A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Ирээдүйн өв сан (цаашид "Сан" гэх)-г байгуулах, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, Сангийн өгөөжийг хуваарилах, Сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах, макро эдийн засгийн тогтвортой, үр ашигтай удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

2 дугаар зүйл. Ирээдүйн өв cангийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Ирээдүйн өв cангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,Үндэсний баялгийн сангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Сантай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.2.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх хуулийн этгээдийн удирдлага, зохион байгуулалттай холбогдсон харилцааг энэ хуулиар, нийтлэг харилцааг бусад хуулиар зохицуулна.

3.3.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийн удирдлага, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."хөрөнгө оруулах хэрэгсэл" гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.6-д заасныг болон энэ хуулиар хориглоогүй хөрөнгө оруулж болох бусад хэлбэрийг;

4.1.2."Сангийн хөрөнгө" гэж Сангийн эзэмшил, өмчлөлд байгаа эдийн болон эдийн бус бүх хөрөнгийг;

4.1.3."Сангийн хөрөнгийн удирдлага" гэж Сангийн хөрөнгийг хөрөнгө оруулах хэрэгсэлд байршуулах, тэдгээрийг арилжаалах үйл ажиллагааг;

4.1.4."зөвлөх баг" гэж энэ хуулийн 16.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэх орон тооны бус этгээдийг;

4.1.5.“Сангийн хөрөнгийн удирдлагын мандат” /цаашид “мандат” гэх/ гэж энэ хуульд заасан шаардлагын дагуу Ерөнхий сайдаас баталсан Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх олгосон бодлогын баримт бичгийг;

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.6."Ирээдүйн өв сан корпораци" /цаашид "Корпораци" гэх/ гэж Сангийн хөрөнгийн удирдлагыг мандатаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийг;

4.1.7."төлөөлөн удирдах зөвлөл" /цаашид "удирдах зөвлөл" гэх/ гэж Корпорацийн эрх барих дээд байгууллагыг;

4.1.8."хөрөнгө оруулалтын стратеги" гэж мандатын хэрэгжилтийг хангах зорилгоор удирдах зөвлөлөөс баталсан Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд баримтлах стратегийн баримт бичгийг;

4.1.9."Сангийн хөрөнгө оруулалтын орлого" гэж Сангийн хөрөнгийн удирдлагын үр дүнд бий болсон хүү, ногдол ашиг, түрээсийн орлого, хөрөнгө оруулсан хэрэгслийг борлуулсны ашиг зэрэг Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааны санхүүгийн үр дүнг;

4.1.10."Сангийн хөрөнгө оруулалтын цэвэр орлого" гэж Сангийн хөрөнгө оруулалтын орлогоос энэ хуулийн 4.1.3-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хасч тооцсоныг;

4.1.11."ашиг сонирхлын зөрчил" гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3-т заасныг;

4.1.12."ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11-д заасныг;

4.1.13."хөрөнгө оруулалтын менежментийн компани" гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.33-т заасан этгээдийг;

4.1.14."санхүүгийн үүсмэл хэрэгсэл" гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.7-д заасныг;

4.1.15."суурь жил" гэж 2017 оныг.

/Энэ заалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5 дугаар зүйл. Сангийн хөрөнгийг удирдахад баримтлах зарчим

Хэвлэх

5.1.Сангийн хөрөнгийг удирдахад дараахь зарчмыг баримтална:

5.1.1.хараат бус байх;

5.1.2.ил тод байх;

5.1.3.Сангийн хөрөнгийг зохистой удирдах;

5.1.4.Сангийн хөрөнгийг үр ашигтай удирдах;

5.1.5.хариуцлагатай байх.

6 дугаар зүйл. Сангийн хөрөнгийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх

Хэвлэх

6.1.Энэ хуулийн 5.1.1-д заасан хараат бус байх зарчмыг дараахь байдлаар хэрэгжүүлнэ:

6.1.1.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, албан тушаалтнаас нөлөөлөхгүй, зааварчилгаа өгөхгүй байх;

6.1.2.энэ хуульд зааснаар сонгон шалгаруулах, томилох, гэрээ байгуулах ажиллагааг зохион байгуулахад төрийн байгууллага, албан тушаалтнаас аливаа хэлбэрээр нөлөөлөхгүй байх;

6.1.3.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, энэ хуульд зааснаар шалгаруулах, томилох, гэрээ байгуулах ажиллагааг хэрэгжүүлэхэд бусдын нөлөөнд автахгүй, хараат бус, бие даасан байх;

6.1.4.зөвлөх баг, Удирдах зөвлөл, нэр дэвшүүлэх хороо, хяналтын зөвлөлийн гишүүд, Сангийн үйл ажиллагаанд оролцогч этгээд, Корпорацийн эрх бүхий албан тушаалтан, гүйцэтгэх удирдлага, ажилтан ашиг сонирхлын зөрчилтэй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсч болох шийдвэр гаргахгүй, үйл ажиллагаа явуулахгүй байх;

6.1.5.энэ хуульд заасан Корпорацийн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, хяналтын зөвлөлийг өрсөлдөхүйц цалин хөлсөөр хангах.

6.2.Энэ хуулийн 5.1.2-т заасан ил тод байх зарчмыг дараахь байдлаар хэрэгжүүлнэ:

6.2.1.Сангийн хөрөнгийн удирдлагын талаар үнэн зөв мэдээллийг олон нийтэд энэ хуульд заасан журмын дагуу ойлгомжтой, хүртээмжтэй мэдээлж байх;

6.2.2.энэ хуульд олон нийтэд мэдээлэхээр заасан мэдээллийг тогтоосон хугацаанд мэдээлэх.

6.3.Энэ хуулийн 5.1.3-т заасан Сангийн хөрөнгийг зохистой удирдах зарчмыг дараахь байдлаар хэрэгжүүлнэ:

6.3.1.Сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хадгалах, түүнийг арвижуулах;

6.3.2.болзошгүй алдагдлыг хамгийн бага байлгах, илүүдэл эрсдэл хүлээхгүй байхаар өгөөжийн зорилтот түвшинг зохистой тодорхойлох;

6.3.3.өгөөжийг мандатад заасан түвшинээс багагүй байлгах хөрөнгө оруулалтын багцыг оновчтой тодорхойлох;

6.3.4.хөрөнгө оруулалтын багцыг төрөлжүүлэхдээ эрсдэл-өгөөжийн нөхцөлийг сайжруулах чиглэл баримтлах;

6.3.5.хөрөнгө оруулах стратеги, эрсдэлийн түвшин болон хөрөнгө оруулалтын багцыг зах зээлийн хувьсал, эрсдэл-өгөөжийн зорилтын өөрчлөлтөд нийцүүлэн байнга хянан тохируулах;

6.3.6.хөрөнгө оруулах шийдвэр нь тооцоо, судалгаанд суурилсан үндэслэлтэй байх;

6.3.7.эдийн засаг, улс төр, нийгмийн тогтвортой орчин бүхий зах зээл, улсад хөрөнгө оруулах;

6.3.8.эрсдэлийг хэт төвлөрүүлэхгүй байх, хөрвөх чадварын зохистой удирдлагыг хэрэгжүүлэх;

6.3.9.эрсдэлийг зохистой удирдах бүтэц, арга, хэрэгсэлтэй байх;

6.3.10.энэ хуульд зааснаас бусад тохиолдолд Корпорацийн хүлээсэн төлбөрийн үүргийг Сангийн хөрөнгөөр хүлээхгүй байх;

6.3.11.олон улсын үндэсний баялгийн сангуудын баримталдаг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг баримтлах.

6.4.Энэ хуулийн 5.1.4-т заасан Сангийн хөрөнгийг үр ашигтай удирдах зарчмыг дараахь байдлаар хэрэгжүүлнэ:

6.4.1.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ мандатад заасан өгөөжийн зорилтот түвшинг хангаж ажиллах;

6.4.2.Сангийн хөрөнгийг урт хугацаанд өгөөжтэй байхаар байршуулах.

6.5.Энэ хуулийн 5.1.5-д заасан хариуцлагатай байх зарчмыг дараахь байдлаар хэрэгжүүлнэ:

6.5.1.мандат, хөрөнгө оруулалтын стратегийг чанд мөрдөж ажиллах;

6.5.2.Сангийн хөрөнгийг Корпорацийн хөрөнгөөс тусгаарласан байх;

6.5.3.Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн байх;

6.5.4.энэ хууль болон бусад хуульд заасан тайлан, дүгнэлт, шийдвэр, зөвлөмжийг хуульд заасан хугацаанд гаргах;

6.5.5.хөрөнгө оруулалт хийж болохгүй хуулийн этгээдэд хөрөнгө оруулахгүй байх;

6.5.6.Сангийн нэр хүндэд харш аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх;

6.5.7.Сангийн хөрөнгийг улс төрийн үйл ажиллагаа явуулах болон санхүүжүүлэхэд ашиглахгүй байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

САНГИЙН ЭХ ҮҮСВЭР, ЗАРЦУУЛАЛТ

7 дугаар зүйл. Сангийн эх үүсвэр

Хэвлэх

7.1.Сан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1-д заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

/Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.2.Монгол Улсын Их Хурал тухайн жилд энэ хуулийн 7.1-д заасан Санд төвлөрүүлэх хөрөнгийг Ирээдүйн өв сангийн тухайн жилийн төсвийн тухай хуульд тусгаж батална.

/Энэ хэсэгт "жил бүрийн улсын төсөвт тусгаж" гэснийг "Ирээдүйн өв сангийн тухайн жилийн төсвийн тухай хуульд тусгаж" гэж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./

/Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.3.Энэ хуулийн 7.1-д заасан эх үүсвэрийг тооцож Санд төвлөрүүлэх аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.4.Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д заасан үүсмэл ордоос олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 7.1.4-т заасан орлогын эх үүсвэрт хамааруулахгүй.

/Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл. Сангийн эх үүсвэрийг төвлөрүүлэх

Хэвлэх

8.1.Сангийн эх үүсвэрийг холбогдох журмын дагуу хуваарилалт хийснээс хойш ажлын 5 өдрийн дотор Монголбанкан дахь Сангийн дансанд шилжүүлнэ.

/Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.2.Сангийн эх үүсвэрийг энэ хуульд зааснаас өөр зорилгоор ашиглах, захиран зарцуулахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.3.Сангийн данснаас санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Сангийн орлогын эх үүсвэрийн тухайн жилийн гүйцэтгэлээс энэ хуулийн 91.1-д заасан хөрөнгийг мөнгөн хуримтлал үүсгэх зорилгоор Төрийн санд, үлдэх хэсгийг Ирээдүйн өв сангийн Монголбанкин дахь дансанд тус тус шилжүүлнэ

/Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./

/Энэ хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.4.Улсын төсөв, Сан, Корпораци, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компани хооронд Сангийн хөрөнгө шилжүүлэх журам, дансны зааврыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

8.5.Энэ хуулийн 8.1-д заасан Сангийн данснаас Ерөнхий сайд ажлын таван өдрийн дотор Корпорацийн Монголбанкин дахь дансанд Сангийн эх үүсвэрийг шилжүүлнэ.

/Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

9 дүгээр зүйл. Сангийн хөрөнгийн удирдлагын зардлыг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтын цэвэр орлогоос улсын төсөвт хуваарилах

Хэвлэх

9.1.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой Корпорацийн зардал, энэ хуульд заасан хөндлөнгийн аудитын зардлыг Сангийн хөрөнгөөс санхүүжүүлнэ.

9.2.Нэр дэвшүүлэх хороо, хяналтын зөвлөл, зөвлөх багийн үйл ажиллагаа, гишүүний сонгон шалгаруулалт, тэдгээрийн цалин, хөлс, урамшууллын зардлыг Ерөнхий сайдын төсвийн багцад тусган улсын төсвөөс санхүүжүүлнэ.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.3.Энэ хуулийн 9.1-д заасан зардлын тухайн жилд зарцуулах дээд хэмжээг Корпорацийн удирдаж байгаа Сангийн хөрөнгийн хэмжээ, олон улсын жишигт нийцүүлэн өмнөх жилүүдийн дундажийг үндэслэн Корпорацийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр удирдах зөвлөлтэй тохиролцсоны үндсэн дээр Ерөнхий сайд батална.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.4.Энэ хуулийн 9.3-т заасан дээд хэмжээг Корпорацийн урсгал зардлын хувьд өмнөх жилийн гүйцэтгэлээс бууруулахгүй байна.

9.5.Сангийн эх үүсвэр, хөрөнгөөс 2030 он хүртэл энэ хуулийн 9.1, 91 дүгээр зүйлд зааснаас бусад хэлбэрээр зарцуулахыг хориглоно.

/Энэ хэсэгт “энэ хуулийн 9.1-д” гэснийг “энэ хуулийн 9.1, 91 дүгээр зүйлд” гэж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./

9.6. 2030 оноос эхлэн Сангийн хөрөнгө оруулалтын цэвэр орлогын 10 хувийг улсын төсөвт шилжүүлнэ.

91 дүгээр зүйл.Хүүхдийн мөнгөн хуримтлал

/Энэ зүйлийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./

Хэвлэх

91.1.2022 оны төсвийн жилд Монгол Улсын 0-18 хүртэлх насны иргэн бүрд мөнгөн хуримтлал үүсгэх зорилгоор шаардагдах хөрөнгийг Сангийн тухайн жилийн эх үүсвэрээс олгоно.

/Энэ хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

91.2.Энэ хуулийн 91.1-д заасан шаардагдах хөрөнгийн хэмжээг Ирээдүйн өв сангийн тухайн жилийн төсвийн тухай хуулиар батална.

91.3.Ирээдүйн өв сангийн батлагдсан төсвийн дагуу хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгохтой холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.

91.4.Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж, энэ хуулийн 91.1-д заасан мөнгөн хуримтлалыг 100 хувь мөнгөн хэлбэрээр авах эрхтэй.

/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./

ГУРАВДУГААР БҮЛЭГ

САНГИЙН ХӨРӨНГИЙН УДИРДЛАГА

10 дугаар зүйл. Мандат

Хэвлэх

10.1.Сангийн хөрөнгийн удирдлагыг мандатад заасны дагуу хэрэгжүүлнэ.

10.2.Мандатад дараахь зүйлийг тусгана:

10.2.1.өгөөжийн зорилтот түвшин;

10.2.2.хөрөнгө оруулалтын хугацааны далайц;

10.2.3.урт хугацааны хөрөнгө оруулалтын зорилтод нийцүүлэн хүлээх эрсдэл;

10.2.4.энэ хуулийн 10.2.2-т заасан хугацаанд хамаарах хөрөнгө оруулах хэрэгслийн төрөл;

10.2.5.энэ хуулийн 10.2.4-т заасан хөрөнгө оруулах хэрэгслийн төрөл тус бүрд байршуулах хөрөнгийн хувь хэмжээний дээд хязгаар;

10.2.6.хөрөнгө оруулах орчин, валютын төрөл;

10.2.7.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд удирдлага болгох жишиг багцад тавих шаардлага;

10.2.8.олон улсын жишигт нийцсэн бусад зүйл.

10.3.Мандатаар нэгж хөрөнгө оруулах хэрэгсэл, хуулийн этгээд, эдийн засгийн үйл ажиллагааг нэр зааж хөрөнгө оруулалт хийхэд шууд болон шууд бусаар зааварчилгаа өгөхийг хориглоно.

10.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мандатын төслийг боловсруулж, түүнийг Ерөнхий сайд батлахаас 30-аас доошгүй хоногийн өмнө Корпорацийн удирдах зөвлөлөөс санал авна.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.5.Мандатыг Ерөнхий сайд баталж, хяналтын зөвлөлөөр дамжуулан хэрэгжилтэд хяналт тавина.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.6.Сангийн бодит үнэ цэнэ, Сангийн хөрөнгийн удирдлагын үр дүнд бий болох орлогыг тооцох аргачлалыг Ерөнхий сайд батална.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.7.Энэ хуулийн 10.6-д заасан аргачлалыг Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааны үр дүнг тооцох, үнэлэх, мандатын хэрэгжилтэд хяналт тавихад ашиглана.

10.8.Удирдах зөвлөл мандатыг хэрэгжүүлэх талаар хуульд заасан арга хэмжээг авч Ерөнхий сайдад тайлагнана.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.9.Мандат зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн тухай бүр удирдах зөвлөл нь түүний тайлбар, авах арга хэмжээний саналыг тусган Ерөнхий сайдад нэн даруй бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

10.10.Ерөнхий сайд мэдэгдлийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор удирдах зөвлөлд мандат зөрчигдсөн нөхцөл, байдлыг шийдвэрлэх арга хэмжээний чиглэл өгч, биелэлтийг хангуулна.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11 дүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын стратеги

Хэвлэх

11.1.Удирдах зөвлөл хөрөнгө оруулалтын стратеги, түүнд оруулах өөрчлөлтийг мандат батлагдсан, түүнд өөрчлөлт оруулсан өдрөөс хойш Ерөнхий сайдтай байгуулсан гэрээнд заасан хугацааны дотор мандатад нийцүүлж батална.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.2.Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд мандатад нийцүүлэн удирдах зөвлөл хөрөнгө оруулалтын стратегид өөрчлөлт оруулах, шинэчлэн батлах эрхтэй.

11.3.Хөрөнгө оруулалтын стратегийг шинэчлэн баталсан, өөрчлөлт оруулсан тухай бүр удирдах зөвлөл нэн даруй Ерөнхий сайдад хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.4.Хөрөнгө оруулалтын стратегийн хэрэгжилтийг сар бүр удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн, дүгнэлт гаргана.

11.5.Удирдах зөвлөл хөрөнгө оруулалтын стратегийн хэрэгжилтэд байнгын хяналт тавих үүрэгтэй.

11.6.Удирдах зөвлөл Сангийн жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг гаргаснаас хойш 25 хоногийн дотор хөрөнгө оруулалтын стратегийн хэрэгжилтийн жилийн тайлан, дүгнэлт гаргана.

12 дугаар зүйл. Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд тавих шаардлага

Хэвлэх

12.1.Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд дараахь шаардлага тавигдана:

12.1.1.энэ хуулийн 12.3-т зааснаас бусад тохиолдолд зээл авахгүй байх;

12.1.2.энэ хуулийн 12.3-т зааснаас бусад тохиолдолд Сангийн хөрөнгийг барьцаалах, зээл олгох, зээлийн баталгаа, батлан даалт гаргах болон бусад аливаа хэлбэрээр бусдын үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээ, хэлцэл байгуулахгүй байх;

12.1.3.санхүүгийн хөшүүрэг оролцсон аливаа төрлийн гэрээ, хэлцэл хийхгүй байх;

12.1.4.санхүүгийн үүсмэл хэрэгслийг зөвхөн хөрөнгө оруулалтын эрсдэлийг хаах, бууруулах зорилгоор ашиглах;

12.1.5.Сангийн хөрөнгийг зөвхөн олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан гадаад улсын нутаг дэвсгэрт арилжаалагдаж байгаа хөрөнгө оруулах хэрэгсэлд байршуулах;

12.1.6.нэгж санхүүгийн хэрэгсэлд байршуулсан хөрөнгийн хувь, хэмжээг хөрөнгө оруулж байгаа этгээдийн хяналтын багцын хувь, хэмжээнд хүргэхгүй байх;

12.1.7.татан төвлөрүүлсэн хөрөнгө нь Монгол Улсад шууд орох, Монгол Улсын төлбөрийн тэнцэлийн орох урсгалд бүртгэгдэх хөрөнгө оруулах хэрэгсэл болон бусад Монгол Улсад бүртгэлтэй хөрөнгө оруулах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахгүй байх.

12.2.Сангийн хөрөнгөөс дараахь хэлбэрээр хөрөнгө оруулахыг хориглоно:

12.2.1.цэрэг, зэвсэг, хар тамхи, мансууруулах бодис, тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, тэдгээрийн худалдаа, хуулиар хориглосон бусад үйл ажиллагаанд;

12.2.2.эрх бүхий этгээдэд бүртгүүлээгүй үнэт цаасанд;

12.2.3.авто зам, төмөр зам, нисэх буудал болон Хот байгуулалтын тухай хуулийн 3.1.10-т заасан инженерийн дэд бүтцэд хамаарах үл хөдлөх эд хөрөнгөд.

12.3.Хөрөнгө оруулах шийдвэрийг гаргах үед зээл авах нөхцөл, шаардлага үүсээгүй, зөвхөн Сангаас хөрөнгө оруулахаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, тухайн хэрэгсэлд хөрөнгө оруулах төлбөр тооцоог гүйцэтгэхэд дутагдаж байгаа богино хугацааны эх үүсвэрийн дутагдлыг бүрдүүлэх зорилгоор зээл авч болно.

12.4.Энэ хуулийн 12.3-т заасны дагуу зээл авахад дараахь нөхцөлийг нэгэн зэрэг хангасан байна:

12.4.1.зээлийн хугацаа долоо хоног хүртэл байх;

12.4.2.зээлийн хэмжээ нь Сангийн мөнгөн хөрөнгө, зээл төлөгдөх хугацааны дотор орохоор хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалтын мөнгөн орлогоор баталгаажсан, түүнээс хэтрээгүй байх;

12.4.3.Сангийн зээлийн нийт үлдэгдэл нь Сангийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээний таван хувиас хэтрэхгүй байх.

12.5.Энэ хуулийн 12.3-т заасан зээл авах шийдвэрийг хөрөнгө оруулалтын хороо, эсхүл түүний эрх олгосон хэмжээнд гүйцэтгэх удирдлага гаргана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

САНГИЙН ЗАСАГЛАЛ

13 дугаар зүйл. Ирээдүйн өв сан

Хэвлэх

13.1.Сан Монгол Улсын нийт ард түмний өмч байна.

13.2.Сан нь Засгийн газрын тусгай сан бөгөөд орлого, эх үүсвэр, хуримтлалын хувьд нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

/Энэ хэсэгт “улсын” гэснийг “нэгдсэн” гэж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./

13.3.Сангийн хөрөнгийн удирдлагыг энэ хуулийн дагуу байгуулагдах Корпораци хэрэгжүүлнэ.

13.4.Энэ хуулийн 13.3-т заасан хуулийн этгээдийн өмчлөлийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлнэ.

13.5.Сангийн хөрөнгийн удирдлагын бодлого тодорхойлох, түүний хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Ерөнхий сайд хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.6.Сан, төсөв хоорондын харилцаанд Монгол Улсын Ерөнхий аудитор хяналт тавина.

14 дүгээр зүйл.Сантай холбоотой Ерөнхий сайдын бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

14.1.Ерөнхий сайд Сантай холбоотой дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.1.1.мандатыг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох;

14.1.2.удирдах зөвлөлөөс стратегийн баримт бичгийг батлах, түүнд өөрчлөлт оруулах тухай бүрд шаардлагатай гэж үзвэл уг баримт бичиг мандатад нийцэж байгаа эсэхэд аудит хийлгэх;

14.1.3.мандатын хэрэгжилтийн байдалд дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах;

14.1.4.мандатын хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэсэн тохиолдолд Корпорацийн үйл ажиллагаанд аудит хийлгэх;

14.1.5.удирдах зөвлөлийн гишүүнтэй гэрээ байгуулах, цалин хөлсний хэмжээг тогтоох;

14.1.6.зөвлөх багийн гишүүдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах;

14.1.7.хяналтын зөвлөлтэй гэрээ байгуулах;

14.1.8.удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох ажлыг зохион байгуулах;

14.1.9.Сангийн тайланг хүлээн авах, хянах;

14.1.10.хуульд заасан бусад эрх.

15 дугаар зүйл. Хяналтын зөвлөл

Хэвлэх

15.1.Ерөнхий сайд удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий хяналтын зөвлөлийг ажиллуулна.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.2.Хяналтын зөвлөл орон тооны бус таван гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

15.3.Хяналтын зөвлөлийн гишүүн дараахь шаардлагыг хангасан байна:

15.3.1.эдийн засаг, санхүү, үнэт цаасны аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх;

15.3.2.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа хэтэрсэн өргүй байх;

15.3.3.хувь хүний ёс зүй болон нэр хүнд нь Сангийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;

15.3.4.сүүлийн хоёр жилийн хугацаанд Корпорацийн ажилтнаар ажиллаагүй, Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд оролцоогүй байх;

15.3.5.Монгол Улсын иргэн байх;

15.3.6.ял шийтгэлгүй байх.

15.4.Хяналтын зөвлөлийн гишүүнд дараахь этгээдийг нэр дэвшүүлэхгүй:

15.4.1.улс төрийн албан тушаалтан;

15.4.2.намын гишүүн;

15.4.3.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч хуулийн этгээдэд сүүлийн хоёр жилийн хугацаанд ажиллаж байсан, эсхүл ажиллаж байгаа этгээд;

15.4.4.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч хуулийн этгээдийн хувьцааны хяналтын багц эзэмшигч.

15.5.Хяналтын зөвлөлийн гишүүнд дараахь журмаар сонгогдсон байгууллага тус бүрээс нийт гишүүн, эсхүл нийт ажилтны олонхийн санал авсан гурав хүртэлх хүний нэрийг дэвшүүлнэ:

15.5.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгосон санхүү, эдийн засгийн чиглэлийн, эсхүл санхүү, эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний гурав хүртэлх байгууллагаас их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, багш 10-аас дээш жилийн ажлын туршлагатай хүнийг;

15.5.2.Монгол Улсын Их Хурлын даргын сонгосон санхүү, эдийн засгийн судалгаа, шинжилгээний туршлагатай, нийгэмд үйлчлэх гурав хүртэлх төрийн бус байгууллагаас;

15.5.3.Ерөнхий сайдын сонгосон дараахь мэргэжлийн тав хүртэлх байгууллагаас:

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.5.3.а.банкны болон банкны мэргэжилтнүүдийн холбоо;

15.5.3.б.үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагын болон мэргэжилтнүүдийн холбоо;

15.5.3.в.санхүү, нягтлан бодох, аудит, хөрөнгийн үнэлгээ, даатгалын мэргэжлийн байгууллагын болон мэргэжилтнүүдийн холбоо, хуульчдын холбоо.

15.6.Энэ хуулийн 15.5-д заасан журмаар нэр дэвшүүлсэн этгээдээс Ерөнхий сайд таван хүнийг хяналтын зөвлөлийн гишүүнээр шууд сонгоно.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.7.Энэ хуулийн 15.6-д заасны дагуу хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгохдоо Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын сонгосон аль нэг байгууллагаас нэг төлөөллийг заавал хамруулах бөгөөд нэг байгууллагаас давхардуулан сонгохгүй.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.8.Ерөнхий сайд шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан нэр дэвшүүлэх хороогоор дамжуулан хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож болно.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.9.Ерөнхий сайд хяналтын зөвлөлийн гишүүдтэй таван жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллана.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.10.Хяналтын зөвлөлийн гишүүнтэй байгуулсан гэрээг дараахь үндэслэлээр дуусгавар болгоно:

15.10.1.энэ хуулийн 15.3-т заасан шаардлагыг хангахгүй болсон, энэ хуулийн 15.4-т заасан үндэслэл бий болсон;

15.10.2.эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг дуусгавар болгох хүсэлтийг өөрөө гаргасан;

15.10.3.гэмт хэрэгт холбогдож гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон;

15.10.4.гэрээний хугацаа дуусгавар болсон;

15.10.5.Сангийн эрх ашигт харш үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон;

15.10.6.ашиг сонирхлын зөрчил үүссэн;

15.10.7.хуульд заасан бусад үндэслэл.

15.11.Хяналтын зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

15.11.1.мандат болон хөрөнгө оруулалтын стратегийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, дүгнэлт, зөвлөмж гаргах;

15.11.2.хөрөнгө оруулалтын стратеги болон бусад баримт бичиг мандатад нийцэж байгаа эсэхэд зөвлөх багийн санал, зөвлөмж авч, дүгнэлт гаргах;

15.11.3.энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан хөрөнгийн удирдлагын зарчмын хэрэгжилт, энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан хөрөнгийн удирдлагад тавих шаардлагын биелэлтэд хяналт тавих;

15.11.4.энэ хуулийн 12.1, 12.2 дахь заалтыг зөрчсөн, зөрчих нөхцөл бий болсон тохиолдолд Ерөнхий сайд болон удирдах зөвлөлд нэн даруй мэдэгдэж холбогдох арга хэмжээг авахуулах;

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.11.5.удирдах зөвлөлийн дотоод хяналтын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын стратегийн хэрэгжилт болон Корпораци тайлангаа Ерөнхий сайд, олон нийтэд тайлагнаж, мэдээлж байгаа байдалд хяналт тавих;

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.11.6.Сангийн хөрөнгө оруулах шалгуурт үл нийцэх, хөрөнгө оруулалт хийж болохгүй хуулийн этгээдийн талаарх санал, зөвлөмж гаргаж Ерөнхий сайдад танилцуулж, шийдвэрлүүлэх;

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.11.7.Корпорацийн дотоод хяналтын газар, аудитын хороо, Аудитор болон Корпорацийн санхүүгийн тайланд аудит хийсэн байгууллагын аудитортой харилцах, санал солилцох;

15.11.8.шаардлагатай тохиолдолд удирдах зөвлөл, Корпорацийн үйл ажиллагаанд аудит хийлгэх саналыг Ерөнхий сайдад гаргах.

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.12.Хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах, хяналтын зөвлөлийн ажиллах журмыг Ерөнхий сайд батална.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16 дугаар зүйл. Зөвлөх баг

Хэвлэх

16.1.Ерөнхий сайдын дэргэд орон тооны бус гурван гишүүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг /цаашид "зөвлөх баг” гэх/ ажиллана.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.2.Зөвлөх баг дараахь чиг үүрэгтэй байна:

16.2.1.мандатыг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шийдвэр гаргахад Ерөнхий сайдад зөвлөх;

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.2.2.Сангийн улирал, бүтэн жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг үндэслэн мандатын хэрэгжилт болон цаашид авах арга хэмжээний талаарх дүгнэлт, зөвлөмж гаргаж Ерөнхий сайдад хүргүүлэх;

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.2.3.Ерөнхий сайдын шаардлагатай гэж үзсэн Сангийн хөрөнгө оруулалттай холбоотой бусад судалгаа, шинжилгээ хийх.  

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.3.Зөвлөх багийн гишүүдийг сонгон шалгаруулах, зөвлөх багийн ажиллах журмыг Ерөнхий сайд батална.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.4.Зөвлөх багийн гишүүн дараахь шалгуурыг хангасан байна:

16.4.1.олон улсын санхүүгийн зах зээлд 15-аас дээш жил удирдах албан тушаалд ажилласан, хөрөнгө оруулах шийдвэр гаргахад оролцсон туршлагатай байх;

16.4.2.хувь хүний ёс зүй болон нэр хүнд нь Сангийн нэр хүнд, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;

16.4.3.Ерөнхий сайдаас тогтоосон бусад шаардлага.

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17 дугаар зүйл. Сантай холбоотой санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг

Хэвлэх

17.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сангийн удирдлагатай холбоотой дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ:

17.1.1.мандатын төслийг боловсруулах;

17.1.2.Ерөнхий сайдыг чиг үүргээ гүйцэтгэхэд нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.3.Ерөнхий сайд, зөвлөх баг, хяналтын зөвлөл, Корпораци хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах;

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.4.зөвлөх багийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;

17.1.5.Ерөнхий сайдын тогтоосон бусад чиг үүрэг.

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ТАВДУГААР БҮЛЭГ

КОРПОРАЦИ, ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

18 дугаар зүйл. Корпораци

Хэвлэх

18.1.Корпорацийг үүсгэн байгуулах, татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргаж, Улсын Их Хуралд танилцуулна.

18.2.Корпораци хөрөнгө оруулах шийдвэрийг мандат, хөрөнгө оруулалтын стратегийн хүрээнд, бусад байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар, бие даан гаргана.

18.3.Корпораци Монголбанкинд төгрөгийн болон валютын харилцах данстай байна.

18.4.Корпорацийн Монголбанк дахь төгрөг болон гадаад валютын дансны хооронд хийх гүйлгээг Монголбанкнаас зарласан тухайн өдрийн албан ёсны ханшаар Монголбанк гүйцэтгэнэ.

18.5.Корпораци хөрөнгө оруулалтын, эрсдэлийн удирдлагын, дотоод хяналтын асуудал хариуцсан дотоод бүтцийн нэгжтэй байна.

18.6.Корпорацийн өөрийн хөрөнгийн доод хэмжээг Засгийн газар тогтооно.

18.7.Корпорацийн дүрмийг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар батална.

18.8.Корпорацийн дүрэмд дараахь зүйлийг заавал тусгана:

18.8.1.корпорацийн бүрэн болон товчилсон оноосон нэр, түүний хэлбэрийг тодорхойлсон товчилсон ялгах тэмдэглэгээ;

18.8.2.корпорацийн хувьцааны тоо, тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;

18.8.3.удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын энэ хуулиар тодорхойлсноос бусад бүрэн эрх;

18.8.4.Корпорацийн үйл ажиллагааны чиглэл;

18.8.5.Корпорацийн дүрэмд тусгахаар хуульд заасан бусад зүйл.

18.9.Корпорацийн дүрэмд хууль тогтоомжтой зөрчилдөөгүй бусад зүйлийг тусгаж болно.

18.10.Корпораци үйл ажиллагаандаа корпорацийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллана.

19 дүгээр зүйл. Корпорацийн үйл ажиллагаа

Хэвлэх

19.1.Корпораци Сангийн хөрөнгө, Засгийн газраас итгэмжлүүлсэн тохиолдолд Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлнэ.

19.2.Корпораци энэ хуульд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

19.3.Сан, Засгийн газраас итгэмжлүүлсэн Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө, Корпорацийн хөрөнгийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, мэдээллийг тус бүрээр нь гаргана.

20 дугаар зүйл. Нэр дэвшүүлэх хороо

Хэвлэх

20.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэр дэвшүүлэх хороонд ажиллах иргэдийн нэрсийн жагсаалт бүхий мэдээллийн сантай байна. Мэдээллийн санг дараахь журмаар бүрдүүлнэ:

20.1.1.энэ хуулийн 20.4-д заасан шаардлагыг хангасан иргэдэд тусгайлан урилга өгөх замаар 20-иос доошгүй иргэнийг;

20.1.2.нээлттэй сонгон шалгаруулалтаар энэ хуулийн 20.4-т заасан шаардлагыг хангасан 50-иас доошгүй иргэнийг.

20.2.Энэ хуулийн 20.1.1-д заасан тусгайлсан урилгаар нэрсийн жагсаалтыг бүрдүүлэхдээ эрдэм шинжилгээ, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоо, иргэдийн төлөөллийг зохистой хамруулах зарчмыг баримтална.

20.3.Энэ хуулийн 20.1.1-д заасан урилга хүргүүлэх ажил, энэ хуулийн 20.1.2-т заасан сонгон шалгаруулалтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

20.4.Нэр дэвшүүлэх хорооны гишүүн дараахь шаардлагыг хангасан байна:

20.4.1.Корпорацийн удирдах зөвлөлийн гишүүнд өрсөлдөхөөр өргөдөл, хүсэлт гаргаагүй байх;

20.4.2.энэ хуулийн 15.3.1, 15.3.2, 15.3.3, 15.3.4, 15.3.5, 15.3.6-д заасан шаардлагыг хангасан байх.

20.5.Ерөнхий сайд дараахь хэлбэрийн аль нэгийг сонгох замаар нэр дэвшүүлэх хороог тухай бүр байгуулна:

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.5.1.энэ хуулийн 20.1-д заасан жагсаалтаас таван иргэний нэрийг сугалаагаар тодруулах зарчмаар санамсаргүй байдлаар сонгох;

20.5.2.энэ хуулийн 20.1-д заасан жагсаалтад байгаа нийт иргэдийг нэр дэвшүүлэх хороо болгон зохион байгуулах.

20.6.Нэр дэвшүүлэх хороо байгуулагдсанаас хойш 8 цагийн дотор удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг, энэ хуулийн 15.8-д заасан тохиолдолд хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулж Ерөнхий сайдад шийдвэрээ танилцуулна.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.7.Ерөнхий сайд нэр дэвшүүлэх хорооны шийдвэрийг үндэслэн удирдах зөвлөлийн гишүүнтэй, энэ хуулийн 15.8-д заасан тохиолдолд хяналтын зөвлөлийн гишүүнтэй гэрээ байгуулна.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.8.Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг, энэ хуулийн 15.8-д заасан тохиолдолд хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг нэр дэвшүүлэх хорооны нийт гишүүдийн олонхийн саналаар сонгоно.

20.9.Энэ хуулийн 20.5.2-т заасны дагуу нэр дэвшүүлэх хороог зохион байгуулсан бол жагсаалтад байгаа нийт гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор санал хүчин төгөлдөр болно.

20.10.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын түвшинд үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр удирдах зөвлөлийн гишүүнд тавих шаардлага хангасан этгээдүүдийн жагсаалтыг гаргаж, удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг гүйцэтгэнэ.

20.11.Нэр дэвшүүлэх хорооны эрх хэмжээ нь энэ хуулийн 20.5.1-д заасны дагуу байгуулагдсан бол шийдвэрийг танилцуулснаар, энэ хуулийн 20.5.2-т заасны дагуу байгуулагдсан бол саналаа өгснөөр дуусгавар болж, татан буугдана.

20.12.Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журам, нэр дэвшүүлэх хороонд ажиллах гишүүнд урамшуулал олгох журмыг Ерөнхий сайд батална.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21 дүгээр зүйл. Удирдах зөвлөл

Хэвлэх

21.1.Корпорацийн эрх барих дээд байгууллага нь удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл таван гишүүнээс бүрдэнэ.

21.2.Ерөнхий сайд удирдах зөвлөлийн гишүүнтэй таван жилийн хугацаатай гэрээ байгуулна.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.3.Ерөнхий сайд удирдах зөвлөлийн гишүүнтэй байгуулсан гэрээг тав хүртэлх жилийн хугацаагаар хоёроос дээшгүй удаа сунган ажиллуулж болно.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.4.Удирдах зөвлөлийн гишүүнтэй байгуулсан гэрээг дараахь тохиолдолд дуусгавар болгоно:

21.4.1.энэ хуулийн 21.5-д заасан шаардлагыг хангахгүй болсон;

21.4.2.энэ хуулийн 15.10.2, 15.10.3, 15.10.4, 15.10.5, 15.10.6, 15.10.7-д заасан үндэслэл бий болсон.

21.5.Удирдах зөвлөлийн гишүүн дараахь шаардлагыг хангасан байна:

21.5.1.энэ хуулийн 15.4.1, 15.4.2, 15.4.4-т заасан этгээд биш байх, энэ хуулийн 15.3.1, 15.3.2, 15.3.3, 15.3.6-д заасан шаардлагыг хангасан байх;

21.5.2.Ерөнхий сайдын тогтоосон түвшинээс багагүй хэмжээний санхүүгийн хөрөнгийг удирдаж байсан байгууллага, эсхүл олон улсын санхүүгийн байгууллагад энэ хуульд заасан эрх бүхий албан тушаалтантай адилтгах албан тушаал эрхэлж байсан байх;

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.5.3.хөрөнгө оруулалт, нягтлан бодох, аудитын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах санхүүгийн ажилтан, санхүүгийн шинжээч, мэргэшсэн нягтлан бодогч, аудитор, хуульчийн аль нэгээр 10-аас дээш жил ахлах, удирдах түвшинд ажилласан байх;

21.5.4.мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн хүрээнд Ерөнхий сайдын үндэслэл бүхий, шаардлагатай гэж үзсэн бусад.

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.6.Удирдах зөвлөлийн даргыг удирдах зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар, гишүүд дотроос хоёр жилийн хугацаагаар сонгоно.

21.7.Удирдах зөвлөлийн дарга хуралд хүндэтгэн үзэх шалтгаанаар үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд удирдах зөвлөлөөс урьдчилан сонгогдсон гишүүн хурлын даргын үүргийг гүйцэтгэнэ.

21.8.Удирдах зөвлөл нарийн бичгийн даргатай байна.

21.9.Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг удирдах зөвлөлийн даргын санал болгосноор удирдах зөвлөл томилно.

22 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн бүрэн эрх

Хэвлэх

22.1.Удирдах зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1.Сангийн хөрөнгө оруулалтын стратегийг батлах;

22.1.2.мандат, түүний хэрэгжилттэй холбогдох асуудлаар Ерөнхий сайдтай шууд харилцаж, байр сууриа илэрхийлэх;

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.1.3.Корпорацийн үйл ажиллагааны стратегийг тодорхойлох;

22.1.4.Корпорацийн бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг батлах;

22.1.5.Корпорацийн дотоод журам, заавар, аргачлалыг батлах;

22.1.6.Корпорацийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх этгээдийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгож, гэрээ байгуулан ажиллуулах;

22.1.7.энэ хуулийн 25.19, 25.20-д заасан болон Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх бусад үйл ажиллагаанд оролцох этгээдүүдийг сонгон шалгаруулах журмыг батлах, зөвшөөрөл олгох;

22.1.8.Корпорацийн жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг батлах;

22.1.9.гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих, үр дүнг үнэлэх;

22.1.10.хяналтын зөвлөлийн зөвлөмжийн мөрөөр холбогдох арга хэмжээг авч үр дүнг Ерөнхий сайдад тайлагнах;

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.1.11.гүйцэтгэх удирдлагын нэгж хөрөнгө оруулах хэрэгсэлд хөрөнгө оруулах шийдвэр гаргах хөрөнгийн дээд хэмжээг тогтоох;

22.1.12.энэ хуулийн 22.1.11-д заасан хэмжээнээс дээш хэмжээний хөрөнгө оруулах болон түүнийг буцаан татах шийдвэр гаргах;

22.1.13.Корпорацийн ёс зүйн дүрмийг батлах.

23 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн хуралдаан

Хэвлэх

23.1.Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

23.2.Удирдах зөвлөл сард нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд хуралдааны дэгийг Удирдах зөвлөл батална.

23.3.Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхи оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно.

23.4.Удирдах зөвлөлийн хуралдааны явцыг тэмдэглэлээр баталгаажуулах бөгөөд түүнд хуралдаанд оролцсон гишүүд гарын үсэг зурна.

23.5.Удирдах зөвлөлийн хуралдаанаар ашиг сонирхлын зөрчилтэй эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц асуудлыг хэлэлцэхэд удирдах зөвлөлийн гишүүн хуралдаан эхлэхээс өмнө энэ тухай мэдэгдэж, уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэх, шийдвэр гаргахад оролцохгүй.

23.6.Энэ хуулийн 23.5-д заасан ашиг сонирхлын зөрчлийн талаар удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга олон нийтэд тухай бүр мэдээлнэ.

24 дүгээр зүйл. Удирдах зөвлөлийн дэргэдэх хороод

Хэвлэх

24.1.Удирдах зөвлөл нь аудитын хороо, хөрөнгө оруулалтын хороог байгуулна.

24.2.Хороодын даргыг хороодын гишүүдийн олонхийн саналаар хоёр жилийн хугацаагаар сонгоно.

24.3.Удирдах зөвлөлөөс шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өөрийн эрх хэмжээний хүрээнд бусад хороог байгуулж, тэдгээрийн эрх, үүргийг тогтооно.

24.4.Удирдах зөвлөл нь хороодын бүтэц, ажиллах журмыг батална.

24.5.Аудитын хороонд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Аудиторыг аудитын хороо томилно.

24.6.Аудитороор энэ хуулийн 15.3.2, 15.3.3, 15.3.4, 15.3.6-д заасан шаардлагыг хангасан, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлдэг этгээд, олон улсын санхүүгийн байгууллагад аудитороор 10-аас дээш жил ахлах түвшинд ажилласан ажлын туршлагатай санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй, энэ хуулийн 15.4-т зааснаас бусад этгээдийг томилно.

24.7.Аудитор нь дотоод хяналтын газрын захирлын үүргийг гүйцэтгэж, дотоод хяналтын асуудлаар аудитын хороонд, захиргааны асуудлаар Гүйцэтгэх захиралд тайлагнана.

24.8.Аудитор нь хорооны гишүүн, Корпорацийн эрх бүхий албан тушаалтан, дотоод нэгжүүдийн удирдах албан тушаалтан, ажилтан, эдгээртэй болон Корпорацитай нэгдмэл сонирхолтой, хамаарал бүхий этгээд байхыг хориглоно.

25 дугаар зүйл. Корпорацийн гүйцэтгэх удирдлага

Хэвлэх

25.1.Корпорацийн гүйцэтгэх удирдлагыг /цаашид "гүйцэтгэх удирдлага" гэх/ хувь хүн, эсхүл багаар хэрэгжүүлнэ.

25.2.Гүйцэтгэх удирдлагыг хувь хүн, эсхүл багаар хэрэгжүүлэх шийдвэрийг удирдах зөвлөл гаргана.

25.3.Гүйцэтгэх удирдлага нь Корпорацийн дүрэм болон удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна.

25.4.Гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна.

25.5.Гүйцэтгэх удирдлага нь удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, Корпорацийг төлөөлөх зэргээр Корпорацийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.

25.6.Гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх тохиолдолд Корпорацийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор багийн гишүүдийн ажиллах дотоод журмыг төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр баталж мөрдөнө.

25.7.Энэ хуулийн 25.6-д заасан баг удирдах зөвлөлийн өмнө гэрээ болон Корпорацийн дүрэм, холбогдох хууль тогтоомжийн дагуу хамтын хариуцлага хүлээнэ.

25.8.Гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч баг энэ хуулийн 25.5-д заасны дагуу гэрээ, хэлцэл хийх, төлөөллийг хэрэгжүүлэх тохиолдолд Корпорацийг төлөөлж багийн ахлагч гарын үсэг зурна.

25.9.Энэ хуулийн 25.8-д заасан багийн ахлагчийг төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөн багийн гишүүд сонгох бөгөөд багийн ахлагч Корпорацийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэнэ.

25.10.Гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч багийн хурал, гаргасан шийдвэрийн тэмдэглэлийг заавал хөтлөх бөгөөд уг тэмдэглэлийн үнэн зөвийг Гүйцэтгэх захирал биечлэн хариуцна.

25.11.Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг удирдах зөвлөл хэдийд ч гаргах эрхтэй.

25.12.Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд Корпорацийн гүйцэтгэх захирал байна.

25.13.Гүйцэтгэх удирдлага дараахь үндсэн эрх, үүрэгтэй байна:

25.13.1.удирдах зөвлөлөөс баталсан хөрөнгө оруулах стратегийг хэрэгжүүлэх;

25.13.2.Корпорацийн дүрэм, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд Корпорацийг төлөөлөх;

25.13.3.санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх, төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой санхүү бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалтын асуудлаар холбогдох шийдвэрийг гаргах;

25.13.4.Корпорацийн жилийн төсвийг боловсруулан батлуулж, гүйцэтгэлийг зохион байгуулах;

25.13.5.Корпорацийн захирлуудыг гэрээ байгуулан ажиллуулах, Гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлж байгаа тохиолдолд багийн бүрэлдэхүүнд ороогүй захиралтай гэрээ байгуулан ажиллуулах;

25.13.6.Корпорацийн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах;

25.13.7.удирдах зөвлөлөөс олгогдсон эрх хэмжээний хүрээнд, удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамруулснаас бусад журам, заавар, аргачлалыг батлах;

25.13.8.хөрөнгө оруулах хэрэгсэлд хөрөнгө оруулах үнэлгээний журмыг тогтоож, үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээг авах;

25.13.9.мандат, хөрөнгө оруулалтын стратегийн дагуу Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулах хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

25.13.10.Корпорацийн хөрөнгө оруулах хэрэгсэлд байршуулсан хөрөнгийн өгөөж, цаашдын хандлагын талаар санал боловсруулан удирдах зөвлөлд танилцуулах;

25.13.11.төсөвт шилжүүлэх боломжтой Сангийн цэвэр орлогын хэмжээг тооцож, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгуулахаар төсвийн цаглабарын дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад удирдах зөвлөлөөр дамжуулан хүргүүлэх;

25.13.12.Корпорацийн дүрэмд заасан бусад эрх, үүрэг.

25.14.Гүйцэтгэх удирдлага дараахь шаардлагыг хангасан байна:

25.14.1.энэ хуулийн 15.4.1, 15.4.2, 15.4.4-т зааснаас бусад этгээд байх;

25.14.2.энэ хуулийн 15.3.1, 15.3.2, 15.3.3, 15.3.6-д заасан шаардлагыг хангасан байх;

25.14.3.санхүү, хөрөнгө оруулах үйл ажиллагаанд шийдвэр гаргах түвшинд 10-аас доошгүй жил, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх;

25.14.4.гүйцэтгэх захирал буюу багийн ахлагч 25.14.2, 25.14.3-т зааснаас гадна Ерөнхий сайдын тогтоосон хэмжээнээс багагүй хэмжээний санхүүгийн хөрөнгийг удирдаж байсан байгууллагад хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд шийдвэр гаргах түвшинд 10-аас доошгүй жил, үүнээс 5-аас доошгүй жил нь удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.14.5.хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлага хариуцсан захирлууд Ерөнхий сайдын тогтоосон хэмжээнээс багагүй хэмжээний санхүүгийн хөрөнгийг удирдаж байсан байгууллагад ижил түвшний албан тушаал эрхэлж байсан, эсхүл энэ төрлийн байгууллагад тухайн чиглэл, мэргэжлээр ахлах түвшинд 10-аас доошгүй жил ажилласан байх;

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.14.6.удирдах зөвлөлийн үндэслэл бүхий, шаардлагатай гэж үзсэн бусад.

25.15.Гүйцэтгэх удирдлага бусад байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглоно.

25.16.Гүйцэтгэх удирдлага ээлжийн амралт эдлэх, гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах, удаан хугацаагаар өвчтэй байх зэрэг тохиолдолд удирдах зөвлөлөөс урьдчилан тогтоосон этгээдэд өөрийн бүрэн эрхийг тушаалаар шилжүүлж болох бөгөөд ийнхүү эрхээ шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

25.17.Гүйцэтгэх удирдлага хөрөнгө оруулалтын стратегийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн нь эрх бүхий этгээд, хөндлөнгийн хяналтын байгууллагаас тогтоогдсон тохиолдолд удирдах зөвлөлөөс гүйцэтгэх удирдлагатай байгуулсан гэрээг цуцалж болно.

25.18.Гүйцэтгэх удирдлага Сангийн хөрөнгийн бүртгэл, хадгалалт, гүйлгээ болон бусад шаардлагатай үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр олон улсын нэр хүнд бүхий кастодианы байгууллагаар гүйцэтгүүлнэ.

25.19.Гүйцэтгэх удирдлага удирдах зөвлөлийн зөвшөөрөлтэйгээр Сангийн хөрөнгийн зарим хэсгийг гэрээний үндсэн дээр хөндлөнгийн хөрөнгө оруулалтын менежментийн компаниар гүйцэтгүүлж болно.

25.20.Хөндлөнгийн хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодианы байгууллага болон Корпорацийн хооронд байгуулах гэрээг удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авсны үндсэн дээр гүйцэтгэх удирдлага байгуулна.

26 дугаар зүйл. Хойшлуулшгүй арга хэмжээ

Хэвлэх

26.1.Хөрөнгө оруулалтын менежментийн компани, эсхүл кастодиантай холбогдуулан доор дурдсан нөхцөл бий болсон, түүнчлэн дараахь бусад нөхцөл үүссэн тохиолдолд гүйцэтгэх удирдлага Ерөнхий сайд, удирдах зөвлөлд нэн даруй мэдэгдэнэ:

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.1.1.татан буугдсан, дампуурлын хэрэг үүссэн;

26.1.2.энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн;

26.1.3.Сан, Корпорацийн нэр хүндэд ноцтой нөлөөлөх нөхцөл байдал бий болсон;

26.1.4.үйл ажиллагааг нь эрх бүхий этгээдээс зогсоосон, бусад шалтгаанаар үйл ажиллагаа нь саатсан буюу зогссон;

26.1.5.Сангийн хөрөнгийн хэмжээ тухайн төсвийн жилийн эхний хэмжээнээс 50 болон түүнээс дээш хувиар буурсан;

26.1.6.гүйцэтгэх удирдлагын шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл.

26.2.Ерөнхий сайд, удирдах зөвлөл энэ хуулийн 26.1-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор зохих шийдвэр гаргана.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ТАЙЛАГНАЛ, ИЛ ТОД БАЙДАЛ, ХЯНАЛТ

27 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэл

Хэвлэх

27.1.Корпораци өөрийн хөрөнгө болон Сангийн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг тус тусад нь бүртгэнэ.

27.2.Корпорацийн хөндлөнгийн хөрөнгө оруулалтын менежментийн компаниар гэрээгээр гүйцэтгүүлж байгаа хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг менежментийн компани тус бүрээр бүртгэнэ.

28 дугаар зүйл. Сангийн тайлан

Хэвлэх

28.1.Корпораци Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг улирал, бүтэн жилээр гаргана.

28.2.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны улирлын тайланд дараахь зүйлийг тусгана:

28.2.1.Сангийн санхүүгийн тайлан;

28.2.2.Корпорацийн санхүүгийн тайлан;

28.2.3.мандат болон хөрөнгө оруулалтын стратегийн хэрэгжилт;

28.2.4.Корпорацийн Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн;

28.2.5.Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааны зардал, өгөөжийн үзүүлэлтүүд;

28.2.6.Сангийн төсвийн орлого, зардлын гүйцэтгэл;

28.2.7.Корпорацийн үйл ажиллагааны төсвийн гүйцэтгэл.

28.3.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланд дараахь зүйлийг тусгана:

28.3.1.энэ хуулийн 28.2-т заасан улирлын тайланд тусгасан зүйлс;

28.3.2.Сангийн эрсдэлийн удирдлагын тайлан;

28.3.3.аудитын дүгнэлт.

28.4.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны улирлын тайланг дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор Ерөнхий сайдад хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.5.Ерөнхий сайд сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны улирлын тайланг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхий аудитор, зөвлөх багт хүргүүлж олон нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.6.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж аудит хийлгэсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор Ерөнхий сайдад хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.7.Ерөнхий сайд Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор дүгнэлт гаргаж, аудитын дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд танилцуулна.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.8.Корпорациас хуульд зааснаас бусад хэлбэрээр тайлан гаргуулахыг хориглоно.

29 дүгээр зүйл. Сангийн ил тод байдал

Хэвлэх

29.1.Сангийн удирдлагатай холбоотой дараахь мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон нийтэд мэдээлнэ:

29.1.1.Сангийн асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрийг албан ёсоор нийтэлснээс хойш 10 хоногийн дотор;

29.1.2.мандатыг Ерөнхий сайд баталснаас хойш 10 хоногийн дотор;

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

29.1.3.зөвлөх багийн зөвлөмжийг уг зөвлөмжийг гаргаснаас хойш тав хоногийн дотор;

29.1.4.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлтийг уг дүгнэлтийг гаргаснаас хойш 10 хоногийн дотор;

29.1.5.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг уг тайланг гаргаснаас хойш 10 хоногийн дотор;

29.2.Корпораци Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаатай холбоотой дараахь мэдээллийг сар бүр шинэчлэн олон нийтэд мэдээлнэ:

29.2.1.Сангийн хөрөнгө оруулсан санхүүгийн хэрэгслийн ангилал, харгалзах өгөөжийн түвшинг жиших үзүүлэлтүүдтэй харьцуулснаар;

29.2.2.удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт;

29.2.3.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох Хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодианы байгууллага болон бусад оролцогчийн нэр;

29.2.4.хуульд заасан бусад.

29.3.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн хэлбэр, тайланд тавих тусгай шаардлагыг Ерөнхий сайд батална.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30 дугаар зүйл. Хөндлөнгийн аудит

Хэвлэх

30.1.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Корпорацийн үйл ажиллагаанд олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар доор дурдсан журмаар аудит хийлгэнэ:

30.1.1.хоёр жилд нэгээс доошгүй удаа;

30.1.2.Ерөнхий сайд мандатын хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэсэн.

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30.2.Ерөнхий сайд энэ хуулийн 30.1-д заасан аудитын байгууллагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгож, гэрээ байгуулан ажиллуулна.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

31 дүгээр зүйл. Хариуцлага хүлээлгэх үндэслэл

Хэвлэх

31.1.Ирээдүйн өв сангийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд энэ хуульд заасан хариуцлага оногдуулсан нь түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

32 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

32.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

32.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

32.3.Ирээдүйн өв сангийн тухай хууль зөрчигчид торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний хуулиар өөрчлөн найруулсан/

33 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

33.1.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД