A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 06 сарын 06 өдөр

Төрийн ордон,Улаанбаатар хот

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилго, зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилго нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдгээрийн эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэхэд чиглэнэ.

1.2.Энэ хуулийн зорилт нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээнд үзүүлэх төрийн дэмжлэгийн хамрах хүрээ, хэлбэр, удирдлага, зохицуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль, Хоршооны тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга байрлан үйл ажиллагаа эрхэлдэг улсын бүртгэлд бүртгүүлсэн ашиг олох зорилго бүхий дотоодын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжид үйлчилнэ.

3.2.Төрийн бус байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой компани, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой газар, гадаад улсын хуулийн этгээд энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч" гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг;

4.1.2."борлуулалтын орлого" гэж аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд тодорхойлсон борлуулалтын орлогыг;

4.1.3."ажилтан" гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.2-т заасныг;

4.1.4."кластер" гэж аж ахуйн нэгж нь үйлдвэрлэл, үйлчилгээний зорилго, төрөл, чиглэл, газарзүйн байршлын хувьд хорших, төрөлжих хэлбэрээр харилцан уялдаатай хамтран ажиллахыг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ

5 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч

Хэвлэх

5.1.Дараах нөхцөлийг хангасан аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамааруулна:

5.1.1."бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч" гэж 10 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300.0 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг;

5.1.2."жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч" гэж 10-50 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300.0 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг;

5.1.3."дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч" гэж 50-200 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 1.0--2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг.

5.2.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн борлуулалтын орлогын хэмжээг тогтоохдоо түүнтэй харилцан хамааралтай этгээдийн борлуулалтын орлогын хэмжээг нэгтгэн тооцно.

5.3.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь энэ хуулийн 5.1.1, 5.1.2, 5.1.3-т заасан ангиллын нөхцөлийг нэгэн зэрэг хангаагүй тохиолдолд ажилтны тоог голлох үзүүлэлт болгон зохих ангилалд хамааруулна.

5.4.Аж ахуйн нэгж нь хоёр ба түүнээс дээш чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд тэдгээрийн аль нэг нь энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан үйл ажиллагаанд хамаарч байвал энэ хуульд заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй.

5.5.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.

5.6.Энэ хуулийн 5.2-т заасан "Харилцан хамааралтай этгээд" гэдэгт Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасныг ойлгоно.

6 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэх

Хэвлэх

6.1.Энэ хуульд заасан нөхцөлийг хангасан аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэх хүсэлтээ жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутаг дахь тухайн асуудал хариуцсан эрх бүхий этгээдэд бичгээр, эсхүл цахимаар гаргана.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

6.2.1.улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

6.2.2.ажилтныг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;

6.2.3.эхлэлтийн баланс, эсхүл өмнөх жилийн санхүүгийн тайлан.

6.3.Хүсэлт гаргагч энэ хуулийн 5.1-д заасан нөхцөлийг хангасан гэж үзвэл хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор түүнийг зохих ангиллын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгэж, тодорхойлолт олгоно.

6.4.Хүсэлт гаргагч энэ хуулийн 5.1-д заасан нөхцөлийг хангаагүй, эсхүл баримт бичгийн бүрдэл дутуу байвал үндэслэл бүхий бүртгэхээс татгалзсан хариуг ажлын 5 өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ.

6.5.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн бүртгэл, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага албан ёсны цахим хуудсаар дамжуулан тухай бүр нийтэд мэдээлнэ.

6.6.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага доор дурдсан үндэслэлээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэлээс хасна:

6.6.1.ажилтны тоо, борлуулалтын орлогын хэмжээ нь энэ хуулийн 4.1.1-д заасан хязгаараас хэтэрсэн;

6.6.2.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасан;

6.6.3.бүртгүүлэхдээ хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;

6.6.4.аж ахуйн нэгж татан буугдсан;

6.6.5.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой технологи, материал хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь тогтоогдсон.

6.7.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэхтэй холбогдуулан үйлчилгээний хөлс, хураамж авахыг хориглоно.

7 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй этгээд

Хэвлэх

7.1.Дараах үйл ажиллагааг эрхэлдэг аж ахуйн нэгж энэ хуульд заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй:

7.1.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2, 15.3, 15.4, 15.5, 15.6, 15.7, 15.8, 15.9, 15.10.4, 15.10.5, 15.10.6, 15.10.7, 15.10.8, 15.10.9, 15.10.10, 15.10.11, 15.10.12, 15.10.13, 15.10.14, 15.10.16, 15.10.17, 15.10.18, 15.10.19, 15.10.20, 15.10.21, 15.10.22, 15.11.1, 15.11.2, 15.11.6, 15.12.4, 15.12.5, 15.12.6, 15.12.7, 15.12.8, 15.12.9, 15.12.10, 15.12.11, 15.13.1, 15.14.3, 15.14.7, 15.15.1, 15.15.2, 15.15.3, 15.15.4, 15.15.5, 15.15.6, 15.15.7, 15.15.8, 15.15.9, 15.15.10, 15.15.11, 15.16, 15.18.1, 15.18.2, 15.18.3, 15.18.4, 15.18.5, 15.18.6, 15.18.7, 15.18.8, 15.19, 15.20-д заасан үйл ажиллагаа;

/Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.1.2.барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ;

7.1.3.зуучлалын үйлчилгээ;

7.1.4.хууль зүйн зөвлөх үйлчилгээ;

7.1.5.худалдаа, үйлчилгээний сүлжээ;

7.1.6.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13.4, 13.5-д заасан үйл ажиллагаа;

7.1.7.ашигт малтмал хайх, газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, боловсруулах.

7.1.8.тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспорт;

/Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.1.9.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа;

/Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.1.10.банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ.

/Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨРИЙН БОДЛОГО

8 дугаар зүйл.Төрөөс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих талаар баримтлах бодлогын чиглэл

Хэвлэх

8.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний цар хүрээ, хөгжлийн үе шат, бүс нутгийн хөгжилд үзүүлэх нөлөө, гадаад зах зээлд нэвтрэх чадамж, техник, технологийн байдлыг нь харгалзан төрөөс дараах чиглэлийн дэмжлэгийг үзүүлнэ:

8.1.1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний зах зээлийн эрэлт, хэрэгцээ шаардлагыг үндэслэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, сургах, давтан сургах тогтолцоог хөгжүүлэх;

8.1.2.санхүүгийн дараах дэмжлэгийг үзүүлэх:

8.1.2.а.хөнгөлөлттэй зээл олгох;

8.1.2.б.шинээр бий болгосон ажлын байрны тоо, борлуулалтын орлогын хэмжээг харгалзан зээлийн хүүгийн хэмжээг бууруулах;

8.1.2.в.зээлийн давхар батлан даалт гаргах;

8.1.2.г.зээлийн хүүгийн татаас олгох;

8.1.2.д.тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ, түрээсийн хүүгийн дэмжлэг үзүүлэх.

8.1.3.татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;

8.1.4.экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих;

8.1.5.бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтад төрийн худалдан авалтаар дэмжлэг үзүүлэх;

8.1.6.бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх;

8.1.7.шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх судалгааг дэмжих;

8.1.8.техник, технологийн дэвшлийг дамжуулах, нутагшуулах, шинжлэх ухаан, технологийн судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

8.1.9.кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг тухайн орон нутаг дахь түүхий эдийн болон ажиллах хүчний нөөц, чадавх бусад онцлогоос хамааран дэмжих;

8.1.10.гадаад, дотоод зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх.

9 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний кластерыг дэмжих

Хэвлэх

9.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг кластераар хөгжүүлэхэд төрөөс дараах дэмжлэгийг үзүүлнэ:

9.1.1.түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлт, үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалтын харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжид татвар, санхүүгийн цогц дэмжлэг үзүүлэх;

9.1.2.дэд бүтцийн хангамжийг сайжруулах;

9.1.3.үйл ажиллагаагаараа хорших, төрөлжих, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.

9.2.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулах тохиолдолд тэдгээрийн ажилтны тоо, борлуулалтын орлогын хэмжээг нэгтгэн тооцож, зохих ангилалд хамааруулж болно.

9.3.Энэ хуулийн 9.2-т заасан ажилтны тоо, борлуулалтын орлогын хэмжээг нэгтгэн тооцох үндэслэлийг хянаж, зохих ангилалд хамааруулахтай холбогдсон журмыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.4.Орон нутагт кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн төсөл нь энэ хуулийн 15.1.2-т заасан чиглэлд хамаарч байвал төрөөс тэргүүн ээлжинд дэмжинэ.

9.5.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 39.1-д заасан чиглэлээр нийслэл хотын тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх бол тухайн аж ахуйн нэгжийг төрөөс тэргүүн ээлжид дэмжинэ.

/Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

10 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр

Хэвлэх

10.1.Жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ажлын байр, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, кластераар төрөлжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны хөтөлбөртэй байна.

10.2.Ахуйн үйлчилгээний салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, стандартад нийцсэн үйлчилгээг иргэдэд хүргэх, албан бус хөдөлмөр эрхлэлтийг багасгаж ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны хөтөлбөртэй байна.

10.3.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, дүгнэхэд эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог хангана.

11 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан

Хэвлэх

11.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх зорилго бүхий Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /цаашид "Сан" гэх/ байна.

11.2.Сангийн хуульд заасан чиг үүргийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

11.3.Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.

11.4.Санд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.3-т заасны дагуу улсын төсвөөс жил бүр хөрөнгө хуваарилна.

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.5.Сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.7-д заасны дагуу Засгийн газар батална.

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.6.Сангаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид нэг удаа олгох зээлийн хэмжээг доор дурдсанаар тодорхойлно:

11.6.1.бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 300.0 сая төгрөг хүртэл;

11.6.2.жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 1.0 тэрбум төгрөг хүртэл;

11.6.3.дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 2.5 тэрбум төгрөг хүртэл.

11.7.Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зээлийг Сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид банкаар дамжуулж олгоно. Банкийг сонгон шалгаруулалтаар сонгоно. Банканд Сангийн эх үүсвэрийг байршуулах, зээл олгох журмыг Засгийн газар батална.

11.8.Дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд банкнаас авсан зээлийн жилийн хүүгийнх нь 5.0 хүртэл хувийг Сангаас олгож болно.

11.9.Сангаас зээл, зээлийн хүүгийн татаас олгоход доор дурдсан хязгаарлалтыг баримтална:

11.9.1.Сангийн тухайн жилийн улсын төсвийн санхүүжилтийн 80-аас доошгүй хувийг үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгох;

11.9.2.зээлийн хүүгийн татаасын зориулалтаар олгох хөрөнгийн нийт хэмжээ нь Сангийн тухайн жилийн улсын төсвийн санхүүжилтийн 20 хувиас хэтрэхгүй байх.

11.10.Энэ хуулийн 11.8-д заасны дагуу Сангаас зээлийн хүүгийн татаас олгох журмыг жижиг, дунд үйлдвэрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

11.11.Дараах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгохгүй:

11.11.1.Сангаас авсан зээлийн үлдэгдэлтэй;

11.11.2.зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй;

11.11.3.Сангаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон;

11.11.4.шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өртэй;

11.11.5.төсөл хүлээн авах сүүлийн өдрийн байдлаар нийгмийн даатгал, татварын байгууллагад өртэй.

11.12.Зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төслийн талаар санал, дүгнэлт гаргах, сонгон шалгаруулалт явуулах, шийдвэр гаргахад аливаа этгээд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.

11.13.Албан үүргээ гүйцэтгэхэд нь хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзвэл тухайн албан тушаалтан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй.

11.14.Сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулахад жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1, 111.2-т заасныг хэрэгжүүлсэн эсэхийг харгалзан үзнэ.

11.15.Сан төсөл сонгон шалгаруулсан шийдвэрийг тухайн шийдвэр гарснаас хойш Сангийн албан ёсны цахим хуудас болон өдөр тутмын хэвлэлээр ажлын 5 өдрийн дотор нийтэд мэдээлнэ.

11.16.Сан нь зээлийн болон дамжуулан зээлдүүлэх гэрээний биелэлтэд хяналт тавина.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧ

12 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид үзүүлэх үйлчилгээ

Хэвлэх

12.1.Хувийн өмчит хуулийн этгээд дараах үйлчилгээг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид үзүүлж болно:

12.1.1.зөвлөгөө, мэдээллээр хангах;

12.1.2.бизнесийн зөвлөх үйлчилгээ;

12.1.3.сургалт зохион байгуулах;

12.1.4.борлуулалтыг дэмжих үйл ажиллагаа;

12.1.5.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ажлын байр, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслүүлэх;

12.1.6.бизнес инкубацийн үйлчилгээ.

13 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүрэг

Хэвлэх

13.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч дараах эрх эдэлнэ:

13.1.1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих талаар төрөөс хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд хамрагдах, санхүүгийн дэмжлэг авах;

13.1.2.төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус аливаа шийдвэр, шаардлагыг биелүүлэхээс татгалзах, зохих журмын дагуу гомдол гаргах;

13.1.3.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зориулан энэ хуулийн 12.1-д заасан этгээд болон бусад байгууллагаас зохион байгуулж байгаа сургалтад хамрагдах, мэдээлэл, зөвлөгөө авах;

13.1.4.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн төсөлд санал өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;

13.1.5.хуульд заасан бусад эрх.

13.2.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч дараах үүрэг хүлээнэ:

13.2.1.хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэр, шаардлагыг биелүүлэх;

13.2.2.зохих стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх;

13.2.3.эрхлэх үйл ажиллагаа нь энэ хуулийн 7.1-д заасан чиглэлд хамаарч байвал энэ тухайгаа мэдэгдэж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлээс хасуулах;

13.2.4.бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх;

13.2.5.ажилтны мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, менежментийн арга барилыг сайжруулах;

13.2.7.ажилтны тоо, борлуулалтын орлогын хэмжээ нь энэ хуулийн 4.1.1-д заасан хязгаараас хэтэрсэн бол жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутаг дахь тухайн асуудал хариуцсан эрх бүхий этгээдэд мэдэгдэх;

13.2.8.Сангаас олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх;

13.2.9.зээлийн зарцуулалтын явц, байдлын талаарх тайланг Санд 6 сар тутам ирүүлэх;

13.2.10.хуулиар хүлээсэн бусад үүрэг.

ТАВДУГААР БҮЛЭГ

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

14 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

Хэвлэх

14.1.Улсын Их Хурал жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санхүү, татвар, зээл, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг тодорхойлох;

14.1.2.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг батлах;

14.1.3.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх;

14.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

15 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

15.1.Засгийн газар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1.энэ хуулийн 10.1, 10.2-т заасан хөтөлбөрийг 5 жилийн хугацаатай баталж, хэрэгжилтийг хангах;

15.1.2.орон нутгийн түүхий эдийн нөөц, эрэлт, хэрэгцээ, энэ хуулийн 18.3-т заасан саналыг харгалзан кластераар бүсчлэн хөгжүүлэх чиглэлийг батлах;

15.1.3.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гадаадын зээл, тусламж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөвт тусган шийдвэрлүүлэх;

15.1.4.аж үйлдвэрийн парк байгуулах, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхэд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн оролцоог нэмэгдүүлэх;

15.1.5.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг төрөөс дэмжих зорилгоор Улсын Их Хурлын зөвшөөрлөөр Засгийн газрын үнэт цаас гаргах;

15.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

16 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

16.1.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.1.1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль тогтоомж, энэ хуулийн 10.1, 10.2, 15.1.2-т заасан хөтөлбөр, баримт бичгийн төслийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих;

16.1.2.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ, Санг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах;

16.1.3.Зээлийн батлан даалтын сангийн удирдлагад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх;

16.1.4.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид үзүүлэх төрийн үйлчилгээг нээлттэй, шуурхай хүргэх, шат дамжлагыг багасгах, хяналт шалгалт, бүртгэл, зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох санал боловсруулж шийдвэрлүүлэх;

16.1.5.энэ хуулийн 17.1.7-д заасан судалгааны тайланг үндэслэн салбартаа шаардлагатай хүний нөөцийн асуудлыг мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх талаарх төлөвлөгөө, үндсэн чиглэл, хөтөлбөр, суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэлд тусгуулах;

16.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

16.2.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаарх энэ хуульд заасан төрийн зарим чиг үүргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн төрийн бус байгууллагад шилжүүлж болно.

17дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

17.1.Жижиг, дунд үйлдвэрийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхлэн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.1.1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний хууль тогтоомж, төрийн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх, биелэлтийг тайлагнах;

17.1.2.эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах;

17.1.3.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын харилцаанд оролцогчидтой харилцах, мэдээлэл солилцох, нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх;

17.1.4.энэ хуулийн 12.1-д заасан этгээдийг зөвлөгөө, мэдээллээр хангах;

17.1.5.хүний нөөцийг сургах, чадавхжуулах, бүтээгдэхүүн хөгжүүлэх, олон улсын зах зээлд нэвтрэх болон бусад чиглэлээр сургалт зохион байгуулах;

17.1.6.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих цахим мэдээллийн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх;

17.1.7.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт шаардлагатай хүний нөөцийн судалгааг жил бүр хийж, үр дүнг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;

17.1.8.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаарх судалгааг тогтмол хийж, тэдгээрийг хөгжүүлэх, дэмжихтэй холбогдсон санал боловсруулж шийдвэрлүүлэх;

17.1.9.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зориулсан үндэсний болон олон улсын хэмжээний үзэсгэлэн, худалдаа, чуулга уулзалт зохион байгуулах;

17.1.10.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох;

17.1.11.хариуцсан асуудлаар шаардлагатай мэдээ, судалгаа, холбогдох бусад баримт бичгийг аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулан авах;

17.1.12.цахим худалдаа нэвтрүүлэх, зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

17.1.13.аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх жижиг, дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан нэгж, албан хаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.1.14.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

/Энэ заалтын дугаарт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

18.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.1.1.тухайн шатны жил бүрийн төсөвт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх зориулалтаар хөрөнгө тусгаж батлах;

18.1.2.тухайн нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих орон нутгийн дэд хөтөлбөрийг энэ хуулийн 10.1, 10.2, 15.1.2-т заасан бодлогын баримт бичигт нийцүүлэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих.

18.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг орон нутагт зохион байгуулах ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.Тухайн шатны Засаг дарга жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг кластераар хөгжүүлэх тухай саналаа боловсруулж, дээд шатны эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.

181 дүгээр зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны асуудал хариуцсан байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг

/Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

181.1.Аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны асуудал хариуцсан байгууллага нь дараах эрх, үүрэгтэй:

/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.1.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 21.1.8, 24.1.6-д заасан аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн менежментийн асуудлыг хариуцах;

/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.1.2.тухайн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх, дэмжих үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, сурталчлах, тайлагнах;

/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.1.3.аймаг, нийслэлийн Засаг даргыг мэдээллээр хангах, арга зүйн зөвлөмж өгөх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүл‎эх;

/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.1.4.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих; 

/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.1.5.энэ хуулийн 20.1-д заасан мэдээллийг хөтөлж, цахим мэдээллийн санд  оруулах;

/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.1.6.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг сургах, дадлагажуулах арга хэмжээг зохион байгуулах, мэдээллээр хангах, түгээн дэлгэрүүлэх;

/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.1.7.борлуулалтыг дэмжих үзэсгэлэн худалдаа зохион байгуулах.

/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.2.Сум, дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны асуудал хариуцсан албан хаагч нь дараах эрх, үүрэгтэй:

/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.2.1.тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, сурталчлах, тайлагнах;

/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.2.2.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэх, мэдээллийг цахим мэдээллийн санд оруулах;

/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.2.3.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны салбарт хийгдсэн дэвшилтэт судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.2.4.аймаг, нийслэлийн холбогдох байгууллагатай хамтран борлуулалтыг дэмжих үзэсгэлэн худалдаа зохион байгуулах.

/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.3.Аймаг, нийслэлд энэ хуулийн 181.1-д заасныг хэрэгжүүлэх нэгж, сум, дүүрэгт энэ хуулийн 181.2-т заасныг хэрэгжүүлэх албан хаагчтай байна.

/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

19 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх

Хэвлэх

19.1.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

19.2.Хяналт-шинжилгээ, үнэлгээг Хууль тогтоомжийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйл, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 20.2-т заасан журмын дагуу хийж, тайланг Засгийн газарт хүргүүлнэ.

19.3.Энэ хуулийн 19.1-д заасан хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах, судалгаа, шинжилгээ хийх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, санал зөвлөмжийг авах ажлыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.

19.4.Хэрэгжилтийн тайланд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлж болох ба шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

20 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний цахим мэдээллийн сан

Хэвлэх

20.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний цахим мэдээллийн сан /цаашид "Мэдээллийн сан" гэх/ нь дараах мэдээллээс бүрдэнэ:

20.1.1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний хууль тогтоомж, төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргасан холбогдох эрх зүйн акт;

20.1.2.техник, технологийн хөгжил, зах зээлийн мэдээлэл;

20.1.3.гадаад, дотоодын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний сайн туршлага;

20.1.4.эрдэм шинжилгээний байгууллага, судлаачийн тайлан, бүтээл;

20.1.5.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах захиалга;

20.1.6.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг санхүүжүүлэх гадаад, дотоодын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээлэл;

20.1.7.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зориулан гадаад, дотоодод зохион байгуулах үзэсгэлэн, худалдааны тухай мэдээлэл;

20.1.8.хуулиар нууцад хамааруулаагүй бусад мэдээлэл.

20.2.Мэдээллийн сан нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн эрэлт, нийлүүлэлт, хэрэгцээ, шаардлагыг холбох цахим хөтөчтэй байна.

20.3.Мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, мэдээлэл цуглуулах, үйлчилгээ үзүүлэх журмыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

21.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

21.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

21.3.Энэ хуулийн 6.3, 6.4, 6.7, 11.6, 11.7, 11.8, 11.9, 11.12-т заасныг зөрчсөн буруутай албан тушаалтныг Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна.

21.4.Албан тушаалтан энэ хуулийн 11.13-т заасан үүргээ биелүүлээгүй бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.2-т заасан, энэ хуулийн 11.12-т заасныг зөрчсөн бол мөн хуулийн 29.2.4-т заасан хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР