A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь улсын батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэхэд чиглэсэн орон нутгийн хамгаалалтын харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Орон нутгийн хамгаалалтын хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Орон нутгийн хамгаалалтын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хууль нь батлан хамгаалах тогтолцооны нэгдмэл байдлыг хангахад орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, хэрэгжүүлэх төрийн бүх шатны байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага иргэн, хуулийн этгээдэд хамаарна.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."орон нутгийн хамгаалалт" гэж өөрийгөө хамгаалах стратеги, улс орноо батлан хамгаалах тогтолцооны тулгуур үндэс бөгөөд бүх нийтийн оролцоотойгоор орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах, хамгаалах олон талт нэгдмэл арга хэмжээний цогцыг;

4.1.2."орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгж" гэж орон нутгийн хамгаалалтын тодорхой үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдсэн онц болон дайны байдлын үед эмхлэн байгуулагдах нэгжийг;

4.1.3."орон нутгийн хамгаалалтын томилгоот хүч хэрэгсэл" гэж орон нутгийн хамгаалалтын үндсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр томилгоожсон иргэн, хуулийн этгээд, даалгаваржуулсан галт зэвсэг, техник, материал хэрэгслийг;

4.1.4."уламжлалт аюул" гэж дайсан этгээдээс учруулах цэргийн аюулыг;

4.1.5."уламжлалт бус аюул" гэж байгалийн болон хүний хүчин зүйлээс учрах цэргийн бус аюулыг;

4.1.6."орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө" гэж орон нутгийн хамгаалалтыг зохион байгуулж хэрэгжүүлэх удирдлагын баримт бичгийг;

4.1.7."томилгоожуулах" гэж иргэн, хуулийн этгээдийг орон нутгийн хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлэхээр томилохыг.

5 дугаар зүйл.Орон нутгийн хамгаалалтын зарчим

Хэвлэх

5.1.Орон нутгийн хамгаалалтад дараах зарчмыг баримтална:

5.1.1.төрийн удирдлага, хяналтад байх;

5.1.2.төрийн батлан хамгаалах бодлогод нийцсэн байх;

5.1.3.уламжлалт болон уламжлалт бус аюулаас урьдчилан сэргийлэхийг урьтал болгох;

5.1.4.төрийн бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа, бүх нийтийн оролцоонд тулгуурласан байх;

5.1.5.нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагдах;

5.1.6.нэгдмэл, харилцан уялдсан байх;

5.1.7.хөгжлийн бодлогоор дэмжигдсэн байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТ, ТҮҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮНДСЭН АРГА ХЭМЖЭЭ

6 дугаар зүйл.Орон нутгийн хамгаалалт

Хэвлэх

6.1.Орон нутгийн хамгаалалтыг зэвсэгт хүчний үйл ажиллагаа, улсын болон цэргийн дайчилгааны бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан зохион байгуулна.

6.2.Орон нутгийн хамгаалалт нь түүний бэлтгэлийг хангах, хамгаалахтай холбогдсон төлөвлөлт, зохион байгуулалт, удирдлагын үндсэн арга хэмжээнээс бүрдэнэ.

6.3.Орон нутгийн хамгаалалтын үндсэн нэгж нь аймаг, нийслэл байна.

6.4.Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага орон нутгийн хамгаалалтад хуульд заасан чиг үүргийн хүрээнд бүх талын дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээнэ.

7 дугаар зүйл.Орон нутгийн хамгаалалтын зохион байгуулалт

Хэвлэх

7.1.Улсын хэмжээнд орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг зохион байгуулах, хянан зохицуулах чиг үүргийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

7.2.Орон нутгийн хамгаалалтыг нутаг дэвсгэрийн зарчмаар аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулна.

7.3.Сум, дүүрэгт орон нутгийн хамгаалалтыг аймаг, нийслэлийн Засаг даргын удирдамжийн дагуу зохион байгуулна.

7.4.Орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг орон нутгийн тогтвортой хөгжлийн түвшин, нөөцийн бүрдүүлэлт, хүч хэрэгслийн чадавх, томилгоот нэгжийн сургалт, бэлтгэлийн үр дүнгээр хангана.

8 дугаар зүйл.Орон нутгийн хамгаалалтын үндсэн арга хэмжээ

Хэвлэх

8.1.Орон нутгийн хамгаалалтын үндсэн арга хэмжээ нь тайван цагт орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах, уламжлалт аюулаас урьдчилан сэргийлэх, уламжлалт бус аюулаас хамгаалах, онц болон дайны байдлын үед орон нутгаа хамгаалах замаар улсыг батлан хамгаалахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.

8.2.Орон нутгийн хамгаалалтын тайван цагийн үндсэн арга хэмжээ:

8.2.1.эдийн засаг, нийгмийн бие даасан, тогтвортой хөгжлийг хангах;

8.2.2.орон нутгийн хамгаалалтыг төлөвлөх;

8.2.3.орон нутгийн хамгаалалтын нөөцийг бүрдүүлэх;

8.2.4.орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах, зохион байгуулах;

8.2.5.уламжлалт бус аюулаас хамгаалах;

8.2.6.иргэнд эх оронч хүмүүжил төлөвшүүлэх;

8.2.7.иргэний эрүүл мэнд, боловсролыг дэмжих.

8.3.Орон нутгийн хамгаалалтын онц болон дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээ:

8.3.1.орон нутагт онц болон дайны байдлын үед тогтоосон дэг журмыг сахиулах;

8.3.2.цагийн байдлын тухай мэдээ, мэдээлэл харилцан солилцох;

8.3.3.орон нутгийн хамгаалалтын томилгоот хүч хэрэгслийг эмхлэн байгуулах;

8.3.4.орон нутгийн иргэд, засаг захиргаа, эдийн засаг, нийгмийн чухал объектыг хамгаалах;

8.3.5.дайсан этгээдийн тагнуул, хорлон сүйтгэх болон террорист бүлэгтэй тэмцэх;

8.3.6.зэвсэгт хүчний цэргийн нэгтгэл, анги, байгууллага, салбарын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

8.3.7.гамшиг, хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс иргэн, эд хөрөнгийг авран хамгаалах;

8.3.8.хүн амын амьжиргааны зайлшгүй хэрэгцээт зүйлийг хангах.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН НӨӨЦ, ТӨЛӨВЛӨЛТ, СУРГАЛТ

9 дүгээр зүйл.Орон нутгийн хамгаалалтын нөөц

Хэвлэх

9.1.Аймаг, нийслэл нь орон нутгийн хамгаалалтын үндсэн арга хэмжээг хэрэгжүүлэх нөөцтэй байна.

9.2.Орон нутгийн хамгаалалтын нөөц дараах бүрдэл хэсэгтэй байна:

9.2.1.томилгоот иргэн, хуулийн этгээд;

9.2.2.орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгж;

9.2.3.даалгаваржуулсан галт зэвсэг, техник, материал хэрэгсэл;

9.2.4.тусгайлан бүрдүүлсэн материал хэрэгсэл;

9.2.5.санхүүгийн нөөц;

9.2.6.бусад нөөц.

9.3.Бүх шатны Засаг дарга иргэн, хуулийн этгээдийг орон нутгийн хамгаалалтын үед гүйцэтгэх үүрэгт нь бэлтгэх ажлыг хариуцан зохион байгуулна.

9.4.Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийг дараах үүрэг гүйцэтгүүлэхээр бэлтгэнэ:

9.4.1.орон нутагт онц болон дайны байдлын үед тогтоосон дэг журмыг сахиулахад дэмжлэг үзүүлэх;

9.4.2.орон нутгийн засаг захиргаа, эдийн засаг, нийгмийн чухал объектыг хамгаалах;

9.4.3.дайсан этгээдийн тагнуул, хорлон сүйтгэх болон террорист бүлэгтэй тэмцэх;

9.4.4.зэвсэгт хүчний цэргийн нэгтгэл, анги, байгууллага, салбарын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

9.4.5.гамшиг, хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс иргэд, эд хөрөнгийг авран хамгаалахад дэмжлэг үзүүлэх;

9.4.6.дайны байдлын үед хүн амын амьжиргааны зайлшгүй хэрэгцээт зүйлийн хангалтыг зохион байгуулах.

9.5.Орон нутгийн байршил, газар зүйн онцлог, хүчин зүйлээс хамаарч энэ хуулийн 9.4-т зааснаас бусад үүрэгтэй томилгоот нэгжийг байгуулж болно.

9.6.Томилгоот нэгжийн бие бүрэлдэхүүнийг дайчилгааны бэлтгэл нөөцийн чөлөөт бүрэлдэхүүнээс сонгон томилно.

9.7.Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын орон нутаг дахь нэгжийг орон нутгийн хамгаалалтад оролцуулна.

9.8.Орон нутгийн хамгаалалтад зэвсэгт хүчний цэргийн нэгтгэл, анги, байгууллага, салбарыг оролцуулна.

10 дугаар зүйл.Орон нутгийн хамгаалалтын төлөвлөлт

Хэвлэх

10.1.Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөтэй байна.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.2.Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө нь улсын болон цэргийн дайчилгааны төлөвлөгөөтэй уялдсан байна.

10.3.Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын орон нутаг дахь нэгж үйл ажиллагааны төлөвлөгөөндөө орон нутгийн хамгаалалтын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгана.

11 дүгээр зүйл.Орон нутгийн хамгаалалтын сургалт

Хэвлэх

11.1.Энэ хуульд заасан арга хэмжээ, чиг үүргийг хэрэгжүүлэхэд албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийг бэлтгэх зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн хамгаалалтын шат дараалсан сургалтыг явуулна.

11.2.Орон нутгийн хамгаалалтын сургалтыг бие даасан болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын сургалттай хамтарч явуулж болно.

11.3.Сургалтыг хамрагдах бүрэлдэхүүнээр нь дараах байдлаар ангилна:

11.3.1.аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын;

/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.3.2.орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн удирдах бүрэлдэхүүн, бусад албан тушаалтны;

11.3.3.орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүний.

11.4.Сургалтыг дараах хэлбэрээр зохион байгуулна:

11.4.1.цугларалт;

11.4.2.хээрийн дадлага;

11.4.3.нэгдсэн сургууль.

11.5.Аймаг, нийслэлийн Засаг даргын болон орон нутгийн томилгоот нэгжийн удирдах бүрэлдэхүүн, бусад албан тушаалтны сургалтыг дөрвөн жил тутамд цугларалтаар зохион байгуулна.

11.6.Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүний сургалтыг аймаг, нийслэлийн Засаг даргын төлөвлөгөөгөөр хээрийн дадлагаар зохион байгуулна.

11.7.Орон нутгийн хамгаалалтын нэгдсэн сургуулийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.

11.8.Сургалтыг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын орон нутаг дахь нэгж, тэдгээрийн сургалтын төв, материаллаг баазыг түшиглэн зохион байгуулна.

11.9.Иргэний орон нутгийн хамгаалалтын сургалтад хамрагдсан хугацааны цалин хөлсийг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцна.

11.10.Энэ хуулийн 11.9-д заасан цалин хөлсний хэмжээ, түүнийг олгох журмыг Засгийн газар батална.

11.11.Сургалтыг зохион байгуулахад цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага дэмжлэг үзүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН УДИРДЛАГА

12 дугаар зүйл.Орон нутгийн хамгаалалтын удирдлага

Хэвлэх

12.1.Орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах удирдлагыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

12.2.Дайны байдлын үеийн орон нутгийн хамгаалалтын зэвсэгт тэмцлийн удирдлагыг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын удирдамж, төлөвлөгөөгөөр хэрэгжүүлнэ.

13 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх

Хэвлэх

13.1.Монгол Улсын Их Хурал орон нутгийн хамгаалалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1.орон нутгийн хамгаалалтын эрх зүйн үндсийг тогтоох;

13.1.2.орон нутгийн хамгаалалтад шаардлагатай төсвийг батлах.

14 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх

Хэвлэх

14.1.Монгол Улсын Ерөнхийлөгч орон нутгийн хамгаалалтын талаар Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

15 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

15.1.Монгол Улсын Засгийн газар орон нутгийн хамгаалалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1.орон нутгийн хамгаалалтын талаарх хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хангах;

15.1.2.орон нутгийн хамгаалалтад шаардлагатай төсвийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

15.1.3.орон нутгийн хамгаалалтын талаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг батлах;

15.1.4.орон нутгийн хамгаалалтын асуудлаар үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын харилцан ажиллагааг зохицуулах;

15.1.5.орон нутгийн хамгаалалтын нэгдсэн сургууль, аймаг, нийслэлийн Засаг даргын цугларалтыг зохион байгуулах шийдвэр гаргах;

15.1.6.галт зэвсэг, техник, материал хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, даалгаваржуулах, тэдгээрийг ашиглах журмыг батлах.

16 дугаар зүйл.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

Хэвлэх

16.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн орон нутгийн хамгаалалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.1.1.орон нутгийн хамгаалалтыг бодлогын удирдамжаар хангах, хянан зохицуулах;

16.1.2.орон нутгийн хамгаалалтыг бэхжүүлэх саналыг Засгийн газарт оруулж, шийдвэрлүүлэх;

16.1.3.аймаг, нийслэлийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг батлах;

16.1.4.орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө боловсруулах заавар, томилгоот нэгжийн бүтэц, зохион байгуулалтын үлгэрчилсэн загварыг батлах;

16.1.5.нэгдсэн сургуулийг зохион байгуулах асуудлыг Засгийн газарт оруулж, шийдвэрлүүлэх.

17 дугаар зүйл.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

17.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага орон нутгийн хамгаалалтын талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

17.1.1.энэ хуулийн 16.1.4-т заасан баримт бичгийг боловсруулах;

17.1.2.аймаг, нийслэлийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж, дүгнэлт гаргах;

17.1.3.орон нутгийн хамгаалалтын сургалтыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих;

17.1.4.орон нутгийн хамгаалалтыг төлөвлөн хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг даргыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

17.1.5.орон нутгийн хамгаалалтын онол, арга зүй, шинжлэх ухаан, инновацийн хөгжлийг хангах;

17.1.6.орон нутгийн хамгаалалтын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх.

ТАВДУГААР БҮЛЭГ

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН УДИРДЛАГЫН БҮРЭН ЭРХ, ХУУЛИЙН ЭТГЭЭД, ИРГЭНИЙ ҮҮРЭГ

18 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

18.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага орон нутгийн хамгаалалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.1.1.аймаг, нийслэлийн орон нутгийн хамгаалалтад тухайн жилд шаардагдах төсвийг баталж, түүний гүйцэтгэлд хяналт тавих;

18.1.2.орон нутгийн хамгаалалтын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Засаг даргын мэдээллийг сонсох.

19 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

19.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн хамгаалалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.1.1.орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах;

19.1.2.аймаг, нийслэлийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө боловсруулах ажлыг удирдах;

19.1.3.орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг жил бүр тодотгох, шаардлагатай өөрчлөлтийн талаарх саналаа батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

19.1.4.сум, дүүргийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг батлах;

19.1.5.аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тухайн жилд хэрэгжүүлэх орон нутгийн хамгаалалтын арга хэмжээ, санхүүжилтийг тусгах;

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.1.6.орон нутгийн хамгаалалтын хүч хэрэгслийг томилгоожуулах;

19.1.7.орон нутгийн хамгаалалтын нөөцийг бүрдүүлэх, иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, техник, материал хэрэгслийг даалгаваржуулах;

19.1.8.орон нутгийн хамгаалалтын сургалтыг зохион байгуулах;

19.1.9.орон нутгийн хамгаалалтын мэдээллийн сан бүрдүүлэх.

20 дугаар зүйл.Хуулийн этгээдийн үүрэг

Хэвлэх

20.1.Хуулийн этгээд орон нутгийн хамгаалалтын талаар дараах үүрэг хүлээнэ:

20.1.1.томилгоот нэгжийн бүрэлдэхүүн болон ажилтныг үүрэг гүйцэтгэх боломжоор хангах, орон нутгийн хамгаалалтын сургалт, зохион байгуулалттай бусад арга хэмжээнд хамруулах;

20.1.2.аймаг, нийслэлийн Засаг даргаас тогтоосон даалгаврыг биелүүлэх;

20.1.3.орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ гүйцэтгэх.

21 дүгээр зүйл.Иргэний үүрэг

Хэвлэх

21.1.Монгол Улсын иргэн орон нутгийн хамгаалалтын талаар дараах үүрэг хүлээнэ:

21.1.1.орон нутгаа хамгаалах томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлтэй байх;

21.1.2.орон нутгийн хамгаалалтад томилгоот үүрэг гүйцэтгэх;

21.1.3.сонор сэрэмжтэй байх, аюул заналын талаар холбогдох байгууллагад цаг тухайд нь мэдээлэх;

21.1.4.орон нутгийн хамгаалалтын сургалт, зохион байгуулалттай бусад арга хэмжээнд оролцох.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

22 дугаар зүйл.Орон нутгийн хамгаалалтын арга хэмжээний санхүүжилт

Хэвлэх

22.1.Орон нутгийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдох зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

23 дугаар зүйл.Орон нутгийн хамгаалалтын нууцлал

Хэвлэх

23.1.Орон нутгийн хамгаалалтын талаарх мэдээллийн нууцын зэрэглэлийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу тогтооно.

24 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

24.1.Орон нутгийн хамгаалалтын хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД