- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 274
Улаанбаатар хот
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 5.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2017 онд багтаан баталж, хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар ханган ажиллахыг Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүүд даалгасугай.
3.Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг жил бүр эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсвийн төсөлд тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн болон Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4.Хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган хэрэгжилтэд нь хяналт тавьж, явцыг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт тайлагнаж байхыг Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү, Эрчим хүчний зохицуулах хороо (А.Тлейхан)-нд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ П.ГАНХҮҮ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 314
Улаанбаатар хот
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.3.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор энэ тогтоолын хавсралтад заасан Засгийн газрын тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан салбар, орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээг 2021 оны 12 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн 2022 оны 3 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A