A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 153

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 10.1, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам, гэрээний загвар батлах тухай" Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Б.БОЛОР

Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 81

Улаанбаатар хот

ХОРШООНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2021 оны 40 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 9 дэх дэд заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2022 оныг "Хоршооны хөгжлийг дэмжих жил" болгон зарласугай.

2. "Хоршооны хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг Засгийн газарт танилцуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд үүрэг болгосугай.

3. "Хоршооны хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайланг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Жижиг, дунд үйлдвэрийн газар (Я.Эрдэнэсайхан)-т тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 5 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 26-д "Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэснийг "Хоршооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэж өөрчилсүгэй.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 221 дүгээр тогтоол, "Журам батлах тухай" Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН