- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 12 сарын 23 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот
ТӨСВИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Төсвийн тухай хууль тогтоомж
2.1.Төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь төсвийн байгууллага, түүний албан тушаалтан, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарна.
3.2.Энэ хуульд заасан хөтөлбөрийн төлөвлөлт, үр дүнгийн гэрээ, түүний гүйцэтгэл, тайлагналтай холбогдсон зохицуулалт нь хууль тогтоомжийн дагуу улсын аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх ажил эрхлэх эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажилд хамаарахгүй.
3.3.Энэ хуульд заасан ил тод байдалтай холбогдсон зохицуулалт нь хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамаарах төсөвт болон энэ хуулийн 3.2-т заасан гүйцэтгэх ажилд хамаарахгүй.
3.4.Төсвийн харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулах бөгөөд орон нутаг, салбарын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг хуульчлан тогтоох, түүнийг хуваарилах аливаа харилцаа үүнд нэгэн адил хамаарна.
3.5.Засгийн газар, орон нутаг өр үүсгэх замаар зээллэг хийх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, дамжуулан зээлдүүлэх, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг Өрийн удирдлагын тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."төсвийн тусгай шаардлага" гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг;
4.1.2."дунд хугацаа" гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.9-д заасныг;
4.1.3."дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл" гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.10-т заасныг;
4.1.4."төсвийн төсөл" гэж дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэн, хуульд заасан шаардлагын дагуу төсвийн шатлал бүрээр төсвийн ангилал ашиглан Засгийн газраас Улсын Их Хуралд, түүнчлэн бүх шатны Засаг даргаас тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн төсвийн саналыг;
4.1.5.“төсөв” гэж төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг;
4.1.6."улсын төсөв" гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг;
4.1.7."суурь түвшинд үндэслэсэн төсөв" гэж макро эдийн засгийн таамаглалд нийцүүлж, тухайн төсөв хэрэгжих жилд хууль тогтоомж, эсхүл төрийн бодлогод өөрчлөлт орохгүй байхаар тооцсон төсвийн тооцоог;
4.1.8."жилийн төсвийн хязгаар" гэж төсвийн тусгай шаардлага, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн төсөв боловсруулахад баримтлах орлогын доод хэмжээ, зарлагын дээд хэмжээг;
4.1.9."төсвийн орлого" гэж хууль тогтоомжийн дагуу улсын болон орон нутгийн төсөв бүрдүүлэх орлого, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг;
4.1.10."төсвийн зарлага" гэж төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсвөөс хуваарилан, зарцуулах хөрөнгийг;
4.1.11."төсвийн тэнцэл" гэж тухайн төсвийн жилийн төсвийн нийт орлого, зарлагын зөрүүг;
4.1.12."төсвийн ашиг" гэж төсвийн зарлагаас давсан орлогыг;
4.1.13."төсвийн алдагдал" гэж төсвийн орлогоос давсан зарлагыг;
4.1.14."орлого" гэж тухайн этгээдийн дотоод гүйлгээнээс бусад гаднаас хүлээн авах бүх төрлийн гүйлгээг;
4.1.15."зарлага" гэж тухайн этгээдийн дотоод гүйлгээнээс бусад гадагш чиглэсэн бүх төрлийн гүйлгээг;
4.1.16."хөтөлбөр" гэж төсөв хуваарилах зорилгоор үр дүнг нь тооцож, тайлагнаж болохуйц өөр хоорондоо уялдаа бүхий төрийн чиг үүргийг хангахад чиглэсэн багц арга хэмжээг;
4.1.17."арга хэмжээ" гэж хөтөлбөрийн бүрэлдэхүүнд багтах, тоо хэмжээ, цаг хугацаа, чанарын шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдох ажил, үйлчилгээг;
4.1.18."орц" гэж тухайн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэхэд шаардагдах эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг;
4.1.19."эдийн засгийн томсгосон ангилал" гэж эдийн засгийн дэлгэрэнгүй ангиллын хэд хэдэн зүйлийг нэгтгэн бүлэглэснийг;
4.1.20."эдийн засгийн дэлгэрэнгүй ангилал" гэж эдийн засгийн ангиллын анхдагч зүйлийг;
4.1.21."санхүүгийн дэмжлэг" гэж төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор олгох хөрөнгийг;
4.1.22."орлогын шилжүүлэг" гэж орон нутгийн төсвийг дэмжих зорилгоор дээд шатны төсвийн орлогоос орон нутгийн төсөвт тооцож олгох хөрөнгийг;
4.1.23.“төлөөлөн гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийн санхүүжилт” гэж энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг санхүүжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон зориулалт, нөхцөл, шаардлагын дагуу орон нутгийн засаг захиргааны байгууллагад холбогдох шатны төсвөөс олгох хөрөнгийг;
/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтад 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
4.1.24."төсвийн хөрөнгө оруулалт" гэж улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, тухайн шатны төсөвт хамаарах хуулийн этгээдийн өмчлөлд шилжих хөрөнгийн зарлагыг;
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
4.1.25."татварын зарлага" гэж татварын хуулиар тухайн жилд татвар төлөгчид олгох татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг;
4.1.26."төсвийн тодотгол" гэж тухайн жилийн төсвийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулахыг;
4.1.27."орон нутгийн төсөв" гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг;
4.1.28."орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан" гэж орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх хөрөнгийг;
4.1.29."орон нутгийн төсвийн суурь орлого" гэж тухайн шатны төсөвт орох татварыг доод хувь, хэмжээгээр тооцсон орлого болон татварын бус орлогын нийлбэрийг;
/Энэ заалтад 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
4.1.30.“орон нутгийн төсвийн суурь зарлага” гэж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг болон орон нутгийн чиг үүрэг, төлөөлөн гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдох урсгал болон хөрөнгийн зарлагын нийлбэрийг;
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.1.31."орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн алдагдал" гэж орон нутгийн төсвийн суурь орлогоос давсан орон нутгийн төсвийн суурь зарлагыг;
4.1.32."Нийгмийн даатгалын сангийн төсөв" гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу бүрдүүлж, зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг;
4.1.33."Хүний хөгжил сангийн төсөв" гэж Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу бүрдүүлж, зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг;
/Энэ заалтыг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4.1.34."төсвийн байгууллага" гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;
/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4.1.35."төсвийн захирагч" гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг;
4.1.36."төсвийн ерөнхийлөн захирагч" гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг;
4.1.37."төсвийн төвлөрүүлэн захирагч" гэж төсвийн ерөнхийлөн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, төсвийн шууд захирагчид хуваарилах, хяналт тавих, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг;
4.1.38."төсвийн шууд захирагч" гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг;
4.1.39."төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гүйцэтгэгч" гэж төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний дагуу гүйцэтгэж, тухайн ажил, үйлчилгээний чанар, тоо хэмжээ, хүрэх үр дүнгийн талаарх хариуцлагыг бие даан хүлээх этгээдийг;
4.1.40."төрийн сангийн үйл ажиллагаа" гэж төсөв, мөнгөн хөрөнгө, өр төлбөрийн удирдлагыг хэрэгжүүлэх, төлбөр тооцоог гүйцэтгэх, төсвийн гүйцэтгэлийг тайлагнахыг;
4.1.41."төрийн сангийн нэгдсэн данс" гэж Засгийн газрын нэгдсэн зохицуулалт бүхий төсвийн ерөнхий данс болон Монгол Улсын нэгдсэн төсөвт хамаарах бүх төсвийн захирагчийн Монголбанкинд байрших мөнгөн хөрөнгийн харилцах дансыг;
4.1.42."төсвийн ерөнхий данс" гэж тухайн шатны төсвийн мөнгөн гүйлгээг нэгтгэн бүртгэх харилцах дансыг;
4.1.43."зарцуулалтын эрх" гэж батлагдсан төсвийн хүрээнд төсвийн байгууллагын сар, улиралд зарцуулах төсвийн дээд хязгаарыг;
4.1.44."Засгийн газрын өрийн удирдлага" гэж Засгийн газрын дунд болон богино хугацааны санхүүгийн зардал, эрсдэлийн түвшинг тодорхойлох стратеги боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг;
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4.1.45."өр" гэж өрийн хэрэгслээр дамжуулан тухайн этгээдээс бусад этгээдийн өмнө ирээдүйд эргэн төлөх төлбөрийн үүргийг;
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4.1.46."өрийн хэрэгсэл" гэж бүх төрлийн зээл, үнэт цаас болон өр үүсгэх аливаа гэрээ, хэлцлийг;
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4.1.47."Засгийн газрын өр" гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.8-д заасныг;
/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.48.“болзошгүй өр төлбөр” гэж Засгийн газрын гаргасан баталгааг хангах, эсхүл үндэсний аюулгүй байдал, улс төр, нийгэм, эдийн засаг, санхүү, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор төрөөс хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ болон төр, хувийн хэвшлийн түншлэлтэй холбогдон төсөвт үүсч болзошгүй эрсдэлийг мөнгөн дүнгээр тооцож илэрхийлснийг;
/Энэ заалтад "арга хэмжээтэй" гэснийг "арга хэмжээ болон төр, хувийн хэвшлийн түншлэлтэй" гэж 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
4.1.49."дотоод аудит" гэж төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн төсвийн дотоод хяналтын үйл ажиллагааг;
4.1.50."эргэлтийн сан" гэж үйл ажиллагаа нь нэгээс дээш төсвийн жил дамжин байнга хэрэгжих, өөрийн эх үүсвэрийг хуульд заасан үйл ажиллагаанд зарцуулж, түүнээс орох орлого, эсхүл зарцуулсан хөрөнгийн эргэн төлөлтийг тухайн үйл ажиллагааг дахин санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай дансыг.
4.1.51."эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв" гэж Нийгмийн даатгалын тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг.
/Дээрх заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.1.52."зээллэг" гэж Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.15-д заасныг.
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.1.53."гадаадын тусламж" гэж олон улсын байгууллага, түнш орноос Засгийн газрын шугамаар, эргэн төлөгдөх нөхцөлгүй, хүмүүнлэгийн болон буцалтгүй, техник туслалцааны хэлбэрээр Монгол Улсад олгож байгаа хөрөнгийн эх үүсвэрийг.
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.1.54."ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв" гэж Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн дагуу бүрдүүлж, зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг.
/Энэ заалтыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4.1.55.“Ирээдүйн өв сангийн төсөв” гэж Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу бүрдүүлж, хуримтлал үүсгэх зорилгоор тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг.
/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./
4.1.56.“гүйцэтгэлд суурилсан санхүүжилт” гэж хөтөлбөр, арга хэмжээний хүрэх үр дүн, төрийн үйлчилгээний чанар зэрэг гарцын гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор төсвийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нийт дүнгээр нь төлөвлөж, хуваарилахыг.
/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ЗАРЧИМ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
5 дугаар зүйл.Төсвийн зарчим
5.1.Төсөв нь Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх бөгөөд төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад дараах зарчмыг баримтална:
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.1.1.төсвийн тогтвортой байдлыг хангасан байх;
5.1.2.төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх;
5.1.3.санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх;
5.1.4.ил тод байдлыг хангасан байх;
5.1.5.хариуцлагатай байх.
6 дугаар зүйл.Төсвийн зарчмыг хэрэгжүүлэх
6.1.Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй.
6.2.Энэ хуулийн 5.1.1-д заасан төсвийн тогтвортой байдлыг хангасан байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
6.2.1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангах;
6.2.2.жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж, хэрэгжүүлэх;
6.2.3.урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, эсхүл зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал нэмэгдэхээр бол төсвийн зарлагыг бууруулах, эсхүл орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тухайн жилийн төсөвт тодотгол хийж, төсвийг тэнцвэржүүлэх;
6.2.4.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засгийн газар, Засаг даргын аливаа шийдвэр нь төсөвт үзүүлэх нөлөөллийн талаарх дүгнэлтэд үндэслэсэн байх;
6.2.5.төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх.
6.2.6.Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага нь Засгийн газар, Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд өөрчлөлт оруулахаар бол доор дурдсан зохицуулалт хийнэ:
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.2.6.а.тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зарлагыг нэмэгдүүлэхээр бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулж, нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх;
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.2.6.б.төсөвт төвлөрүүлэх татвар болон төлбөрийн хэмжээг бууруулах бол мөн хэмжээгээр зардлыг бууруулах.
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.2.6.в.Засгийн газар, Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төсөл дэх төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд хамаарах өөрчлөлт нь энэ хуульд заасан төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн шаардлагыг хангасан байх.
/Энэ дэд заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.3.Энэ хуулийн 5.1.2-т заасан төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
6.3.1.төсвийн орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийн гүйлгээг бууруулах бичилт хийхгүйгээр нийт дүнгээр нь төлөвлөж, тайлагнах;
6.3.2.санхүүгийн аливаа үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу, цаг хугацаанд нь, үнэн зөв, үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэн бүртгэж, тайлагнах;
6.3.3.төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газрын өрийн баталгаа, гадаад зээл, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагааг төсөвт тусгах;
/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
6.3.4.төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх.
6.4.Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
6.4.1.төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах;
6.4.2.төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх;
6.4.3.иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой хөтөлбөр, арга хэмжээг тэдгээрээр гүйцэтгүүлэх чиглэл баримтлах;
6.4.4.хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох;
6.4.5.төсвийн захирагч төсвийн орлогыг барьцаалах, түүгээр баталгаа гаргахгүй байх;
6.4.6.хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн орлогыг аль нэг этгээд, эсхүл үйл ажиллагаанд тусгайлан оноохгүй байх;
6.4.7.төрөөс хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, хөтөлбөр, арга хэмжээ, татвар ногдуулалт, эсхүл хөнгөлөлт, баталгаа, зээл, өр төлбөр, санхүүгийн үйл ажиллагаа, болзошгүй өр төлбөр, тэдгээрийн үр дүн нь өнөө болон ирээдүй үеийн хооронд тэгш бус байдал үүсгэхгүй байх;
6.4.8.төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх.
6.5.Энэ хуулийн 5.1.4-т заасан төсвийн ил тод байдлыг хангасан байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
6.5.1.төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх;
6.5.2.төсвийг төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, тайлагнах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах;
6.5.3.төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах;
6.5.4.төрөөс үзүүлж байгаа аливаа ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангах;
6.5.5.хөтөлбөр, төсөл, арга хэмжээний ач холбогдлын эрэмбэ, хэрэгжүүлэх дараалал, арга замыг тодорхойлох шийдвэрт олон нийтийн саналыг харгалзан үзэх;
6.5.6.төсвийн асуудлаар иргэд, төрийн бус байгууллагаас гаргасан санал, дүгнэлтийг эрх бүхий этгээд нь шийдвэртээ хэрхэн тусгасан тухай, төсвийн үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоог хангаж ажилласан дүнг тэдэнд тухай бүр мэдээлж байх.
6.6.Энэ хуулийн 5.1.5-д заасан хариуцлагатай байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
6.6.1.төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө, эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байх;
6.6.2.төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх;
6.6.3.төсвийн захирагч нь өөрийн эрх, үүргээ доод шатны төсвийн захирагчид шилжүүлж болох боловч энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх;
6.6.4.төсвийн захирагч нь төсвийн жилийн дундуур энэ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн жилийн төсөвтөө өөрчлөлт оруулж, зохицуулалт хийсэн бол гүйцэтгэлийг нь анхны батлагдсан зорилт, хүрэх үр дүнтэй харьцуулж тайлагнадаг байх;
6.6.5.орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэхээр энэ хуульд заасан чиг үүргээс бусад чиг үүргийг өөр хууль тогтоомжоор тогтоосон бол тухайн чиг үүргийг санхүүжилтийнх нь хамт шийдвэрлэн, шилжүүлдэг байх;
6.6.6.тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх.
7 дугаар зүйл.Төсвийн жил
7.1.Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.
7.2.Төсвийн жил нь сар, улирал, хагас жил, бүтэн жил гэсэн үед хуваагдана.
7.3.Төсвийг нэг жилээр баталж, тайлагнах бөгөөд батлагдсан төсвийг сар, улирлаар хуваарилан, хэрэгжилтийг зохион байгуулна.
7.4.Төсвийн гүйцэтгэлийн мэдээг сар бүрээр, санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланг улирал, хагас жил, бүтэн жилээр бэлтгэж, тайлагнана.
7.5.Батлагдсан төсвийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг тухайн жилийн төсвийг эрх бүхий байгууллагаас баталсан өдрөөс эхлэн зохион байгуулж болно.
7.6.Төсвийн жил эхлэхэд төсвийн захирагчийн тухайн төсвийн жилийн батлагдсан төсвийг зарцуулах эрх нь нээгдэнэ.
7.7.Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ.
7.8.Салбарын үйл ажиллагааны онцлогоос хамаарч төсвийн хэрэгжилтийн хугацаа нь төсвийн жилээс зөрүүтэй бол төсвийн төлөвлөлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлалын дагуу зохицуулна.
7.9.Энэ хуулийн 7.7 дахь хэсэг төрийн болон орон нутгийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төсвийн захирагчид хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
8 дугаар зүйл.Төсвийн цаглабар
8.1.Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичиг /цаашид "Стратегийн баримт бичиг" гэх/, Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална:
/Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.1.1.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Стратегийн баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулж, жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт хүргүүлэх;
/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.1.2.Засгийн газар Стратегийн баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэн жил бүрийн 5 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.1.3.Улсын Их Хурал Стратегийн баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг жил бүрийн 6 дугаар сарын 01-ний дотор хэлэлцэж, батлах;
/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.1.4.Улсын Их Хурал Стратегийн баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг баталснаас хойш ажлын долоон өдрийн дотор хэвлэн нийтлэх.
/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.2.Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална:
8.2.1.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний дотор боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх;
/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.2.2.Засгийн газар энэ хуулийн 8.2.1-д заасан эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн хянаж, Улсын Их Хуралд жил бүрийн 5 дугаар сарын 01-ний дотор өргөн мэдүүлэх;
8.2.3.Улсын Их Хурал улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг жил бүрийн хаврын чуулганаар хэлэлцэн батлах.
/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
8.3.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд суурилсан төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн хязгаарыг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална.
8.3.1.төсвийн ерөнхийлөн захирагч дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд суурилсан жилийн төсвийн хязгаарын саналаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 6 дугаар сарын 10-ны дотор хүргүүлэх;
8.3.2.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн хязгаарын саналыг нэгтгэн боловсруулж, жил бүрийн 6 дугаар сарын 20-ны дотор Засгийн газарт хүргүүлэх;
8.3.3.Засгийн газар төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн хязгаарын төслийг хэлэлцэн жил бүрийн 7 дугаар сарын 01-ний дотор батлах;
8.3.4.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын баталсан жилийн төсвийн хязгаарыг төсвийн удирдамжийн хамт жил бүрийн 7 дугаар сарын 5-ны дотор төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх.
8.4.Тухайн жилийн улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална:
/Энэ хэсэгт “, Нийгмийн даатгалын сангийн төсөв” гэсний өмнө “, Ирээдүйн өв сангийн төсөв” гэж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.4.1.төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаг төсвийн шууд захирагч нь жилийн төсвийн төслөө жил бүрийн 7 дугаар сарын 25-ны дотор харьяалах төсвийн төвлөрүүлэн захирагчид хүргүүлэх;
8.4.2.төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаггүй төсвийн шууд захирагч жил бүрийн 8 дугаар сарын 01-ний дотор жилийн төсвийн төслөө харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;
8.4.3.төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн саналаа жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Улсын Их Хуралд хүргүүлэх;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.4.4.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 8.4.3-т заасан жилийн төсвийн саналыг нэгтгэн боловсруулж, жил б