- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 501
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Төсвийн тухай хуулийн 10.1.10, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалт, 22 дугаар зүйл, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.3, 9.1, Улсын Их Хурлын 2015 оны 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсгийн "5. Гаалийн ерөнхий газар, 6. Татварын ерөнхий газар" гэснийг "5. Гааль, татварын ерөнхий газар" гэж, мөн хэсгийн "7. Улсын бүртгэлийн ерөнхий газар" гэснийг "6. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар" гэж, мөн хэсгийн "8-19" гэсэн дугаарыг "7-18" гэж тус тус өөрчилж, мөн хавсралтын "Засгийн газрын тохируулагч агентлаг" гэсэн хэсгийн "2. Төрийн өмчийн хороо" гэснийг хасч, мөн хэсгийн "3-10" гэсэн дугаарыг "2-9" гэж тус тус өөрчилсүгэй.
2. Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаарыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
/Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2016 оны 178, 201-р тогтоолоор тус тус өөрчлөлт орсон./
3. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт орсонтой холбогдуулан Засгийн газрын тохируулагч агентлаг-Төрийн өмчийн хороог татан буулгасугай.
/Энэ тогтоолын 1, 2, 3 дахь заалтыг ЗГ-ын 2016-7-27-ны өдрийн 4-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
4. Төсвөөс санхүүждэг дараах байгууллага, ажлын албыг татан буулгаж, орон тоог цомхотгон, чиг үүргийг нь холбогдох байгууллагад дор дурдсаны дагуу шилжүүлсүгэй:
1 | БНХАУ-ын Тяньжины боомт дахь "Улаанбаатарын төлөөлөгчийн газар" улсын төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгаж, чиг үүргийг нь "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компанид |
2 | Хөдөө аж ахуйн биржийн зохицуулах зөвлөлийн Ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг нь Хүнс, хөдөө аж ахуйн яаманд |
3 | Цэвэр агаарын сангийн Ажлын алба, Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хорооны Ажлын алба, Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны Ажлын алба, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооны Ажлын алба, Химийн хорт болон аюултай бодисын асуудал хариуцсан үндэсний зөвлөлийн Ажлын албыг тус тус татан буулгаж, чиг үүргийг нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд |
5. Үндэсний хөгжлийн хүрээлэнг Стратеги судалгааны хүрээлэнд нэгтгэн өөрчлөн зохион байгуулсугай.
6. "Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл" нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг-Гэр хорооллын хөгжлийн газарт нэгтгэн өөрчлөн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгасугай.
7. "Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" улсын төсөвт үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулсугай.
8. Нийслэлийн дүүргүүд дэх Усан спорт сургалтын төв, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, нийслэлийн 9 дүүрэг дэх Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг үйл ажиллагааныхаа орлогоор өөрийгөө санхүүжүүлэх зарчимд шилжүүлж, зөвхөн төрийн болон орон нутгийн захиалгат үйлчилгээ худалдан авах тохиолдолд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн төсвөөс санхүүжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгасугай.
9. Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвийг 2016 оноос эхлэн үйл ажиллагааныхаа орлогоор өөрийгөө санхүүжүүлэх зарчимд шилжүүлж, зөвхөн төрийн захиалгат үйлчилгээ худалдан авах тохиолдолд шаардагдах хөрөнгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын төсвийн багцаас санхүүжүүлж байхыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 209 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
10. Гааль, татварын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар тус тус өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан эдгээр агентлагийн харьяа орон нутаг дахь салбар нэгжүүдийн бүтэц, орон тоог батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт үүрэг болгосугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2016-7-27-ны өдрийн 4-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
11. Засгийн газрын агентлаг болон төсвийн зарим байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Сангийн сайд Б.Болор, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус тус даалгасугай:
а) өөрчлөн байгуулсан Засгийн газрын агентлаг, байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтэц, холбогдох бусад баримт бичгийг хууль тогтоомжид заасны дагуу 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн дотор шинэчлэн батлах буюу батлуулах;
б) энэ тогтоолын 7-9 дүгээр зүйлд заасны дагуу өөрчлөн зохион байгуулсан байгууллагын бизнес төлөвлөгөө, төсвийг баталж, төрийн захиалгат ажил, үйлчилгээг гэрээ байгуулан санхүүжүүлж гүйцэтгүүлэх, цаашид үйл ажиллагаанд нь хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;
в) татан буугдсан байгууллага, алба, нэгжийн чиг үүргийг шилжүүлэн авсан байгууллага Иргэний хуульд заасны дагуу татан буулгах комисс байгуулж, тухайн байгууллага, алба, нэгжийн албан хэргийг архивт, үндсэн болон бусад эд хөрөнгийг хүлээн авч, бүртгэх ажлыг зохих журмын дагуу хариуцан зохион байгуулах;
г) бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан Засгийн газрын агентлаг, байгууллагын холбогдох албан хаагчдыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа агентлаг, байгууллагад шилжүүлэх;
д) бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн ажилтнуудад батлагдсан төсвийн хүрээнд хуульд заасны дагуу тэтгэлэг, тэтгэмж олгох;
е) төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг Сангийн яам хариуцан зохион байгуулах болсонтой холбогдуулан холбогдох журам, зааврыг шинэчлэн боловсруулж батлуулах;
ж) үндэсний хороо, зөвлөлийн ажлын албадыг татан буулгасантай холбогдуулан холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах талаар санал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх;
з) бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан байгууллагын чиг үүргийг тасралтгүй, хийдэл гаргахгүй зохион байгуулах талаар шуурхай арга хэмжээ авч, удирдлага, арга зүйгээр хангаж ажиллах.
12. Бүтцийн өөрчлөлттэй холбоотой шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах үүрэг бүхий комисс, ажлын хэсгийн үйл ажиллагааны төсөвт тусгагдаагүй нэмэлт зардал, татан буугдсан буюу өөрчлөн байгуулагдсан байгууллагын архив, эд хогшлыг нүүлгэн шилжүүлэхэд гарсан бусад зардлыг улсын төсвийн "бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-т зориулсан эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Болор, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарт даалгасугай.
13. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолын 15 дугаар хавсралтын "Нарийн бичгийн дарга-Ажлын албаны дарга" гэснийг "Нарийн бичгийн дарга–байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн" гэж, мөн тогтоолын 18 дугаар хавсралтын "Нарийн бичгийн дарга-Ажлын албаны дарга" гэснийг "Нарийн бичгийн дарга-байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн" гэж тус тус өөрчилсүгэй.
14. Засгийн газрын 2015 оны 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор нэгтгэн зохион байгуулах хүрээлэн, төвийн жагсаалт"-ын 22 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
22 | Стратеги судалгааны хүрээлэн |
45 | Үндэсний аюулгүй байдлын зөвлөл
| Стратегийн судалгааны хүрээлэн |
Үндэсний хөгжлийн хүрээлэн |
15. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1997 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар тогтоол, "Төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх тухай" Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 94 дүгээр тогтоол, "Төрийн өмчийн хорооны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 139 дүгээр тогтоол, "Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн тухай" Засгийн газрын 2006 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 62 дугаар тогтоол, "Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 313 дугаар тогтоол, "Журам батлах, төлбөрийн хэмжээ тогтоох тухай" Засгийн газрын 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 273 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, "Биржийн зохицуулах зөвлөлийн гишүүдийг томилох, дүрэм, журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 188 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, "Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 46 дугаар тогтоолын 1, 2 дугаар зүйл, "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 190 дүгээр тогтоолын 6 дугаар зүйл, "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, "Төрийн өмчийн хорооны гишүүдийг томилох тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 1 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор нэгтгэн зохион байгуулах хүрээлэн, төвийн жагсаалт"-ын 23 дахь заалт, "Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 55 дугаар тогтоолын 10 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
16. Энэ тогтоолыг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга C.БАЯРЦОГТ
Сангийн сайд Б.БОЛОР
Текст томруулах
A
A
A

