- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС НЭГ УДАА ТӨЛӨХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 01 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС НЭГ УДАА ТӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэний тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийн тодорхой хэсгийг төрөөс нэг удаа хариуцан төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөхтэй холбоотой хууль тогтоомж
2.1.Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."тэтгэвэр барьцаалсан зээл" гэж энэ хуулийн 3.1.2-т заасан иргэний тэтгэврээ барьцаалан банкнаас гэрээний үндсэн дээр зээлсэн мөнгөн хөрөнгийг;
3.1.2."тэтгэвэр авагч" гэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3 дахь заалтад хамаарах тэтгэвэр авагч иргэнийг.
4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
4.1.Энэ хуулийн үйлчлэлд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй энэ хуулийн 3.1.2-т заасан Монгол Улсын иргэн хамаарна.
4.2.Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана.
4.3.Тэтгэвэр авагч 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө тэтгэвэр барьцаалсан зээл авч зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй.
4.4.Энэ хуулийн 4.1, 4.2-т заасан зээлдэгчийн зургаан сая төгрөг, түүнээс доош дүнтэй зээлийн төлбөрийг төлөх бөгөөд үлдэгдэл зээлийн төлбөрийг зээлдэгч өөрөө хариуцна.
5 дугаар зүйл.Тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх арга хэмжээ, түүний санхүүжилтийн эх үүсвэр
5.1.Төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө.
5.2.Төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн үүргийг үнэт цаас гаргаж төлөх гэрээг холбогдох банк тус бүртэй байгуулна.
5.3.Монгол Улсын Хөгжлийн банк энэ хуулийн 5.1-д заасан үнэт цаасанд хууль тогтоомжид нийцүүлэн бие даан баталгаа гаргах бөгөөд уг баталгаанд зориулж төрийн өмчийг барьцаалахад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт хамаарахгүй.
5.4.Монголбанк энэ хуулийн 5.1-д заасан үнэт цаасыг Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4 дэх заалтад заасан хэрэгслийг ашиглан худалдан авна.
5.5.Тэтгэврийн зээлийг төлөхтэй холбоотойгоор энэ хуулийн 5.1-д заасан төрийн өмчит компани зээл авах болон үнэт цаас гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 16 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг авахгүй.
5.6.Энэ хуулийн 5.4-т заасны дагуу үнэт цаас эзэмшсэнээс Монголбанкны өөрийн хөрөнгө буурсан тохиолдолд Засгийн газар үнэт цаас гаргаж, Монголбанканд эзэмшүүлэх замаар нөхнө.
5.7.Энэ хуулийн 5.4-т заасны дагуу Монголбанк үнэт цаас худалдан авахад Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 7 дахь заалт хамаарахгүй.
6 дугаар зүйл.Тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх журам
6.1.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тэтгэвэр авагчийн мэдээллийг харилцагч банканд хүргүүлнэ.
6.2.Банк тэтгэвэр авагчтай зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцоог баталгаажуулан нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
6.3.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.2-т заасан мэдээллийг холбогдох банк тус бүрээр гаргаж, төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК-д хүргүүлнэ.
6.4.Энэ хуулийн 5.2-т заасан гэрээ байгуулснаар зээлийн төлбөрийн үүрэг дуусгавар болсонд тооцно.
7 дугаар зүйл.Үйл ажиллагааны хяналт, тайлагналт
7.1.Энэ хуулийн хэрэгжилтийг Засгийн газар 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулна.
8 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
8.1.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A