Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 270

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12.1.3, 12.1.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар ханган хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг нарт даалгасугай.

3.Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг эрхэлсэн салбар болон харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Н.НОМТОЙБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 314

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.3.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор энэ тогтоолын хавсралтад заасан Засгийн газрын тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан салбар, орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээг 2021 оны 12 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн 2022 оны 3 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ