A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 02 сарын 24 өдөр

Төрийн ордон. Улаанбаатар хот

АЛБАДАН ХӨДӨЛМӨРИЙГ УСТГАХ ТУХАЙ 105

ДУГААР КОНВЕНЦИД НЭГДЭН ОРСНЫГ СОЁРХОН

БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 1957 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Женев хотноо баталсан Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар Конвенцид Монгол Улс нэгдэн орсныг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР

АЛБАДАН ХӨДӨЛМӨРИЙГ УСТГАХ ТУХАЙ 105 ДУГААР КОНВЕНЦ

1957 оны 6 дугаар сарын 25-ны өдөр батлаж,

1959 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүчин төгөлдөр болсон

 

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий бага хурал нь,

 

Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1957 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Женев хотноо зарлан хуралдуулсан дөч дэх удаагийн чуулганаараа,

 

чуулганы хэлэлцэх хэргийн дөрөв дэх асуудал болох албадан хөдөлмөрийн тухай асуудлыг анхааралдаа авч,

 

Албадан хөдөлмөрийн тухай 1930 оны конвенцийн заалтыг тэмдэглэн,

 

Боолчлолын тухай 1926 оны конвенцид заавал хийлгэх буюу албадан хөдөлмөр нь боолчлолтой төстэй хэлбэрт шилжихээс урьдчилан сэргийлэх шаардлагатай бүх арга хэмжээг авахаар заасныг болон Боолчлолыг устгах, боолын худалдаа хийх, боолчлолтой ижил үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай 1956 оны нэмэлт конвенцоор өрийн барьцаа болгох хамжлагат ёсыг бүрмөсөн устгасныг тэмдэглэн,

 

Цалингийн хамгаалалтын тухай 1949 оны конвенцид цалинг цаг хугацаанд нь олгохоор заасныг болон ажил эрхлэхээ болих бодит боломжийг хаагдуулсан хөдөлмөрийн хөлс олгох аливаа арга хэлбэрийг хориглосныг тэмдэглэн,

 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд дурдаж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зарлан тунхагласан хүний эрхийг зөрчиж байгаа албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн зарим төрлийг устгах тухай нэмэлт саналыг батлахаар тогтож,

 

эдгээр саналыг олон улсын конвенцийн хэлбэрт оруулахаар шийдвэрлэж,

 

нэг мянга есөн зуун тавин долоон оны зургадугаар сарын тавны энэ өдөр  доорх конвенцийг Албадан хөдөлмөрийг устгах тухай 1957 оны конвенц гэж нэрлэхээр тогтож батлав.

 

1 дүгээр зүйл

 

Энэхүү конвенцийг соёрхон батласан Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн бүр албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн аливаа хэлбэрийг хориглож дараах зорилгоор ашиглахыг таслан зогсооно.

 

(a) улс төрийн нөлөөнд оруулах болон хүмүүжлийн арга хэрэгсэл болгох, эсхүл улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцооны эсрэг чиглэсэн улс төрийн үзэл бодол буюу оюун санааны үзэл бодолтой байх, түүнийг илэрхийлсний төлөө ногдуулах шийдвэр болгох,

 

(b) эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор ажиллах хүчийг дайчлах, ашиглах арга хэлбэр болгох,

 

(c) хөдөлмөрийн сахилга батыг сахиулах арга хэрэгсэл болгох,

 

(d) ажил хаялтад оролцсонд оногдуулах шийтгэл болох,

 

(e) арьс өнгө, нийгмийн байдал, яс үндэс, шашин шүтлэгээр алагчилах арга хэрэгсэл болгох.

 

2 дугаар зүйл

 

Энэхүү конвенцийг соёрхон баталсан Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн бүр энэхүү конвенцийн 1 дүгээр зүйлд заасан албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийг нэн даруй, бүрэн устгах талаар үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

 

3 дугаар зүйл

 

Энэхүү конвенцийг соёрхон баталсан тухай албан ёсны батламж жуух бичгийг Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд бүртгүүлэхээр илгээнэ.

 

4 дүгээр зүйл

 

1.Энэхүү конвенц нь түүнийг соёрхон батласан тухай батламж жуух бичгээ Ерөнхий захиралд бүртгүүлсэн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүний хувьд зөвхөн заавал биелэгдэнэ.

 

2. Хоёр гишүүний соёрхон батласан тухай батламж жуух бичгийг Ерөнхий захирал бүртгэсэн өдрөөс хойш арван хоёр сарын дараа энэхүү конвенц хүчин төгөлдөр болно.

 

3.Түүнээс хойш энэхүү конвенц аливаа гишүүний хувьд соёрхон батласан тухай батламж жуух бичгээ бүртгүүлсэн өдрөөс хойш арван хоёр сарын дараа хүчин төгөлдөр болно.

 

5 дугаар зүйл

 

1. Энэхүү конвенцийг соёрхон баталсан гишүүн энэхүү конвенц анх хүчин төгөлдөр болсноос хойш арван жилийн дараа Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд конвенцийг цуцлах тухай мэдэгдлээ бүртгүүлэхээр илгээж цуцлах эрхтэй. Цуцлалт нь бүртгүүлснээс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.

2.Энэхүү конвенцийг соёрхон баталсан гишүүн бүр дээрх хэсэгт заасан арван жилийн хугацаа дууссаны дараа нэг жилийн дотор энэ зүйлд заасны дагуу цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй бол түүний хувьд конвенц дараагийн арван жилийн хугацаанд заавал биелүүлэх хүчинтэй хэвээр байх бөгөөд түүнээс хойш арван жилийн хугацаа өнгөрөх бүрд энэ зүйлд заасан нөхцлийн дагуу энэхүү конвенцийг цуцалж болно.

 

6 дугаар зүйл

 

1. Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал нь байгууллагын гишүүн энэхүү конвенцийг соёрхон баталсан болон цуцалсныг бүртгэсэн тухайгаа Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүдэд мэдэгдэнэ

 

2. Соёрхон баталсан тухай хоёр дахь батламж жуух бичгийг бүртгэсэн тухай Ерөнхий захирал Байгууллагын гишүүдэд мэдээлэхдээ энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болох хугацааг сануулна.

 

7 дугаар зүйл

 

Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал энэхүү конвенцийг дээрх зүйлд зааснаар соёрхон баталсан болон цуцалсан тухай дэлгэрэнгүй мэдээллийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйлийн дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бүртгүүлэхээр илгээнэ.

 

8 дугаар зүйл

 

Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөл шаардлагатай гэж үзвэл, энэхүү конвенцийн хэрэгжилтийн тухай тайланг Ерөнхий бага хуралд илтгэж, конвенцийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хянаж өөрчлөх тухай асуудлыг Бага хурлын хэлэлцэх хэрэгт оруулах эсэх талаар шалган магадлана.

 

9 дүгээр зүйл

 

1. Бага хурал энэхүү конвенцийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хянаж өөрчилсөн конвенц шинээр батласан тохиолдолд, тухайн конвенцид өөрөөр заагаагүй бол:

 

(a) аль нэг гишүүн хянаж өөрчилсөн конвенцийг соёрхон баталснаар шинэ конвенц хүчин төгөлдөр болбол эсхүл болох үед 5 дугаар зүйлийн заалтыг үл харгалзан энэхүү конвенц ipso jure хүчингүй болно;

 

(b) хянаж өөрчилсөн шинэ конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш энэхүү конвенц нь гишүүд соёрхон батлахад хаалттай болно

 

2.Энэхүү конвенцийг соёрхон батласан боловч хянаж өөрчилсөн шинэ конвенцийг соёрхон батлаагүй гишүүний хувьд энэхүү конвенц нь хэлбэр, агуулгаараа аль ч тохиолдолд хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

 

10 дугаар зүйл

 

Энэхүү конвенцийг англи, франц хэлээр үйлдсэн их бичвэрүүдийн адил хүчинтэй байна.