A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 91

ЗАРИМ ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 2 дугаар хавсралт, Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 3 дугаар хавсралт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

/Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2017 оны 12 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон, Засгийн газрын 2017 оны 267 дугаар тогтоолоор 4 дүгээр хавсралт, Засгийн газрын 2019 оны 11 дүгээр тогтоолоор 3 дугаар хавсралт, Засгийн газрын 2020 оны 71 дүгээр тогтоолоор 1 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсон./

2. Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор баталсан хавсралтын 4 дэх заалтын "145" гэснийг "167" гэж, 7 дахь заалтын "69" гэснийг "78" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 76

Улаанбаатар хот

САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Сангийн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

2.1. Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар (Төсвийн орлогын хэлтэс, Төсвийн зарлагын хэлтэс, Төсвийн нэгтгэлийн хэлтэстэй);

2.2. Татварын бодлогын газар;

2.3. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар;

2.4. Санхүү, төсвийн судалгааны газар;

2.5. Санхүүгийн бодлогын газар (Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтэс, Санхүүгийн хөрөнгийн удирдлагын хэлтэс, Өрийн удирдлагын хэлтэс, Олон улсын санхүүгийн хамтын ажиллагааны хэлтэстэй);

2.6. Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар (Төсвийн хөрөнгө оруулалтын хэлтэс, Хөгжлийн санхүүжилтийн хэлтэстэй);

2.7. Төрийн сангийн газар (Санхүүжилт тайлан бүртгэлийн хэлтэс, Төлбөр тооцооны хэлтэстэй);

2.8. Хууль, эрх зүйн газар (Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэстэй);

2.9. Төрийн захиргааны удирдлагын газар (Санхүүгийн мэдээллийн технологийн хэлтэс, Санхүүгийн хэлтэстэй);

2.10. Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар (Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Санхүүгийн хяналт шалгалтын хэлтэстэй).

3. Сангийн яамны орон тооны дээд хязгаарыг 167 байхаар тогтоосугай.

4. Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дэх заалтын "г/ Сангийн яам" гэсэн хэсэг, мөн тогтоолын хавсралтаар баталсан "Яамдын орон тооны хязгаар"-ын 4 дэх заалт, "Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 91 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Сангийн сайд Б.ЖАВХЛАН