A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 315

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Олон улсын жишигт нийцсэн, үндэсний онцлог хэв шинж бүхий 30-40 мянган хүний багтаамжтай "Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн"-г Үндэсний их баяр наадмаас гадна улсын болон олон улсын хэмжээний спортын төрөл бүрийн тэмцээн, наадам зохион байгуулах, жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах боломжтой байдлаар төлөвлөж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэгт байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлээр барьж байгуулахаар тогтсугай.

2. "Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл, эх загвар зураг (эскиз)-ийг боловсруулахад шаардагдах 950.0 (есөн зуун тавин) сая төгрөгийн зардлыг зохих журмын дагуу Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.

3. "Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн төслийн иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулах, богино хугацаанд барьж байгуулан ашиглалтад оруулах асуудлыг хариуцан зохион байгуулж, шаардагдах хөрөнгийг 2020 оноос эхлэн улс, орон нутгийн төсөвт тусгаж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгасугай.

4. "Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 162Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 315 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН