A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ, ШАГНАЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /Шинжлэх ухаан, технологийн шагнал олгох журам/

Дугаар 147

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Шинжлэх ухаан, технологийн шагнал олгох журмыг хавсралтын ёсоор баталсугай.

2. "Байгаль, нийгмийн ухааны шагнал", "Технологийн дэвшлийн шагнал"-ыг дагалдах мөнгөний хэмжээг тус бүр 100.0 (нэг зуун) сая төгрөгөөр, шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагналд олгох өргөмжлөлийг бүтээх өртгийг 10.0 (арван) сая төгрөг байхаар тус тус тогтоосугай.

3. Шагналыг дагалдах мөнгө болон энгэрийн тэмдэг, үнэмлэх, шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагналд олгох өргөмжлөл бүтээх хөрөнгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин нарт даалгасугай.

4. "Байгаль, нийгмийн ухааны шагнал", "Технологийн дэвшлийн шагнал"-ын тэмдэг, үнэмлэх, Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагналд олгох өргөмжлөлийн загварыг уралдаан зарлаж, сонгон шалгаруулах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН