A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 86

Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан "Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам"-ын Хоёрдугаар зүйлийн 4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ Хоёрдугаар зүйлийн 4 дэх хэсэг:

4. Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар анхан шатанд дараах хурлуудаар хэлэлцэж нэр дэвшүүлнэ.

а/ материаллаг үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, соёл, урлаг, шашин, хэвлэл мэдээллийн болон бусад салбаруудад ажиллагсад, орон нутгийн бүх шатны төр, захиргааны байгууллагын ажилтныг ажлын газрынх нь хамт олны /томоохон үйлдвэр, аж ахуйн газрын хувьд цех, тасгийн ажилчдын/ хурлаар;

б/ бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, засаг даргыг тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар;

в/ төрийн бус байгууллагын ажилтнуудыг холбогдох шатны /сум, дүүрэг, аймаг, нийслэлийн г.м/ хамтын удирдлагын байгууллага /тэргүүлэгчид, зөвлөл гэх мэт/-ын хурлаар;

г/ Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намын гишүүнийг сум, дүүрэг, аймаг, нийслэлийн намын байгууллага болон тэргүүлэгчдийн хурлаар;

д/ энэ зүйлийн а, б, в, г-д зааснаас бусад иргэдийг баг, хорооны иргэдийн нийтийн хурлаар.

Хоёр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан "Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам"-ын Хоёрдугаар зүйлийн 9 дэх хэсгээс "Улс төрийн нам" гэснийг хасаж дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ Хоёрдугаар зүйлийн 9 дэх хэсэг:

9. Аймаг, нийслэлийн Засаг дарга бичиг баримтын бүрдэлт, шагнуулах үндэслэл, тодорхойлолтыг хянан үзэж, шагналд уламжлах эсэхийг нарийвчлан шүүж, холбогдох яам, харьяа дээд газар, төрийн бус байгууллага, мэргэжлийн эвсэл, холбоодын орон нутгийн ба төв байгууллагын хамтын удирдлагын дүгнэлт, саналыг бичгээр авч хавсарган саналаа аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.

Гурав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан "Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам"-ын Хоёрдугаар зүйлийн 11 дэх хэсэгт дор дурдсаныг нэмсүгэй:

1/ Хоёрдугаар зүйлийн 11 дэх хэсэг:

н. улс төрийн намын гишүүнийг тухайн Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга.

Дөрөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан "Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам"-ын Хоёрдугаар зүйлийн 12 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ Хоёрдугаар зүйлийн 12 дахь хэсэг:

12. Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга болон Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна:

а/ нэр дэвшигчийн анкет /нэгдүгээр хавсралтаар/;

б/ тодорхойлолт;

в/ цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар анхан шатанд хурлаар хэлэлцсэн тухай албан тэмдэглэл;

г/ сум, дүүргийн Засаг даргын санал, ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын албан тэмдэглэл, тогтоол;

д/ холбогдох дээд байгууллагын дүгнэлт, санал;

е/ аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн албан тэмдэглэл, гаргасан тогтоол, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргын гарын үсэг бүхий өргөн мэдүүлэг бичиг;

ё/ Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намын дарга энэ зүйлийн г, е-д зааснаас бусад бичиг баримтыг бүрдүүлсэн байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА