Хэвлэх DOC Татаж авах
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2009 оны 131 дүгээр тушаалын хавсралт
 
 
 
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАХ БИЧГИЙГ ЗОХИОХ, ХЭВЛҮҮЛЭХ, ТҮГЭЭХ ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг зүйл
 
1.1. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн эх зохиох, эх бэлтгэх, хэвлэх, дахин хэвлэх, түгээх үйл ажиллагааг зохион байгуулах, сурах бичгийг хэрэглэхэд үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.
 
1.2. Жил бүр шинээр болон дахин хэвлэх сурах бичгийн жагсаалтыг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага /цаашид "яам" гэнэ/ батална.
 
            1.3. Энэ журмын дагуу хэвлэгдсэн сурах бичгийн зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг яам эзэмшинэ.
 
1.4. Сурах бичгийг зохиох, шинэчлэх, эх бэлтгэх, хэвлэх, дахин хэвлэх, түгээх ажлын график, төлөвлөгөөг яам батална.
 
            1.5. Сурах бичиг нь хоёр хэсгээс бүрдэж болно.
 
Хоёр. Сурах бичгийн эх зохиох, бэлтгэх
 
            2.1. Сурах бичгийн эхийг зохиогчийн баг зохионо.
 
            2.2. Сурах бичгийн эхийг зохиох багийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага /цаашид "хүрээлэн" гэнэ/-ын саналыг үндэслэн яамнаас томилно.
 
2.3. Зохиогчийн баг нь МNS 5418:2008 "Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага" стандартыг хангасан байна.
 
2.4. Хүрээлэн нь зохиогчийн багийг агуулга, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангана.
 
2.5. Яам сурах бичгийн эхийг бэлтгэх хэвлэлийн газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаруулж, гэрээ байгуулан ажиллана.
 
2.6. Шалгарсан хэвлэлийн газар нь зохиогчийн багтай хамтран сурах бичгийн эхийг бэлтгэх ажлыг гүйцэтгэнэ.
 
2.7. Хүрээлэн нь сурах бичгийн эхийг МNS 5420:2004 "Бага, дунд боловсрол", МNS 5418:2008 "Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага" стандарт болон сургалтын хөтөлбөрт нийцүүлэн хянах ажлын хэсгийг байгуулна.
 
2.8. Зохиогчийн баг, хэвлэлийн газар нь ажлын хэсгээс гаргасан зөвлөмжийн дагуу сурах бичгийн эхэд шаардлагатай засвар, өөрчлөлтийг хийнэ.
 
2.9. Хүрээлэн нь хэвлэлтэд шилжүүлэх сурах бичгийн эхийг яамны бага, дунд боловсролын стандарт, сургалтын агуулга, хөтөлбөрийн болон ерөнхий боловсролын сурах бичгийн бодлого, зохицуулалт хариуцсан нэгжид хүлээлгэн өгнө.
 
Гурав. Сурах бичиг хэвлэх, дахин хэвлэх, түгээх
 
3.1. Сурах бичгийг хэвлэх, дахин хэвлэх, түгээх ажлыг хэвлэлийн үйлдвэр гүйцэтгэнэ.
 
3.2. Яам хэвлэлийн үйлдвэрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаруулж, гэрээ байгуулан ажиллана.
 
3.3. Яам нь хэвлэгдсэн сурах бичгийг энэ журмын 3.2-т заасан гэрээний дагуу хянан шалгаж, түгээх талаар дүгнэлт гаргах шинжээчийн багийг байгуулна.
 
3.4. Яам шинжээчийн багийн дүгнэлтийг үндэслэн сурах бичгийг түгээх мэдэгдлийг хэвлэлийн үйлдвэрт бичгээр хүргүүлнэ.
 
            3.5. Хэвлэлийн үйлдвэр нь түгээх мэдэгдэл хүлээн авсны дараа яамтай байгуулсан гэрээний дагуу түгээж, түгээлтийн тухай мэдээ, тайлангаа яам болон аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, дүүргийн Боловсролын хэлтэст хүргүүлнэ.
 
Дөрөв. Сурах бичгийн ашиглалт
 
            4.1. Шинээр хэвлэсэн сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан сурагчдад хэрэглүүлнэ.
 
            4.2. Сургууль нь сурах бичгийг үндсэн хөрөнгөнд бүртгэнэ.
 
            4.3. Сургууль нь заавар, зөвлөмж гаргаж, сурах бичгийн ашиглалтыг сайжруулах ажлыг хариуцан зохион байгуулна.
 
            4.4. Сургууль нь цаашид хэрэглэгдэх боломжгүй болсон сурах бичгийн талаар дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулан ажиллуулна.
 
Тав. Сурах бичгийн нөхөн хангалт
 
            5.1. Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар нь сурах бичгийн түгээлт, ашиглалтын талаарх мэдээ, тайлан, нөхөн хангах сурах бичгийн захиалгыг хичээлийн жилийн эхний хагас жилийн болон төгсгөлийн байдлаар жилд хоёр удаа яаманд ирүүлнэ.
 
            5.2. Яам нөхөн хангах сурах бичгийн захиалгыг үндэслэн дахин хэвлэх сурах бичгийн нэр, тоо хэмжээг нэгтгэж, нэмж худалдан авах сурах бичгийн үнийн дүнгээс хамааруулан тухайн сурах бичгийг өмнө нь хэвлэсэн хэвлэлийн үйлдвэртэй нэмэлт гэрээ байгуулан гүйцэтгүүлнэ.
 
Зургаа. Бусад зүйл
 
            6.1. Сурах бичгийн дотуур нүүрэнд "Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам зөвшөөрөв" гэсэн бичвэр хийж, зохиогчдын овог нэрийг сурах бичгийн хэвлэн нийтлэх мэдээний дагуу бичнэ.
 
            6.2. Сургуулийн номын сангаар дамжуулан хэрэглэгдэх сурах бичгийн дотуур нүүрэнд "Сургуулийн номын санд олгов. Борлуулахыг хориглоно" гэсэн бичвэр хийнэ.
 
            6.3. Хэвлэлийн үйлдвэр нь яаманд урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр хэвлэсэн сурах бичгээ номын худалдаагаар дамжуулан худалдаж болно. Худалдаалагдах сурах бичгийн дотуур нүүрэнд энэ журмын 6.2-т заасан бичвэрийг хийхгүйгээр зөвхөн сурах бичгийн үнийг тодорхой бичнэ.
 
            6.4. Журмын хэрэгжилтийн явцад гарсан маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
 
 
 
 
- - - о О о - - -