A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 90. ДАЙНД ОЛЗЛОГДОГЧИДТОЙ ХАРЬЦАХ ТУХАЙ ЖЕНЕВИЙН (III) КОНВЕНЦ

1949 оны 8 дугаар сарын 12-ны өдөр

1950 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр болсон

Удиртгал

Дайнд олзлогдогчидтой харьцах тухай 1929 оны 7 дугаар сарын 27-ны Женевийн конвенцийг хянан өөрчлөх зорилгоор 1949 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Женев хотноо болсон Дипломат бага хуралд засгийн газраа төлөөлж оролцон дор гарын үсэг зурсан бүрэн эрхт төлөөлөгчид дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

I АНГИ

НИЙТЛЭГ ЗААЛТ

1 дүгээр зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенцийг бүх нөхцөл байдалд хүндэтгэн сахих буюу хүндэтгэн сахих явдлыг хангах үүрэг хүлээнэ.

2 дугаар зүйл

Тайван цагт хэрэгжүүлэх заалтуудын сацуу хоёр буюу хэд хэдэн хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын хооронд үүсч болох зарласан дайн буюу аливаа бусад зэвсэгт мөргөлдөөний бүх тохиолдолд тэдгээр талын аль нэг нь дайны байдлыг хүлээн зөвшөөрөөгүй байсан ч энэхүү конвенцийг хэрэглэнэ.

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын нутаг дэвсгэрийг хэсэгчлэн буюу бүхэлд нь эзэлсэн бүх тохиолдолд тухайн эзлэлт нь зэвсэгт эсэргүүцэлтэй тулгараагүй байсан ч энэхүү конвенцийг мөн хэрэглэнэ.

Хэдийгээр мөргөлдөөнд оролцогч гүрнүүдийн аль нэг нь энэхүү конвенцид оролцогч тал биш байсан ч түүнд оролцогч тал болох гүрнүүд өөр хоорондын харилцаандаа энэхүү конвенцийг заавал биелүүлэх үүрэгтэй хэвээр байна. Үүнээс гадна хэрэв дээр дурдсан гүрэн энэхүү конвенцийн заалтыг хүлээн авч хэрэглэвэл түүний хувьд конвенцид оролцогч тал болох гүрнүүд энэхүү конвенцийг заавал биелүүлэх үүрэгтэй байна.

3 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын аль нэгний нь нутаг дэвсгэрт үүсэх олон улсын бус шинж чанартай зэвсэгт мөргөлдөөний тохиолдолд тухайн мөргөлдөөнд оролцогч тал бүр наад зах нь дараахь заалтыг хэрэглэх үүрэг хүлээнэ:

(1) Дайтах ажиллагаанд шууд оролцоогүй этгээд, түүний дотор байлдахаа зогсоосон болон өвчлөх, шархдах, саатуулагдах буюу аливаа бусад шалтгааны улмаас байлдаанд оролцоогүй зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний этгээдтэй арьс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэг, хүйс, гарал үүсэл, эд хөрөнгийн байдал буюу бусад төсөөтэй шалгуурт үндэслэн ялгаварлан гадуурхалгүйгээр бүх нөхцөл байдалд хүнлэг харьцана.

Энэ үүднээс дараахь үйлдлийг дээр дурдсан этгээдийн хувьд хийхийг хэзээ ч, хаана ч хориглоно:

a) амь нас, бие махбодид халдах, тухайлбал, бүхий л хэлбэрээр амийг нь хөнөөх, хүнд гэмтэл учруулах, харгис хэрцгийгээр харьцах, эрүүдэн шүүх;

b) барьцаанд авах;

c) хүний нэр төр, алдар хүндэд халдах, тухайлбал, доромжлон гутаах;

d) соёл иргэншилт ард түмнүүдийн зайлшгүй гэж хүлээн зөвшөөрсөн шүүхийн бүх баталгаагаар хангаж, байнгын ажиллагаатай шүүхээс урьдчилан гаргасан шийдвэргүйгээр ял шийтгэх болон ял эдлүүлэх.

(2) Шархтан болон өвчтөнг олж авч тусламж үзүүлнэ. Олон улсын улаан загалмайн хороо зэрэг хараат бус хүмүүнлэгийн байгууллага мөргөлдөөнд оролцогч талуудад өөрийн үйлчилгээг санал болгож болно.

Мөргөлдөөнд оролцогч талууд тусгай хэлэлцээр байгуулах замаар энэхүү конвенцийн бусад заалтыг бүгдийг буюу хэсэгчлэн хүчин төгөлдөр болгохыг цаашид чармайна.

Өмнөх заалтуудыг хэрэглэх явдал мөргөлдөөнд оролцогч талуудын эрх зүйн байдлыг хөндөхгүй.

4 дүгээр зүйл

А. Дор дурдсан ангилалд багтаж байгаа этгээд дайсагнагч талынхаа гарт орсон тохиолдолд тэднийг энэхүү конвенцид заасны дагуу дайнд олзлогдогчид гэж үзнэ:

(1) Мөргөлдөөнд оролцогч талын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, мөн зэвсэгт хүчний хэсэг болж буй журамт цэрэг буюу сайн дурын ангийн бие бүрэлдэхүүн.

(2) Мөргөлдөөнд оролцогч талд харьяалагдах бөгөөд энэ нутаг дэвсгэр нь эзлэгдсэн байсан ч өөрийн нутаг дэвсгэрт буюу түүний гадна үйл ажиллагаа явуулж буй бусад журамт цэргийн болон сайн дурын бусад ангийн бие бүрэлдэхүүн, түүний дотор эсэргүүцлийн зохион байгуулалттай хөдөлгөөний бие бүрэлдэхүүн, чингэхдээ эдгээр журамт цэрэг буюу сайн дурын анги, түүний дотор зохион байгуулалттай эсэргүүцлийн хөдөлгөөн нь дараахь нөхцөлийг хангасан байвал:

(a) захирагдагсдынхаа төлөө хариуцлага хүлээх этгээдээр удирдуулсан байх;

(b) алсаас танигдах тогтсон ялгах тэмдэгтэй байх;

(c) зэвсгээ ил авч явах;

(d) үйл ажиллагаагаа дайны хууль, заншилд нийцүүлэн явуулж байх.

(3) Олзлогч гүрэн хүлээн зөвшөөрөөгүй засгийн газар буюу эрх бүхий байгууллагыг дэмжиж буй байнгын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн.

(4) Цэргийн агаарын хөлгийн багийн гишүүн болох энгийн иргэд, цэргийн сурвалжлагчид, хангамж түгээгчид, ажлын баг буюу зэвсэгт хүчний ахуйн үйлчилгээний гишүүд зэрэг зэвсэгт хүчний жинхэнэ бие бүрэлдэхүүн биш боловч тэднийг дагалдан яваа этгээд, чингэхдээ тэд дагалдаж яваа зэвсэгт хүчнээсээ зөвшөөрөл авсан, хавсралтад дурдсан зохих загварын хувийн үнэмлэхтэй байвал зохино.

(5) Олон улсын эрх зүйн аливаа бусад заалтын дагуу илүү тааламжтай нөхцөл эдэлдэггүй мөргөлдөөнд оролцогч талуудын худалдааны усан цэргийн багийн гишүүд, түүний дотор ахмад, замчин болон дагалдан сурагч, түүнчлэн иргэний агаарын хөлгийн баг.

(6) Дайсан ойртож ирэхэд, байнгын зэвсэгт нэгж болж бүрэлдэж амжилгүй, орж ирж буй хүчнийг эсэргүүцэхээр гэнэт зэвсэг барьж буй эзлэгдээгүй нутаг дэвсгэрийн оршин суугчид, чингэхдээ тэд зэвсгээ ил авч явж, дайны хууль, заншлыг хүндэтгэн сахивал зохино.

B. Энэхүү конвенцид заасны дагуу дор дурдсан этгээдтэй дайнд олзлогдогчдын нэгэн адил харьцана:

(1) Дайтах ажиллагаа эзлэгдсэн нутгийн гадна явагдаж байх үед эзлэгч гүрэн эхлээд чөлөөлсөн хэдий ч, ялангуяа эдгээр хүмүүс дайтах ажиллагаанд оролцож байгаа зэвсэгт хүчинтэйгээ нэгдэх бүтэлгүй оролдлого хийсэн, эсхүл тусгаарлан хорих зорилгоор хийсэн дуудлагад үл захирагдсан тохиолдолд эзлэгч гүрэн тэднийг цэргийн харъяллыг нь харгалзан тусгаарлан хорих шаардлагатай гэж үзсэн эзлэгдсэн орны зэвсэгт хүчинд харьяалагдаж байгаа эсхүл харьяалагдаж байсан хүмүүс.

(2) Төвийг сахисан болон дайнд оролцоогүй гүрнүүд өөрийн нутаг дэвсгэр дээрээ хүлээж авсан бөгөөд эдгээр хүмүүст илүү тааламжтай нөхцөл олгож болох боловч тэднийг олон улсын эрх зүйн дагуу тусгаарлан хорихыг шаардсан энэ зүйлд дурдсан ангиллын аль нэгэнд хамаарагдах хүмүүс. Эдгээр хүмүүст 8, 10, 15 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 58 -аас 67 дугаар зүйл, 92, 126 дугаар зүйлийн заалтууд хамаарахгүй бөгөөд мөргөлдөөнд оролцогч талууд болон холбогдох төвийг сахисан гүрэн, эсхүл дайнд оролцоогүй гүрний хооронд дипломат харилцаатай байвал тус конвенцийн хамгаалагч гүрний талаархи заалтууд ч эдгээр хүмүүст хамаарахгүй. Хоорондоо дипломат харилцаатай бөгөөд эдгээр хүмүүс харъяалалд нь багтаж байгаа мөргөлдөөнд оролцогч талууд энэхүү конвенцид заасан хамгаалагч гүрний эрх үүргийг өөрсдийн дипломат болон консулын практик, гэрээний дагуу биелүүлэх үүргээ хөндөхгүйгээр хэрэгжүүлнэ.

C. Энэ зүйл нь тус конвенцийн 33 дугаар зүйлд заасан эмнэлгийн болон шашны ажилтны эрх зүйн байдлыг ямар ч хэлбэрээр хөндөхгүй.

5 дугаар зүйл

Энэхүү конвенцийг 4 дүгээр зүйлд дурдсан этгээдийн хувьд дайсагнагч талынхаа гарт орсноос эхлээд бүрмөсөн чөлөөлөгдөх буюу солилцох үе хүртэл хэрэглэнэ.

Байлдаж байсан этгээд дайсагнагч талынхаа гарт орсны дараа тэднийг 4 дүгээр зүйлд дурдсан ангиллын аль нэгэнд хамааруулах талаар эргэлзээ төрөх тохиолдолд эрх зүйн байдлыг нь холбогдох шүүх тодорхойлох хүртэл тэд энэхүү конвенцийн хамгаалалтад байна.

6 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенцийн 10, 23, 28, 33, 60, 65, 66, 67, 72, 73, 75, 109, 110, 118, 119, 122 болон 132 дугаар зүйлд тусгайлан заасан хэлэлцээрээс гадна тусад нь зохицуулах шаардлагатай гэж үзсэн аливаа асуудлаар тусгай хэлэлцээр байгуулж болно. Харин тусгай хэлэлцээр нь энэхүү конвенцоор тогтоосон дайнд олзлогдогчдын байдалд хохирол учруулж тэдэнд олгосон эрхийг хязгаарлах ёсгүй.

Эдгээр хэлэлцээр болон дээр дурдсан зүйлүүдэд өөрчлөлт оруулах буюу мөргөлдөөнд оролцогч талуудын аль нэг нь үүнээс илүү тохиромжтой арга хэмжээ авахаас бусад тохиолдолд дайнд олзлогдогчид энэхүү конвенцийг хэрэглэж эхлэх хүртэл дээрх хэлэлцээрийн хөнгөлөлтийг эдэлсээр байх болно.

7 дугаар зүйл

Дайнд олзлогдогчид нь энэхүү конвенц болон өмнөх зүйлд дурдсан тусгай хэлэлцээрээр олгогдсон эрхийг эдлэхээс ямар ч нөхцөлд хэсэгчлэн буюу бүрэн татгалзаж болохгүй.

8 дугаар зүйл

Мөргөлдөөнд оролцогч талуудын ашиг сонирхлыг хамгаалах үүрэг бүхий хамгаалагч гүрний дэмжлэг, хяналтын дор энэхүү конвенцийг хэрэглэнэ. Эл зорилгоор хамгаалагч гүрнүүд өөрийн дипломат болон консулын ажилтнуудаас тусдаа өөрийн орны, эсхүл төвийг сахисан бусад гүрний харьяатаас бүрдсэн төлөөлөгчдийг томилж болно. Дурдсан төлөөлөгчдийг томилохдоо тэдний очиж ажиллах гүрний зөвшөөрлийг авна.

Мөргөлдөөнд оролцогч талууд хамгаалагч гүрний төлөөлөгчдийн ажлыг аль болох боломжтой хэмжээнд хөнгөвчлөн дэмжинэ.

Хамгаалагч гүрний төлөөлөгчид ажлаа явуулахдаа ямар ч тохиолдолд энэхүү конвенцийн дагуу хүлээсэн зорилгот үүргээсээ хэтэрч болохгүй. Ялангуяа тэд нутаг дэвсгэрт нь үүргээ биелүүлж байгаа улсын аюулгүй байдлын зайлшгүй шаардлагыг харгалзан үзнэ.

9 дүгээр зүйл

Энэхүү конвенцийн заалт нь Олон улсын улаан загалмайн хороо буюу аливаа бусад хүмүүнлэгийн хараат бус байгууллагаас олзлогдогчдыг асарч хамгаалах, тэдэнд тусламж үзүүлэх талаар тухайн мөргөлдөөнд оролцогч талуудын зөвшөөрөлтэйгөөр явуулах хүмүүнлэгийн үйл ажиллагаанд саад болохгүй.

10 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенцийн дагуу хамгаалагч гүрнүүдэд хүлээлгэсэн үүргийг хараат бус бөгөөд үр ашигтай байх бүх баталгааг гаргаж буй байгууллагад олгохоор хэдийд ч тохиролцож болно.

Дайнд олзлогдогчид аль нэг хамгаалагч гүрэн болон дээрх эхний хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагаанаас ямар нэгэн шалтгааны улмаас ашиг тус хүртэхгүй, эсхүл хүртэхээ болих тохиолдолд олзлогч гүрэн мөргөлдөөнд оролцогч талуудын томилсон хамгаалагч гүрний энэхүү конвенцийн дагуу биелүүлж буй чиг үүргийг хүлээхийг төвийг сахисан улс, эсхүл тийм байгууллагаас хүснэ.

Хэрэв хамгаалалтыг ийнхүү хэрэгжүүлж чадахгүй бол олзлогч гүрэн нь хамгаалагч гүрнүүдийн энэхүү конвенцийн дагуу биелүүлж буй хүмүүнлэгийн чиг үүргийг өөртөө хүлээх талаар Олон улсын улаан загалмайн хороо зэрэг хүмүүнлэгийн байгууллагаас санал болгохыг хүсэх буюу ийм саналыг энэ зүйлийн заалтын дагуу хүлээн авна.

Төвийг сахисан аливаа гүрэн, эсхүл холбогдох гүрний урьсан буюу эл зорилгоор өөрийгөө санал болгож буй байгууллага энэхүү конвенцоор хамгаалдаг этгээдийг харьяалж буй мөргөлдөөнд оролцогч талын өмнө хариуцлагаа ухамсарлан үйл ажиллагаа явуулах шаардлагатай, түүнчлэн зохих чиг үүрэг хүлээж, уг чиг үүргээ хараат бусаар биелүүлэх чадвартай гэсэн хангалттай баталгаа гаргах шаардлагатай.

Аль нэг гүрэн дайны үйл явдлаас шалтгаалан, ялангуяа түүний нутаг дэвсгэр бүхэлдээ, эсхүл түүний үлэмж хэсэг нь эзлэгдсэн тохиолдолд нөгөө гүрэн буюу түүний холбоотонтой хэлэлцээ хийх эрх чөлөө нь түр хугацаагаар ч гэсэн хязгаарлагдсан бол тэдгээрийн хооронд байгуулсан тусгай хэлэлцээрээр өмнөх заалтуудыг зөрчихгүй.

Энэхүү конвенцид хамгаалагч гүрэн гэж дурдах бүрд энэ нэр томъёог энэ зүйлийн дагуу түүнийг орлох байгууллагад ч мөн хэрэглэнэ.

11 дүгээр зүйл

Хамгаалагч гүрнүүд хамгаалагдсан хүмүүсийн ашиг сонирхолд хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд, ялангуяа энэхүү конвенцийн заалтыг хэрэглэх буюу тайлбарлах талаар мөргөлдөөнд оролцогч талуудын хооронд санал зөрөлдсөн тохиолдолд саналын зөрөлдөөнийг зохицуулах үүднээс асуудалд оролцоно.

Эл зорилгоор хамгаалагч гүрэн бүр аль нэг талын урилгаар буюу өөрийн санаачилгаар тэдгээрийн төлөөлөгчдийн, ялангуяа дайнд олзлогдогчдын асуудлыг хариуцаж буй эрх бүхий байгууллагын нь уулзалтыг зохион явуулах саналыг мөргөлдөөнд оролцогч талуудад тавьж болох бөгөөд чингэхдээ тохиромжтой гэж сонгож авсан төвийг сахигч нутагт дэвсгэрт боломжтой бол зохион байгуулна. Мөргөлдөөнд оролцогч талууд эл зорилгоор тэдэнд тавьсан саналыг хүчин төгөлдөр хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Шаардлагатай бол хамгаалагч гүрнүүд ийм уулзалтад оролцохыг урих төвийг сахисан гүрэнд харьяалагдах, эсхүл Олон улсын улаан загалмайн хорооноос томилсон этгээдийг мөргөлдөөнд оролцогч талуудаар дэмжүүлэн батлуулахаар санал болгож болно.

II АНГИ

ДАЙНД ОЛЗЛОГДОГЧДЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ

ЕРӨНХИЙ ЗААЛТ

12 дугаар зүйл

Дайнд олзлогдогчид нь тэднийг олзолж авсан хүмүүс буюу цэргийн ангийн эрх мэдэлд бус зөвхөн дайсагнагч гүрний мэдэлд байна. Дайнд олзлогдогчидтой харьцах талаархи хариуцлагыг ямар нэгэн хувь хүмүүс хүлээхээс гадна олзолж авсан гүрэн бүрэн хариуцна.

Дайнд олзлогдогчдыг олзолж авсан гүрэн энэхүү конвенцийн оролцогч тал болох гүрэнд тэднийг шилжүүлж өгч болох боловч тэднийг хүлээн авахыг хүссэн гүрэн энэхүү конвенцийг хэрэглэх хүсэлтэй буюу хэрэглэж чадах эсэхийг нотлосны үндсэн дээр гүйцэтгэнэ. Дайнд олзлогдогчдыг ийм нөхцлийн дагуу хүлээн авснаас хойш конвенцийг хэрэглэх хариуцлагыг хүлээн авагч гүрэн тэднийг хараа хяналтандаа байлгах хугацаанд хүлээнэ.

Хэрэв тухайн гүрэн конвенцийн аливаа чухал заалтыг биелүүлээгүй бол хамгаалагч гүрнээс энэ тухай мэдээ хүлээн авмагц дайнд олзлогдогчдыг хүлээлгэн өгсөн гүрэн конвенц зөрчсөн тухайн байдлыг засч залруулах, эсхүл дайнд олзлогдогчдыг буцааж өгөхийг шаардах зэрэг үр дүнтэй арга хэмжээнүүдийг авна. Ийм шаардлагыг заавал биелүүлэх ёстой.

13 дугаар зүйл

Дайнд олзлогдогчидтой үргэлж хүнлэг энэрэнгүй харьцах ёстой. Олзлогч гүрэн өөрийн хараа хяналтанд байгаа олзлогдогчдын амь насыг хөнөөх, эсхүл эрүүл мэндэд ноцтой аюултай хууль бус аливаа үйлдэл буюу эс үйлдэл хийхийг хориглох бөгөөд ийм үйл ажиллагааг энэхүү конвенцийн ноцтой зөрчил гэж үзнэ. Тухайлбал дайнд олзлогдогчдын бие эрхтэнд гэмтэл учруулах, эсхүл тэдний ашиг сонирхолд нийцээгүй эмнэлгийн ёс зүйгээс гадуур аливаа төрлийн шинжлэх ухаан буюу анагаах ухааны туршилт үйлдэж болохгүй.

Түүнчлэн дайнд олзлогдогчид нь хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, эсхүл тэднийг элдвээр доромжлох, олны өмнө гутаах зэргээс үргэлж хамгаалагдсан байх ёстой.

Дайнд олзлогдогчдын эсрэг хонозогносон арга хэмжээ авахыг хориглоно.

14 дүгээр зүйл

Дайнд олзлогдогчид нь бүх нөхцөл байдалд нэр төр болон хүнийхээ хувьд хүндэтгэл хүлээх эрхтэй.

Нийтээр хүлээн зөвшөөрч заншсаны дагуу эмэгтэйчүүдийг эрхэмлэн хүндэтгэх бөгөөд тэдэнтэй харьцахдаа бүх тохиолдолд эрэгтэйчүүдээс дордуулахгүй байвал зохино.

Дайнд олзлогдогчид олзлогдох үедээ эдэлж байсан иргэний эрх зүйн чадамжаа бүрэн хэмжээгээр хадгална. Дайнд олзлогдогчид өөрсдийн эрх зүйн чадамжийн дагуу олсон эрхээ хэрэгжүүлэх явдлыг олзлогч гүрэн зөвхөн олзлогдсон нөхцөл байдал шаардахаас бусад тохиолдолд өөрийн нутаг дэвсгэр дээр буюу түүний гадна хязгаарлахгүй.

15 дугаар зүйл

Олзлогч гүрэн дайнд олзлогдогчидтой холбогдох зардлыг хариуцаж даахын хамт тэдний эрүүл мэндийн байдал шаардаж байгаа тохиолдолд эмнэлгийн тусламж үзүүлэх үүрэгтэй.

16 дугаар зүйл

Олзлогч гүрэн энэхүү конвенцийн цол хэргэм болон хүйстэй холбогдох заалтыг анхааралдаа авч, дайнд олзлогдогчдод эрүүл мэндийн байдал, насны ялгаа, мэргэшил зэргийг нь үндэслэн тусгай дэглэм олгохоос бусад тохиолдолд арьсны өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, улс төрийн итгэл үнэмшил, эдгээртэй төсөөтэй шалгуурыг үндэслэн ялгаварлан гадуурхалгүйгээр бүх олзлогдогчидтой адил тэгш харьцана.

III АНГИ

ОЛЗЛОЛТ

I ХЭСЭГ

Олзлолтын эхний үе

17 дугаар зүйл

Олзлогдогч бүр байцаалгахдаа зөвхөн овог нэр, цол хэргэм, төрсөн он, аль армид харьялагдах, түүнчлэн хорооны болон хувийн дугаарыг мэдээлэх, эсхүл эдгээртэй дүйцэхүйц мэдээлэл өгөх үүрэг хүлээнэ.

Олзлогдогч хэрэв энэ журмыг санаатай зөрчсөн тохиолдолд түүнд цол хэргэмийн дагуу олгох давуу эрхийг нь хязгаарлаж болно.

Мөргөлдөөнд оролцогч тал бүрээс дайнд олзлогдогч болж болох өөрийн орны харьят этгээдэд түүний овог нэр, цол хэргэм, арми, хорооны болон хувийн дугаар, эсхүл эдгээртэй дүйцэхүйц мэдээлэл болон төрсөн огноог заасан хувийн үнэмлэхийг олгохыг шаардана. Энэхүү хувийн үнэмлэх нь эзэмшигчдийн гарын үсэгтэй, эсхүл хурууны хээтэй, эсхүл хоёуланг байлгаж болох бөгөөд мөргөлдөөнд оролцогч тал өөрийн зэвсэгт хүчний хүмүүсийн талаар нэмж оруулсан өөр бусад мэдээллийг агуулж болно. Хувийн үнэмлэх нь аль болох 6.5 х 10 см-ийн хэмжээтэй байх бөгөөд хуулбартай байна. Дайнд олзлогдогчид хувийн үнэмлэхээ шаардсан тухай бүрт гаргаж үзүүлэх боловч түүнийг ямар ч нөхцөлд хураан авч болохгүй.

Олзлогдогчоос ямар нэгэн мэдээлэл олж авахын тулд тэдэнд хүч хэрэглэх буюу сэтгэл санааны дарамт, эрүү шүүлт тулгаж болохгүй. Дайнд олзлогдогчид асуултад хариулахаас татгалзах тохиолдолд тэднийг айлган сүрдүүлж, доромжлон гутааж, ямар нэг хэлбэрээр мөрдөн мөшгөж, хязгаарлалт тогтоож болохгүй.

Дайнд олзлогдогчид өөрийн бие махбодь болон сэтгэл санааны байдлаас болж биеийн байцаалтын талаар хариулт өгч чадахгүй бол түүнийг эмнэлгийн албаны хяналтад шилжүүлнэ. Тэдгээрийн биеийн байцаалтыг энэ зүйлийн эхний хэсэгт дурдсан заалтыг баримтлан бүхий л бололцоотой арга замаар олж тогтооно.

Дайнд олзлогдогчдын байцаалтыг тэдэнд ойлгомжтой хэлээр явуулна.

18 дугаар зүйл

Зэвсэг, унаа морь, цэргийн хэрэглэл, цэргийн баримт бичгүүдээс бусад хувийн хэрэглээний эд хогшил, зүйлс мөн түүнчлэн тэднийг хамгаалахаар тавьж олгосон төмөр дуулга, хорт утааны баг зэрэг зүйлийг дайнд олзлогдогчдын мэдэлд нь үлдээнэ. Түүнээс гадна цэргийн хувцас эдлэл, хүнс хоолонд зориулсан зүйлүүдийг тэдгээр нь цэргийн тоног төхөөрөмжид зориулсан байсан ч олзлогдогчдод өөрт нь үлдээнэ.

Дайнд олзлогдогчид хувийн үнэмлэхээ үргэлж өөртөө авч явна. Харин үнэмлэхгүй олзлогдогчдод олзлогч гүрэн хувийн үнэмлэх олгоно.

Дайнд олзлогдогчдын биед байгаа ялгах тэмдэг, харьяалах улсын тэмдэг, гавьяа шагнал зэрэг хувийн чанартай зүйлийг хурааж авч болохгүй.

Дайнд олзлогдогчдын биед байгаа мөнгийг гаргуулан авахдаа зөвхөн офицерийн өгсөн тусгай тушаалын дагуу гүйцэтгэх бөгөөд хэдий хэмжээний мөнгө байгаа болон түүнийг эзэмшигчийн тухай тодорхой бүртгэж, мөнгө авсан хүний нэр овог, цол хэргэм, цэргийн анги болон гарын үсэг зурсан бичгийг олгох үндсэн дээр гүйцэтгэнэ. Олзлогч гүрний валютаар байгаа мөнгө буюу дайнд олзлогдогчдын хүсэлтээр уг валютад шилжүүлэн сольсон мөнгийг 64 дүгээр зүйлд заасны дагуу дайнд олзлогдогчдын нэрийн дансанд шилжүүлнэ.

Дайнд олзлогдогчдын биед байгаа үнэт зүйлсийг олзлогч гүрэн зөвхөн аюулгүй байдлын үндэслэлээр хурааж авч болно. Чингэхдээ мөнгө гаргуулан авахад мөрдөх дээр дурдсан журмыг хэрэглэнэ.

Эдгээр зүйл болон дайнд олзлогдогчдын биед байгаа олзлогч гүрний валютаас өөр валютыг олзлогч гүрний валютад шилжүүлэхийг олзлогдогч өөрөө хүсээгүй тохиолдолд олзлогч гүрэн өөртөө хадгалах бөгөөд олзлолтын хугацаа дуусмагц дайнд олзлогдогчид анх хурааж авсан байдлаар нь буцааж олгоно.

19 дүгээр зүйл

Дайнд олзлогдогчдын аюулгүй байдлыг хангахын тулд тэднийг олзолсны дараа аль болох түргэн хугацаанд байлдааны талбараас алслагдсан газарт байрлах лагерьт нүүлгэн шилжүүлнэ.

Харин нүүлгэн шилжүүлэх үед амь насанд нь аюул учирч болзошгүй зөвхөн хүнд шархтай, өвчтэй олзлогдогчдыг аюултай бүсэд түр үлдээж болно.

Дайнд олзлогдогчдыг байлдааны талбараас нүүлгэн шилжүүлэхээр хүлээлгэж байх үед онц ноцтой шалтгаангүй бол аюулд өртүүлж болохгүй.

20 дугаар зүйл

Дайнд олзлогдогчдыг нүүлгэн шилжүүлэхдээ байнга хүнлэг энэрэнгүй хандаж, олзлогч гүрэн өөрийнхөө цэргийг нүүлгэн шилжүүлэхтэй адил нөхцөл байдалд гүйцэтгэх ёстой.

Олзлогч гүрэн дайнд олзлогдогчдыг нүүлгэн шилжүүлэхдээ ундны ус, хангалалттай хоол хүнсээр хангахын хамт шаардлагатай хувцас олгож эмнэлгийн туслалцаа үзүүлнэ. Мөн тэднийг нүүлгэн шилжүүлэх үед аюулгүй байдлыг нь хангахын тулд бүхий л боломжийн арга хэмжээг урьдчилан авч гүйцэтгэх бөгөөд нүүлгэн шилжүүлж буй дайнд олзлогдогчдын нэрсийн жагсаалтыг аль болох богино хугацаанд тодорхойлж гаргана.

Хэрэв дайнд олзлогдогчдыг нүүлгэн шилжүүлэхдээ дамжин өнгөрөх лагеруудаар нэвтрүүлэх шаардлагатай бол тэнд байх хугацааг аль болох богиносгох арга хэмжээ авна.

II ХЭСЭГ

Дайнд олзлогдогчдыг тусгаарлан хорих онцгой дэглэм

I бүлэг

Нийтлэг заалт

21 дүгээр зүйл

Олзлогч гүрэн дайнд олзлогдогчдыг тусгаарлан хорьж болох бөгөөд дайнд олзлогдогчдод байрлаж байгаа лагераа орхиж явахгүй байх, хэрэв лагерь хашаагаар хүрээлэгдсэн бол хашаанаас гарахгүй байх үүрэг хүлээлгэж болно. Эрүүгийн болон сахилгын арга хэмжээний талаархи энэхүү конвенцийн заалтуудад зааснаас бусад тохиолдолд олзлогдогчдыг цоожилж түгжсэн байранд хорьж, уг байрнаас гадагш явах эрхийг нь хасч болохгүй. Хэрэв олзлогдогчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс ингэж хорих шаардлага байгаа бол зөвхөн уг шаардлага үүссэн нөхцөл байдал арилах хүртэлх хугацаанд хорьж болно.

Хэрэв харьяалах гүрний хуульд харшлахгүй бол олзлогдогчдын өгсөн тангараг буюу өөртөө авсан үүргийн нь үндсэн дээр тэдэнд бүрэн буюу хагас хязгаарлагдмал эрх чөлөө олгож болно. Энэ арга хэмжээг ихэвчлэн олзлогдогчдын эрүүл мэндийг сайжруулахад дөхөм үзүүлэх тохиолдолд хэрэглэнэ. Олзлогдогчоор чөлөөлөгдөхийг нь зөвшөөрүүлэхээр албадан тулгаж тангараг өргүүлж буюу үүрэг амлалт авахуулж болохгүй.

Мөргөлдөөнд оролцогч тал бүр өөрийн орныхоо иргэдийг тангараг өргүүлж, эсхүл үүрэг амлалт авхуулж чөлөөлөх явдлыг хууль тогтоомжоороо зөвшөөрдөг, эсхүл хориглодог талаар дайтах ажиллагаа эхлэх үед нөгөө талдаа мэдээлнэ. Тийнхүү мэдээлсэн хууль тогтоомжийн дагуу тангараг өргөж, эсхүл үүрэг амлалт авч чөлөөлөгдсөн дайнд олзлогдогч харьяалагдаж байгаа гүрэн, түүнчлэн олзлогч гүрний өмнө хүлээсэн үүргээ чин шударгаар чанд биелүүлэх үүрэгтэй. Харин энэ тохиолдолд харьяалах гүрэн нь дайнд олзлогдогчдоос хүлээсэн үүрэг, амлалтад нь харшлах өөр бусад зүйл гүйцэтгүүлэх буюу гүйцэтгэхийг шаардаж болохгүй.

22 дугаар зүйл

Дайнд олзлогдогчдын тусгаарлан хорих онцгой дэглэмд байлгахдаа гагцхүү тэдний эрүүл ахуйн болон эрүүл мэндийг хамгаалах баталгаатай хуурай газар байрлах байранд байлгана. Дайнд олзлогдогчдын ашиг сонирхолд нийцсэн онцгой шалтгаанаас бусад үед тэднийг шоронгийн байранд байлгаж болохгүй.

Эрүүл мэндэд муугаар нөлөөлөхүйц газар, эсхүл тэдний эрүүл мэндэд онцын тохиромжгүй уур амьсгалтай газарт тусгаарлан хорих онцгой дэглэмд байгаа олзлогдогчдыг аль болох богино хугацаанд тааламжтай газар шилжүүлнэ.

Олзлогч гүрэн дайнд олзлогдогчдыг тусгай лагерьт тэдний үндэс угсаа, хэл, ёс заншлыг харгалзан, олзлогдох хүртлээ хамт алба хааж байсан зэвсэгт хүчний олзлогдогчдоос нь тусгаарлахгүйг бодолцон байрлуулна. Харин олзлогдогчид бие биеэсээ тусдаа байрлах талаар өөрсдөө санал илэрхийлбэл үүнийг нь харгалзана.

23 дугаар зүйл

Ямар ч үед дайнд олзлогдогчдыг байлдааны талбар, галын шугаманд өртөж болох газар уруу явуулах, эсхүл тэнд албадан саатуулж болохгүй бөгөөд тэднийг цэрэг дайны ямар нэгэн бэхлэлт районыг хамгаалуулах үйл ажиллагаанд ашиглаж болохгүй.

Дайнд олзлогдогчид нь орон нутгийн цэргийн бус хүн амын нэгэн адил агаарын довтолгоон болон дайны бусад аюулаас хамгаалахад зориулсан түр хоргодох байртай байна. Агаарын түгшүүрийн дохио өгмөгц олзлогдогчдын дотроос орон байраа хамгаалах үүрэгтэй этгээдээс бусад нь хоргодох байранд аль болох богино хугацаанд орсон байх хэрэгтэй. Цэргийн бус хүн амыг дайны аюулаас хамгаалах бусад арга хэмжээг дайнд олзлогдогчдын хувьд нэгэн адил хэрэглэх ёстой.

Олзлогч гүрнүүд дайнд олзлогдогчдыг байрлуулж буй лагерийн газар зүйн байрлалын талаархи шаардлагатай мэдээллийг хамгаалагч гүрнээр дамжуулан холбогдох гүрэнд өгнө.

Өдрийн цагт байлдааны цагийн боломжоор олзлогдогчдын лагерийг агаараас тод харагдах “PW” буюу “PG” гэсэн үсгээр онцлон тэмдэглэх ёстой. Холбогдох гүрнүүд өөр арга хэрэглэн тэмдэглэх тухайгаа хоорондоо тохиролцож болно. Зөвхөн дайнд олзлогдогчдын лагерь л ийм тэмдэгтэй байна.

24 дүгээр зүйл

Дамжин өнгөрөх болон түр байрлуулах байнгын ажилагаатай лагерь нь зохион байгуулалтынхаа хувьд энэ ангид заасан шаардлагад нийцсэн байх ёстой бөгөөд тэнд байгаа олзлогдогчдын хувьд бусад лагерьт тогтоосон дэглэмийг нэгэн адил баримтална.

II бүлэг

Дайнд олзлогдогчдын орон байр, хоол хүнс, хувцас

25 дугаар зүйл

Лагерьт байгаа дайнд олзлогдогчдын ахуйн нөхцөл нь лагерийн орчим байрлаж байгаа олзлогч гүрний зэвсэгт хүчний ахуйн нөхцөлтэй адил таатай байх ёстой. Олзлогдогчдын байрлах орчин нөхцөл нь тэдний зан заншил, үндэсний өвөрмөц онцлогыг харгалзсан бөгөөд эрүүл мэндэд нь харшлахгүй байна.

Дайнд олзлогдогчдын байр болон түүний нийт талбай, нэг хүнд оногдох наад захын хэмжээ, нийтлэг тоноглол болон ор, хөнжил, дэвсгэр хэрэглэлийн тухайд дээр дурдсан заалтуудыг мөн хэрэглэнэ.

Дайнд олзлогдогчдын ганцаарчлан болон хамтаараа байрлах байр нь чийггүй хуурай, дулаан, гэрлээр зохих хэмжээнд хангагдсан байх бөгөөд ялангуяа бүрий болсноос хойш цахилгаан асаах тогтоосон цаг хүртэл харанхуй байлгаж болохгүй. Түүнчлэн гал түймрийн аюулаас хамгаалах бүх арга хэмжээг авсан байна.

Эрэгтэй, эмэгтэй олзлогдогчид хамтдаа байгаа лагерьт тэднийг унтах байраар тусад нь хангана.

26 дугаар зүйл

Өдөр тутмын хоол хүнс, түүний найрлага бүтэц нь дайнд олзлогдогчдыг эрүүл байлгах, тураал болон хүнс тэжээлийн дутагдлаас үүсэх хүндрэлд орохоос урьдчилан сэргийлэх үүднээс тоо, чанар, төрлийн хувьд хангалттай байх ёстой. Мөн түүнчлэн олзлогдогчдын дадсан хооллох дэглэмийг анхааралдаа авна.

Олзлогч гүрэн нь ажиллаж байгаа дайнд олзлогдогчдын ажлын нөхцөл байдалд тохирсон зайлшгүй шаардлагатай нэмэлт хоол хүнсээр хангана.

Дайнд олзлогдогчдыг ундны усаар хангалттай хэмжээнд хангах хэрэгтэй. Тамхи татахыг зөвшөөрнө.

Дайнд олзлогдогчдыг хоол хүнс бэлтгэх ажилд аль болохоор өргөн оролцуулах хэрэгтэй. Энэ зорилгоор тэднийг гал тогоонд ажиллуулж болно. Өөртөө байгаа зүйлээр нэмэгдэл хоол хүнс бэлтгэх боломжийг тэдэнд мөн олгох ёстой.

Хоол хүнсээ хэрэглэх болон бэлтгэх тохиромжтой байраар хангах хэрэгтэй.

Хоол хүнсийг хөндсөн аливаа сахилгын хамтын шийтгэл ногдуулахыг хориглоно.

27 дугаар зүйл

Олзлогч гүрэн дайнд олзлогдогчдын байгаа газрын цаг уурын байдалд тохируулан тэдэнд гадуур, дотуур хувцас, гутал зэргийг хангалттай тоогоор тавьж олгоно. Дайсагнагч этгээдийн цэргийн дүрэмт хувцсыг эзлэн авсан олзлогч гүрэн тэр газрын уур амьсгалд тохиромжтой бол дайнд олзлогдогчдын хувцасны хэрэгцээнд тохируулан хэрэглэнэ.

Олзлогдогчдын эдэлж хэрэглэж байгаа хувцсыг олзлогч гүрэн байнга солих буюу засварлана. Түүнээс гадна ажиллаж байгаа дайнд олзлогдогчдод гүйцэтгэж буй ажлынх нь байдалд зохицсон хувцас олгоно.

28 дугаар зүйл

Дайнд олзлогдогчдын байрлаж байгаа лагерьт тэдний хэрэгцээнд зориулж хүнсний бүтээгдэхүүн, саван, тамхи зэрэг өдөр тутмын хэрэгцээтэй бараа худалдаалах мухлагтай байна. Барааны үнэ нь орон нутгийн зах зээлийн үнээс өндөр байх ёсгүй.

Лагерийн мухлагаас олж байгаа ашгийг олзлогдогчдын хэрэгцээнд хэрэглэх бөгөөд энэ зорилгоор тусгай сан байгуулна. Олзлогдогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч мухлагийн ажилд болон энэхүү санг захиран зарцуулахад оролцох эрх эдэлнэ.

Хэрэв лагерийг татан буулгавал тусгай сангийн үлдэгдэл балансыг олон улсын аль нэг хүмүүнлэгийн байгууллагад санг хуримтлуулахад оролцсон олзлогдогчдын харьяалах орны олзлогдогчдын хэрэгцээнд хэрэглэх зорилгоор шилжүүлж өгнө. Дайнд олзлогдогчдыг харилцан солилцож дууссаны дараа холбогдох гүрнүүдийн хооронд дээр дурдсан сангийн талаар аливаа хэлэлцээр байгуулаагүй бол уг сан нь олзлогч гүрний ашиг болж үлдэнэ.

III бүлэг

Эрүүл ахуй, эмнэлгийн тусламж

29 дүгээр зүйл

Олзлогч гүрэн олзлогдогчдын лагерийг цэвэр байлгах, олзлогдогчдын эрүүл мэндийн байдлыг хамгаалах, элдэв халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай ариун цэвэр, эрүүл ахуйн бүх арга хэмжээг авах үүрэгтэй.

Дайнд олзлогдогчид өдөр, шөнийн аль ч цагт ашиглах ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр хангагдсан байна. Эмэгтэй олзлогдогчид байрладаг лагерьт тэдэнд зориулсан ариун цэврийн өрөөг тусгайлан гаргаж өгнө.

Дайнд олзлогдогчдын лагерьт халуун усны газар байгуулахаас гадна хувийн ариутгал, цэвэрлэгээ, угаалганд зориулан хангалттай хэмжээний ус, угаалгын савангаар хангана. Энэ зорилгоор тэдэнд зохих орон байр, боломж, цаг хугацаа олгох ёстой.

30 дугаар зүйл

Дайнд олзлогдогчдод эмнэлгийн тусламж үзүүлэх буюу тэдэнд хоолны дэглэм сахиулах зорилгоор лагерь бүр өөртөө тохирсон эмчилгээний тасагтай байна. Сэтгэл мэдрэлийн болон халдварт өвчнөөр өвчилсөн олзлогдогчдыг шаардлагатай нөхцөлд тусгаарлах өрөөтэй байна.

Хүнд өвчтэй, эсхүл тусгай эмчилгээ болон мэс засал хийлгэх, эсхүл эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай дайнд олзлогдогчдыг ойрын үед нутагт нь буцаах байсан ч цэргийн болон иргэний эмнэлгийн байгууллагууд заавал хүлээн авч эмчлэх ёстой. Сохор, тахир дутуу хүмүүсийг нутагт нь буцаахын өмнө аль болохоор онцлон үзэж сувилна.

Дайнд олзлогдогчдод тэдгээрийг харьяалах гүрний нь, боломжтой тохиолдолд тэдэнтэй адил үндэсний эмнэлгийн ажилтнаар эмнэлгийн тусламж түлхүү үзүүлнэ.

Дайнд олзлогдогчид эмнэлгийн ажилтанд хандан үзлэг хийлгэх, эмнэлгийн тусламж авах явдалд саад хийж болохгүй. Олзлогч гүрний эрх бүхий байгууллагууд эмчлүүлж байгаа олзлогдогчдын хүсэлтийн дагуу өвчний шинж тэмдэг, гэмтлийн учир шалтгаан, хийсэн эмчилгээ, эмчлүүлсэн хугацаа зэргийг тодорхойлсон албан ёсны лавлагаа хийж өгөх үүрэгтэй. Энэ лавлагааны нэг хувийг дайнд олзлогдогчдын хэрэг эрхлэх төв агентлагт явуулна.

Дайнд олзлогдогчдыг эмчлэх буюу тэдний эмчилгээнд шаардагдах эмнэлгийн эм, хэрэгсэл, тухайлбал нүдний шил, хиймэл шүд зэрэг бусад хэрэглэлийг худалдаж авахад гарсан зардлыг олзлогч гүрэн хариуцна.

31 дүгээр зүйл

Дайнд олзлогдогчдыг сар бүр нэгээс доошгүй удаа эмнэлгийн үзлэгт хамруулна. Эмнэлгийн үзлэгийн үед дайнд олзлогдогч бүрийн жинг хэмжиж тэмдэглэнэ.

Энэхүү үзлэг нь олзлогдогчдын эрүүл мэнд, хоол хүнс, хувийн ариун цэврийн байдлыг шалгаж үзэх, түүнчлэн уушигны сүрьеэ, халуун хижиг, арьс өнгөний өвчин зэрэг халдварт өвчнийг илрүүлэх зорилготой болно. Үүний тулд үргэлж эмнэлгийн шалгарсан аргыг сонгон авч хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал, цэргийн олзлогдогчдыг нийтэд нь рентгений зураг үе үе авахуулах нь анхан шатны сүрьеэ өвчнийг илрүүлэх зорилготой байна.

32 дугаар зүйл

Олзлогч гүрэн нь олзлогдогчдын дотор байгаа өөрийн зэвсэгт хүчинд алба хашдаггүй эмч, мэс заслын эмч, шүдний эмч, сувилагч нарт тэднийг харьяалах гүрний олзлогдогчдын эрх ашгийн үүднээс эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тухай шаардлага тавьж болно. Энэ тохиолдолд тэд дайнд олзлогдогч хэвээр байх боловч олзлогч гүрэнд албадан саатуулагдаж байгаа эмнэлгийн ажилтны нэгэн адил эрх эдэлнэ. Тэднийг конвенцийн 49 дүгээр зүйлд заасны дагуу аливаа бусад ажлаас чөлөөлнө.

IV бүлэг

Дайнд олзлогдогчдод тусламж үзүүлэх зорилгоор

албадан саатуулагдсан эмнэлгийн болон шашны ажилтан

33 дугаар зүйл

Олзлогч гүрэн дайнд олзлогдогчдод тусламж үзүүлэх зорилгоор албадан саатуулсан эмнэлгийн болон шашны ажилтныг дайнд олзлогдогчид тооцох ёсгүй. Харин тэд наад зах нь энэхүү конвенцийн ивээл, хөнгөлөлтийг эдлэхээс гадна дайнд олзлогдогчдод эмнэлгийн болон сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлэх, шашны зан үйлтэй холбоотой үйл ажиллагаа явуулахад нь шаардагдах бүх бололцоо нөхцөлөөр хангана.

Тэд олзлогч гүрний цэргийн хууль, тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрсдийн мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн дайнд олзлогдогчдод эмнэлгийн болон сэтгэл санааны тусламж үзүүлэх үүргээ гүйцэтгэнэ. Тэд эмнэлгийн болон сэтгэл санааны тусламж үзүүлэхдээ дор дурдсан хөнгөлөлтийг эдэлнэ:

(а) Лагериас гадна орших цэргийн эмнэлэгт буюу ажлын байранд байгаа дайнд олзлогдогчдыг тогтмол эргэж уулзахыг тэдэнд зөвшөөрнө. Энэ зорилгоор олзлогч гүрэн тээврийн хэрэгслээр хангана;

(b) Албадан саатуулагдсан эмнэлгийн ажилтнуудын бүхий л үйл ажиллагаатай холбогдсон хариуцлагыг лагерь бүрт эмнэлгийн ахлах эмч нь лагерийн цэргийн эрх баригчдын өмнө хүлээнэ. Эл зорилгоор мөргөлдөөнд оролцогч талууд дайтах ажиллагаа эхэлмэгц эмнэлгийн албаны ажилтнууд, түүнчлэн Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан, өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцийн 26 дугаар зүйлд дурдсан нийгэмлэгүүдийн ажилтнуудын цол хэргэмийн харьцааны талаар хэлэлцэн тохирно. Энэ ахлах эмч болон шашны ажилтан нь мэргэжлийнхээ үйл ажиллагаатай холбогдох бүх асуудлаар лагерийн зохих эрх баригчтай харьцах эрхтэй. Лагерийн эрх баригчид тэдэнд дээрх асуудлаар захидал бичгээр харьцах бүх бололцоог олгоно;

(c) Албадан саатуулагдсан эмнэлгийн болон шашны ажилтан өөрсдийн байгаа лагерийн дотоод журамд захирагдах бөгөөд тэднээр эмнэлгийн болон шашин шүтлэгийн үүрэгтэй нь холбоогүй аливаа ажлыг албадан хийлгүүлж болохгүй.

Тэднийг ээлжлэн ажиллуулах журмын талаар мөргөлдөөнд оролцогч талууд дайтах ажиллагааны үеэр хэлэлцэн тохиролцож, энэ талаар журам тогтооно.

Өмнөх заалтууд нь дайнд олзлогдогчдын эмнэлгийн болон санаа сэтгэлийн эрэлт хэрэгцээг хангах талаар хүлээх үүргээс олзлогч гүрнийг чөлөөлөх үндэслэл болохгүй.

V бүлэг

Шашин, оюун санааны болон биеийн тамирын үйл ажиллагаа

34 дүгээр зүйл

Дайнд олзлогдогчид цэргийн эрх баригчдаас тэдэнд тогтоосон сахилгын журмыг дагаж мөрдсөн нөхцөлд тэдэнд өөрсдийн шүтэн биширдэг шашныхаа зан үйлийг гүйцэтгэх, тухайлбал сүм хийдэд очиж мөргөл үйлдэх эрх чөлөөг бүрэн олгоно.

Шашны зан үйл гүйцэтгэхэд тохиромжтой тусгай өрөө тасалгаа бэлтгэж өгнө.

35 дугаар зүйл

Дайсагнагч этгээдийн гарт орсон шашны ажилтан дайнд олзлогдогчдод тусламж үзүүлэхээр үлдэх буюу албадан саатуулагдах тохиолдолд түүнд шашин нэгт олзлогдогчдынхоо дунд өөрийн шашны ёс журмын дагуу сүсэг бишрэлийн үйл ажиллагааг чөлөөтэй явуулахыг зөвшөөрнө. Тэднийг эх хэл нэгтэй болон нэг шашин шүтлэгт хамаардаг бөгөөд харьяалагдаж буй зэвсэгт хүчнээс нь олзлогдож ирсэн олзлогдогчид байрлаж байгаа лагерь, ажлын баг, хэсэгт хуваарилна. Тэднийг лагерийн гадна орших олзлогдогчидтой уулзахад нь 33 дугаар зүйлд заасны дагуу тээврийн хэрэгслээр үйлчлэх зэрэг шаардлагатай нөхцөлөөр хангана. Тэд олзлогч орны болон олон улсын шашны байгууллагуудтай шашны асуудлаар захидал бичгээр чөлөөтэй харилцах боловч түүнд нь олзлогч гүрний зүгээс хяналт тавина. Тэднээс илгээж болох элдэв төрлийн бичиг захидал энэхүү конвенцийн 71 дүгээр зүйлээр тогтоосон хязгаарлалтад орохгүй.

36 дугаар зүйл

Харьяат армийнхаа шашны ажилтаны тоонд албан ёсоор ороогүй олзлогдогч- санваартанд шашин нэгтнийхээ дунд шашны үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулахыг зөвшөөрнө. Тэдэнтэй олзлогч гүрний мэдэлд албадан саатуулагдсан шашны ажилтны адил харьцах ёстой. Тэднээр өөр ямар нэгэн ажлыг албадан хийлгүүлж болохгүй.

37 дугаар зүйл

Дайнд олзлогдогчид албадан саатуулагдсан шашны ажилтан болон олзлогдогч-санваартны тусламжийг хүргэж чадахгүй байх тохиолдолд сонирхогч олзлогдогчдын өөрсдийн нь хүсэлтээр цэргийн санваартны үүрэг гүйцэтгүүлэхээр энгийн сүсэгтэнг томилж ажиллуулах бөгөөд хэрэв ийм боломжгүй бол шашин шүтлэгт нь харшлахгүй гэсэн тийм хүнийг томилон ажиллуулж болно. Олзлогч гүрэн нь олзлогдогчдын болон шаардлагатай тохиолдолд тэрхүү урсгалын орон нутгийн шашны байгууллагын саналыг харгалзан дээрх томилолтыг батламжилна. Ийнхүү томилогдсон этгээд сахилга бэхжүүлэх, цэргийн аюулгүй байдлыг хангахын тулд олзлогч гүрний тогтоосон бүхий л журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

38 дугаар зүйл

Олзлогч гүрэн нь дайнд олзлогдогч бүрийн хувийн авъяас, сонирхлыг хүндэтгэн үзэж тэдний оюун санаа, гэгээрэл боловсрол, спортын идэвх чадавх болон олзлогдогчдын дунд спортын тоглоом наадам зохион байгуулахыг хөхиүлэн урамшуулна. Энэ зорилгоор зохих спортын хэрэгсэл болон байраар хангана.

Олзлогдогчид нь ил гадаа биеийн тамирын дасгал хийж, элдэв төрлийн спорт, спортын тоглоомоор тоглох боломжтой байх ёстой. Бүх лагерьт үүнд зориулж хангалттай хэмжээний задгай талбай бэлтгэнэ.

VI бүлэг

Сахилга

39 дүгээр зүйл

Дайнд олзлогдогчдын лагерийг олзлогч гүрний байнгын зэвсэгт хүчинд харьяалагдах тусгай томилолт бүхий хариуцлагатай офицер шууд удирдана. Уг офицерт энэхүү конвенцийн бичвэр байх ёстой бөгөөд түүний заалтуудыг лагерийн бүх ажилтанд сурталчилан таниулахын хамт засгийн газрынхаа хяналтын дор конвенцийг хэрэгжүүлэх талаар хариуцлага хүлээнэ.

Офицеруудаас бусад дайнд олзлогдогчид нь армийнхаа дүрэмд заасан ёсоор олзлогч гүрний дарга офицеруудад ёслож хүндэтгэл үзүүлэх ёстой.

Олзлогдсон офицерууд нь олзлогч гүрний өөрөөсөө өндөр цол хэргэм бүхий офицер, дарга нарт, түүнчлэн ямар ч цолтой байгааг үл харгалзан лагерийн захирагчид ёслож хүндэтгэл үзүүлэх үүрэг хүлээнэ.

40 дүгээр зүйл

Олзлогдогчдод өөрийн улсын цолны болон үндэсний ялгах тэмдгийг зүүж явахыг зөвшөөрнө.

41 дүгээр зүйл

Энэхүү конвенцийн бичвэр, түүний хавсралтууд болон 6 дугаар зүйлд заасан тусгай хэлэлцээрүүдийн утга агуулгыг олзлогдогчдын эх хэлээр бичиж бүх олзлогдогчид уншиж болох тод үзэгдэхүйц газар хадна. Эдгээр зүйлтэй танилцах бололцоогүй олзлогдогчид хэрэв хүсэлт гаргавал тэдэнд уншиж танилцах зорилгоор хуулбарлаж өгнө.

Дайнд олзлогдогчдод холбогдох янз бүрийн журам, тушаал, зарлал болон олзлогдогчдын биеэ авч явах тухай мэдээллийг тэдний ойлгох хэлээр нь бичиж дээр дурдсан газар хадах буюу олшруулсан хувийг нь итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгнө. Тодорхой олзлогдогчдод хамаарах тушаал, захирамжийг мөн нэгэн адил тэдэнд ойлгогдох хэлээр бичиж өгөх ёстой.

42 дугаар зүйл

Дайнд олзлогдогчдын эсрэг, ялангуяа оргосон буюу оргохыг завдсан олзлогдогчдын эсрэг зэвсэг хэрэглэхийг онцгой арга хэмжээ гэж үзэх бөгөөд зохих нөхцөл байдлыг харгалзан заавал урьдчилан анхааруулах ёстой.

VII бүлэг

Дайнд олзлогдогчдын цэргийн цол хэргэм

43 дугаар зүйл

Нэг зиндааны цол хэргэм бүхий олзлогогсодтой адил тэгш харьцах явдлыг хангах зорилгоор мөргөлдөөнд оролцогч талууд дайтах ажиллагаа эхэлмэгц энэхүү конвенцийн 4 дүгээр зүйлд дурдсан бүх этгээдийн цол хэргэм, албан тушаалын талаар харилцан өөр хоорондоо мэдээлнэ. Хэрэв цол хэргэм, албан тушаалыг үүнээс хожим тогтоовол энэ тухай нэгэн адил мэдээлнэ.

Олзлогдогчдыг харьяалах гүрэн олзлогдогчийн цол хэргэмийг ахиулсан тухай олзлогч гүрэнд албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд олзлогч гүрэн түүнийг хүлээн зөвшөөрнө.

44 дүгээр зүйл

Офицер болон түүнтэй адилтгах олзлогдогчидтой харьцахдаа тэдний цол хэргэм, насны байдлыг харгалзан хүндэтгэл үзүүлэх ёстой.

Офицер болон түүнтэй адилтгах олзлогдогчдын цол хэргэмийг анхааралдаа авч тэдний байрлаж байгаа лагерьт үйлчилгээний ажил хийлгэхээр харьяат цэргийн хүчнээс нь олзлогдож ирсэн хангалттай тооны, болж өгвөл эх хэлээр нь ярьдаг цэргийг тусгайлан томилж ажиллуулна. Харин тэднийг өөр ямар нэгэн ажилд илгээж болохгүй.

Офицерууд өөрсдөө гал тогооны газартаа хяналт тавих явдлыг бүх талаар дэмжинэ.

45 дугаар зүйл

Офицер бус олзлогдогчид болон тэдэнтэй адилтгах олзлогдогчидтой харьцахдаа цол хэргэм болон насны байдлыг харгалзан хүндэтгэл үзүүлнэ.

Олзлогдогчид өөрсдөө гал тогооны газартаа хяналт тавих явдлыг бүх талаар дэмжинэ.

VIII бүлэг

Олзлогдогчдыг лагерьт ирүүлсний дараа шилжүүлэх

46 дугаар зүйл

Олзлогч гүрэн дайнд олзлогдогчдыг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тэдний өөрсдийн нь эрх ашгийг харгалзах бөгөөд ялангуяа олзлогдогчдыг эх оронд нь буцаахад саад бэрхшээл учруулахгүй байхыг эрмэлзэнэ.

Дайнд олзлогдогчдыг шилжүүлэх нөхцөл нь хүнлэг энэрэнгүй байхаас гадна олзлогч гүрэн өөрийнхөө цэргийг шилжүүлэхээс дордуулахгүй нөхцөлд явагдах ёстой. Дайнд олзлогдогчдын зохицсон цаг уурын нөхцөлд байнга анхаарал хандуулах бөгөөд тэднийг шилжүүлэх нөхцөл нь ямар ч тохиолдолд эрүүл мэндэд нь гэм хор учруулах ёсгүй.

Олзлогч гүрэн дайнд олзлогдогчдыг шилжүүлэхдээ тэдний эрүүл мэндийг хамгаалахад анхаарч хангалттай хэмжээний ундны ус, хоол хүнсээр хангахын хамт зайлшгүй шаардлагатай хувцас, оромж олгож, эмнэлгийн тусламж үзүүлнэ. Олзлогч гүрэн нь олзлогдогчдын аюулгүй байдлыг хангахын тулд ялангуяа тэднийг агаарын болон усан замаар зөөвөрлөхдөө бүхий л талын урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч гүйцэтгэсэн байх бөгөөд тэднийг явуулахын өмнө шилжиж байгаа олзлогдогчдын нэрсийн бүрэн жагсаалтыг гаргасан байна.

47 дугаар зүйл

Өвчтэй, эсхүл шархадсан дайнд олзлогдогчийг тэдний аюулгүй байдал шаардаж байгаагаас бусад тохиолдолд хэрэв тэднийг зөөвөрлөх нь эдгэж тэнхэрэхэд аюул учруулахаар байвал шилжүүлж болохгүй.

Дайнд олзлогдогчдын лагерьт фронтын шугам ойртож ирэх тохиолдолд тэнд байрлаж байгаа олзлогдогчдын аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд, эсхүл тэндээ байх нь нүүлгэн шилжүүлэх үеийнхээс илүү аюултай болох нөхцөлд тэднийг нүүлгэн шилжүүлнэ.

48 дугаар зүйл

Дайнд олзлогдогчдыг шилжүүлэх тохиолдолд энэ тухай болон очих газрын шуудангийн хаягийг албан ёсоор урьдчилан мэдэгдэнэ. Энэ хугацаа нь олзлогдогчид өөрсдийн эд хогшлоо боож баглах болон нүүлгэн шилжүүлэх тухай ар гэрийнхэндээ мэдэгдэх боломжтой хугацаа байх ёстой.

Дайнд олзлогдогчдод хувийн эд хогшил болон гэр орноосоо хүлээж авсан эд зүйл, захидал бичгийг биедээ авч явахыг зөвшөөрнө. Олзлогдогчид биедээ авч явах зүйлийн жингийн хэмжээг цаг үеийн шаардлагаас болж багасгаж болох боловч нэг хүний авч явах зүйлийн хүндийн жин нь 25 кг-аас хэтрэх ёсгүй.

Лагерийн хуучин хаягаар ирүүлсэн бичиг захидал, илгээмж зэргийг шинэ хаягаар эздэд нь саадгүй хүргэх ёстой. Лагерийн захирагч олзлогдогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй тохиролцсоны дагуу олзлогдогчдын лагерийн эд хогшил, түүнчлэн энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтэрч үлдсэн олзлогдогчдын эд хогшлыг тээвэрлэж явуулахад чиглэгдсэн бүх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Шилжүүлэх үеийн зардлыг олзлогч гүрэн хариуцна.

III ХЭСЭГ

Олзлогдогчдын хөдөлмөр

49 дүгээр зүйл

Олзлогч гүрэн хөдөлмөрийн чадвартай олзлогдогчдыг нас, хүйс, цол хэргэм, биеийн эрүүл мэндийг харгалзан тэдний бие махбодь, санаа сэтгэлийн хэвийн байдлыг хангахын тулд ажиллах хүчнээр ашиглаж болно.

Дайнд олзлогдогч бага дарга нараас зөвхөн хяналт тавих ажил хийхийг шаардана. Ийм шаардлага тавигдаагүй бага дарга нар өөртөө тохирох өөр ажил өгөхийг хүсч болох бөгөөд түүнийг нь бололцооны хэрээр олж өгнө.

Хэрэв офицер болон түүнтэй адилтгах этгээд өөртөө тохирох ажил олгохыг хүсвэл тэр ажлыг нь олж өгнө. Харин тэднийг ямар ч тохиолдолд албадан ажиллуулж болохгүй.

50 дугаар зүйл

Дайнд олзлогдогчдыг байрлаж байгаа лагерийн нь захиргааны болон тоноглох, хангалтын зэрэг дотоод ажлаас бусад зөвхөн дор дурдсан төрлийн ажлыг албадан хийлгэж болно:

(a) хөдөө аж ахуй;

(b) төмөрлөг, машины үйлдвэр, химийн үйлдвэрээс бусад аж үйлдвэрийн олзворлох болон боловсруулах салбар, түүнчлэн цэргийн зориулалтгүй байгууламжийн болон олон нийтийн ажил;

(c) цэргийн зориулалтгүй ачаа тээвэр, ачиж буулгах болон агуулахын ажил;

(d) худалдаа, урлаг, гар урлалын ажил;

(e) гэр ахуйн үйлчилгээ;

(f) цэргийн зориулалтгүй нийтийн ахуй үйлчилгээний ажил.

Хэрэв дээр дурдсан заалт зөрчигдсөн тохиолдолд дайнд олзлогдогчид энэхүү конвенцийн 78 дугаар зүйлд заасны дагуу давж заалдах, гомдол гаргах эрх эдлэхийг зөвшөөрнө.

51 дүгээр зүйл

Дайнд олзлогдогчдыг ажлын зохих нөхцөл, ялангуяа орон сууц, хоол хүнс, хувцас болон багаж хэрэгслээр хангах ёстой бөгөөд энэ нөхцөл нь олзлогч гүрний иргэдийн адил төстэй ажлын нөхцөлөөс дор байж болохгүй. Түүнээс гадна ажиллах газрын цаг уурын нөхцөл байдлыг харгалзан үзэх хэрэгтэй.

Олзлогч гүрэн дайнд олзлогдогчдын хөдөлмөрийг ашиглахдаа тэднийг ажлуулах газарт өөрийн улсын хөдөлмөр хамгааллын, тухайлбал аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулна.

Дайнд олзлогдогчдыг олзлогч гүрний иргэдийн нэгэн адил хийх ажилд нь зохицох хөдөлмөр хамгааллын арга хэмжээний сургалтад хамруулна. 52 дугаар зүйлд заасан нөхцөлийг биелүүлэх үндсэн дээр олзлогдогчдыг энгийн хүн амын эрхэлдэг ажилд татан оролцуулж болно.

Ажлын нөхцөлийг ямар ч тохиолдолд сахилгын арга хэмжээ авах замаар хүндрүүлж болохгүй.

52 дугаар зүйл

Дайнд олзлогдогч сайн дураараа зөвшөөрөөгүй тохиолдолд түүнийг эрүүл мэндэд нь гэм хор учруулах буюу амь насанд аюултай ажил хийлгэж болохгүй.

Олзлогч гүрний цэргийн албан хаагчдын нэр хүндийг гутаахуйц ажилд олзлогдогчдыг ажиллуулж болохгүй.

Мина, тэсэрч дэлбэрэх адил төрлийн зэр зэвсгийг зөөж зайлуулах ажлыг амь насанд аюултай ажил гэж үзнэ.

53 дугаар зүйл

Дайнд олзлогдогчдын ажилдаа очих болон буцаж ирэх хугацааг оролцуулан ажлын өдрийн үргэлжлэх хугацаа нь тухайн бүсэд ижил төрлийн ажил хийж байгаа олзлогч гүрний жирийн ажилтны ажилд тогтоосон хугацаанаас илт их буюу түүнээс ямар ч тохиолдолд урт байж болохгүй.

Ажлын өдрийн дунд үед дайнд олзлогдогчдод нэгээс доошгүй цагийн амралт олгоно. Хэрэв олзлогч гүрний ажилтны амрах хугацаа үүнээс илүү байвал олзлогдогчдын амрах хугацааг үүнтэй зохицуулан мөн нэмэгдүүлнэ. Ням гаригт буюу олзлогдогчдын эх оронд тогтоосон амралтын өдөр олзлогдогчдод долоо хоногт нэг удаа тасралтгүй 24 цагийн хугацаатай амралт олгоно. Түүнээс гадна нэг жилийн турш ажилласан олзлогдогчдод 8 өдрийн тасралтгүй хугацаатай амралтыг ажлын хөлсний хамт олгоно.

Хэрэв норомчлогдоогүй ажил хийлгэх бол ажлын өдрийн цагийг хэт сунгаж болохгүй.

54 дүгээр зүйл

Дайнд олзлогдогчдын хийсэн ажлын цалингийн хэмжээг энэхүү конвенцийн 62 дугаар зүйлийн заалтын дагуу тогтооно.

Ажиллаж байхдаа осолд орсон буюу өвчилсөн дайнд олзлогдогчдод шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлнэ. Түүнээс гадна харьяалах гүрэндээ өөрсдийн эрхээ тогтоолгоход шаардагдах эмнэлгийн магадлагааг олзлогч гүрнээс дайнд олзлогдогчдод олгох бөгөөд магадлагааны нэг хувийг 123 дугаар зүйлд дурдсан дайнд олзлогдогчдын хэрэг эрхлэх төв агентлагт шилжүүлнэ.

55 дугаар зүйл

Сард нэгээс доошгүй удаа эмнэлгийн үзлэг хийж дайнд олзлогдогчид тухайн ажилд тэнцэх эсэхийг тогтмол шалгана. Эмнэлгийн үзлэгийн үед дайнд олзлогдогчдын гүйцэтгэж байгаа ажлын шинж байдлыг онцгойлон анхаарч үзэх ёстой.

Дайнд олзлогдогч өөрийгөө хөдөлмөрийн чадваргүй гэж үзвэл лагерийнхаа эмнэлэгт очиж эрүүл мэндээ үзүүлэхийг зөвшөөрнө. Эмч нар тухайн дайнд олзлогдогчийг хөдөлмөрийн чадваргүй гэж үзвэл ажлаас чөлөөлөхийг санал болгож болно.

56 дугаар зүйл

Ажлын баг, хэсгийн дэглэм нь дайнд олзлогдогчдын лагерийнхтай адил байна.

Аль ч баг, хэсэг дайнд олзлогдогчдын лагерийн хяналтад байх бөгөөд захиргааны хувьд шууд түүний мэдэлд байна. Лагерийн захирагч, цэргийн удирдлагууд нь энэхүү конвенцийн заалтуудыг өөрсдийн засгийн газрын хяналтын дор ажлын баг, хэсэг бүрт дагаж мөрдүүлэх хариуцлага хүлээнэ.

Лагерийн захирагч лагерийнхаа мэдэлд байгаа ажлын баг, хэсгийн нэрсийн жагсаалтыг тухай бүр шинэчлэн бүртгэж хадгалах бөгөөд түүнийг олзлогдогчдод тусламж үзүүлж байгаа хамгаалагч гүрэн, Олон улсын улаан загалмайн хороо буюу бусад байгууллагын төлөөлөгчид лагерьт ирэхэд нь үзүүлэх ёстой.

57 дугаар зүйл

Дайнд олзлогдогчдыг хөлслөн авч ажиллуулж байгаа хувь этгээд тэднийг харгалзан хамгаалах, ивээлдээ авах хариуцлагыг өөртөө авсан нөхцөлд ч олзлогдогчидтой харьцахдаа энэ конвенцоор олгосон нөхцөлийг дордуулах ёсгүй. Дайнд олзлогдогчдын бүх зардлыг гаргах, тэднийг халамжлах, харьцах мөн тэдний ажлын хөлсийг олгож байх үүргийг олзлогч гүрэн, олзлогдогчдын байрлаж байгаа лагерийн захирагч болон цэргийн удирдлагууд өөртөө бүрэн хүлээнэ.

Эдгээр дайнд олзлогдогчид харьялагдах лагерийнхаа итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбоотой байх эрхтэй.

IV ХЭСЭГ

Дайнд олзлогдогчдын мөнгөн хөрөнгө

58 дугаар зүйл

Олзлогч гүрэн нь олзлогдогчдын гар дээр байж болох бэлэн болон бэлэн бус мөнгөний дээд хэмжээг дайтах ажиллагаа эхлэх үеээс хамгаалагч гүрэнтэй энэ асуудлаар хэлэлцээр байгуулах хүртэлх хугацаанд тогтоож болно. Олзлогдогчдоос хурааж авсан буюу өөрсдөө хураалгасан мөнгө нь тэдний хууль ёсны өмч болох учир тэдний нэрийн дансанд оруулах бөгөөд тэдний зөвшөөрөлгүйгээр өөр валютад шилжүүлж болохгүй.

Дайнд олзлогдогчид лагерийн гадна худалдаа хийх буюу үйлчилгээ авахыг зөвшөөрсөн тохиолдолд бэлэн мөнгөөр төлбөрийг өөрсдөө хийх буюу нэрийнхээ данснаас суутгуулах үндсэн дээр лагерийн захиргаагаар хийлгэнэ. Олзлогч гүрэн энэ асуудлыг зохицуулах журмыг боловсруулан гаргана.

59 дүгээр зүйл

Энэхүү конвенцийн 18 дугаар зүйлд заасны дагуу дайнд олзлогдогчдыг олзлох үед тэднээс хураан авсан олзлогч гүрний валютыг конвенцийн 64 дүгээр зүйлд заасны дагуу олзлогдогчид тус бүрийн нэрийн дансанд оруулна.

Тухайн үед дайнд олзлогдогчдоос хураан авсан бусад улсын валютаар байгаа мөнгийг олзлогч гүрний валютад шилжүүлэн сольсон тохиолдолд түүнийг мөн олзлогдогчид тус бүрийн нэрийн дансанд мөн оруулна.

60 дугаар зүйл

Олзлогч гүрэн дайнд олзлогдогчдод сар тутам тухайн гүрний валютад шилжүүлэх хэлбэрээр дор дурдсан хэмжээгээр бодож мөнгөн хангалтын урьдчилгааг олгоно:

I зэрэглэл: Түрүүчээс доош цолтой олзлогдогчдод найман швейцар франк.

II зэрэглэл: Түрүүч болон бага дарга цолтой олзлогдогчид, тэдэнтэй адилтгах зиндааны олзлогдогчдод арван хоёр швейцар франк

III зэрэглэл: Ахмад хүртэлх цолтой офицерууд, тэдэнтэй адилтгах зиндааны олзлогдогчдод тавин швейцар франк

IV зэрэглэл: Хошууч, дэд хурандаа, хурандаа, тэдэнтэй адилтгах зиндааны олзлогдогчдод жаран швейцар франк

V зэрэглэл: Генерал, тэдэнтэй адилтгах зиндааны олзлогдогчдод далан таван швейцар франкийг тус тус олгоно.

Гэхдээ мөргөлдөөнд оролцогч холбогдох талууд тусгай хэлэлцээр байгуулж олзлогдогчдод олгох мөнгөн хангалтын урьдчилгааны дээр дурдсан хэмжээг өөрчлөн тогтоож болно.

Түүнээс гадна хэрэв 1 дэх хэсэгт дурдсан урьдчилгааны хэмжээ олзлогч гүрний зэвсэгт хүчний бүрэлдхүүний мөнгөн хангалтаас хавьгүй их байвал, эсхүл олзлогч гүрэнд ямар нэгэн шалтгаанаар ноцтой хүндрэл учруулахаар байвал уг хангалтын урьдчилгааны хэмжээг өөрчлөх талаар олзлогдогчдын харьяат гүрэнтэй тусгай хэлэлцээр байгуулах хүртэлх хугацаанд олзлогч гүрэн дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

(a) энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан хэмжээний мөнгийг олзлогдогчдын нэрийн дансанд үргэлжлүүлэн бичнэ;

(b) олзлогдогчдод тэдний зөвхөн хувийн хэрэгцээг хангахад олгох мөнгөн хангалтын урьдчилгааны хэмжээг хангалттай гэж үзсэн хэмжээнд түр хугацаагаар хязгаарлаж болох бөгөөд харин I зэрэглэлд багтсан олзлогдогчдын хувьд хэмжээ нь олзлогч гүрний зэвсэгт хүчний бүрэлдхүүнийхээс бага байж болохгүй.

Ийм хязгаарлалт тогтоосон шалтгааныг хамгаалагч гүрэнд нэн даруй мэдэгдэнэ.

61 дүгээр зүйл

Дайнд олзлогдогчдын харьяат гүрнээс олзлогдогчиддоо зориулж нэмэлт мөнгөн хангалт болгон ирүүлж байгаа мөнгийг нэг зэрэглэлд багтаж байгаа олзлогдогчдод тэгш хуваарилах, тухайн зэрэглэлийн харьяат гүрний олзлогдогчдод бүгдэд нь хүртээх, 64 дүгээр зүйлд заасны дагуу тэдний нэрийн дансанд аль болох богино хугацаанд шилжүүлэх нөхцөлтэйгээр олзлогч гүрэн хүлээж авна. Энэхүү нэмэлт мөнгөн хангалт нь тус конвенцоор ногдуулсан бусад үүргээс олзлогч гүрнийг чөлөөлөхгүй.

62 дугаар зүйл

Дайнд олзлогдогчид хийсэн ажилдаа тохирсон хөлсийг олзлогч талын эрх бүхий байгууллагаас шууд авах бөгөөд цалингийн хэмжээг тухайн этгээд тогтооно. Чингэхдээ бүтэн өдөр ажилласны хөлс нь хэзээ ч нэг швейцарь франкны дөрөвний нэгээс доош байж болохгүй. Олзлогч гүрэн дайнд олзлогдогчдын өдрийн ажлын хөлсний хэмжээг тогтоомогц энэ тухайгаа хамгаалагч гүрнээр дамжуулан олзлогдогчид болон тэдгээрийг харьяалах гүрэнд мэдээлнэ.

Лагерийн захиргааны болон бусад дотоод ажилд байнга дайчлагдан ажиллаж байгаа, эсхүл халамж шаардлагатай байгаа бусад олзлогдогчдод эмнэлгийн болон сэтгэл санааны тусламж үзүүлэхээр дайчлагдан ажиллаж байгаа олзлогдогчдод олзолсон талын эрх бүхий байгууллага хөлс мөн олгоно.

Олзлогдогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний туслах, зөвлөх нарын хийсэн ажлын хөлсийг лагерийн мухлагийн ашгаас бүрдүүлэх сангаас гаргана. Ажлын хөлсний хэмжээг олзлогдогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч тогтоож лагерийн захирагч батална. Тийм сан байхгүй тохиолдолд тэдгээрийн ажлын хөлсийг олзлогч талын эрх бүхий байгууллага олгоно.

63 дугаар зүйл

Дайнд олзлогдогчдод хувиараа болон хамтарч мөнгө гуйвуулж авахыг зөвшөөрнө.

Дайнд олзлогдогчид дараагийн зүйлд дурдсан нэрийнхээ дансанд байгаа мөнгөнөөс олзлогч гүрний тогтоосон хэмжээ хязгаарын хүрээнд шаардлагатай төлбөрийг хийж, уг мөнгийг бэлэн бус тооцоогоор захиран зарцуулах эрхтэй. Олзлогч гүрний шаардлагатай гэж үзэж тогтоосон санхүү, валютын хязгаарлалтыг сахин хангасан нөхцөлд олзлогдогчид гадаад төлбөр хийж болно. Энэ тохиолдолд олзлогдогчдын тэжээн тэтгэж буй хүмүүст зориулсан төлбөрийг тэргүүн ээлжинд хийнэ.

Олзлогдогчид харьяалах гүрнийхээ зөвшөөрөлтэйгээр доорх журмыг баримтлан өөрийн оронд мөнгөний гүйлгээ хийж болно. Олзлогч гүрэн хамгаалагч гүрнээр дамжуулан заасан гүрэнд төлбөр төлөгч олзлогдогчийн талаархи бүх мэдээлэл, мөнгө хүлээн авагч, олзлогч гүрний валютаар илэрхийлсэн мөнгөний хэмжээ зэргийг заавал тусгасан мэдэгдлийг илгээх ёстой. Уг мэдэгдэлд олзлогдогч гарын үсэг зурж лагерийн захирагч гарын үсэг зурж батламжилна. Гуйвуулсан мөнгийг олзлогдогчдын нэрийн данснаас олзлогч гүрэн зарлага болгоно. Тийнхүү зарлагадсан мөнгийг олзлогдогчдыг харьяалах гүрний тооцооны дансанд шилжүүлсэн бичилтийг хийнэ.

Өмнө дурдсан заалтуудыг хэрэглэх зорилгоор энэхүү конвенцийн 5 дугаар хавсралтад дурдсан үлгэрчилсэн журмыг олзлогч гүрэн ашиглаж болно.

64 дүгээр зүйл

Олзлогч гүрэн нь дайнд олзлогдогч тус бүрт нэрийн данс нээж хөтлөх бөгөөд тухайн дансанд дор дурдсан зүйлүүд орсон байна:

(1) Олзлогдогчдод олгож байгаа мөнгөний дүн, эсхүл түүний мөнгөн хангалтын урьдчилгаа, ажлын хөлс болон бусад орлого, олзлогдогчдоос хураан авсан олзлогч гүрний валютын хэмжээ, түүнчлэн түүнээс хураан аваад хүсэлтийн нь дагуу олзлогч гүрний нь валютад шилжүүлсэн мөнгө.

(2) Олзлогдогчдод бэлэн болон бэлэн бус хэлбэрээр олгосон мөнгө, түүний нэрийн өмнөөс буюу түүний хүсэлтийн дагуу хийсэн төлбөр, 63 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлсэн мөнгөний хэмжээ.

65 дугаар зүйл

Дайнд олзлогдогчдын нэрийн дансанд орж байгаа баримтуудад олзлогдогчид өөрсдөө гарын үсэг зурах буюу үзэглэх, эсхүл түүний нэрийн өмнөөс ажиллаж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурна.

Дайнд олзлогдогчдод нэрийнхээ данстай танилцах, тооцооны хуулбарыг үзэх хангалттай боломжийг үргэлж олгоно. Хамгаалагч гүрний төлөөлөгч лагерьт ирэх үедээ дээрх тооцоог шалгаж болно.

Дайнд олзлогдогчдыг нэг лагериас нөгөөд шилжүүлэхдээ тэдний нэрийн дансыг хойноос нь мөн илгээнэ. Олзлогдогчдыг нэг олзлогч гүрнээс өөр олзлогч гүрэнд шилжүүлэн өгөхдөө эхний олзлогч гүрний валютад шилжүүлээгүй мөнгийг нь олзлогдогчдын хойноос явуулна. Харин тэдний нэрийн дансанд байгаа мөнгөний тухай баримтыг өөрсдөд нь олгоно.

Дайнд олзлогдогчдын нэрийн дансанд байгаа мөнгөний тухай тодорхой цаг хугацааны давтамжтайгаар хамгаалагч гүрнээр дамжуулан өөр хоорондоо мэдэгдэж байх талаар мөргөлдөөнд оролцогч талууд хоорондоо хэлэлцэн тохирч болно.

66 дугаар зүйл

Олзлогдогчдыг чөлөөлөх, эсхүл эх оронд нь буцаах үед олзлогч гүрэн бүрэн эрхт төлөөлөгчийнхөө гарын үсэг бүхий олзлогдогчдод олзонд байх хугацаанд олгож байсан мөнгөний тооцоог дурдсан баримт бичгийг тэдэнд олгоно. Олзлогч гүрэн нь эх оронд нь буцаасан, чөлөөлсөн, оргон зайлсан, нас барсан, эсхүл бусад шалтгааны улмаас хугацаа дууссан бүх олзлогдогчдын тухай мэдээлэл бүхий зохих нэрсийн жагсаалтыг үйлдэж тэдгээрийн нэрийн дансанд байгаа мөнгөний хэмжээний хамт хамгаалагч гүрнээр дамжуулан харьяат гүрэнд нь илгээнэ. Ийм нэрсийн жагсаалтын хуудас бүрийг олзлогч гүрний бүрэн эрхт төлөөлөгч гэрчилсэн байх ёстой.

Мөргөлдөөнд оролцогч хоёр тал өөр хоорондоо харилцан тохиролцсоноор дээр дурдсан заалтуудын алийг ч өөрчилж болно.

Олзлогч гүрэн дайнд олзлогдогчдод олгосон мөнгөний тооцоог олзлолтын хугацаа дуусах үед тухайн олзлогдогчтой зохицуулах хариуцлагыг түүнийг харьяалах гүрэн хүлээнэ.

67 дугаар зүйл

60 дугаар зүйлд заасны дагуу дайнд олзлогдогчдод олгож байгаа мөнгөн хангалтын урьдчилгааг олзлогдогчдыг харьяалах гүрнээс олгож байгаа урьдчилгаа гэж үзнэ. Уг мөнгөн хангалтын урьдчилгаа болон 63 дугаар зүйлийн 3 дугаар хэсэг, мөн 68 дугаар зүйлд заасны дагуу харьяат гүрнээс хийсэн төлбөрүүд нь холбогдох гүрнүүд дайтах ажиллагаа дууссаны дараа хэлэлцэн тохиролцох асуудал болно.

68 дугаар зүйл

Дайнд олзлогдогчид ажил хийж байх үедээ эрүүл мэнд нь гэмтэх, осолдох буюу тахир дутуу болсонтой холбогдуулан нөхөх олговрын тухай түүний гаргасан гомдлын шаардлагыг хамгаалагч гүрнээр дамжуулан харьяалах гүрэнд нь илгээнэ. Конвенцийн 54 дүгээр зүйлд заасны дагуу олзлогч гүрэн нь олзлогдогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл буюу тахир дутуу болсон шинж байдал, ийм учралд хүргэсэн нөхцөл байдал, түүнд үзүүлсэн эмнэлгийн тусламж, хэвтэж эмчлүүлсэн тухай мэдээллийг тусгасан баримт бичгийг бүх тохиолдолд тухайн этгээдэд олгоно. Энэ баримт бичигт олзлогч гүрний хариуцлагатай офицер гарын үсэг зурсан байхаас гадна эмнэлгийн мэдээллийг эмнэлгийн албаны эмч гэрчилж нотолсон байх ёстой.

Олзлогч гүрэн 18 дугаар зүйлд заасны дагуу дайнд олзлогдогчдын хувийн эд хогшил, мөнгө буюу үнэт зүйлсийг хурааж аваад нутаг буцахад нь эргүүлэн өгөөгүй тохиолдолд тэдгээрийн нөхөх олговрын тухай гаргасан гомдлын шаардлагын, мөн олзлогдогчийн үзэж байгаагаар олзлогч гүрэн болон түүний төлөөлөгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар олзлогдогчдоос тавьж байгаа шаардлагыг харьяалах гүрэнд нь тус тус илгээнэ. Тэгэхдээ олзонд байх хугацаанд нь зайлшгүй шаардлага бүхий хувийн тийм эд хогшлыг олзлогдогчдод олзлогч гүрний зардлаар нөхөн сольж өгнө. Хувийн эд хогшил, мөнгө буюу үнэт зүйлсийг эзэнд нь буцааж өгөөгүй шалтгаантай холбогдох бүх мэдээллийг дурдсан бөгөөд олзлогч гүрний хариуцлагатай офицер гарын үсэг зурсан баримт бичгийг бүх тохиолдолд олзлогч гүрэн дайнд олзлогдогчдод олгоно. Энэ баримт бичгийн хуулбарыг конвенцийн 123 дугаар зүйлд дурдсан дайнд олзлогдогчдын хэрэг эрхлэх төв агентлагаар дамжуулан харьяалах гүрэнд илгээнэ.

V ХЭСЭГ

Дайнд олзлогдогчид гадаад ертөнцтэй харьцах

69 дүгээр зүйл

Олзлогч гүрэн дайнд олзлогдогчдыг өөрийн мэдэлд авмагц энэ ангийн зүйлийн заалтуудыг биелүүлэхийн тулд авсан арга хэмжээнийхээ тухай хамгаалагч гүрнээр дамжуулан олзлогдогчдод болон тэдгээрийг харьяалах гүрэнд мэдэгдэнэ. Түүнчлэн эдгээр арга хэмжээний талаар гарсан өөрчлөлтийг холбогдох талуудад мөн мэдээлнэ.

70 дугаар зүйл

Олзлогдсон цагаас эхлэн, эсхүл лагерьт ирснээс хойш долоо хоногийн дотор лагерь нь дамжин өнгөрөх байсан, эсхүл олзлогдогчид өвчилсөн, эсхүл цэргийн эмнэлэгт хэвтсэн, эсхүл өөр лагерьт шилжсэн байсан ч олзлогдогчид олзлогдсон тухайгаа, эрүүл мэндийн байдал болон хаягаа мэдээлэх зорилгоор энэхүү конвенцид хавсаргасан маягтын дагуу үйлдсэн захидлыг нэг талаар гэр бүлдээ, нөгөө талаар 123 дугаар зүйлд дурдсан дайнд олзлогдогчдын хэрэг эрхлэх төв агентлагт илгээх боломжоор хангагдана. Ил захидлыг нэн даруй дамжуулах бөгөөд түүнийг ямар нэгэн байдлаар саатуулж болохгүй.

71 дүгээр зүйл

Дайнд олзлогдогчдод захидал, ил захидал илгээх буюу хүлээн авахыг зөвшөөрнө. Хэрэв захидал харилцааг хязгаарлах нь зайлшгүй чухал гэж олзлогч гүрэн үзвэл энэхүү конвенцид хавсаргасан маягтын дагуу үйлдсэн 70 дугаар зүйлд дурдсан ил захидлыг оролцуулахгүйгээр сард 2 захидал, 4 ил захидал илгээхийг зөвшөөрнө. Хэрэв хамгаалагч гүрэн дайнд олзлогдогчдын эрх ашигт нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа, эсхүл зайлшгүй шаардлагатай хяналтыг хэрэгжүүлэхэд мэргэшсэн орчуулагчдыг хангалттай тоогоор олоход олзлогч гүрэнд хүндрэл учирч буй тохиолдолд бусад хязгаарлалтыг тогтоож болно. Хэрэв олзлогдогчдод ирүүлж байгаа захидал харилцааг хязгаарлах шаардлагатай бол энэ талаар олзлогч гүрний хүсэлтээр зөвхөн харьяалах гүрэн шийдвэр гаргах эрхтэй. Эдгээр захидал, ил захидлыг олзлогч гүрэн өөрийн бололцооны хэрээр аль болох түргэн аргаар дамжуулах ёстой. Сахилгын арга хэмжээний шалтгаанаар тэдгээрийг хүргэх явдлыг удаашруулах буюу саатуулж болохгүй.

Удаан хугацаагаар гэр бүлээсээ мэдээ аваагүй, эсхүл тэдгээрийг ердийн арга замаар хүлээн авах, илгээх боломжгүй болсон, эсхүл төрөл төрөгсдөөсөө алслагдсан дайнд олзлогдогчдод цахилгаан мэдээ явуулахыг зөвшөөрөх бөгөөд төлбөрийг нь өөртөө байгаа бэлэн мөнгөөр төлөх, эсхүл олзлогч гүрэнд байгаа нэрийн данснаасаа хийж зарлага болгоно. Ийм боломжийг олзлогдогчдод онц шаардлагатай тохиолдолд мөн олгож болно.

Дайнд олзлогдогчид эх хэл дээрээ захидал харилцаа явуулах нийтлэг журмыг дагаж мөрдөнө. Мөргөлдөөнд оролцогч талууд өөр хэл дээр захидал харилцаа явуулахыг зөвшөөрч болно.

Дайнд олзлогдогчдын захидал харилцаа бүхий шуудан нь тоо, хэмжээг нарийн заасан шошго тэмдэгтэй байх бөгөөд түүнийг шуудангийн газрын хаягаар илгээх ёстой.

72 дугаар зүйл

Дайнд олзлогдогчдод шуудангаар, эсхүл өөр бусад аргаар хувиараа буюу хамтарч илгээмж авахыг зөвшөөрнө. Тэдгээр нь хүнсний бүтээгдэхүүн, хувцас, эм, ном хэвлэл, шашин шүтлэгийн хэрэглэл, эд зүйлс, эрдэм шинжилгээний ажлын хэрэгсэл, шалгалтын материал, хөгжмийн зэмсэг, биеийн тамирын хэрэглэл зэрэг шашин шүтлэг, боловсрол, амралтын эрэлт хэрэгцээг хангаж сурч боловсрох болон уран бүтээлийн ажил эрхлэхэд шаардагдах элдэв материалыг агуулж болно.

Эдгээр илгээмж нь энэхүү конвенцийн дагуу ногдож байгаа үүргээс олзлогч гүрнийг чөлөөлөх үндэслэл болохгүй.

Илгээмжийн хувьд зөвхөн олзлогдогчдын эрх ашгийн үүднээс хамгаалагч гүрний санал болгосон хязгаарлалтаас өөр ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүй. Харин зам тээвэр, эсхүл харилцаа холбооны систем нь ачаалал ихтэй байх онцгой тохиолдолд Олон улсын улаан загалмайн хороо буюу олзлогдогчдод тусламж үзүүлэх бусад байгууллагууд олзлогдогчдод илгээх өөрийн илгээмжид хязгаар тогтоож болно.

Хувиараа буюу хамтарч илгээмж явуулах нөхцлийг шаардлагатай тохиолдолд холбогдох гүрнүүдийн хооронд байгуулах тусгай хэлэлцээрээр тогтоох бөгөөд олзлогдогчид тусламжийн илгээмж хүлээж авах явдалд ямар ч тохиолдолд саад учруулж болохгүй. Ном хэвлэлийг хүнсний бүтээгдэхүүн, хувцас, бусад зүйлтэй хамт нэг илгээмжинд хийж болохгүй. Эмнэлгийн материалыг хамтын илгээмжид хийж явуулна.

73 дугаар зүйл

Тусламжийн хамтын илгээмжийг хүлээж авах, хуваарилах нөхцлийн талаар холбогдох гүрнүүдийн хооронд тусгай хэлэлцээр байхгүй тохиолдолд энэхүү конвенцийн хавсралтад дурдсан хамтын илгээмжийн тухай журмыг баримтлана.

Дээр дурдсан тусгай хэлэлцээр нь ямар ч тохиолдолд дайнд олзлогдогчдод ирүүлж байгаа хамтын илгээмжийг олзлогдогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээж авах, улмаар олзлогдогчдод хуваарилах, олзлогдогчдын эрх ашгийн үүднээс захиран зарцуулах эрхийг хягаарлаж болохгүй.

Эдгээр хэлэлцээр нь хамгаалагч гүрэн, Олон улсын улаан загалмайн хороо, эсхүл олзлогдогчдод тусламж үзүүлж байгаа болон илгээмжийг дамжуулж өгөх үүрэг бүхий өөр байгууллагуудын төлөөлөгчдийн хамтын илгээмжийг хүлээн авагчдад хуваарилахад хяналт тавих эрхийг хязгаарлаж болохгүй.

74 дүгээр зүйл

Дайнд олзлогдогчдод зориулсан тусламжийн илгээмжүүд нь гаалийн татвар болон бусад хураамжаас бүрэн чөлөөлөгдөнө.

Дайнд олзлогдогчдод шуудангаар шууд ирүүлсэн буюу тэднээс шууд явуулсан, түүнчлэн энэхүү конвенцийн 122 дугаар зүйлд дурдсан лавлах товчоо, эсхүл 123 дугаар зүйлд дурдсан дайнд олзлогдогчдын хэрэг эрхлэх төв агентлагаар дамжуулан явуулсан захидал харилцаа, тусламжийн илгээмж, зөвшөөрөгдсөн мөнгөн шилжүүлэг илгээсэн улс, очих улс болон дайрч өнгөрөх улсын шуудангийн бүхий л төрлийн хураамжаас чөлөөлөгдөнө.

Жингээрээ буюу өөр ямар нэгэн шалтгаанаар шуудангаар илгээж үл болох дайнд олзлогдогчдод зориулсан тусламжийн илгээмжийн зардлыг олзлогч гүрэн өөрийн хяналтанд байгаа бүх нутаг дэвсгэр дээр хариуцна. Конвенцид оролцогч бусад гүрэн илгээмжийг өөрийн нутгаар тээвэрлэн өнгөрүүлэх зардлыг хариуцна. Хэрэв холбогдох гүрнүүдийн хооронд тусгай хэлэлцээр байхгүй тохиолдолд дээр дурдсан хөнгөлөлтөд хамрагдахгүй илгээмжийг тээвэрлэх зардлыг явуулагч этгээд хариуцна.

Дайнд олзлогдогчдоос явуулж байгаа буюу тэдэнд ирүүлж байгаа цахилгаан мэдээний үнийг аль болохоор хямдруулахыг хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд эрмэлзэнэ.

75 дугаар зүйл

Холбогдох гүрнүүд 70, 71, 72 болон 77 дугаар зүйлд дурдсан илгээмжийг тээвэрлэх үүргээ биелүүлэхэд нь цэрэг дайны ажиллагаа саад учруулах тохиолдолд хамгаалагч гүрнүүд, Олон улсын улаан загалмайн хороо болон мөргөлдөөнд оролцогч талуудын хүлээн зөвшөөрсөн өөр ямар нэгэн байгууллага тэдгээр илгээмжийг зохих тээврийн хэрэгслийн (галт тэрэг, ачааны машин, хөлөг онгоц буюу агаарын хөлөг зэрэг) тусламжтайгаар тээвэрлэх явдлыг хангаж болно. Энэ зорилгоор илгээмжийг тээвэрлэх тээврийн хэрэгслээр хангах, тэдэнд чөлөөтэй өнгөрүүлэх тусгай үнэмлэх олгож тээврийн хөдөлгөөнийг зохиоцуулах талаар хэлэлцэн тохирогч эрхэм талууд чармайн ажиллана.

Эдгээр тээврийн хэрэгслийг дараахь зүйлийг зөөвөрлөхөд ашиглана:

(a) 123 дугаар зүйлд дурдсан төв агентлаг болон 122 дугаар зүйлд дурдсан үндэсний товчоонуудын хооронд солилцох захидал харилцаа, нэрсийн жагсаалт, тайлан илтгэл;

(b) хамгаалагч гүрнүүд, Олон улсын улаан загалмайн хороо болон олзлогдогчдод тусламж үзүүлж буй бусад байгууллагаас өөрсдийн төлөөлөгчид, эсхүл мөргөлдөөнд оролцогч талуудтай солилцож байгаа дайнд олзлогдогчдын талаарх захидал харилцаа, илтгэл.

Эдгээр заалтууд нь мөргөлдөөнд оролцогч аль нэг тал өөрийн хүсэлтээр өөр ямар нэгэн тээврийн хэрэгслээр хангах буюу харилцан тохирсон болзлын үндсэн дээр үнэмлэх олгох эрхийг хязгаарлахгүй.

Тусгай хэлэлцээр байхгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглахтай холбогдсон зардлыг мөргөлдөөнд оролцогч талууд аль улсын эрх ашгийн үүднээс тээвэрлэлт хийснийг харгалзан хувь тэнцүүлэн хүлээнэ.

76 дугаар зүйл

Дайнд олзлогдогчдод ирүүлсэн буюу тэднээс явуулж байгаа захидал харилцаанд тавих хяналтыг аль болохоор шуурхай гүйцэтгэх ёстой. Илгээгч болон хүлээн авагч улс тус бүрдээ нэг удаа хянаж үзнэ.

Дайнд олзлогдогчдод ирүүлсэн илгээмжид үзлэг хийхдээ дотор нь байгаа хүнсний бүтээгдэхүүнийг муудуулж гэмтээх нөхцөлд хийх ёсгүй бөгөөд хэвлэл, бичгийн материалаас бусад зүйлийг үзэхэд хүлээн авагч буюу түүнийг төлөөлөх бүрэн эрхтэй хүнийг байлцуулана. Хяналттай холбогдсон хүндрэлээр шалтаглаж олзлогдогчдын хувийн буюу хамтын илгээмжийг саатуулж болохгүй.

Мөргөлдөөнд оролцогч талууд цэрэг дайны болон улс төрийн шалтгаанаар захидал харилцааг хориглох явдал нь зөвхөн түр шинжтэй байх бөгөөд хугацаа нь аль болох богино байна.

77 дугаар зүйл

Дайнд олзлогдогчдод ирүүлсэн, эсхүл тэднээс явуулж байгаа акт болон баримт бичиг, тухайлбал итгэмжлэл, гэрээслэлийг хамгаалагч гүрэн, эсхүл конвенцийн 123 дугаар зүйлд дурдсан дайнд олзлогдогчдын хэрэг эрхлэх төв агентлагаар дамжуулан илгээхэд олзлогч гүрнүүд бүх талын боломжийг олно.

Эдгээр баримт бичгийг үйлдэхэд болон хуульчдаас зөвлөлгөө авах бүх тохиолдолд олзлогч гүрнүүд дайнд олзлогдогчдод туслалцаа үзүүлэх бөгөөд олзлогдогчдын гарын үсэг гэрчилэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.

VI ХЭСЭГ

Дайнд олзлогдогчид болон цэргийн эрх мэдэлтний хоорондын харилцаа

I бүлэг

Олзны дэглэмийн талаархи дайнд олзлогдогчдын гомдол

78 дугаар зүйл

Дайнд олзлогдогчид эрх мэдэлд нь байгаа цэргийн эрх баригчдад хандаж олзонд байхад тогтоосон дэглэмийн талаар хүсэлт гаргах эрхтэй.

Дайнд олзлогдогчид нь шаардлагатай гэж үзвэл олзонд байх үеийн дэглэмийн аливаа гомдолтой асуудалд тэдний анхаарлыг хандуулахын тулд хүсэлтээ шууд өөрөө, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан ямар ч хязгаарлалтгүйгээр хамгаалагч гүрний төлөөлөгчдөд гаргах эрхтэй.

Эдгээр хүсэлт гомдлыг хязгаарлаж болохгүй бөгөөд тэдгээрийг 71 дүгээр зүйлд дурдсан захидал харилцааны тоог хязгаарласан заалтын нэг хэсэг гэж үзэж болохгүй. Хүсэлт, гомдлыг нэн даруй дамжуулах ёстой. Хүсэлт гомдол нь үндэслэлгүй байсан ч аливаа шийтгэл хүлээлгэж болохгүй.

Олзлогдогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь лагерийн байдал, дайнд олзлогдогчдын эрэлт хэрэгцээний талаар байнга илтгэл бичиж хамгаалагч гүрний төлөөлөгчдөд явуулж болно.

II бүлэг

Дайнд олзлогдогчдын төлөөлөгчид

79 дүгээр зүйл

Цэргийн эрх баригчид, хамгаалагч гүрэн, Олон улсын улаан загалмайн хороо болон олзлогдогчдод тусламж үзүүлж байгаа бусад байгууллагын өмнө дайнд олзлогдогчдыг төлөөлж ажиллах итгэмжлэгдсэн төлөөлөгчийг офицероос бусад дайнд олзлогдогчид байрлаж байгаа газарт 6 сар тутам, эсхүл түүний орон тоо эзгүй болох тохиолдол бүрт олзлогдогчид өөрсдөө чөлөөтэй, саналаа нууцаар гаргах замаар сонгоно. Эдгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дахин сонгож болно.

Офицерууд болон тэдгээртэй адилтгах олзлогдогчдын лагерь буюу холимог лагеруудад цол хэргэм болон ажилласан хугацаагаараа ахмад офицерийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзнэ. Офицерийн лагерьт офицеруудаас сонгогдсон нэг буюу хэд хэдэн зөвлөх түүний ажилд тусална. Харин холимог лагерьт офицер биш дайнд олзлогдогчдоос сонгогдсон туслах түүний ажилд тусална.

Олзлогдогчдын хөдөлмөрийн лагерьт дайнд олзлогдогчдод хүлээлгэсэн захиргааны үүргийг биелүүлэх зорилгоор тэдэнтэй харьяалал нэг улсын олзлогдсон офицерийг ажиллуулна. Тухайн офицер энэ зүйлийн эхний хэсэгт заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчийн албан тушаалд сонгогдож болно. Ийм тохиолдолд тэдний туслагч нь офицер биш дайнд олзлогдогч байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгогдсон этгээдийг үүргээ гүйцэтгэхийн өмнө олзлогч гүрэн батламжлах ёстой. Хэрэв түүнийг олзлогч гүрэн батламжлахаас татгалзвал тухайн шалтгааныг хамгаалагч гүрэнд танилцуулах ёстой.

Бүх тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дайнд олзлогдогчидтой иргэний харьяалал, хэл, заншил адил байх ёстой. Иймд иргэний харьяалал, хэл, заншлаараа адил дайнд олзлогдогчдыг лагерийн өөр өөр хэсэгт байрлуулсан бол дээр дурдсны дагуу хэсэг тус бүрт итгэмжлэгдсэн төлөөлөгч байж болно.

80 дугаар зүйл

Итгэмжлэгдсэн төлөөлөгч дайнд олзлогдогчдын бие махбодь, зан суртахуун, оюун санааны амгалан байдлыг хангахад тус дөхөм үзүүлэх ёстой.

Тухайлбал, энэхүү конвенцийн бусад заалтын дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчид тусгай үүрэг хүлээлгэсэн байсан ч хэрэв олзлогдогчид хоорондоо харилцан туслалцах тогтолцоо зохион байгуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд тухайн байгууллагыг итгэмжлэгдсэн төлөөлөгч удирдана.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч дайнд олзлогдогчдын үйлдсэн эрх зүйн зөрчлийн төлөө хариуцлага хүлээхгүй.

81 дүгээр зүйл

Өөрийн үүргээ биелүүлэхэд нь хүндрэл учруулахаар байвал итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өөр ямар нэгэн ажлыг албадан хийлгэж болохгүй.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчид өөрсдөд нь шаардлагатай туслагч нарыг дайнд олзлогдогчдын дундаас томилж болно. Тэдэнд бүхий л талын боломж олгох бөгөөд тухайлбал үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай зарим газарт чөлөөтэй зорчих эрхийг (ажлын баг, хэсгийг очиж үзэх, тусламжийн илгээмжийг хүлээн авах зэрэг) олгоно.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд дайнд олзлогдогчдын байрлаж байгаа орон байранд нэвтрэхийг зөвшөөрнө. Дайнд олзлогдогчид итгэмжлэгдсэн төлөөлөгчтэйгээ чөлөөтэй зөвлөлдөх эрхтэй.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд олзлогч гүрний эрх бүхий байгууллага болон хамгаалагч гүрнүүд, Олон улсын улаан загалмайн хороо болон тэдгээрийн төлөөлөгчид, эмнэлгийн хамтарсан комисс, түүнчлэн дайнд олзлогдогчдод тусламж үзүүлж байгаа бусад байгууллагатай шуудан, цахилгаан мэдээгээр харилцах бүх талын боломжийг олгоно. Ажлын баг, хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төв лагерийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцахдаа дээрхийн адил боломжийг эдэлнэ. Ийнхүү харилцахад ямар нэгэн хязгаарлалт тогтоох ёсгүй бөгөөд үүнийг 71 дүгээр зүйлд дурдсан хязгаарлалтын хэсэг гэж үзэж болохгүй.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өөр газарт шилжүүлэх тохиолдолд оронд нь ажиллах хүнд ажил хэргээ хүлээлгэх хангалттай хугацаа, боломж гаргаж өгнө.

Хэрэв итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ажлаас нь халах тохиолдолд ийнхүү халсан тухай шалтгааныг хамгаалагч гүрэнд мэдэгдэнэ.

III бүлэг

Эрүүгийн болон сахилгын шийтгэл

I. Нийтлэг заалт

82 дугаар зүйл

Дайнд олзлогдогчид нь олзлогч гүрний хууль, түүний зэвсэгт хүчний дүрэм, тушаалд захирагдана. Эдгээр хууль, дүрэм, тушаалыг зөрчсөн дайнд олзлогдогчдод олзлогч гүрэн шүүхийн болон сахилгын арга хэмжээ авах эрхтэй. Гэхдээ энэхүү бүлгийн заалтуудад харшлах шүүн таслах ажиллагаа, ялыг хэрэглэж болохгүй.

Хэрэв олзлогч гүрний хууль, дүрэм, тушаалд дайнд олзлогдогчийн үйлдсэн хэрэгт ял ногдуулж болохоор тогтоосон боловч олзлогч гүрний зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд адил үйлдлийн төлөө ял ногдуулахгүйгээр тогтоож байгаа тохиолдолд дайнд олзлогдогчдод зөвхөн сахилгын арга хэмжээ хүлээлгэнэ.

83 дугаар зүйл

Дайнд олзлогдогчийн үйлдсэн гэж сэжиглэгдэж буй гэмт хэрэгт шүүхийн, эсхүл сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах тухай асуудлыг шийдвэрлэхдээ эрх бүхий байгууллага асуудалд дээд зэргийн хянуур нухацтай хандаж, аль болохоор шүүхийн арга хэмжээнээс зайлсхийж сахилгын арга хэмжээг сонгох боломжийг хангана.

84 дүгээр зүйл

Олзлогч гүрний хууль тогтоомжоор өөрийнхөө зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд хамаарах этгээдийг иргэний шүүхээр шийтгэх тусгай эрх олгогдоогүй тохиолдолд ижил төрлийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй дайнд олзлогдогчийн хэргийг зөвхөн цэргийн шүүхээр шийдвэрлэнэ.

Нийтээр хүлээн зөвшөөрсөн, биеэ даасан, шударга байх, тухайлбал энэхүү конвенцийн 105 дугаар зүйлд заасан шүүгдэгчийн эрх, түүнийг хамгаалах хэрэглүүрийг хангаж чадаагүй аливаа төрлийн шүүхээр дайнд олзлогдогчийн хэргийг ямар ч нөхцөлд шийдвэрлэж болохгүй.

85 дугаар зүйл

Олзлогдохоосоо өмнө үйлдсэн гэмт хэргийн улмаас олзлогч гүрний хууль тогтоомжийн дагуу мөрдөгдөж байсан, түүнчлэн ял шийтгүүлж байсан дайнд олзлогдогч энэхүү конвенцийн ивээлд байна.

86 дугаар зүйл

Дайнд олзлогдогчид нь үйлдсэн тухайн нэг хэрэг зөрчилд зөвхөн нэг удаа нэг төрлийн ял шийтгүүлнэ.

87 дугаар зүйл

Олзлогч гүрний цэргийн эрх баригчид болон шүүх нь олзлогч гүрний зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд хамаарах этгээдийн үйлдсэн ижил төрлийн хэрэгт ногдуулахаар зааснаас өөр ялаар дайнд олзлогдогчийг шийтгэж болохгүй.

Олзлогч гүрний шүүх болон цэргийн эрх баригчид ял шийтгэхдээ шүүгдэгч нь олзлогч гүрний харьяат иргэн биш учраас түүнд үнэнч байх үүрэг өөртөө хүлээгээгүй гэдгийг, түүнчлэн түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас олзлогч гүрний мэдэлд байгаа гэдгийг дээд зэргээр харгалзан үзэх ёстой. Эдгээр шүүх болон цэргийн эрх баригчид зөрчил гаргасан гэм буруутай олзлогдогчдод ногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжтой байх бөгөөд харин тэгэхдээ уг ялын доод хэмжээг заавал баримтлах шаардлагагүй.

Ганцаараа үйлдсэн хэргийн төлөө хамтаар нь шийтгэх, бие махбодийг тарчлаах аливаа ял, нар салхи үзэхгүй харанхуй байранд хорих болон өөр ямар нэгэн хэлбэрийн эрүү шүүлт тулгах, харгис хэрцгий хандахыг хориглоно.

Олзлогч гүрэн нь дайнд олзлогдогчдын цол хэргэмийг хасах, эсхүл ялгах тэмдэг зүүх эрхийг хасч болохгүй.

88 дугаар зүйл

Сахилгын шийтгэл, эсхүл эрүүгийн ял эдлэж байгаа олзлогдсон офицерууд, бага дарга нар болон цэргүүдтэй олзлогч гүрний зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд хамаарах тэдгээртэй адил зиндааны этгээд ижил төрлийн шийтгэл эдлэх үед харьцдагаас илүү хатуу ширүүн харьцаж болохгүй.

Дайнд олзлогдогч эмэгтэйчүүдэд олзлогч гүрний зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний адил төстэй зөрчил үйлдсэн эмэгтэйчүүдэд ногдуулах ял, түүнийг эдлүүлэхээс илүү хүнд ял ногдуулж буюу илүү хатуу ширүүн харьцаж болохгүй.

Дайнд олзлогдогч эмэгтэйчүүдийг ямар ч тохиолдолд олзлогч гүрний зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний адил төстэй зөрчил үйлдсэн эрэгтэйчүүдэд ногдуулах ял, түүнийг эдлүүлэхээс илүү хүнд ял ногдуулж буюу илүү хатуу ширүүн харьцаж болохгүй.

Сахилгын шийтгэл, эсхүл эрүүгийн ял эдлэж дууссан дайнд олзлогдогчидтой бусад олзлогдогчдын нэгэн адил харьцана.

II. Сахилгын шийтгэл

89 дүгээр зүйл

Дайнд олзлогдогчдод дор дурдсан сахилгын шийтгэл хүлээлгэнэ:

(1) Дайнд олзлогдогчдын мөнгөн хангалтын урьдчилгаа болон энэхүү конвенцийн 60, 62 дугаар зүйлд заасан ажлын хөлсний 50 хүртэлх хувийн хэмжээний торгуулийг 30 хоногоос илүүгүй хугацаанд ногдуулах.

(2) Энэхүү конвенцид заасан хөнгөлөлтүүд дээр нэмж олгосон хөнгөлөлтийг зогсоох.

(3) Өдөрт хоёр хүртэл цагаар ээлжийн бус ажил хийлгэх.

(4) Баривчлах.

3 дахь хэсэгт заасан шийтгэлийг офицерүүдэд ногдуулахгүй.

Сахилгын шийтгэл нь ямар ч тохиолдолд хүнлэг бус, харгис хэрцгий, эсхүл дайнд олзлогдогчдын эрүүл мэндэд аюултай байж болохгүй.

90 дүгээр зүйл

Нэг шийтгэлийн үргэлжлэх хугацаа ямар ч тохиолдолд гуч хоногоос хэтэрч болохгүй. Сахилгын зөрчил үйлдсэн дайнд олзлогдогчдын хэргийг хэлэлцэхээс өмнө, эсхүл сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө урьдчилан хоригдож байсан хугацааг шийтгэлийн хугацаанд оролцуулан тооцно.

Дайнд олзлогдогч нь түүнд шийтгэл ногдуулах үед хоорондоо холбоотой, эсхүл үл холбогдох хэд хэдэн сахилгын зөрчилд асуугдаж байсан ч дээр дурдсан гуч хоногийн шийтгэлийн дээд хугацааг уртасгаж болохгүй.

Сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэр гаргаснаас хойш нэг сарын дотор түүнийг хэрэгжүүлнэ.

Дайнд олзлогдогч сахилгын шийтгэлээр дахин шийтгэгдэх тохиолдолд хэрэв хоёр шийтгэлийн аль нэгний нь хугацаа арав буюу түүнээс дээш бол дараагийн шийтгэлийг хэрэгжүүлэхийн өмнө гурваас доошгүй хоног завсарлана.

91 дүгээр зүйл

Дор дурдсан тохиолдлыг дайнд олзлогдогч оргон зайлсан гэж үзнэ:

(1) өөрийг нь харьяалах гүрэн, эсхүл холбоотон гүрнийхээ зэвсэгт хүчинтэй нийлсэн байвал;

(2) олзлогч гүрэн, эсхүл түүний холбоотны хяналтад байгаа нутаг дэвсгэрээс гадагш гарсан байвал;

(3) олзлогч гүрний нутгийн усанд байгаа, гэхдээ олзлогч гүрний хяналтад ороогүй өөрийг нь харьяалах гүрний, эсхүл түүний холбоотны далбаатай хөлөг онгоцонд орсон бол.

Энэ зүйлийн утга агуулгын дагуу оргон зайлсан дайнд олзлогдогч дахин олзлогдвол түүнд өмнө нь оргон зайлсан хэргээр аливаа шийтгэл хүлээлгэхгүй.

92 дугаар зүйл

Оргон зайлахыг завдсан буюу 91 дүгээр зүйлд заасан утгаар оргож яваад баригдсан, түүнчлэн үүний өмнө оргох гэж хэд дахин оролдсон дайнд олзлогдогчид зөвхөн сахилгын шийтгэл ногдуулна.

Дайнд олзлогдогч дахин баригдсан тохиолдолд холбогдох цэргийн эрх баригчдын мэдэлд нэн даруй шилжүүлнэ.

Энэхүү конвенцийн 88 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үл харгалзан, оргохоор завдсан дайнд олзлогдогчдод онцгой хяналт тавьж болно. Харин энэ онцгой хяналтыг дайнд олзлогдогчдын лагерьт хэрэгжүүлэх бөгөөд олзлогдогчдын эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлөхгүйгээр, мөн энэхүү конвенцийн дагуу олгогдох нэг ч баталгаанд харшлахгүйгээр гүйцэтгэнэ.

93 дугаар зүйл

Оргосон, эсхүл оргохоор завдсан, эсхүл энэ үйлдлийг давтан хийсэн нь оргох, эсхүл оргохоор завдсан үедээ үйлдсэн хэргийн төлөө шүүхийн хариуцлагад татагдсан дайнд олзлогдогчийн гэм бурууг хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэх ёсгүй.

Дайнд олзлогдогч нь хүний амь нас, эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаагүй, гагцхүү оргон зайлах зорилгоо хөнгөвчлөхийн тулд нийтийн өмчийн эсрэг гэмт хэрэг, баяжих зорилгогүйгээр хулгай хийсэн, хуурамч баримт бичиг бэлтгэсэн, эсхүл ашигласан, энгийн хувцас өмссөн зэрэг хэрэг үйлдсэн тохиолдолд 83 дугаар зүйлд заасан зарчмын дагуу түүнд зөвхөн сахилгын шийтгэл ногдуулна.

Түүнчлэн оргох, эсхүл оргохоор завдсан үйлдэлд тусалсан, эсхүл хамтран оролцсон дайнд олзлогдогчдод зөвхөн сахилгын шийтгэл хүлээлгэнэ.

94 дүгээр зүйл

Оргосон дайнд олзлогдогч дахин баригдсан тохиолдолд оргосон тухай өмнө нь мэдээлсэн бол 122 дугаар зүйлд заасны дагуу түүнийг харьяалах гүрэнд нь энэ тухай мөн мэдээлнэ.

95 дугаар зүйл

Сахилгын зөрчилд шийтгэгдэж буй дайнд олзлогдогчдыг шийтгэх тухай шийдвэр гаргахын өмнө, хэрвээ олзлогч гүрний өөрийн нь зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг адил төстэй зөрчил гаргахад урьдчилан хорьдог бол, эсхүл олзлогдогчдын лагерийн дэг журам, сахилгыг бэхжүүлэх сонирхолын үүднээс шаардлагатай байвал урьдчилан хорино.

Сахилгын зөрчил гаргасан дайнд олзлогдогчдыг урьдчилан хорих хугацааг аль болох богино байлгах бөгөөд энэ нь 14 хоногоос илүү байж болохгүй.

Сахилгын зөрчил гаргаж урьдчилан хоригдсон дайнд олзлогдогчдод энэ бүлгийн 97 болон 98 дугаар зүйлийн заалтыг хэрэглэнэ.

96 дугаар зүйл

Сахилгын зөрчилтэй холбоотой үйлдэл бүрийг удаашруулахгүйгээр мөрдөж байцаах ёстой.

Шүүхийн байгууллага болон цэргийн дээд тушаалтны эрх хэмжээнд хамаарахаас бусад сахилгын шийтгэлийг зөвхөн лагерийн захирагчийн үүрэг гүйцэтгэж буй офицер, эсхүл түүнийг орлож байгаа офицер, эсхүл тусгайлан эрхээ шилжүүлсэн офицер ногдуулна.

Ямар ч тохиолдолд дайнд олзлогдогчдод ийм бүрэн эрхийг олгохгүй бөгөөд тэд тэрхүү эрхийг хэрэгжүүлэхгүй.

Сахилгын ямар нэг шийтгэл ногдуулахын өмнө дайнд олзлогдогчид түүний шийтгэгдэж буй зөрчлийн нь талаар тодорхой танилцуулах бөгөөд тухайн этгээд үйлдсэн хэргийнхээ учир шалтгааныг тайлбарлах болон өөрийгөө хамгаалах бололцоогоор бүрэн хангагдах эрхтэй. Тухайлбал, гэрч дуудах болон шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн хэлмэрчтэй байхыг зөвшөөрнө. Гаргасан шийдвэрийг дайнд олзлогдогчид болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь танилцуулна.

Лагерийн захирагч ногдуулсан сахилгын шийтгэлийн талаар бүртгэл хөтлөх бөгөөд түүнтэй хамгаалагч гүрний төлөөлөгчид танилцах боломжтой байна.

97 дугаар зүйл

Дайнд олзлогдогчдыг сахилгын шийтгэлийг нь эдлүүлэхээр ямар ч тохиолдолд засан хүмүүжүүлэх газарт (шорон, засан хүмүүжүүлэх газар, ганцаарчилсан хорих гяндан) шилжүүлж болохгүй.

Сахилгын шийтгэлийг эдлүүлэх бүх байр нь энэхүү конвенцийн 25 дугаар зүйлд дурдсан эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байх ёстой. Шийтгэлээ эдэлж байгаа дайнд олзлогдогчдыг 29 дүгээр зүйлд заасны дагуу өөрийгөө цэвэр байлгах бололцоогоор хангасан байна.

Офицерууд болон тэдэнтэй адилтгах дайнд олзлогдогчдыг бага дарга нар болон цэргийн хамт нэг байранд байрлуулж болохгүй.

Сахилгын шийтгэл эдэлж байгаа дайнд олзлогдогч эмэгтэйчүүдийг дайнд олзлогдогч эрэгтэйчүүдээс тусгаарлах бөгөөд эмэгтэй харгалзагчийн шууд хяналтад байлгана.

98 дугаар зүйл

Сахилгын баривчлагдах шийтгэл эдэлж буй дайнд олзлогдогчид баривчлагдсантай нь холбогдуулан эдлүүлж болохгүйгээс бусад энэхүү конвенцийн заалтаар олгогдож буй нөхцлийг үргэлжлүүлэн эдлэнэ. Конвенцийн 78 болон 126 дугаар зүйлд заасан эрхийг ямар ч тохиолдолд хасч болохгүй.

Сахилгын шийтгэл хүлээсэн дайнд олзлогдогчдын цол хэргэмтэй нь холбогдох хөнгөлөлтийг хасч болохгүй.

Сахилгын шийтгэл хүлээсэн дайнд олзлогдогчдод өдөр бүр биеийн тамирын дасгал хийх, хоёр цагаас доошгүй нарлах боломж олгоно.

Тэдний хүсэлтээр өдөр бүр эмчид биеэ үзүүлэхийг зөвшөөрнө. Тэдэнд эрүүл мэндийн байдалд нь тохирох эмнэлгийн тусламж үзүүлэх буюу шаардлагатай тохиолдолд лагерийн эмнэлэг, эсхүл цэргийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ.

Тэдэнд унших, бичих, түүнчлэн захидал илгээх, хүлээн авахыг зөвшөөрнө. Харин тэдэнд ирүүлсэн илгээмж, гуйвуулсан мөнгийг өгөх явдлыг шийтгэлээ эдэлж дуусах хүртэл нь хойшлуулж болно. Энэ хугацаанд уг зүйлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь гардуулан өгөх бөгөөд түүний дотроос түргэн муудах хүнсний зүйлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч лагерийн эмнэлэгт дамжуулан өгнө.

III. Шүүхийн мөрдөлт

99 дүгээр зүйл

Хэрэг үйлдэх үед мөрдөж байсан олзлогч гүрний хуулиар, эсхүл олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу ял шийтгэлгүйд тооцогдох хэргээр нэг ч дайнд озлогдогчийг шүүхэд шилжүүлэх, эсхүл шийтгэхийг хориглоно.

Шүүгдэж буй хэргийг өөрт нь тулгаж хүлээлгэх зорилгоор дайнд олзлогдогчдод сэтгэл санааны талаар буюу биед нь хүч хэрэглэж, дарамт шахалт үзүүлж болохгүй.

Өөрийгөө өмгөөлөх бололцоо олгохгүйгээр, эсхүл мэргэжлийн өмгөөлөгчгүйгээр дайнд олзлогдогчдыг шийтгэж болохгүй.

100 дугаар зүйл

Ямар гэмт хэрэгт олзлогч гүрний хуулиар цаазаар авах ял оноодог болохыг дайнд олзлогдогчид болон хамгаалагч гүрэнд нэн даруй мэдэгдэх ёстой.

Дайнд олзлогдогчдыг харьяалах гүрний зөвшөөрөлгүйгээр өөр бусад гэмт хэрэгт цаазаар авах ял оноож болохгүй.

87 дугаар зүйлийн 2 дугаарт заасны дагуу дайнд олзлогдогч нь олзлогч гүрний харьяат иргэн биш учраас түүнд үнэнч байх үүрэг өөртөө хүлээгээгүй бөгөөд түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас олзлогч гүрний мэдэлд байгаа гэдэгт шүүх онцгой анхаарал тавьсан нөхцөлд цаазаар авах ял ногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол гаргаж болно.

101 дүгээр зүйл

Хэрэв дайнд олзлогдогчид цаазаар авах ял ногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол гарсан нөхцөлд энэ тухай 107 дугаар зүйлд заасны дагуу хамгаалагч гүрэнд мэдэгдсэнээс хойш 6 сар өнгөрсний дараа ялыг гүйцэтгэнэ.

102 дугаар зүйл

Олзлогч гүрний зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд шүүхээс ял ногдуулдах журмын дагуу, түүнчлэн энэхүү бүлгийн заалтуудыг мөрдлөг болгон гаргасан дайнд олзлогдогчид ял ногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолыг хууль ёсны гэж үзнэ.

103 дугаар зүйл

Дайнд олзлогдогчийг мөрдөн байцаах аливаа ажиллагааг нөхцөл байдлаас шалтгаалж аль болохоор түргэн шуурхай явуулж, шүүх хурлыг даруйхан эхлэх ёстой. Олзлогч гүрний зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг адил төстэй эрх зүйн зөрчилд урьдчилан хоридоггүй бол, түүнчлэн үндэсний аюулгүй байдлын сонирхол үүнийг шаардаагүй тохиолдолд дайнд олзлогдогчдыг урьдчилан хорьж болохгүй. Ямар ч нөхцөл байдалд урьдчилан хорих хугацаа 3 сараас хэтэрч болохгүй.

Урьдчилан хоригдсон хугацааг хорих ялын хугацаанд оруулан тооцохын хамт ял ногдуулахдаа үүнийг анхаарч үзнэ.

Урьдчилан хоригдож буй дайнд олзлогдогч энэ бүлгийн 97 болон 98 дугаар зүйлд заасан эрхийг эдэлсээр байна.

104 дүгээр зүйл

Олзлогч гүрэн дайнд олзлогдогчийн эсрэг шүүхийн мөрдөлт үүсгэх аливаа тохиолдолд уг хэргийг шүүх хянан хэлэлцэхээс наад зах нь гурван долоо хоногийн өмнө энэ тухай хамгаалагч гүрэнд мэдэгдэнэ. Уг мэдэгдлийг хамгаалагч гүрэн олзлогч гүрнээс өмнө нь өгсөн хаягаар хүлээж авсан цагаас эхлэж гурван долоо хоногийн хугацааг тооцно.

Уг мэдэгдэлд дор дурдсан мэдээллийг агуулсан байна:

(1) дайнд олзлогдогчийн овог нэр, цол, арми, хорооны болон хувийн дугаар, төрсөн он, сар, өдөр, мэргэжил;

(2) тусгаарлагдан, эсхүл урьдчилан хоригдож байгаа газар;

(3) яллагдаж байгаа гэмт хэрэг, үндэслэл болгож буй хуулийн зүйл, заалтыг тодорхой заасан мэдээлэл;

(4) хэрэг хянан хэлэлцэх шүүхийн нэр, шүүх хурлыг хийхээр төлөвлөсөн газар, шүүх хурал эхлэх сар, өдөр.

Олзлогч гүрэн ийм мэдэгдлийг дайнд олзлогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мөн илгээнэ.

Аливаа хэргийг хянан шийдвэрлэх хурал эхлэхээс наад зах нь гурван долоо хоногийн өмнө дээр дурдсан мэдэгдлийг хамгаалагч гүрэн, дайнд олзлогдогч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээж авсан гэх нотолгоо байхгүй бол хэргийг хянан хэлэлцэх явдлыг хойшлуулах ёстой.

105 дугаар зүйл

Дайнд олзлогдогч бусад дайнд олзлогдогчдын дотроос тэдний аль нэгний тусламжийг авах, өөрөө сонгож мэргэжлийн өмгөөлөгч авах, гэрч дуудуулах, хэрэв шаардлагатай бол албан ёсны хэлмэрч авах эрхээр хангагдана. Эдгээр эрхийн талаар олзлогч гүрэн шүүх хурал эхлэхээс тодорхой хугацааны өмнө дайнд олзлогдогчид мэдэгдсэн байх ёстой.

Хэрэв дайнд олзлогдогч өмгөөлөгчөө сонгож авч чадаагүй тохиолдолд хамгаалагч гүрэн түүнд нэг долоо хоногийн дотор өмгөөлөгч олж өгнө. Олзлогч гүрэн нь хамгаалагч гүрний хүсэлтээр, дайнд олзлогдогчийг өмгөөлөх мэргэшсэн этгээдийн нэрсийн жагсаалтыг гаргаж өгнө. Хэрэв дайнд олзлогдогч болон хамгаалагч гүрний аль аль нь өмгөөлөгч олж эс чадвал олзлогч гүрэн нь хэрэг өмгөөлөх чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчийг томилно.

Дайнд олзлогдогчийн өмгөөлөгчид шүүгдэгчийг өмгөөлөхөд бэлтгэхийн тулд хэрэг хянан хэлэлцэхээс өмнө хоёр долоо хоногийн хугацаа олгож зайлшгүй шаардлагатай боломжоор хангана. Тухайлбал, шүүгдэгч дээр чөлөөтэй орох, түүнтэй гэрчгүйгээр уулзаж ярилцах эрхтэй. Өмгөөлөгч нь шүүгдэгчийг хамгаалан гэрчилж чадах дайнд олзлогдогчид болон бусад гэрчтэй чөлөөтэй уулзаж зөвлөх эрхийг мөн эдлэнэ. Эдгээр эрхийг давж заалдах хугацаа дуустал эдлэнэ.

Ялын төлөвлөгөө, мөн түүнчлэн олзлогч гүрний зэвсэгт хүчний дагаж мөрдөж буй хуулийн дагуу шүүгдэгчид заавал танилцуулах бусад баримт бичгийг шүүх хурал эхлэхээс хангалттай хугацааны өмнө шүүгдэгчид ойлгомжтой хэлээр үйлдэж гардуулж өгнө. Эдгээр баримт бичгийг адил нөхцөлд дайнд олзлогдогчийн өмгөөлөгчид мөн гардуулна.

Хамгаалагч гүрний төлөөлөгчид үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс хийх хаалттай хуралдаанаас бусад шүүх хуралдаанд оролцох эрхтэй. Хаалттай хуралдаан болох тухай бүр олзлогч гүрэн хамгаалагч гүрэнд урьдчилан мэдэгдэнэ.

106 дугаар зүйл

Дайнд олзлогдогч бүр олзлогч гүрний зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нэгэн адил таслан шийдвэрлэх тогтоолын талаар давж буюу айлтган заалдах, уг хэргийг дахин хянаж үзэх тухай хүсэлт гаргах эрхтэй. Түүний давж заалдах эрх, хугацааны талаар өөрт нь заавал бүрэн мэдээлсэн байх ёстой.

107 дугаар зүйл

Дайнд олзлогдогчид ял ногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол гаргасан тухай бүр хамгаалагч гүрэнд товч мэдээлэл хүргүүлнэ. Энэ мэдээлэлд дайнд олзлогдогч давж буюу айлтган заалдах эрхтэй эсэх, уг хэргийг дахин хянаж үзэх тухай хүсэлт гаргах эрхтэй эсэхийг дурдсан байна. Уг мэдээллийг дайнд олзлогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлгчид мөн явуулна. Хэрэв таслан шийдвэрлэх тогтоолыг дайнд олзлогдогчийг байхгүйд гаргасан бол дээрх мэдээллийг түүний ойлгох хэл дээр үйлдэж өөрт нь мөн явуулна. Түүнээс гадна дайнд олзлогдогч давж заалдах эрхээ эдлэх эсэх талаар ямар шийдвэр гаргасныг олзлогч гүрэн хамгаалагч гүрэнд нэн даруй мэдэгдэнэ.

Хэрэв анхан шатны шүүхээс дайнд олзлогдогчид цаазаар авах шийдвэр гаргасан, эсхүл дайнд олзлогдогчид ногдуулсан шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд дараахь утга бүхий дэлгэрэнгүй мэдээллийг олзлогч гүрэн хамгаалагч гүрэнд нэн даруй илгээнэ:

(1) Таслан шийдвэрлэх тогтоолын бүрэн эх бичвэр;

(2) Урьдчилсан мөрдөн байцаалт болон шүүх хурал дээр яригдсан ялын болон өмгөөллийн тухай товч тайлан;

(3) Ногдуулсан ялыг хаана гүйцэтгэх тухай мэдэгдэл.

Энэ зүйлийн эхний хэсэгт дурдсан мэдээллийг олзлогч гүрэн хамгаалагч гүрэнд өмнө нь өгсөн хаягаар явуулна.

108 дугаар зүйл

Хууль ёсоор хүчин төгөлдөр болсон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор ногдуулсан ялыг дайнд олзлогдогч нь олзлогч гүрний зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй адил газар, нөхцөлд эдлэнэ. Эдгээр нөхцөл нь эрүүл ахуй, хүнлэг ёсны шаардлагыг бүрэн хангасан байна.

Ял шийтгүүлсэн дайнд олзлогдогч эмэгтэйчүүдийг тусгай байранд хорих бөгөөд эмэгтэй харгалзагчийн хяналтанд байлгана.

Хорих ял шийтгүүлсэн дайнд олзлогдогч ямар ч тохиолдолд энэхүү конвенцийн 78 болон 126 дугаар зүйлд заасан нөхцлийг эдлэнэ. Түүнээс гадна тэд захидлаар харилцах, сард нэгээс доошгүй удаа илгээмж авах, тогтмол нарлах, түүнчлэн өөрсдийн хүсэлтийн дагуу шаардлагатай эмнэлгийн болон сэтгэл санааны тусламж авах эрхтэй. Тэдэнд ногдуулсан ял нь конвенцийн 87 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөлтэй нийцсэн байх ёстой.

IV АНГИ

ОЛЗЛОЛТЫН ХУГАЦАА ДУУСАХ

I ХЭСЭГ

Дайнд олзлогдогчдыг эх оронд нь шууд буцаах буюу

төвийг сахисан оронд эмчлүүлэхээр шилжүүлэх

109 дүгээр зүйл

Энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд мөргөлдөөнд оролцогч талууд хүнд өвчтэй буюу хүндээр шархадсан дайнд олзлогдогчдыг тэдний цол хэргэм, тоог үл харгалзан, зөөвөрлөх боломж бүрдсэн үед дараахь зүйлийн эхний хэсэгт заасны дагуу эх оронд нь шууд буцаах үүрэг хүлээнэ.

Мөргөлдөөнд оролцогч талууд төвийг сахисан холбогдох гүрний туслалцаатайгаар дараахь зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан өвчтэй буюу шархадсан дайнд олзлогдогчдыг дайтах ажиллагааны туршид төвийг сахисан гүрэнд эмчлүүлэхээр шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг чармайна. Үүнээс гадна тухайн гүрнүүд удаан хугацаагаар олзлолтонд байгаа эрүүл олзлогдогчдыг эх оронд нь буцаах, эсхүл төвийг сахисан оронд тусгаарлан хорих талаар хэлэлцээр байгуулж болно.

Энэ зүйлийн эхний хэсэгт заасны дагуу эх оронд нь буцааж болох өвчтэй буюу шархадсан дайнд олзлогдогчдыг тэдний өөрсдийн хүслийг нь үл харгалзан дайтах ажиллагааны үед албадан буцааж болохгүй.

110 дугаар зүйл

Эх оронд нь шууд буцаах ёстой дайнд олзлогдогчид:

(1) эдгэршгүй шархадсан, оюун ухааны болон бие махбодийн чадвар нь үзтэл илэрхий хүчтэй дордож суларсан өвчтэй дайнд олзлогдогчид.

(2) эмчийн тавьсан оношоор нэг жилийн хугацаанд эдгэрэхгүй бөгөөд асрамж шаардлагатай, оюун ухааны болон бие махбодийн чадвар нь үзтэл илэрхий хүчтэй дордож суларсан шархтан, өвчтөн.

(3) эмчлэгдсэн боловч оюун ухааны болон бие махбодийн чадвар нь үзтэл илэрхий хүчтэй, бүрмөсөн сулран дордсон шархтан, өвчтөн.

Төвийг сахисан гүрэнд эмчлүүлэхээр шилжүүлэх дайнд олзлогдогчид:

(1) төвийг сахисан оронд эмчлүүлэх тохиолдолд түргэн эдгэрэх боломжтой, өвдсөн буюу шархадсанаас хойш нэг жилийн дотор эдгэрч болох өвчтөн, шархтан.

(2) олзлолтонд цаашид байлгах нь түүний бие махбодь болон оюун ухаанд нь ноцтой аюултай бөгөөд харин төвийг сахисан оронд эмчлүүлснээр түүнийг уг аюулаас аварч болно гэж эмч үзэж байгаа дайнд олзлогдогчид.

Төвийг сахисан гүрэнд эмчлүүлэхээр шилжүүлэх дайнд олзлогдогчдыг эх оронд нь буцаах журам болон тэдний эрх зүйн байдлыг холбогдох гүрнүүд хоорондоо хэлэлцээр байгуулж тогтооно. Төвийг сахисан гүрэнд эмчлүүлэгсдийн дотроос дараахь ангилалд хамаарагдах дайнд олзлогдогчдыг эх оронд нь буцаана:

(1) биеийн эрүүл мэндийн байдал нь доройтсон бөгөөд эх оронд нь шууд буцаах шаардлагад тохирох дайнд олзлогдогчид;

(2) эмчлүүлсний дараа ч оюун ухаан болон бие махбодийн чадвар нь үлэмж доройтсон дайнд олзлогдогчид.

Хэрэв мөргөлдөөнд оролцогч талуудын хооронд тахир дутуу буюу өвчилснөөс болж эх оронд нь шууд буцаах, эсхүл төвийг сахисан оронд эмчлүүлэх тухай тодорхойлон заасан тусгай хэлэлцээр байгуулагдаагүй тохиолдолд асуудлыг Өвчтэй, шархадсан дайнд олзлогдогчдыг эх оронд нь шууд буцаах болон төвийг сахисан оронд эмчлүүлэхээр шилжүүлэх тухай үлгэрчилсэн хэлэлцээр, энэхүү конвенцид хавсаргасан эмнэлгийн хамтарсан комиссын тухай заалтад дурдсан зарчмыг баримтлан шийдвэрлэнэ.

111 дүгээр зүйл

Олзлогч гүрэн болон дайнд олзлогдогчдыг харьяалах гүрэн, түүнчлэн энэ хоёр гүрний тохиролцсон төвийг сахисан гүрэн дайтах ажиллагаа дуустал дайнд олзлогдогчдыг тухайн төвийг сахисан гүрний нутаг дээр тусгаарлан хорих талаар хэлэлцээр байгуулахыг чармайна.

112 дугаар зүйл

Дайтах ажиллагаа эхэлмэгц өвчтэй, шархадсан дайнд олзлогдогчийг гэрчлэн нотлох, тэдний талаар шаардлагатай шийдвэр гаргах зорилгоор эмнэлгийн хамтарсан комисс томилж ажиллуулана. Эдгээр комиссыг томилох болон комиссын үүрэг, үйл ажиллагаа нь энэхүү конвенцид хавсаргасан журмын заалттай нийцсэн байна.

Олзлогч гүрний эмнэлгийн байгууллагын саналаар илт хүнд шархадсан, эсхүл хүндээр өвчилсөн дайнд олзлогдогчдыг эмнэлгийн хамтарсан комиссын үзлэгт оруулалгүйгээр эх оронд нь буцааж болно.