A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 84

Төрийн ордон,Улаанбаатар хот

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл"-ийг хавсралтаар баталсугай.

2.Доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/, Монголбанк /Н.Баяртсайхан/, Санхүүгийн зохицуулах хороо /С.Даваасүрэн/-нд даалгасугай:

1/Монгол Улсаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авсан арга хэмжээнд олон улсын байгууллагаас хийсэн үнэлгээг дээшлүүлэх шат дараалсан арга хэмжээг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

2/гадаад валютын нөөцийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан түвшинд дунд хугацаанд хүргэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

3/зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийг хангах;

4/чанаргүй активыг бууруулах стратегийн хэрэгжилтийг хангах;

5/санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжилтийг хангах чиглэлээр зохих арга хэмжээг авах;

6/санхүүгийн салбарыг дэмжиж, тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах;

7/Монгол Улсын гадаад валютын урсгалын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, улирал тутам тайлагнаж байх;

8/ипотекийн зээлийг эдийн засгийн төлөв, санхүүгийн чадавхтай уялдуулж урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх;

9/алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Д.Дамба-Очир/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД