A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 29

Улаанбаатар хот

ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Хот байгуулалтын тухай хуулийн 6.1.4, "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай" Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.85.3, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн 2.2.5, "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого"-ын 6.1.1-д заасныг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох шинэ хот /Аэросити/-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хавсралтад заасан бүрдэлтэйгээр шинэчлэн баталсугай.

2. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан нийслэлийн хилийн цэст өөрчлөлт оруулах, шинэ хот /Аэросити/-ыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлаар холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, нийслэлийн Засаг дарга (Ж.Батбаясгалан) нарт даалгасугай.

3. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 174 дүгээр тогтоолоор баталсан "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-нд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, нийслэлийн Засаг дарга (Ж.Батбаясгалан) нарт даалгасугай.

4. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан шинэ хот /Аэросити/-ын инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, эх үүсвэрийг барьж байгуулахад шаардагдах зардлыг жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар шийдвэрлэж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга (Ж.Батбаясгалан) нарт үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 217 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 143

Улаанбаатар хот

"ШИНЭ ЗУУНМОД" ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Хот байгуулалтын тухай хуулийн 6.1.4-т заасныг үндэслэн "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 9.5.1, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын 4.2, "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл"-ийн 9.5.1, "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.7.7-д заасныг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших "Шинэ Зуунмод" хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хавсралтад заасан бүрдэлтэйгээр баталсугай.

2. Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу "Шинэ Зуунмод" хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, эх үүсвэрийн зураг төслийг боловсруулах болон барьж байгуулахад шаардагдах зардлыг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улс, орон нутгийн жил бүрийн төсөвт тусгах болон гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР