A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 69

Улаанбаатар хот

ТӨВ, СУУРИН ГАЗРЫН 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үндсэн болон туслах тоноглолын засвар, техникийн үйлчилгээг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд даалгасугай.

2. Дулааны цахилгаан болон дулааны станцуудын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 20-иос доошгүй хоногийн нүүрс нөөцлөх хуваарь гарган бүрдүүлэх, аваар ослын үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, нүүрс тээвэрлэлтийг тасралтгүй, найдвартай зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт тус тус даалгасугай.

3. "Багануур" ХК, "Шивээ-Овоо" ХК, "Шарын гол" ХК-ийн үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай дизелийн түлш, шатахууны нөөцийг бүрдүүлэн уурхайн хөрс хуулалт, их засварын ажлыг хугацаанд нь хийх, нүүрсний бэлэн нөөцийг хэвийн хэмжээнд байлгах, аваар ослын үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал (П.Ганхүү)-д тус тус даалгасугай.

4. Монгол Улсын Зэвсэгт хүчний анги, салбарууд болон боловсрол, соёл, эрүүл мэндийн байгууллагуудын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа засварын ажлыг хугацаанд нь чанартай хийж дуусгах арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Соёлын сайд С.Чулуун, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

5. Аймаг, нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын ус хангамж, ариутгах татуургын системд их болон урсгал засвар, туршилт тохируулгын ажил хийлгэж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

6. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн түүхий эд (мидлинг)-ийн нөөцийг үйлдвэрийн хашаанд 300.000 тонн, Төв аймаг дахь дундын агуулахад 700.000 тонныг татан төвлөрүүлж, 120.000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал (Б.Ганхуяг)-д тус тус даалгасугай.

7. Нийслэлийн түүхий нүүрс оруулахыг хориглосон бүсэд байрлах Зэвсэгт хүчний анги, байгууллагад дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох, анги, байгууллагуудын халаалтын уурын зуухны янданд утааны шүүлтүүр суурилуулах ажлыг шуурхай зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид даалгасугай.

8. Нийслэлийн гэр хорооллын иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлын хүрээнд "Тавантолгой түлш" ХХК-ийн агуулахаас шахмал түлш худалдан борлуулах цэг хүртэлх тээврийн болон худалдан борлуулагч ажиллуулах зардлыг зохих журмын дагуу санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид даалгасугай.

9. Аймгийн төв болон бусад суурин газруудын дулааны станц, халаалтын уурын зуухны тоног төхөөрөмж, шугам сүлжээний засвар үйлчилгээг тогтоосон хугацаанд хийлгэж бэлэн байдлыг хангуулах, нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дуусгах арга хэмжээ авахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

10. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн түүхий нүүрс нэвтрүүлэх тоо хэмжээнд холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хяналт тавьж, зохих арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга), Онцгой байдлын ерөнхий газар (Г.Ариунбуян), Цагдаагийн ерөнхий газар (Ж.Болд)-т тус тус үүрэг болгосугай.

11. Сайжруулсан шахмал түлшний 120.000 тонн нөөц бүрдүүлэхтэй холбогдуулан бүтээгдэхүүн хадгалах агуулахын асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид даалгасугай.

12. Авто замын эвдрэлээс урьдчилан сэргийлэх үүднээс сайжруулсан шахмал түлш болон түүний түүхий эдийн тээвэрлэлтэд стандарт даац хэтрүүлэхгүй байх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал (Б.Ганхуяг) нарт даалгасугай.

13. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн түүхий эд (мидлинг)-ийн тээвэрлэлтэд шаардагдах нэмэлт хөрөнгө болон нийслэлийн зүүн бүсэд шинээр баригдаж буй сайжруулсан шахмал түлшний үйлдвэрээс Налайх-Чойрын чиглэлийн хатуу хучилттай авто зам хүртэлх 4 км урттай сайжруулсан шороон зам барих, бусад дэд бүтцийн ажлуудад шаардагдах хөрөнгийг холбогдох зураг төсөв, тооцоо, судалгаанд үндэслэн зохих журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Баярсайхан), "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал (Б.Ганхуяг)-д тус тус даалгасугай.

14. "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Баян зөрлөгөөс "Тавантолгой түлш" ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр хүртэлх шинээр баригдах салбар төмөр замд шаардагдах зардлыг 2021 оны улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгасугай.

15. Цаг агаарын аюултай, гамшигт үзэгдлийн урьдчилан сэргийлэх мэдээг олон нийтэд шуурхай дамжуулж хүргэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлд, төв, суурин газрын оршин суугчдад зориулсан гэр, амины орон сууцны байшингийн дулааны алдагдлыг бууруулах, сайжруулсан түлшний хэрэглээний талаар урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг үе шаттай зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга), Онцгой байдлын ерөнхий газар (Г.Ариунбуян)-т тус тус даалгасугай.

16. Энэ тогтоолын дагуу хийгдсэн өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилтийн дүнг нэгтгэн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны дотор Засгийн газарт танилцуулахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ