- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- ХҮҮХДИЙГ ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨНД ОРОЛЦУУЛАХЫН ЭСРЭГ ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИД ОРУУЛАХ НЭМЭЛТ ПРОТОКОЛ
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ХҮҮХДИЙГ ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨНД ОРОЛЦУУЛАХЫН ЭСРЭГ ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИД ОРУУЛАХ НЭМЭЛТ ПРОТОКОЛ
2000 оны 5 дугаар сарын 25-ны өдөр
Энэхүү Протоколын оролцогч улсууд, |
хүүхдийн эрхийг хамгаалах болон дэмжлэг үзүүлэх үйл хэрэгт бүх талаар үйлчилж буй Хүүхдийн эрхийн тухай конвенцийг бүх нийтээрээ дэмжиж байгаад урамшин, |
хүүхдийн эрхийг онцгойлон хамгаалах шаардлагатайг дахин нотлон, хүүхдийн нөхцөл байдлыг аливаа ялгалгүйгээр тогтмол сайжруулж, энх тайван, аюулгүй нөхцөлд тэднийг хөгжүүлж боловсрол олгохыг уриалж, |
зэвсэгт мөргөлдөөн нь хүүхдэд нэн их хортойгоор нөлөөлж, тэдний энх тайван, аюулгүй байдал болон хөгжилд удаан хугацааны турш хор уршиг тарьж байгаад зовниж, |
зэвсэгт мөргөлдөөний үед хүүхэд өртөх болон олон улсын эрх зүйгээр хамгаалуулсан барилга байгууламж, ялангуяа сургууль, эмнэлэг зэрэг хүүхэд олноор байнга цуглардаг газарт шууд халдаж байгааг эрс шүүмжлэн, |
ялангуяа 15 нас хүрээгүй хүүхдийг бүртгэж, цэрэгт татах буюу олон улсын болон олон улсын бус зэвсэгт мөргөлдөөний үед байлдааны ажиллагаанд идэвхтэй оролцуулах замаар тэднийг ашиглах явдлыг цэргийн гэмт хэрэг гэж үзэх тухай Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэмд тодорхойлж батласныг тэмдэглэж, |
Хүүхдийн эрхийн тухай конвенцоор хүлээн зөвшөөрсөн эрхийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор зэвсэгт мөргөлдөөнд хүүхдийг оролцуулахаас сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай хэмээн үзэж, |
тухайн хүүхдэд үйлчлэх хуулинд арай эрт насанд хүрэх талаар заагаагүй бол Хүүхдийн эрхийн тухай конвенцийн зорилгод 18 хүртэлх насны хүн бүрийг хүүхэд гэж үзэх тухай энэхүү Конвенцийн 1 дүгээр зүйлд заасныг тэмдэглэж, |
Цэрэгт татах болон цэргийн үйл ажиллагаанд оролцуулж болох этгээдийн насыг нэмэгдүүлэх тухай конвенцийн нэмэлт Протокол нь хүүхэдтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд дээдлэх зарчмыг хэрэгжүүлэхэд үр дүнтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэн, |
Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгийн 1995 оны 12 дугаар сард хуралдсан олон улсын 26 дугаар бага хурлаас сөргөлдөж байгаа талуудад хандаж 18 нас хүрээгүй хүүхдийг цэргийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байх талаар боломжтой бүх арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар зөвлөснийг тэмдэглэж, |
ялангуяа хүүхдийг хүчээр буюу албан журмаар зэвсэгт мөргөлдөөнд ашиглахыг хориглосон Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 182 дугаар конвенцийг 1999 оны 6 дугаар сард санал нэгтэй батласанд талархаж, |
үндэсний зэвсэгт хүчнээс ангид зэвсэгт бүлэглэлүүд хүүхдийг элсүүлэн сургаж, улсын дотоодод болон хилийн чанадад цэргийн үйл ажиллагаанд ашиглаж байгааг сэтгэл гүнээ түгшин эсэргүүцэж, үүнээс үүдэх хариуцлагыг эдгээр хүүхдийг эгнээндээ элсүүлэн сургаж, ашиглаж байгаа этгээд үүрэх ёстойг хүлээн зөвшөөрч, |
зэвсэгт мөргөлдөөнд оролцогч тал бүр олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн заалтуудыг сахих үүрэгтэй болохыг сануулж, |
энэхүү Протокол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго, зарчим, тухайлбал 51 дүгээр зүйл болон хүмүүнлэгийн эрх зүйн зохих хэм хэмжээнд нөлөөлөхгүй гэдгийг онцлон тэмдэглэж, |
Дүрмийн зорилго, зарчмыг бүрэн хүндэтгэх болон хүний эрхийн салбарт байгуулсан гэрээ хэлэлцээрийг биелүүлсний үндсэн дээр энх тайван, аюулгүй байдлыг хангах нь хүүхдийг бүрэн хамгаалах, ялангуяа зэвсэгт мөргөлдөөн болон гадаадын түрэмгийллийн үед тэднийг хамгаалах зайлшгүй нөхцөл болно гэдгийг анхааран, |
эдийн засаг, нийгмийн буюу хүйсний байдлаас хамааран, энэхүү Протоколд харшилсан цэргийн үйл ажиллагаанд элсүүлж, ашиглуулж болох хүүхдийг онцгойлон анхаарах шаардлага байгааг хүлээн зөвшөөрч, |
хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулж байгаа эдийн засаг, нийгэм болон улс төрийн гол шалтгааныг авч үзэх шаардлага байгааг анхааралдаа авч, |
энэхүү Протоколыг хэрэгжүүлэх болон зэвсэгт мөргөлдөөнд өртсөн хүүхдийн бие бялдар, сэтгэл санааг нөхөн сэргээх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага байгааг ухаарч, |
энэхүү Протоколыг хэрэгжүүлэхтэй холбогдсон мэдээлэл, сургалтын хөтөлбөрийг түгээхэд олон нийт, хүүхэд, ялангуяа зэвсэгт мөргөлдөөнд өртсөн хүүхдийг оролцуулахыг хөхиүлэн дэмжиж, |
дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов: |
1 дүгээр зүйл |
Оролцогч улсууд өөрийн үндэсний зэвсэгт хүчинд 18 нас хүрээгүй цэргийн албан хаагчдыг байлдааны ажиллагаанд шууд оролцуулахгүй байх талаар боломжтой бүх арга хэмжээ авна. |
2 дугаар зүйл |
Оролцогч улсууд 18 нас хүрээгүй хүмүүсийг зэвсэгт хүчинд албан журмаар элсүүлэхгүй байх нөхцлийг хангана. |
3 дугаар зүйл |
1. Оролцогч улсууд Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 38 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэсний зэвсэгт хүчинд сайн дураар элсэн орох хүмүүсийн насны доод хязгаарыг нэмэгдүүлэх бөгөөд чингэхдээ энэхүү зүйлд заасан зарчмыг харгалзан үзэх бөгөөд Конвенцид заасны дагуу 18 нас хүрээгүй хүмүүс онцгойлон хамгаалуулах эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрнө. |
2. Энэхүү Протоколыг соёрхон батлах буюу түүнд нэгдэн орохдоо улс бүр өөрийн үндэсний зэвсэгт хүчинд сайн дурын үндсэн дээр элсэж болох хүмүүсийн насны доод хязгаар болон ийнхүү элсүүлж буй нь хүч хэрэглэх буюу албадлагын бус байна гэсэн баталгааг тусгасан зайлшгүй мэдэгдлийг хадгалуулахар өгнө. |
3. Оролцогч улсууд 18 нас хүрээгүй этгээд сайн дурын үндсэн дээр үндэсний зэвсэгт хүчинд элсэн орж болох дараахь шаардлагыг хангах баталгаа гаргана: |
(а) ийнхүү элсүүлэх нь жинхэнэ сайн дурынх байна; |
(b) ийнхүү элсүүлэхдээ тухайн хүний эцэг эх буюу хууль ёсны асран хамгаалагчид мэдэгдэж зөвшөөрөл авна; |
(c) тухайн хүн цэргийн алба хаахтай холбогдсон үүргээ бүрэн ойлгож ухаарсан байна; |
(d) тухайн хүн үндэсний цэргийн албанд элсэхийн өмнө өөрийн насны тодорхойлолтыг үнэн зөв гаргаж өгсөн байна. |
4. Оролцогч улс бүр аливаа үед тодотгосон мэдэгдлийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж болох бөгөөд тэрээр оролцогч бүх улсад энэ тухай мэдээлнэ. Уг мэдэгдэл Ерөнхий нарийн бичгийн дарга түүнийг хүлээж авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. |
5. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан нас нэмэгдүүлэх шаардлага нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 28, 29 дүгээр зүйлийн дагуу оролцогч улсуудын зэвсэгт хүчний мэдэл буюу хяналтад байдаг сургуульд хамаарахгүй. |
4 дүгээр зүйл |
1. Төрийн зэвсэгт хүчнээс ангид зэвсэгт бүлэглэлүүд ямар ч нөхцөлд 18 нас хүрээгүй хүмүүсийг байлдааны ажиллагаанд татан оролцуулж, ашиглах ёсгүй. |
2. Оролцогч улсууд тийнхүү татан оролцуулах болон ашиглахаас сэргийлэх зорилгоор боломжтой бүх арга хэмжээ, тухайлбал уг үйлдлийг хориглох болон гэмт хэрэг гэж үзэх талаар хууль эрх зүйн шаардлагатай арга хэмжээг авна. |
3. Протоколын энэ зүйлийг хэрэглэх нь зэвсэгт мөргөлдөөнд оролцож байгаа аливаа улсын эрх зүйн байдалд нөлөөлөхгүй. |
5 дугаар зүйл |
Энэхүү Протоколын аливаа заалтыг хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх талаар илүү таатай нөхцөл бүрдүүлж байгаа оролцогч улсын хууль тогтоомж буюу олон улсын гэрээ болон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн заалтыг үгүйсгэх байдлаар тайлбарлахгүй. |
6 дугаар зүйл |
1. Оролцогч улс бүр өөрийн шүүх эрх мэдлийн хүрээнд энэхүү Протоколын заалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай бүхий л хууль эрх зүй, захиргаа болон бусад арга хэмжээ авна. |
2. Оролцогч улсууд энэхүү Протоколын зарчим, заалтуудыг насанд хүрэгсэд болон хүүхдэд зохих мэдээллийн хэрэгслээр өргөнөөр дамжуулан хүргэж таниулна. |
3. Энэхүү Протоколоос гадуур цэргийн үйл ажиллагаанд татан оруулсан буюу ашиглуулж байгаа оролцогч улсын шүүх эрх мэдлийн хүрээнд харьяалагдах этгээдийг уг үйл ажиллагаанаас гаргах буюу цэргийн албанаас халуулах талаар оролцогч улсууд бололцоотой бүх арга хэмжээ авна. Шаардлагатай үед оролцогч улсууд ийм хүмүүсийн бие бялдар, сэтгэл санааг нөхөн сэргээх, нийгмийн амьдралд эргэн ороход нь бүх талын зохих туслалцааг үзүүлнэ. |
7 дугаар зүйл |
1. Оролцогч улсууд энэхүү Протоколыг хэрэгжүүлэх, ялангуяа Протоколыг зөрчсөн аливаа үйл ажиллагааг таслан зогсоох болон энэхүү Протоколыг зөрчсөн үйл ажиллагаанд өртсөн этгээдийг нөхөн сэргээх болон нийгмийн амьдралд эргэж оруулахад техникийн хамтын ажиллагаа болон санхүүгийн туслалцаа үзүүлэх замаар хамтран ажиллана. |
2. Уг үйл ажиллагааг хэрэгжүүлэх оролцогч улсууд олон талт, хоёр талт буюу бусад хөтөлбөрийн хүрээнд эсхүл Ерөнхий Ассамблейн журмын дагуу байгуулагдсан сайн дурын хандивын сангаар дамжуулан туслалцаа үзүүлнэ. |
8 дугаар зүйл |
1. Энэхүү Протокол оролцогч тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн дотор оролцогч улс бүр Хүүхдийн эрхийн хороонд тайлан гаргах ёстой бөгөөд тайланд Протоколын заалтыг хэрэгжүүлэхийн тулд авсан арга хэмжээ, тухайлбал, оролцоо болон элсүүлэхтэй холбогдсон заалтуудыг хэрэгжүүлэх талаар авч буй арга хэмжээний тухай дэлгэрэнгүй тусгана. |
2. Дэлгэрэнгүй тайлан өгсний дараа оролцогч улс бүр Конвенцийн 44 дүгээр зүйлд заасны дагуу Протоколын хэрэгжилттэй холбоотой аливаа нэмэлт мэдээллийг Хүүхдийн эрхийн хороонд хүргүүлсэн тайландаа тусгана. Протоколд оролцогч бусад улс тайланг таван жил тутам гаргана. |
3. Хүүхдийн эрхийн хороо энэхүү Протоколын хэрэгжилттэй холбоотой холбогдох нэмэлт мэдээллийг оролцогч улсаас хүсч болно. |
9 дүгээр зүйл |
1. Конвенцид нэгдэн орсон буюу гарын үсэг зурсан аливаа улсын хувьд энэхүү Протоколд гарын үсэг зурахад нээлттэй байна. |
2. Энэхүү Протоколыг соёрхон батлах бөгөөд аливаа улсын хувьд нэгдэн ороход нээлттэй байна. Соёрхон батласан буюу нэгдэн орсон батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна. |
3. Конвенц болон Протоколыг хадгалагчийн хувьд Ерөнхий нарийн бичгийн дарга хадгалуулахаар өгсөн мэдэгдэл бүрийн талаар Конвенцид оролцогч бүх улс болон түүнд гарын үсэг зурсан бүх улсад 13 дугаар зүйлийн дагуу мэдэгдэнэ. |
10 дугаар зүйл |
1. Энэхүү Протокол нь соёрхон батласан буюу нэгдэн орсон арав дахь батламж жуух бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно. |
2. Энэхүү Протоколыг соёрхон баталж байгаа буюу түүнд нэгдэн орж байгаа улс бүрийн хувьд энэхүү Протокол нь соёрхон батласан буюу нэгдэн орсон батламж жуух бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно. |
11 дүгээр зүйл |
1. Оролцогч аливаа улс энэхүү Протоколыг аливаа үед Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэж цуцалж болох бөгөөд тэрбээр Конвенцийн оролцогч бусад улс буюу Конвенцид гарын үсэг зурсан улсад энэ тухай мэдээлнэ. Цуцлалт нь Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдлийг хүлээж авсан өдрөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно. Хэрэв тухайн нэг жилийн хугацаанд цуцалж буй оролцогч улсад зэвсэгт мөргөлдөөн болж байвал уг цуцлалт нь мөргөлдөөн дууссаны дараа хүчин төгөлдөр болно. |
2. Цуцлалт нь энэхүү Протоколд дурдсан үүргээс оролцогч улсыг цуцлалт хүчин төгөлдөр болохоос өмнөх аливаа үйл ажиллагааны хувьд чөлөөлөхгүй. Түүнчлэн цуцлалт нь хүчин төгөлдөр болохоос өмнө Хороогоор нэгэнт хэлэлцэж эхэлсэн аливаа асуудлыг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэхэд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. |
12 дугаар зүйл |
1. Оролцогч аливаа улс Протоколд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж болох бөгөөд түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга санал болгож байгаа нэмэлт өөрчлөлтийн тухай оролцогч улсуудад мэдээлэхийн хамт, уг саналыг хэлэлцэх бага хурал хийлгэх эсэх талаар саналаа ирүүлэхийг тэднээс хүснэ. Ийнхүү мэдээлсэн өдрөөс хойш дөрвөн сарын дотор оролцогч улсуудын гуравны нэгээс доошгүй нь бага хурал хуралдуулахыг зөвшөөрвөл Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын ивээлийн дор уг бага хурлыг хуралдуулна. Бага хуралд хүрэлцэн ирж оролцсон оролцогч улсуудын олонхийн саналаар дэмжигдсэн аливаа нэмэлт өөрчлөлтийг батлуулахаар Ерөнхий Ассамблейд өргөн мэдүүлнэ. |
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэмэлт өөрчлөлт нь түүнийг Нэгдсэн Үндэстний Байгуулагын Ерөнхий Ассамблейн чуулганаар батласнаар болон оролцогч улсуудын гуравны хоёр нь хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болно. |
3. Нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа түүнийг хүлээн зөвшөөрсөн оролцогч улсууд дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд оролцогч бусад улсын хувьд энэхүү Протоколын заалтууд болон тэдгээрээс өмнө нь батласан нэмэлт өөрчлөлтийг заавал дагаж мөрдөнө. |
13 дугаар зүйл |
1. Энэхүү Протоколын араб, хятад, англи, франц, орос болон испани хэлээрх эх бичвэрүүд адил хүчинтэй бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын архивд хадгалагдана. |
2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Протоколын баталгаат хувийг Конвецийн оролцогч бүх улс болон Конвенцид гарын үсэг зурсан бүх улсад илгээнэ. |
Текст томруулах
A
A
A
Сонсох:
Таны санал хүсэлт