- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 78
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.7-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт жил бүр тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, холбогдох сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, явцыг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт тайлагнаж байхыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 61 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Эрүүл мэндийн сайд А.ЦОГЦЭЦЭГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 314
Улаанбаатар хот
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.3.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор энэ тогтоолын хавсралтад заасан Засгийн газрын тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан салбар, орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээг 2021 оны 12 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн 2022 оны 3 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A