A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 24

Улаанбаатар хот

ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох болон цэргийн алба хаасны 500 000 (таван зуун мянга) хүртэлх төгрөгийн тэтгэврийг 30 000 (гучин мянган) төгрөгөөр, 500 000 (таван зуун мянга) болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 000 (хорин таван мянган) төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тооцож олгохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт даалгасугай.

2. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350 000 (гурван зуун тавин мянган) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 300 000 (гурван зуун мянган) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 63

Улаанбаатар хот

ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 15 хувиар тус тус нэмэгдүүлэн тооцож олгохыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт даалгасугай.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500 000 (таван зуун мянган) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 000 (дөрвөн зуун мянган) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА