A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 192

Улаанбаатар хот

МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН 2011-2012 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдох үед хэрэглэх аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх доод хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай:

2.1. Мал аж ахуйн салбарын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг малчид, мал бүхий иргэдийн хүчийг нэгтгэж төлөвлөгөө гарган зохион байгуулах, нутгийн захиргааны бүх шатны байгууллагын удирдлага, ажилтнуудыг хуваарийн дагуу ажиллуулан биелэлтийн явцыг дүгнэж байх.

2.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, явцад нь хяналт тавьж ажиллах.

2.3. Мал сүргийн зун, намрын отрыг сайтар зохион байгуулж, тарга хүч авахуулах.

2.4. Улсын хэмжээнд хээлтүүлэгч малын хүрэлцээ хангалтгүй байгааг харгалзан хээлтүүлэгч нөхөн тавих, худалдан авах ажлыг зохион байгуулан өндөр ашиг шимт цэвэр үүлдрийн болон эрлийз малд зохиомол хээлтүүлэг хийх арга хэмжээ авах.

2.5. Мал сүргийг халдварт болон паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, угаалга, туулгалтад бүрэн хамруулах ажлыг 2011 онд багтаан гурван удаа нэгдсэн байдлаар зохион байгуулах.

2.6. Мал өвөлжүүлж, хаваржуулах хашаа, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор тэдгээрийг засварлах, шинээр хашаа барих, худаг гаргах ажлыг зохион байгуулах.

2.7. Төв, суурин газрын хүн амыг мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах арга хэмжээ авч, 2012 оны хавар хэрэглэх махны нөөц бүрдүүлэх арга хэмжээ авах.

3. Зуны агаарын хэт халалт, хуурайшилт, ган, үерийн улмаас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, гамшигт үзэгдэл тохиолдсон үед шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимтэй зохион байгуулж, явцыг нь сар бүр хянан шалгаж, 2011-2012 оны өвөл, хавар отор нүүдлээр өвөлжүүлэх малын тоо, оторлох бэлчээр нутгийг сонгон аймаг, сумын удирдлагын түвшинд хэлэлцээ хийх, отрын нутагт хүрэх нүүдлийн замыг тогтоох зэрэг арга хэмжээг энэ оны 9 дүгээр сард авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, тохижуулах, түлээ, түлшээ бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээл, гар тэжээлээ өрхөөрөө болон хамтарч хоршин нөөцлөх, өвлийн хувцас хэрэгсэл, мал аж ахуйн тоног хэрэгслээ засварлах зэргээр мал өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг малчин өрх, мал бүхий иргэдэд уриалсугай.

6. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, мал өвөлжилтийн бэлтгэлийг ханган, дүнг 2011 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ