- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (“Сонгодог урлаг-III” /2018-2023/)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 241
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Сонгодог урлаг-III" /2018-2023/ үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, орон нутгийн хэмжээнд дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
3. "Сонгодог урлаг-III" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тус тус тусгаж, олон улсын байгууллага, гадаадын зээл тусламжид хамруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээг авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.ЦОГЗОЛМАА
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 314
Улаанбаатар хот
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.3.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор энэ тогтоолын хавсралтад заасан Засгийн газрын тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан салбар, орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээг 2021 оны 12 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн 2022 оны 3 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A