A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 268

Улаанбаатар хот

ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН II НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг 2023 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар тогтсугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 337 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.Зүүн Азийн залуучуудын II наадмыг зохион байгуулах үндэсний хороог байгуулан бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт даалгасугай.

3.Зүүн Азийн залуучуудын II наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2019 оноос эхлэн улсын болон орон нутгийн төсвийн төсөлд жил бүр тусган шийдвэрлүүлэх арга хэмжээ авч, гадаад, дотоодын хандив, тусламжаар бүрдүүлэх чиглэлээр ажиллахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт тус тус даалгасугай.

4.Наадмын бэлтгэл хангах ажлын явц, дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Г.ЧУЛУУНБААТАР