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын "Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай" 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 65 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.ДАВААСҮРЭН