- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2016 оны 126 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 326
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-д дараахь агуулга бүхий найм, ес, арав, арван нэгдүгээр хэсэг нэмсүгэй.
1/"Найм. Буцах үнэмлэх"
8.1. Үндэсний гадаад паспортыг түр орлох баримт бичгийг буцах үнэмлэх гэнэ. Буцах үнэмлэхийн загварыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.2. Буцах үнэмлэх хэвлүүлэх ажлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохих журмын дагуу зохион байгуулна.
2/ "Ес. Буцах үнэмлэх олгох үндэслэл, түүний хүчинтэй байх хугацаа"
9.1. Монгол Улсын иргэнд дараахь тохиолдолд буцах үнэмлэх олгоно:
9.1.1. үндэсний гадаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн;
9.1.2. үндэсний гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусгавар болсон;
9.1.3. хүчин төгөлдөр буцах үнэмлэхээ үрэгдүүлсэн, гэмтээсэн;
9.1.4. гадаадад төрсөн иргэн эх орондоо буцахад үндэсний гадаад паспорт мэдүүлж авах боломжгүй;
9.1.5. Монгол Улсын олон улсын гэрээгээр шилжүүлэн авах иргэн үндэсний гадаад паспортгүй;
9.1.6. ял эдлээд суллагдсан иргэн үндэсний гадаад паспортгүй эсхүл паспортын хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон;
9.1.7. Сайн дураараа эх орондоо буцах хөтөлбөрт хамрагдах иргэн үндэсний гадаад паспортгүй;
9.2. Буцах үнэмлэх мэдүүлэх шаардлагатай иргэний ургийн овог, эцэг/эхийн нэр, өөрийн нэрийг тодруулах, тухайн улсад бүртгэлтэй буюу оршин суух зөвшөөрөл дэх овог, нэрийн зөрчилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Дипломат төлөөлөгчийн газар, улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон холбогдох бусад байгууллага хамтран ажиллана.
9.3. Буцах үнэмлэхэд Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, консулын хэлтсийн дарга, тэдгээрийн эзгүйд орлох дипломат ажилтан гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулна.
9.4. Дипломат төлөөлөгчийн газар буцах үнэмлэх авах хүсэлтийг ажлын 7 өдрийн дотор шийдвэрлэнэ.
9.5. Буцах үнэмлэх нь олгосон өдрөөс 12 хүртэл сарын хугацаанд хүчинтэй байна.
3/ "Арав. Буцах үнэмлэх мэдүүлэх"
10.1. Буцах үнэмлэхийг энэ журмын 9.1-д заасан Монгол Улсын иргэн, шаардлагатай тохиолдолд дараахь этгээд төлөөлөн мэдүүлнэ:
10.1.1. Монгол Улсын олон улсын гэрээнд заасан эрх бүхий байгууллагын төлөөлөгч;
10.1.2. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэний хувьд тухайн эмнэлгийн захиргаа;
10.1.3. Саатуулах байранд байгаа иргэний хувьд тухайн улсын цагдаагийн байгууллага, эсхүл шилжилт хөдөлгөөний асуудал хариуцсан байгууллага;
10.1.4. Асрамжийн газарт байгаа насанд хүрээгүй хүүхдийн хувьд эцэг эх, асран хамгаалагч;
10.1.5. Монгол Улсын иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч.
10.2. Буцах үнэмлэх мэдүүлэхэд дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:
10.2.1. Буцах үнэмлэх мэдүүлэх хуудас;
10.2.2. иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл иргэний бүртгэлийн лавлагаа;
10.2.3. цээж зураг 2 хувь (3.5х4.5 см-ийн хэмжээтэй, цагаан дэвсгэртэй);
10.2.4. төлбөр төлсөн баримт;
10.2.5. үндэсний гадаад паспортыг үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тухай тодорхойлолт;
10.2.6. шаардлагатай тохиолдолд тухайн иргэний Монгол Улсын хилээр нэвтэрсэн лавлагаа;
10.2.7. Энэ журмын 9.1.2-9.1.4-т заасан этгээд мэдүүлэх тохиолдолд тухайн иргэний харьяаллын талаарх Монгол Улсын иргэний бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт.
10.3. Энэ журмын 10.1-д заасан иргэн, эсхүл төлөөлж байгаа этгээд буцах үнэмлэх мэдүүлэх хуудаст гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
10.4. Буцах үнэмлэх мэдүүлэх баримт бичгийг Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар баталгаат шуудангаар хүлээн авч, баталгаат шуудангаар буцах үнэмлэхийг хүргүүлж болно.
10.5. Шаардлагатай тохиолдолд Монгол Улсын иргэнд буцах үнэмлэх олгох тухай гадаад улсын эрх бүхий байгууллагын хүсэлтийг консулын зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэж болно. 4/ "Арван нэг. Буцах үнэмлэх олголтод тавих хяналт" 11.1. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буцах үнэмлэхийг хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газруудад тараан олгож, зарцуулалтад хяналт тавина.
11.2. Хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар нь буцах үнэмлэх олголтын тайланг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон дараа оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн дотор гарган хүргүүлнэ.
11.3. Буцах үнэмлэх олгосон талаар цахим мэдээллийн сан үүсгэж, хөтөлнө.
11.4. Буцах үнэмлэхийг хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хураан авч гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2. Мөн хавсралтын 8.1-ийн "энгийн гадаад паспортын" гэснийг "энгийн гадаад паспорт болон буцах үнэмлэхийн" гэж, 8.3-ын "энгийн гадаад паспортыг" гэснийг "энгийн гадаад паспорт болон буцах үнэмлэхийг" гэж тус тус өөрчлөн найруулсугай.
3. Мөн хавсралтын "Найм" гэснийг "Арван хоёр" гэж өөрчилсүгэй.
4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР
Текст томруулах
A
A
A