- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 17
Улаанбаатар хот
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсгийг тус тус үндэслэнТөрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:
1."Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байгаа албан хаагчийн нөөцийн бүртгэл хөтлөх загвар"-ыг 2 дугаар хавсралтаар, "Ерөнхий шалгалт өгч тэнцсэн иргэний нөөцийн бүртгэл хөтлөх загвар"-ыг 3 дугаар хавсралтаар, "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаал эрхэлж байсан удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэл хөтлөх загвар"-ыг 4 дүгээр хавсралтаар, Төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн албан хаагчийн болон иргэний нөөцийн бүртгэл хөтлөх загвар"-ыг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн "Журам батлах тухай" 99 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэхүү журмын хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Салбар зөвлөлд тус тус даалгасугай.
ДАРГА Б.БААТАРЗОРИГ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр
Дугаар 498
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8, 33.12 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:
1."Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг удирдлага зохион байгуулалтаар ханган, хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Салбар зөвлөл, томилох эрх бүхий албан тушаалтанд тус тус даалгасугай.
3.Энэ журмыг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдсүгэй.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн "Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам, загвар батлах тухай" 17 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭН
Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 498 дугаар тогтоолын хавсралт
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн мэдээллийн сангийн бүрэлдэхүүн хэсэг болох төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх харилцааг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол энэ журмаар зохицуулна.
1.2.Төрийн жинхэнэ албаны нөөцийн сан (цаашид "нөөцийн сан" гэх)-г Төрийн албаны "Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо" цахим системээр хөтөлнө.
Хоёр. Төрийн жинхэнэ албаны нөөцийн сангийн бүрэлдэхүүн, хугацаа
2.1.Төрийн жинхэнэ албаны нөөцийн сан нь удирдах, гүйцэтгэх гэсэн төрөлтэй байна. Нөөцийн сан нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна.
2.1.1.төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байгаа албан хаагчийн нөөц;
2.1.2.төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн иргэний нөөц;
2.1.3.төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаал эрхэлж байсан удирдах албан тушаалтны нөөц;
2.1.4.Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөгдсөн, 62.1.4-т заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэний нөөц;
2.1.5.Дипломат албаны тухай хуулийн 231.1 дэх хэсэгт заасны дагуу чөлөөтэй байгаа албан хаагч, 231.3 дахь хэсэгт заасны дагуу ажлын байрны баталгаагаар хангагдсан иргэний нөөц;
2.1.6.Төрийн байгууллагын шийдвэрээр нөхөр (эхнэр) нь өөр орон нутаг, гадаад улс, олон улсын байгууллагад шилжин ажиллах болсон, эсхүл гэр бүлийн хүнд өвчтэй аль нэг гишүүнээ асрах зайлшгүй шаардлагын улмаас төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц;
2.1.7.Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.7 дахь хэсэгт заасны дагуу цэргийн тэтгэвэр тогтоолгож (дээд офицер, офицер, ахлагч) төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэний нөөц.
2.2.Энэ журмын 2.1.3-2.1.6-д заасан нөөцийн сангийн бүрэлдэхүүнд байх хугацааг хуульд өөрөөр заагаагүй бол тэтгэвэр тогтоолгосноор, 2.1.7-д заасан нөөцийн сангийн бүрэлдэхүүнд байх хугацаа Төрийн албаны тухай хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрснээр дуусгавар болно.
2.3.Төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэн нь хуульд заасан үндэслэлээр ажлын байр нь хадгалагдах төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг Төрийн албаны тухай хууль, холбогдох журмын дагуу түр орлон гүйцэтгэсэн тохиолдолд түүний нөөцөд байх хугацааг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон өдрөөс эхлэн түр зогсоож, чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн үргэлжлүүлэн тооцно.
Гурав. Нөөцийн сангийн хөтлөлт, тоо бүртгэл
3.1.Төрийн жинхэнэ албаны нөөцийн санг төрийн албаны "Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо" цахим системд дараах байдлаар хөтөлнө.
3.1.1.Энэ журмын 2.1.1, 2.1.3, 2.1.4, 2.1.5, 2.1.6-д заасан нөөцийн сангийн бүрэлдэхүүний бүртгэлийг төрийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагч (энэ албан хаагч байхгүй тохиолдолд удирдлагын үүрэг болгосон албан хаагч) нөөцийн сангийн төрөл тус бүрээр;
3.1.2.Энэ журмын 2.1.2, 2.1.7-д заасан нөөцийн сангийн бүрэлдэхүүний бүртгэлийг Төрийн албаны зөвлөлийн тоо бүртгэлийн мэдээллийн сан хариуцсан нэгж;
3.1.3.төрийн албаны нөөцийн сангийн нэгдсэн тоо бүртгэлийг Төрийн албаны зөвлөлийн тоо бүртгэлийн мэдээллийн сан хариуцсан нэгж.
3.2.Иргэн нь энэ журмын 2.1.7-д заасан нөөцийн санд бүртгүүлэх хүсэлтийг цэргийн тэтгэвэр тогтоолгосон шийдвэр, бусад нотлох баримтын хамт Төрийн албаны зөвлөлд гаргана.
3.3.Шийдвэр гаргах албан тушаалтан нь төрийн албан хаагчийг энэ журмын 2.1.3-2.1.7-д заасан нөөцөд байгаад тооцох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх шийдвэр гаргахад дараах ажиллагааг хийж шийдвэрт тусгана:
3.3.1.Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн сангийн бүртгэлд хамаарах хуулийн үндэслэлээр чөлөөлөгдөх хүсэлтийн нотлох баримтыг хянан шалгах, шаардлагатай тохиолдолд лавлагаа, тодруулга авах;
3.3.2.Нөөцөд байгаагаар тооцох шийдвэрт нөөцийн сангийн зохих бүрэлдэхүүнд бүртгэх заалтыг заавал тусгах;
3.3.3.Албан хаагчийг нөөцийн сангийн зохих бүртгэлд бүртгэн, нотлох баримтыг хавсарган оруулах.
Дөрөв. Нөөцийн сангийн лавлагаа, мэдээлэл
4.1.Иргэний нөөцийн санд бүртгэлтэй эсэх лавлагааг төрийн үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia)-ээр дамжуулан олгоно.
4.2.Төрийн албаны зөвлөлийн тоо бүртгэлийн мэдээллийн сан хариуцсан нэгж, Салбар зөвлөл нөөцийн сангийн мэдээллээр хангах үүрэг хүлээнэ.
4.3.Төрийн жинхэнэ албаны нөөцийн санг төрийн албаны "Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо" цахим системд бүрэн, чанартай хөтлөх үйл ажиллагааны шилжилтийн явцтай холбогдуулан (E-Mongolia)-ээр дамжуулан олгох боломж бүрдээгүй зарим төрийн байгууллагын лавлагаа, мэдээллийг иргэнд өргөдлийн дагуу олгох ажлыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба хариуцна.
Тав. Нөөцийн сангийн нөхөн бүрдүүлэлт, хасалт
5.1.Энэ журам хэрэгжиж эхлэхээс өмнө нөөцийн сангийн бүртгэлд хамаарах хуулийн үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэн "Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо" цахим системийн нөөцийн сангийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ нотлох баримтын хамт тухайн төрийн байгууллага, харьяалах Салбар зөвлөлд гаргана.
5.2.Төрийн байгууллагын удирдлага, Салбар зөвлөл нөөцийн сангийн цахим бүртгэлд нөхөн бүртгүүлэхээр хүсэлт гаргасан иргэний холбогдох баримт бичгийг хянан үзэж, нөхөн бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
5.3.Энэ журмын 3.1, 3.3-т заасан албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас эрх нь зөрчигдсөн иргэний мэдээллийг нөөцийн санд нөхөн бүртгэх асуудлыг төрийн байгууллагын удирдлага, Салбар зөвлөл хэрэгжүүлнэ.
5.4.Иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлэн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгүүлсэн нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон тохиолдолд тухайн иргэний нөөцийн сангийн бүртгэлийг хүчингүйд тооцно.
5.5.Нөөцийн санд бүртгэлтэй байх хугацаандаа Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон иргэнийг нөөцийн сангийн бүртгэлээс хасна.
5.6.Томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хуульд заасан үндэслэлээр хариуцлага хүлээж, төрийн албанаас халагдсан, чөлөөлөгдсөн, огцорсон иргэнийг нөөцийн санд бүртгэхгүй.
Зургаа. Хариуцлага
6.1.Энэ журмын 3.1, 3.3-т заасныг хэрэгжүүлээгүй, зөрчсөн, албан үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн албан тушаалтан, албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна.
6.2.Энэ журмын "Дөрөв"-т заасан мэдээллээр хангагдаагүй, эрх нь зөрчигдсөн иргэн гомдол, хүсэлтээ тухайн төрийн байгууллагын удирдлага, Төрийн албаны зөвлөлд гаргаж шийдвэрлүүлнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A
