Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Хэвлэх
1.1.Энэ хуулийн зорилт нь малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, төрөөс тавих хяналт, даатгалын эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр төлөх, малын давхар даатгал, даатгагч болон даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль тогтоомж
Хэвлэх
2.1.Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Компанийн тухай, Статистикийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
Хэвлэх
3.1.Даатгалтай холбогдсон нийтлэг харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
3.2.Малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаатай холбогдсон энэ хуулийн 3.1-д зааснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.3.Малын индексжүүлсэн даатгалд малчин, мал бүхий иргэн, хуулийн этгээд даатгуулж болно.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёо
Хэвлэх
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаа" гэж даатгуулагчид учирсан бодит хохирлоор бус, даатгалын хамрах хугацаанд сумын хэмжээнд гарсан том малын хорогдлын хувь босго үзүүлэлтээс давсан тохиолдолд босго үзүүлэлтээс давсан хувь болон даатгалын үнэлгээнээс тооцож, даатгуулагчид нөхөн төлбөр олгох даатгалын үйл ажиллагаа буюу Даатгалын тухай хуулийн 4.3-т заасан үйл ажиллагааг;
4.1.2."сумын малын хорогдол" гэж жилийн эцсийн болон хагас жилийн мал тооллогын албан ёсны дүн мэдээнд үндэслэн тооцоолсон том малын хорогдлын тоог;
4.1.3."малын хорогдлын босго үзүүлэлт /цаашид "босго үзүүлэлт" гэх/ гэж Засгийн газраас сум бүрт малын төрлөөр ялгавартай тогтоосон том малын хорогдлын хувийг;
4.1.4."том малын хорогдол" гэж тухайн жилийн оны эхнээс хагас жилийн мал тооллого хүртэл хугацаанд зүй бусаар хорогдсон төлөөс бусад насны малын тоог;
4.1.5."малын индексжүүлсэн даатгалын тохиолдол" /цаашид "даатгалын тохиолдол" гэх/ гэж энэ хуулийн 4.1.6-д заасан даатгалын хамрах хугацаанд тухайн сумын малын хорогдол босго үзүүлэлтээс давсан нөхцөл байдал үүсэхийг;
4.1.6."даатгалын хамрах хугацаа" гэж тухайн оны жилийн эцсийн мал тооллогоос дараа оны хагас жилийн мал тооллого хүртэл хугацааг;
4.1.7."малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөр" /цаашид "нөхөн төлбөр" гэх/ гэж даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгуулсан малын төрөл тус бүрт даатгагчаас даатгуулагчид даатгалын гэрээний дагуу олгох мөнгөн хөрөнгийг;
4.1.8."малын индексжүүлсэн даатгалын гэрээ" /цаашид "даатгалын гэрээ" гэх/ гэж даатгагч даатгалын тохиолдол бий болоход энэ хууль болон даатгалын гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр төлөх, даатгуулагч даатгалын хураамж төлөхөөр харилцан тохиролцсон хэлцлийг;
4.1.9."малын давхар даатгалын компани /цаашид "давхар даатгалын компани" гэх/ гэж энэ хуулийн 18.1-д заасан давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэн явуулах, тусгайлсан чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;
4.1.10."Дунд түвшний эрсдэлээс хамгаалах сан" гэж энэ хуулийн 8.1.2-т заасан түвшинд гарсан давхар даатгалын нөхөн төлбөр төлөх зориулалттай санг;
4.1.11."Дээд түвшний эрсдэлээс хамгаалах сан" гэж энэ хуулийн 8.1.3-т заасан түвшинд гарсан нөхөн төлбөр төлөх зориулалттай санг;
4.1.12."Алдагдлаас хамгаалах сан" гэж даатгалын хохирлыг нөхөн төлөхөд зориулсан, энэ хуулийн 4.1.10, 4.1.11-д заасан сангийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд ашиглах зориулалт бүхий санг;
4.1.13."Хамтын эрсдэлийн сан" гэж даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг хамтран хариуцахаар хэд хэдэн даатгагч хамтарч энэ хуулийн дагуу байгуулсан санг;
4.1.14."малын давхар даатгалын гэрээ" /цаашид "давхар даатгалын гэрээ" гэх/ гэж даатгагч даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээ давхар даатгалын компанид хэсэгчлэн шилжүүлэхээр харилцан тохиролцсон хэлцлийг;
4.1.15."олон улсын давхар даатгалын гэрээ" гэж давхар даатгалын компани даатгагчийн өмнө хүлээсэн үүргээ багцлан гадаад улсын давхар даатгалын компанид бүрэн, эсхүл хэсэгчлэн шилжүүлэхээр харилцан тохиролцсон хэлцлийг.
5 дугаар зүйл.Малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанд баримтлах зарчим
Хэвлэх
5.1.Малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1.сайн дурын үндсэн дээр даатгалд хамрагдах;
5.1.2.малыг тухайн мал тоологдсон сумын нутаг дэвсгэрт даатгуулах;
5.1.3.малыг төрлөөр нь даатгуулах;
5.1.4.малын хорогдлын хувийг сумын түвшинд тодорхойлох;
5.1.5.нөхөн төлбөрийг тооцохдоо индекст суурилах.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛ, НӨХӨН ТӨЛБӨР
6 дугаар зүйл.Сумын малын хорогдлыг тогтоох, мэдээлэх
Хэвлэх
6.1.Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн оны хагас жилийн мал тооллогын дүнг үндэслэн сумын малын хорогдлын тоог гаргана.
6.2.Энэ хуулийн 6.1-д заасан тооллогыг тухайн жилийн 6 дугаар сарын эхний хагаст багтаан түүвэр судалгааны аргаар зохион байгуулна.
6.3.Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.1-д заасны дагуу тогтоосон малын хорогдлын тоог өнгөрсөн жилийн эцэст тоологдсон малын тоонд харьцуулан сумын малын хорогдлын хувийг малын төрөл тус бүрээр гаргаж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
6.4.Бүх шатны Засаг дарга Статистикийн тухай хуульд заасан статистикийн мэдээллийн талаарх бүрэн эрхээс гадна энэ хуулийн 6.3-т заасан мэдээллийг даатгуулагчид шуурхай хүргэх арга хэмжээг авна.
7 дугаар зүйл.Босго үзүүлэлтийг тогтоох
Хэвлэх
7.1.Даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор босго үзүүлэлтийг дараах байдлаар Засгийн газар сум бүрээр тогтооно:
7.1.1.даатгуулагчийн эрсдэл хүлээх буюу нэгдүгээр босго үзүүлэлт;
7.1.2.даатгагчийн эрсдэл хүлээх буюу хоёрдугаар босго үзүүлэлт.
7.2.Нэгдүгээр босго үзүүлэлт зургаан хувь, хоёрдугаар босго үзүүлэлт 30 хувь байна.
7.3.Засгийн газар доор дурдсан нөхцөлийг харгалзан гурван жил тутам босго үзүүлэлтийг шинэчлэн тогтооно:
7.3.1.тухайн сумын малын хорогдол;
7.3.2.даатгуулагчийн тоо;
7.3.3.хураамжийн орлогын хэмжээ;
7.3.4.нөхөн төлбөр олголт.
7.4.Засгийн газар босго үзүүлэлтийг шинэчлэн тогтоохдоо нэгдүгээр босго үзүүлэлтийг нэг хувиар, хоёрдугаар босго үзүүлэлтийг тав хүртэл хувиар нэмэгдүүлж, эсхүл бууруулж болно.
8 дугаар зүйл.Даатгалын эрсдэлийн түвшин
Хэвлэх
8.1.Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон босго үзүүлэлтийг үндэслэн эрсдэлийн түвшинг дараах байдлаар ангилна:
8.1.1.нэгдүгээр босго үзүүлэлт хүртэл хувиар мал хорогдсон бол эрсдэлийн бага түвшин;
8.1.2.нэгдүгээр босго үзүүлэлтээс хоёрдугаар босго үзүүлэлт хүртэл хувиар мал хорогдсон бол эрсдэлийн дунд түвшин;
8.1.3.хоёрдугаар босго үзүүлэлтээс дээш хувиар мал хорогдсон бол эрсдэлийн дээд түвшин.
9 дүгээр зүйл.Даатгалын хураамж
Хэвлэх
9.1.Засгийн газраас тогтоосон босго үзүүлэлттэй уялдуулан хураамжийг доор дурдсан этгээд дараах байдлаар хариуцна:
9.1.1.хоёрдугаар босго үзүүлэлт хүртэлх эрсдэлийн дунд түвшин дэх даатгалын хураамжийг даатгуулагч;
9.1.2.хоёрдугаар босго үзүүлэлтээс давсан эрсдэлийн дээд түвшин дэх давхар даатгалын хураамжийг Засгийн газар.
9.2.Энэ хуулийн 9.1-д заасан хураамжтай холбогдох журмыг даатгагчдын саналыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
9.3.Энэ хуулийн 9.1.1-д заасан даатгалын хураамжийн хэмжээг энэ хуулийн 9.2-т заасан журмын дагуу даатгагчид хамтран тогтооно.
10 дугаар зүйл.Даатгалын тохиолдол
Хэвлэх
10.1.Энэ хуулийн 6.3-т заасны дагуу нийтэд мэдээлсэн сумын малын хорогдол Засгийн газраас тогтоосон нэгдүгээр босго үзүүлэлтээс давсан бол даатгалын тохиолдол бий болсон гэж үзнэ.
10.2.Гоц халдварт өвчний улмаас устгасан малын хорогдол даатгалын тохиолдолд үл хамаарна.
11 дүгээр зүйл.Даатгалын эрсдэлийн хуваарилалт
Хэвлэх
11.1.Даатгалын эрсдэлийг доор дурдсан этгээд дараах байдлаар хариуцна:
11.1.1.энэ хуулийн 8.1.1-д заасан түвшинд гарсан эрсдэлийг малчин, мал бүхий иргэн, хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр;
11.1.2.энэ хуулийн 8.1.2-т заасан түвшинд гарсан эрсдэлийг даатгагч хамтын эрсдэлийн санд оруулсан хөрөнгөөр;
11.1.3.энэ хуулийн 11.1.1, 11.1.2-т зааснаас бусад эрсдэлийг давхар даатгалын компани энэ хуулийн 27.1-д заасан сангийн хөрөнгөөр.
12 дугаар зүйл.Нөхөн төлбөр
Хэвлэх
12.1.Даатгагч энэ хуулийн 6.3-т заасан мэдээлэлд үндэслэн даатгалын гэрээнд заасны дагуу даатгуулагчид нөхөн төлбөрийг малын төрөл тус бүрээр тооцон банкаар дамжуулан олгоно.
12.2.Даатгагч нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгохыг хориглоно.
12.3.Энэ хуулийн 6.3-т заасны дагуу мэдээлсэн сумын малын хорогдлын хувь босго үзүүлэлтэд хүрээгүй тохиолдолд даатгуулагчид нөхөн төлбөр олгохгүй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
13 дугаар зүйл.Малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаа эрхлэх
Хэвлэх
13.1.Даатгалын компани /цаашид "даатгагч" гэх/ дараах шаардлагыг хангасан тохиолдолд малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанд оролцоно:
13.1.1.Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд малын индексжүүлсэн даатгалын төрлийг зөвшөөрсөн байх;
13.1.2.энэ хуулийн 18.1-д заасан компанитай давхар даатгалын гэрээ байгуулсан байх.
13.2.Энэ хуулийн 13.1.2-т заасны дагуу давхар даатгалын гэрээ байгуулаагүй даатгагч нь малчин, мал бүхий иргэн, хуулийн этгээдтэй даатгалын гэрээ байгуулахыг хориглоно.
14 дүгээр зүйл.Даатгалын гэрээ
Хэвлэх
14.1.Даатгалын гэрээнд Иргэний хууль болон Даатгалын тухай хуульд зааснаас гадна дараах нөхцөлийг тусгасан байна:
14.1.1.даатгуулсан малын төрөл, түүний хураамжийн хэмжээ;
14.1.2.даатгуулагчийн даатгалд хамруулсан малын үнэлгээ;
14.1.3.нөхөн төлбөр олгох нэгдүгээр босго үзүүлэлт.
15 дугаар зүйл.Даатгуулагчийн эрх, үүрэг
Хэвлэх
15.1.Даатгуулагч дараах эрх эдэлнэ:
15.1.1.малын төрлөө сонгон даатгуулах;
15.1.2.малын төрөл тус бүрт даатгалын үнэлгээг сонгох, даатгалын тохиолдол үүсэхэд нөхөн төлбөрөө тогтоосон хугацаанд бүрэн авах;
15.1.3.даатгалын хураамжийг даатгалын гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх.
15.2.Даатгуулагч даатгуулах малын төрөл, тоогоо үнэн зөв мэдээлэх үүрэгтэй.
16 дугаар зүйл.Даатгагчийн эрх, үүрэг
Хэвлэх
16.1.Даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл авсан даатгагч энэ хуулийн 18.1-д заасан компанитай давхар даатгалын гэрээ байгуулснаар даатгалын үйл ажиллагаанд оролцох эрхтэй болно.
16.2.Даатгагч дараах үүрэг хүлээнэ:
16.2.1.даатгалын үйл ажиллагаанд зөвхөн энэ хуулийн 21.2.6-д заасны дагуу баталсан даатгалын гэрээний загварыг хэрэглэх;
16.2.2.давхар даатгалын хураамжийг хугацаанд нь бүрэн төлөх.
17 дугаар зүйл.Засгийн газрын эрх, үүрэг
Хэвлэх
17.1.Засгийн газар давхар даатгалын компанийн үүсгэн байгуулагч байна.
17.2.Засгийн газар давхар даатгалын компанийг үүсгэн байгуулахад төрөөс оруулах хувь нийлүүлсэн хөрөнгө болон Алдагдлаас хамгаалах санг бүрдүүлнэ.
17.3.Засгийн газар энэ хуулийн 9.1.2-т заасан хураамжийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, давхар даатгалын компаниар дамжуулан олон улсын давхар даатгалд даатгуулна.
17.4.Засгийн газар энэ хуулийн 6.2-т заасны дагуу статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зохион байгуулах хагас жилийн мал тооллогын зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж батлуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ДАВХАР ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
18 дугаар зүйл.Давхар даатгалын компанийн эрх зүйн байдал
Хэвлэх
18.1.Давхар даатгалын компани Даатгалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл авсан малын давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх, тусгайлсан чиг үүрэг бүхий ашгийн төлөө, төрийн болон хувийн өмчийн оролцоотой хувьцаат компани байна.
18.2.Давхар даатгалын компанийн удирдлага үйл ажиллагаандаа бие даасан, олон нийтэд ил тод байх компанийн засаглалын үндсэн зарчмыг баримтална.
18.3.Энэ хуулийн 18.1-д заасан компанийн төрийн өмчийн төлөөллийг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэгжүүлнэ.
18.4.Компанийн тухай хуульд заасны дагуу давхар даатгалын компани нь хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагатай байна.
18.5.Давхар даатгалын компанитай холбогдох энэ хуульд зааснаас бусад харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулна.
19 дүгээр зүйл.Давхар даатгалын компанийн өөрийн хөрөнгө
Хэвлэх
19.1.Давхар даатгалын компанийн өөрийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
19.1.1.давхар даатгалын компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө анх удаа бүрдүүлэхэд улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;
19.1.2.хувьцаа худалдан борлуулсны орлого;
19.1.3.хуримтлагдсан ашиг;
19.1.4.хуульд заасан бусад эх үүсвэр.
19.2.Давхар даатгалын компанийн өөрийн хөрөнгийн доод хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
20 дугаар зүйл.Хувьцаа эзэмшигчдийн хурал
Хэвлэх
20.1.Компанийн тухай хуульд заасны дагуу давхар даатгалын компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна.
20.2.Давхар даатгалын компанийн дүрэмд заасан зарласан хувьцааг гаргах хүртэл санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
21 дүгээр зүйл.Төлөөлөн удирдах зөвлөл
Хэвлэх
21.1.Давхар даатгалын компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд санхүүгийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, даатгуулагч болон даатгагчийн төлөөллийг оруулна.
21.2.Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.2.1.даатгалын бүтээгдэхүүн актуар тооцоолол болон бусад техник судалгааг хийж, зөвлөмж гаргах, аргачлалаар хангах, шаардлагатай бол дүгнэлт гаргах;
21.2.2.давхар даатгалын компанийн стратеги болон үйл ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
21.2.3.энэ хуулийн 27.1-д заасан сангийн хөрөнгийг удирдах, захиран зарцуулах шийдвэр гаргах;
21.2.4.Хамтын эрсдэлийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаарх тайланг жил бүр хэлэлцэж, сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах;
21.2.5.давхар даатгалын хураамжийн орлого, зарлагын талаар гүйцэтгэх захирлын тайланг хэлэлцэх;
21.2.6.даатгалын гэрээний загварыг батлах;
21.2.7.олон улсын давхар даатгагчид давхар даатгуулах эсэх асуудлаар шийдвэр гаргах;
21.2.8.шаардлагатай гэж үзвэл малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаатай холбогдуулан даатгалын компанид хяналт шалгалт хийлгэх хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд тавих;
21.2.9.хууль болон давхар даатгалын компанийн дүрэмд заасан бусад эрх, үүрэг.
21.3.Давхар даатгалын компанийн дүрэмд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх захиралд тавигдах шаардлагыг тусгана.
22 дугаар зүйл.Гүйцэтгэх захирал
Хэвлэх
22.1.Гүйцэтгэх захирал давхар даатгалын компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан бүрэн эрхийн хүрээнд төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу давхар даатгалын компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
22.2.Төлөөлөн удирдах зөвлөл нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, гүйцэтгэх захирлыг томилно.
22.3.Гүйцэтгэх захирал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.3.1.Малын индексжүүлсэн даатгалын талаарх нэгдсэн бүртгэл хөтлөх, тайлагнах;
22.3.2.улирлын санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, бусад мэдээллийг даатгагчаас авч, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, энэ талаарх мэдээллийг төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах;
22.3.3.Хамтын эрсдэлийн санг удирдах;
22.3.4.давхар даатгалын компанийн дүрэмд заасан бусад бүрэн эрх.
23 дугаар зүйл.Дотоод мэдээллийн нууцыг хадгалах
Хэвлэх
23.1.Хуульд өөрөөр заагаагүй бол дараах этгээд албан үүргийнхээ дагуу олж мэдсэн, давхар даатгалын компанийн үйл ажиллагааны талаарх нууцын зэрэглэлтэй баримт, мэдээ, мэдээллийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй:
23.1.1.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн;
23.1.2.энэ хуулийн 18.1-д заасан компанийн болон даатгалын компанийн ажилтан;
23.1.3.даатгалын төлөөлөгч, зуучлагч зэрэг гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа этгээд.
23.2.Давхар даатгалын компанитай байгуулсан гэрээ дуусгавар болсноос хойш таван жил энэ хуулийн 23.1-д заасан баримт, мэдээ, мэдээллийг бусдад задруулахыг хориглоно.
24 дүгээр зүйл.Санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайлан
Хэвлэх
24.1.Давхар даатгалын компанийн санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль-д заасны дагуу гаргаж, санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланд аудит хийлгэнэ.
24.2.Санхүүгийн тайлангийн үнэн зөвийг давхар даатгалын компанийн гүйцэтгэх захирал хариуцна.
24.3.Давхар даатгалын компани энэ хуулийн 24.1-д заасан тухайн жилийн тайлан, аудитын дүгнэлтийг дараа оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, тайланг баталгаажуулна.
24.4.Давхар даатгалын компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд хоёр жил тутамд төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгосон, олон улсын нэр хүнд бүхий байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлтийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон Санхүүгийн зохицуулах хорооны даргад хүргүүлнэ.
24.5.Давхар даатгалын компанийн жилийн тайлан, тайлан тэнцэл, орлого зарлагын тайлан болон аудитын дүгнэлтийг нийтэд мэдээлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН САН
25 дугаар зүйл.Малын индексжүүлсэн даатгалын сангийн төрөл
Хэвлэх
25.1.Малын индексжүүлсэн даатгалын сан дараах төрөлтэй байна:
25.1.1.даатгагчдын Хамтын эрсдэлийн сан;
25.1.2.давхар даатгалын компанийн сан.
26 дугаар зүйл.Хамтын эрсдэлийн сан
Хэвлэх
26.1.Хамтын эрсдэлийн сан нь давхар даатгалын компанийн дэргэд тусдаа бүртгэлтэй, бие даасан данстай байна.
26.2.Хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран батална.
26.3.Хамтын эрсдэлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран жил бүр тогтооно.
26.4.Даатгалын компани татан буугдахад Хамтын эрсдэлийн сангийн өөрт ногдох хэсгийг зөвхөн энэ хуулийн 11.1.2-т заасны дагуу зарцуулах бөгөөд энэ хэмжээгээр даатгагчийн хуваарилагдах хөрөнгөд тооцогдохгүй.
27 дугаар зүйл.Давхар даатгалын компанийн сан
Хэвлэх
27.1.Давхар даатгалын компани дараах бие даасан сантай байна.
27.1.1.энэ хуулийн 4.1.10-т заасан эрсдэлээс хамгаалах сан;
27.1.2.энэ хуулийн 4.1.11-д заасан эрсдэлээс хамгаалах сан;
27.1.3.Алдагдлаас хамгаалах сан.
27.2.Энэ хуулийн 27.1-д заасан санг бүрдүүлэх, байршуулах, зарцуулахтай холбогдсон журмыг Санхүүгийн зохицуулах хороо төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
БУСАД
28 дугаар зүйл.Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих
Хэвлэх
28.1.Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг Санхүүгийн зохицуулах хороо болон бүх шатны Засаг дарга, давхар даатгалын компанийн удирдлага холбогдох хууль тогтоомжид заасан эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ.
29 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
Хэвлэх
29.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
29.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД