- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр
Дугаар 128
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Иргэний нисэхийн тухай хуулийн 6.1.4, "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого"-ын 4.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 175 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр"-т дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:
1/ 1 дэх хэсгийн 1.5.51-1.5.54 дэх заалт:
"1.5.51. "тогтмол илгээгч" гэж аюулгүй байдлын дүрэм, журам, стандартад нийцүүлэн ачаа, шууданг бүх төрлийн агаарын хөлгөөр тээвэрлүүлэхээр илгээж байгаа этгээдийг;
1.5.52. "өндөр эрсдэлтэй ачаа, шуудан" гэж илгээгч этгээд нь тодорхойгүй, эсхүл тэмдэг, тэмдэглэгээ нь хөндөгдсөн, түүнчлэн дараах нөхцөл байдлын аль нэг илэрсэн ачаа, шууданг:
-тагнуулын байгууллагын зүгээс тухайн ачаа, шуудан иргэний нисэхийн үйл ажиллагаанд заналхийлэл учруулж болзошгүй талаар тусгай мэдээлэл ирүүлсэн бол;
-тухайн ачаа, шуудангийн хэвийн бус байдал нь сэжиг төрүүлэхүйц бол;
-агаарын хөлөгт аюул учруулж болзошгүй, хориглосон эд зүйлийг илрүүлэхэд ашигладаг аюулгүй байдлын суурь арга хэрэгслийг ашиглан тухайн ачаа, шууданг шалгах нь хангалтгүй бол.
Ачаа, шууданг илгээж байгаа этгээд тодорхой эсэхээс үл хамааран тагнуулын байгууллага тухайн илгээмжийг өндөр эрсдэлтэй гэж тооцож болно.
1.5.53. "арилжааны агаарын тээвэр" гэж зорчигч, ачаа, тээш, шууданг агаарын хөлгөөр төлбөртэйгээр тээвэрлэх үйл ажиллагааг;
1.5.54. "ерөнхий зориулалтын агаарын тээвэр" гэж арилжааны агаарын тээвэр болон тусгай нислэгийн үйл ажиллагаанаас бусад агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагааг."
2/ 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт:
"2.1. Нисэх буудал болон агаарын хөлөгт аюул учруулж болзошгүй сэжигтэй үйлдлийг таних, тогтоох аргачлалыг боловсруулсан байна."
3/ 4 дэх хэсгийн 4.2.5 дахь заалт:
"4.2.5. үндэсний хөтөлбөрийн хүчинтэй байдлыг баталгаажуулах, нийцлийг тодорхойлох, иргэний нисэхийн аюулгүй байдлын чанарын хяналтын хөтөлбөрийг баталж мөрдүүлэх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах."
4/ 4 дэх хэсгийн 4.6 дахь заалт:
"4.6. Агаарын хөдөлгөөний үйлчилгээний байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.6.1. үндэсний хөтөлбөрийн шаардлагад нийцсэн аюулгүй байдлын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
4.6.2. аюулгүй байдлын албан тушаалтныг томилох;
4.6.3. нисэх буудлын аюулгүй байдлын хороонд гишүүнийг томилон ажиллуулах;
4.6.4. нисэхийн аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийх зориулалт бүхий тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах;
4.6.5. агаарын хөдөлгөөний үйлчилгээний системийг санамсаргүй болон санаатай халдлагаас хамгаалах зорилгоор цахим аюулгүй байдлын журам боловсруулж хэрэгжүүлэх."
5/ 5 дахь хэсгийн 5.12 дахь заалт:
"5.12. Нисэхийн аюулгүй ажиллагаанд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, иргэний нисэхийн зориулалтаар ашигладаг мэдээлэл, харилцаа холбооны технологийн системийг хөндлөнгийн халдлагаас хамгаалах арга хэмжээг авна."
6/ 6 дахь хэсгийн 6.3 дахь заалт:
"6.3. Нисэх буудал нь үндэсний холбогдох байгууллагаас хийсэн эрсдэлийн үнэлгээний дагуу хөндлөнгийн хууль бус үйлдлийн улмаас учирч болзошгүй хор уршгийн үр дагаврыг бууруулахаар нийтийн эзэмшлийн бүсийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг зохион байгуулна."
7/ 6 дахь хэсгийн 6.11 дэх заалт:
"6.11. Нисэх буудал нь Ерөнхий газраас тогтоосон эрсдэлийн үнэлгээг үндэслэн хориотой бүсэд нэвтрэх тээврийн хэрэгсэл, түүн доторх эд зүйлсэд аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийнэ."
8/ 7 дахь хэсгийн 7.3, 7.4 дэх заалт:
"7.3. Агаарын тээвэрлэгч нь арилжааны агаарын тээврийн үйл ажиллагаанд эхлэн оролцох агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийнэ. Үндэсний эрх бүхий байгууллагаас хийсэн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн агаарын хөлөгт үзлэг, эсхүл шалгалт хийнэ.
7.4. Агаарын тээвэрлэгч нь үзлэг, шалгалт хийсэн агаарын хөлгийн аюулгүй байдлыг нислэгт гарах хүртэл хамгаална."
9/ 8 дахь хэсгийн 8.13.2, 8.13.3 дахь заалт:
"8.13.2. нисэн очих улс болон маршрутын дагуу бууж хөөрөх бусад улсын эрх бүхий байгууллагад зэвсэг авч явах зөвшөөрөлтэй талаар мэдэгдэх;
8.13.3. зэвсэг авч яваа талаар нисэн очих улсын нисэх буудалд урьдчилан мэдэгдэх."
10/ 9 дэх хэсгийн 9.13 дахь заалт:
"9.13. Арилжааны агаарын тээвэрлэгч нь зөвхөн тээшний эд зүйлсийг дагалдах болон үл дагалдах гэж тодорхойлон, зохих стандартын дагуу аюулгүй байдлын үзлэгээр оруулж, тухайн нислэгээр тээвэрлэхээр хүлээж авах бөгөөд энэхүү шалгуурыг хангасан бүх тээшийг бүртгэж, тухайн нислэгээр тээвэрлэхийг баталгаажуулна."
11/ 10 дахь хэсгийн 10.5-10.11 дэх заалт:
"10.5. Агаарын тээвэрлэгч нь агаарын хөлгөөр тээвэрлэхээр аюулгүй байдлын үзлэг хийсэн ачаа, шууданг агаарын хөлөг хөөрөх хүртэл хамгаална.
10.6. Өндөр эрсдэлтэй ачаа, шуудантай холбогдох эрсдэлийг бууруулах зорилгоор аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
10.7. Монгол Улсаас хөөрөх агаарын хөлөгт ачаа, шуудан шилжүүлэн ачих бол ачихаас нь өмнө аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийсэн байна.
10.8. Монгол Улсын хилээр нэвтрүүлж, шилжүүлэн ачих ачаа, шууданд аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийснийг баталгаажуулсан байна.
10.9. Зохицуулалттай ачаа зуучлалын байгууллага болон тогтмол илгээгч нь ачаанд аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийх үйл ажиллагаанд оролцох бол тэдгээрт иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зөвшөөрөл олгоно.
10.10. Агаарын тээвэрлэгч нь зохицуулалттай ачаа зуучлалын байгууллага болон Ерөнхий газраас зөвшөөрсөн хуулийн этгээдээс хүлээн авах ачаа, шууданд аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийснийг баталгаажуулж, арилжааны агаарын тээврийн үйл ажиллагаанд ашиглах агаарын хөлгөөр тээвэрлэнэ. Ачаа, шууданг баталгаажуулж чадаагүй тохиолдолд аюулгүй байдлын үзлэг хийнэ.
10.11. Баталгаажуулсан ачаа, шууданд "Аюулгүй байдлыг хангасан" гэдгийг нотолсон цахим болон бичмэл хуудсыг дагалдуулна."
12/ 12 дахь хэсгийн 12.6 дахь заалт:
"12.6. Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай шинэ техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, технологийн судалгаа хийх зорилгоор бусад улстай хамтран ажиллана."
13/ 15 дахь хэсгийн 15.10-15.13 дахь заалт: "15.10. Ерөнхий газар нь нисэхийн аюулгүй байдлын тогтолцооны доголдлыг илрүүлэх, түүнийг засч сайжруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох судалгааг тогтоосон хугацаанд хийнэ.
15.11. Ерөнхий газар нь нисэх буудал, агаарын тээвэрлэгч, агаарын хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, ачаа тээвэр зуучийн болон иргэний нисэхийн аюулгүй байдлын байгууллагын үйл ажиллагаанд хийх аюулгүй байдлын сорилтод ашиглах эд зүйл, хэрэгслийг баталгаажуулж, дотоод сорилтыг улирал тутам хийнэ.
15.12. Хэрэгжүүлж байгаа аюулгүй байдлын арга хэмжээ нь үндэсний хөтөлбөртэй нийцэж байгааг баталгаажуулах хяналтын давтамж нь холбогдох байгууллагаас хийх эрсдэлийн үнэлгээгээр тодорхойлогдоно.
15.13. Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрийн дагуу аюулгүй байдлын зааварлагчийг үнэмлэхжүүлэх тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлнэ."
2. Мөн хөтөлбөрийн 1.5.18-д "Дипломат харилцааны тухай" гэсний дараа "болон 1963 онд батлагдсан Консулын харилцааны тухай" гэж, 1.5.38-д "-үйлчилгээнд гарсан агаарын хөлгийг хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулах буюу үхэлд хүргэх, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд ноцтой хохирол учруулах зорилгоор ашиглах;" гэж, 4.2.2-4.2.4-т "тээвэрлэгч" гэсний дараа "агаарын хөдөлгөөний үйлчилгээний байгууллага" гэж, 4.2.3-т "өөрчлөлтийг" гэсний дараа "тогтмол" гэж, 4.5.2-т "хэрэгжүүлэх" гэсний дараа "болон үндэсний хөтөлбөрийн шаардлагад өөрчлөлт орох бүрт түүнд нийцүүлэн хянах, баталгаажуулах" гэж, 5.1-д "тогтмол" гэсний өмнө "нисэх буудал, агаарын хөдөлгөөний үйлчилгээний байгууллага," гэж, 5.4.10-т "хүсэлтийг" гэсний дараа "тухайн ажилтныг хүлээн авахыг зөвшөөрсөн бүх улсуудтай зөвхөн гэрээ байгуулсны дараа" гэж, 5.10-т "сургалтын" гэсний дараа "болон чанарын хяналтын" гэж, 6.3-т "бүсийг" гэсний дараа "Үндэсний холбогдох байгууллагын гаргасан аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн" гэж, 15.1-д "ажилтныг" гэсний дараа "тусгай журмын дагуу" гэж, 15.4-т "судалгаа" гэсний дараа "болон сорилт" гэж, 15.5-д "байгууллага" гэсний дараа "агаарын хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, зохицуулалттай ачаа зуучлалын байгууллагын" гэж, 15.6-д "агаарын тээвэрлэгч" гэсний дараа "агаарын хөдөлгөөний үйлчилгээний байгууллага" гэж тус тус нэмсүгэй.
3. Мөн хөтөлбөрийн 1.1-д "Нисэхийн аюулгүй байдлын" гэснийг "Нислэгийн аюулгүй ажиллагаа, найдвартай ба үр ашигтай байдлыг хангах" гэж, 1.5.20-д эхний өгүүлбэрийг ""нислэгийн аюулгүй байдлын ажилтан" гэж агаарын тээвэрлэгчийн харьяалах улсын Засгийн газраас эрх олгогдсон болон агаарын хөлгийн бүртгэлтэй улсын Засгийн газраас тухайн агаарын хөлөг ба түүн дотор байгаа хүмүүсийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалахаар томилогдсон этгээдийг ойлгоно" гэж, хоёр дахь өгүүлбэрийн "этгээдийг" гэснийг "этгээд, тухайлбал хувийн бие хамгаалагчийг" гэж, 1.5.41-д ""шилжүүлэн ачих ачаа ба шуудан" гэж тээвэрлэгдэж ирсэн агаарын хөлгөөс өөр агаарын хөлөгт шилжүүлэн ачих ачаа ба шууданг" гэж, 1.5.47-д ""зохицуулалттай ачаа зуучлалын байгууллага" гэж ачаа, шуудантай холбоотой нислэгийн аюулгүй байдлын үүрэг хүлээсэн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн агаарын тээвэрлэгчтэй хамтран үйл ажиллагаа явуулдаг бөгөөд аюулгүй байдлын хяналтыг хангадаг хуулийн этгээд, тээвэр зууч болон бусад байгууллагыг" гэж, 2.1-д "нисэхийн аюулгүй байдлын үүрэг хүлээсэн байгууллага тогтоох" гэснийг "тагнуулын байгууллага тогтоох" гэж, мөн заалтын "тагнуулын байгууллага" гэснийг "нислэгийн аюулгүй байдлын үүрэг хүлээсэн байгууллага" гэж, 4.2.1-д "Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий байгууллагууд болон бусад оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох;" гэж, 6.8-д "Олон улсын нисэх буудал нь зорчигчоос бусад хүмүүс, тэдгээрийн авч яваа эд зүйлсэд хориотой бүсэд нэвтрэхээс өмнө аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийнэ" гэж, 7.9-т "Агаарын тээвэрлэгч нь дамжин өнгөрөх нислэгийн буух зорчигчийн үлдээсэн эд зүйлсийг агаарын хөлөг хөөрөхөөс өмнө буулгах, эсхүл бусад холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" гэж, 8.13.4-т "агаарын хөлгөөр нисэх гэж байгаа зэвсэгтэй зорчигчид нислэгийн маршрутын дагуу хөөрч, буух болон нисэн очих газрын холбогдох дүрэм, журмын талаарх зааварчилгааг түүнийг агаарын хөлөгт суухаас нь өмнө өгсөн байх" гэж, 9.5-д "Арилжааны агаарын тээвэрлэгч нь тээшний эзэн агаарын хөлөгт суугаагүй тохиолдолд тээшинд аюулгүй байдлын үзлэг хийж, тухайн тээшийг үл дагалдах тээшээр тодорхойлох хүртэл тээвэрлэхгүй" гэж, 9.7-д "Зөвхөн сэжиг бүхий тээшинд гараар болон тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх зориулалтын гар багажаар шалгалт хийнэ" гэж, 10.1-д "Арилжааны агаарын хөлөгт ачаа болон шууданг ачихаас өмнө аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийнэ" гэж, 11.1-д "эд зүйлсээр дамжин агаарын хөлөгт хориглосон эд зүйлс нэвтрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна" гэснийг "эд зүйлсийг агаарын хөлөг болон нисэх буудлын хориотой бүсэд нэвтрүүлэхдээ аюулгүй байдлын зохих үзлэг, шалгалт хийснийг баталгаажуулсан байна" гэж, 12.1-д "Нисэхийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд олон улсын зохих стандарт, шаардлагад нийцсэн," гэснийг "Иргэний нисэхийн аюулгүй байдлын зорилгыг хангах олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, техникийн болон санхүүгийн боломжид тулгуурласан" гэж, 15.2-т "мэргэжлийн үнэмлэх авсан байна" гэснийг "тусгай журмын дагуу мэргэжлийн үнэмлэх авч, ажиллана" гэж, 15.3-т "ачаа, тээвэр зуучийн" гэснийг "агаарын хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, зохицуулалттай ачаа, зуучлалын байгууллага" гэж, 15.6-д "сорилтын журмыг боловсруулж, хэрэгжүүлнэ" гэснийг "сорилтод ашиглах зүйлийг баталгаажуулж, дотоод сорилтыг улирал тутам ил аргаар хийнэ" гэж, 2.1-2.4 дэх заалтын дугаарыг "2.2-2.5" гэж, 4.2.5-4.2.10 дахь заалтын дугаарыг "4.2.6-4.2.11" гэж, 4.6-4.12 дахь заалтын дугаарыг "4.7-4.13" гэж, 5.12-5.14 дэх заалтын дугаарыг "5.13-5.15" гэж, 6.3-6.9 дэх заалтын дугаарыг "6.4-6.10" гэж, 6.10 дахь заалтын дугаарыг "6.12" гэж, 6.11-6.19 дэх заалтын дугаарыг "6.13-6.21" гэж, 7.3-7.10 дахь заалтын дугаарыг "7.5-7.12" гэж, 8.13.2-8.13.4 дэх заалтын дугаарыг "8.13.4-8.13.6" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Зам, тээврийн сайд Н.ТӨМӨРХҮҮ
Текст томруулах
A
A
A
