A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ, ОРОН ТООНЫ АЖИЛТАН АЖИЛЛУУЛАХ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ

 

2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/114

Улаанбаатар

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ, ОРОН ТООНЫ АЖИЛТАН АЖИЛЛУУЛАХ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Аж ахуйн нэгж, байгууллагад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах нормативыг дор дурдсанаар баталсугай.

а/Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага 50-иас 100 хүртэл ажилтантай тохиолдолд нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтантай, 100-аас дээш ажилтантай тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэцтэй байна.

б/Ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулна.

в/Төрийн болон төрийн үйлчилгээний төсвийн байгууллага ажилтны тооноос хамаарахгүйгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг аль нэг ажилтанд хавсран хариуцуулна. Хавсран ажиллуулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу үндсэн ажлын цалингийн 40 хүртэлх хувийн нэмэгдэл хөлс олгоно.

г/Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан ажиллуулах орон тоонд хүрээгүй тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг мэргэшсэн байгууллага, ажилтнаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.

д/Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийг /орон тооны бус/ 20-иос дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага бүр байгуулж, ажиллуулна.

2. Аж ахуйн нэгж, байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмыг хавсралтаар баталсугай.

3. Батлагдсан нормативын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, зөвлөл ажиллуулан дүрмийг батлан мөрдөхийг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газар /Б.Алимаа/-т үүрэг болгосугай.

5. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай" Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тушаал, Хөдөлмөрийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/32 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ЧИНЗОРИГ

Улсын бүртгэлийн санд 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 3604 дүгээрт бүртгэв.