A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 243

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.19 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21.1.2, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тав дахь хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар ханган хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгасугай.

3.Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг эрхэлсэн салбар болон харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний дөрөв дэх хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 122 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Н.НОМТОЙБАЯР