- Нүүр
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах/
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 4025 дугаарт бүртгэв.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 19
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.8.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2017 оны 27 дугаар тогтоолоор баталсан "Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (орон тооны бус)-ийн дүрэм"-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журам"-ыг нэгдүгээр, "Урьдчилан сэргийлэх үзлэгийн багц"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Ч.Алтанхуяг)-т ДААЛГАХ нь:
2.1.Даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагатай даатгалын гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
2.2.Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төв, орон нутгийн эрүүл мэндийн даатгалын байгууллагыг мэргэжил аргазүй, удирдлагаар хангах, иргэд, даатгуулагч, эрүүл мэндийн байгууллагуудад мэдээлэл хүргэх, сурталчлах ажлыг шуурхай зохион байгуулах;
3.Даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил аргазүйгээр хангах, хяналт тавих, иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах талаар эрүүл мэндийн даатгалын байгууллагатай хамтран ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Э.Содномжамц/-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан програм хангамжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Ч.Алтанхуяг/, Эрүүл мэндийн хөгжлийн төв /Д.Ганцэцэг/ нарт үүрэг болгосугай.
5.Тогтоолыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхийг Ажлын албанд үүрэг болгосугай.
6.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
7.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын алба /Л.Номин/-нд үүрэг болгосугай.
ДАРГА Д.САРАНГЭРЭЛ
ЗХХАЭ-ийн 2020 оны № 6-д нийтлэгдсэн.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр
Дугаар 06
Улаанбаатар хот
БАГЦ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.8.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах, төлбөрийг нь санхүүжүүлэх журам"-ыг нэгдүгээр, "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц, төлбөрийн хэмжээ"-г хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Ц.Эрдэмбилэг/-д ДААЛГАХ нь:
2.1.Даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангах, хяналт тавих, бэлэн байдлыг хангуулах ажлыг зохион байгуулах;
2.2.Холбогдох журамд шаардлагатай үед нэмэлт, өөрчлөлтийг оруулах, даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээг үзүүлэх эмнэл зүйн заавар, удирдамжийг боловсруулж, батлуулах;
2.3.Даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудын цахим системийг боловсронгуй болгож, эрүүл мэндийн даатгалын цахим системд бодит цагийн горимоор холбох арга хэмжээг авч ажиллах.
3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Л.Бямбасүрэн)-т ДААЛГАХ нь:
3.1.Даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгож, даатгалын гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
3.2.Иргэд, даатгуулагч, эрүүл мэндийн байгууллагуудад мэдээлэл хүргэх, сурталчлах ажлыг шуурхай зохион байгуулах;
3.3.Эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний нэхэмжлэлд тавигдах чанар, төлбөрийн хяналтын шалгуур бий болгон, явцын болон гүйцэтгэлийн хяналтыг хийх;
3.4.Эрүүл мэндийн даатгалын цахим програм хангамжид холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах;
3.5.Эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний нэхэмжлэлийг бодит цагийн горимоор хүлээн авч холбогдох эрх зүйн хүрээнд тусламж, үйлчилгээг худалдан авах;
3.6.Тогтоолын хэрэгжилтэд улирал тутам үнэлгээ хийж, үр дүнг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд танилцуулах.
4. Эрүүл мэндийн хөгжлийн төв (Б.Нарантуяа)-д ДААЛГАХ нь:
4.1.Холбогдох програм хангамжид нэмэлт, өөрчлөлт оруулах, эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг, туслалцаа үзүүлэх.
5. Даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг БОЛГОХ нь:
5.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналт, санхүүжилт, төлбөр тооцооны програм, цахим системийг бодит цагийн горимд шилжүүлж, иргэнд чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх.
6.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны "Журам батлах тухай" 19 дүгээр тогтоол, 2020 оны "Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Л.Номин/-нд даалгасугай.
ДАРГА С.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A