A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 270

Улаанбаатар хот

ТӨВ, СУУРИН ГАЗРЫН 2019-2020 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үндсэн болон туслах тоноглолын засвар үйлчилгээ, техникийн зохион байгуулалтын арга хэмжээний ажлыг тус тус төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд даалгасугай.

2. Дулааны цахилгаан станц болон дулааны станцуудын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 20-иос доошгүй хоногийн нүүрс нөөцлөх хуваарь гарган бүрдүүлэх, нүүрс тээвэрлэлтийг тасралтгүй, найдвартай зохион байгуулах, аваар ослын үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт тус тус даалгасугай.

3. "Багануур" ХК, "Шивээ-Овоо" ХК, "Шарын гол" ХК-ийн үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, дизелийн түлш, шатахууны нөөц бүрдүүлэн уурхайн хөрс хуулалт, их засварын ажлыг хугацаанд нь хийж, нүүрсний бэлэн нөөцийг хэвийн хэмжээнд байлгах, аваар ослын үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, "Эрдэнэс Монгол" ХХК (П.Ганхүү)-д тус тус даалгасугай.

4. Монгол Улсын Зэвсэгт хүчний анги, салбаруудын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн урсгал засварын ажил, боловсрол, соёл, эрүүл мэнд, спортын байгууллагуудын барилгын засварын ажлыг хугацаанд нь чанартай хийж дуусгах ажлыг шуурхай зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

5. Аймаг, нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын ус хангамж, ариутгах татуургын системд их болон урсгал засвар хийх, туршилт тохируулгын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

6. Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн халаалтын уурын зуухны янданд утааны шүүлтүүр суурилуулах ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 15-ны дотор зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт, хэрэгцээт түүхий нүүрсний татан авалтад хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү), Цагдаагийн ерөнхий газар (С.Баатаржав)-т тус тус даалгасугай.

7. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн түүхий эд (мидлинг)-ийг үйлдвэрийн хашаанд 300.000 тонн, Төв аймаг дахь дундын агуулахад 700.000 тонныг татан төвлөрүүлж, нөөц бүрдүүлэх, сайжруулсан шахмал түлшний бэлэн бүтээгдэхүүн 200.000 тонныг үйлдвэрлэн бэлэн болгох арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, "Эрдэнэс-Тавантолгой" ХК (Б.Ганхуяг)-д тус тус даалгасугай.

8. Түүхий нүүрс оруулахыг хориглосон нийслэлийн бүсэд байрлах Зэвсэгт хүчний анги, байгууллагад дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох, анги, байгууллагуудын халаалтын уурын зуухны янданд утааны шүүлтүүр суурилуулах ажлыг шуурхай зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт тус тус даалгасугай.

9. Нийслэлийн гэр хорооллын иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлын хүрээнд "Тавантолгой түлш" ХХК-ийн агуулахаас шахмал түлш худалдан борлуулах цэг хүртэлх тээврийн болон худалдан борлуулагч ажиллуулах зардлыг зохих журмын дагуу санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгасугай.

10. Аймгийн төв болон бусад суурин газруудын дулааны станц, халаалтын уурын зуухны тоног төхөөрөмж, шугам сүлжээний засвар үйлчилгээг тогтоосон хугацаанд хийлгэж бэлэн байдлыг хангуулах, нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дуусгах арга хэмжээ авахыг аймгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

11. Төв, суурин газрын оршин суугчдын өвөл, хаврын махны хэрэгцээ шаардлагыг харгалзан үнийн түвшинг тогтвортой байлгах зорилгоор эрүүл ахуйн шаардлага хангасан махны нөөц бүрдүүлэх, хадгалж нөөцлөх, оновчтой жигд хуваарилж борлуулах, зайлшгүй шаардлагатай санхүүжилтийг судлан шийдвэрлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

12. Төв, суурин газрын оршин суугчдад зориулсан гэр, амины орон сууцны байшингийн дулааны алдагдлыг бууруулах талаар сургалт, сурталчилгааны ажлыг үе шаттай зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай. 13. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, өвөлжилтийн бэлтгэл ажлын дүнг нэгтгэн 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Засгийн газарт танилцуулахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ