- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН АЖЛЫН АЛБА БАЙГУУЛАХ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр
Дугаар 16
Улаанбаатар хот
ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН АЖЛЫН АЛБА БАЙГУУЛАХ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.3, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулж, орон тооны хязгаарыг 164 байхаар тогтоосугай.
2. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны дүрэм, зохион байгуулалтын бүтцийг орон тооны хязгаар, батлагдсан төсөвт багтаан баталж, сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгасугай.
3. Тариаланг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлага болон Мал хамгаалах сангаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлсэн хөрөнгө, өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (З.Мэндсайхан)-т даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 139 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 403 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
