• Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр
Дугаар 10
Улаанбаатар хот
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 13.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү /илтгэгч/, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхгэрэлийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн О.Баясгалан, Г.Нацагдорж нар оролцов.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1, 2, 4, 6 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн О.Баясгалан болон Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Нацагдорж нар Үндсэн хуулийн цэцэд хандаж ижил агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ. Үүнд:
"Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд гэрчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон бөгөөд уг зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.", 2 дахь хэсэгт "Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.", 3 дахь хэсэгт "Гэрч дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ.", 4 дэх хэсэгт "Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.", 5 дахь хэсэгт "Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.", 6 дахь хэсэгт "Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй.", 8 дахь хэсэгт "Шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө." гэж тус тус хуульчлан заажээ. Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд яллагдагч гэж хэн болохыг хуульчлан заасан байх бөгөөд 1 дэх хэсэгт "Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ." гэж заажээ.
Энэ хуулийн II хэсэг буюу "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, оролцогч" гэсэн хэсэгт сэжигтэн гэсэн ойлголт байхгүй бөгөөд хууль сурталчлах, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжсэн байдлыг үзвэл гэрчээс шууд яллагдагч болж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлж байна. Гэрч нь тухайн хэрэгт биечлэн шууд ба шууд бусаар оролцоогүй, хувийн ашиг сонирхолгүй байх бөгөөд тухайн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг хэлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаар гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн үүрэг хүлээсэн этгээд билээ. Гэтэл тухайн хэргийг үйлдсэн этгээд гэж үзэгдэж буй этгээд нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй болохыг Улсын Их Хурал анхаараагүй байна. Мөрдөгч гэмт хэргийг шалгаж байхдаа гэрчийн өгсөн мэдүүлэгт буюу өөрийнх нь өгсөн мэдүүлэгт үндэслэн хэргийг илрүүлж түүнийг яллах талын нотлох баримт болгох эрх зүйн үндсийг хуулиар бий болгожээ. Мөн дээрх заалт нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараахь наад захын баталгаагаар хангагдах эрхтэй:" гээд (g)-д "өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй;" байх гэсэн заалтыг зөрчсөн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг батлан гаргахдаа энэ ажиллагаанд оролцогч төрийн тусгай албан хаагчид нь шударга ёсны зарчмыг хангах боломжгүй хууль баталсан байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... шударга ёс, эрх чөлөө, ...-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.", 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ... эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. …" гэснийг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү." гэсэн байна.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт:
"1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ... эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. ..." гэж заасан бөгөөд 2017 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлээр энэхүү эрхийг Үндсэн хуульд тусгасан агуулгаар нь гэрчид олгосон зохицуулалт болсон юм. Тодруулбал, гэрч хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй хэдий ч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, хэрэв өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг гэрчид олгосон буюу гэрчийг хамгаалах зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан юм.
Өөрөөр хэлбэл, өмнө үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэрч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг тусгаагүйгээс үүдэн олон сөрөг үр, дагавар гарч байсныг засан сайжруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн эрхийг хамгаалах асуудлыг баталгаажуулсан зохицуулалт болсон юм. Мэдээлэл гаргагч нь Монгол Улсын нэгдэн орсон гэрээг буюу Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын заалтыг дурдсан байна. Тус баримт бичгийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн (e)-д "өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчийг байцаалгах буюу байцаалгуулах, эсрэг гэрчтэй адил нөхцөлөөр өөрийн өмнөөс гэрч оролцуулах болон шалгуулах;", (g)-д "өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй;" байх гэж заасан бөгөөд оролцогч улсууд тус тусын хууль тогтоомжоор уг эрхийг баталгаажуулах үүрэгтэй. Энэ ч үүднээс Улсын Их Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд уг эрхийг баталгаажуулах зохицуулалтыг бүрэн хэмжээгээр тусгаж гэрч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэрчийн өөрийнх нь эсрэг мэдүүлэг авч байна гэж үзвэл өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй байхаар хуульчилсан юм.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Түүнчлэн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааг зөвхөн хуульд заасан арга, хэрэгслээр явуулдаг төдийгүй нэг л хууль зөрчсөн үйлдэл гаргавал хэрэг шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт нотлох чадвараа алддаг маш нарийн үйл ажиллагаа байдаг.
Хүнийг тодорхойгүй үндэслэлээр сэжиглэн сэжигтнээр тооцдог, үүрэг хүлээлгэдэг, албадлага хэрэглэн хүний эрхэнд хязгааргүй халддаг явдлыг таслан зогсоох зорилгоор хүнийг шууд сэжигтнээр тооцох бус эхлээд гэрчээр асууж нөхцөл байдлыг тодруулж, үүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж баталгаажуулсны дараа сэжигтнээр тооцдог болох, шаардлагатай бол албадлага хэрэглэх, эрх хязгаарлах арга хэмжээ авдаг байх нь хүний эрхийг хангах баталгаа болох юм байна гэж хууль тогтоогчид үзэж, ийнхүү хуульчилсан болно. Энэ нь аливаа хүнийг нотолгоогүй шууд сэжигтнээр тооцож мөрдөгч нар өрөөнийхөө үүдэнд уях, оргон зайлж болзошгүй гэсэн хардлагаар баривчлах зэрэг хүний эрхэд үндэслэлгүй халдах сөрөг байдлыг таслан зогсоохоос гадна хэрэг хийгээгүй байж хэрэг хийсэн мэтээр ойлгогдож, нэр төр алдар хүндэд нь хохирол учрах, сэтгэл санааны дарамтад ордог олон сөрөг үр дагаврыг шийдвэрлэсэн зохицуулалт болсон гэж хууль тогтоогч үзэж байна.
Урд өмнө нь гэмт хэрэг гарсан тохиолдолд хэргийн газар байсан бүх хүмүүсийг сэжигтэн хэмээн эрхийг нь хязгаарлаж байгаад хэрэг шалгах ажиллагаа явуулж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг байсныг таслан зогсоож, тухайн хүмүүсийг гэрчээр асууж, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор мэдүүлэг авдаг дэвшилтэт зохицуулалт болсон юм. Харин мэдээлэл гаргагчийн мэдээлэлд дурдсанчлан гэрчээр асуудгийг болиулж сэжигтнээр байцаадаг өмнөх зохицуулалтыг сэргээвэл дээр дурдсан хүний эрхийг зөрчдөг байдал эргэн сэргэх бодит нөхцөл үүснэ гэж үзэж байна.
Гэрчээр мэдүүлэг авч байх явцад тухайн хүн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгч эхэлбэл мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан эрхийг сануулах ёстой бөгөөд ийнхүү эрхийг нь тухайн үед сануулаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтад тооцохгүй болох талаар гэрчийг хамгаалсан хуулийн зохицуулалтыг давхар хуульчилсан болно. Түүнчлэн гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа л худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хариуцлагын зохицуулалт ажиллахаар буюу Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд "Худал мэдүүлэх" гэмт хэргийг хуульчилснаар баталгаажиж байгааг дурдъя.
Хуулиар гэрчид олгосон мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг нэг мөр хангах үүднээс гэрчид хариуцлага тооцох үндэслэл болох 9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгээс "мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн" гэснийг хасаж, "Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ." гэж өөрчлөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан.
Эцэст нь, мэдээлэл гаргагчийн мэдээлэлд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн бус харин Үндсэн хуулиар олгосон эрхийг баталгаажуулахаас гадна хууль сахиулагчид хуулийг нэг мөр ойлгохгүй, хэрэгжүүлэхгүй алдаа, завхрал гаргаж байсныг шийдвэрлэсэн дэвшилттэй зохицуулалт болсон гэж үзэж байна. Иймд дээр дурдсаныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр хүргүүлж байна." гэжээ.
Гурав. Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт:
"… Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ." гэж зааснаас үзэхэд гэрч нь заавал тухайн хэрэгт биечлэн шууд болон шууд бусаар оролцоогүй хүн байх шаардлагагүй байна. Түүнчлэн тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйд ямар нэгэн байдлаар оролцсон хүн гэрчээр мэдүүлэг өгөх тохиолдолд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, мөн өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл мэдүүлэг өгөхөөс татгалзах, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй байхаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зохицуулжээ. Энэ зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ... эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. …" гэсэнтэй нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно.", 9.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "Шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө.", 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Дараах хүнээс гэрчийн мэдүүлэг авч болохгүй:" гээд 4.6 дахь заалтад "өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, хохирогч.", 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг … бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, ... нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, ... шийдвэр гаргана;", 16.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ ... мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно.", 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ..." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан хүний эрхийг баталгаажуулсан, нөгөө талаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчдийн зүгээс хүний эрхийг зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн зохицуулалтууд юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой хүний өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, өөрийнх нь эсрэг яллах нотлох баримт болгон ашиглах явдал зарим хууль хэрэгжүүлэгч нарын үйл ажиллагаанд гарч байгаа нь хуулийн үзэл баримтлалыг бүрэн гүйцэд ойлгоогүй, хэвшиж тогтсон ажлын арга барилаа өөрчилж чадахгүй байгаа, хайнга хариуцлагагүй үйл ажиллагаатай нь холбоотой бөгөөд үүнийг хууль тогтоомжид заасан арга хэрэгслээр таслан зогсоох, зөвлөмж, чиглэл, сургалтаар засаж өөрчлөх бүрэн боломжтой гэж үзэж байна." гэжээ.
Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 85 дугаар тогтоолын дагуу шинжээчээр томилогдсон доктор (Ph.D), профессор Т.Оюунчимэг дүгнэлтдээ:
"1.Эрүүгийн процессын эрх зүйн шинжлэх ухаанд "гэрч" хэмээх нэр томьёоны хүлээн зөвшөөрөгдсөн агуулга нь "эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж, хэргийг үнэн зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байгаа, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, мэдэж байгаа зүйлийнх нь талаар мэдүүлэг авахаар дуудагдсан, аман мэдээлэл өгч байгаа ямар ч хүнийг гэрч" гэх бөгөөд энэхүү агуулга нь дэлхийн улс орнуудад нийтлэг байдлаар хэрэглэгддэг.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "Иргэн нь өөрийнхөө болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ..." буюу дуугүй байх эрхтэй гэж заасан. Хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх нь тухайн хүний субьектив эрх учраас тухайн этгээдийн сонгох боломж гэж үзэж болно. Харин тухайн иргэн гэрчийн мэдүүлэг өгөх нь өөрийн сонголтыг хийж байгаа төдийгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох оролцогчийн эрх зүйн тусгай байдал бий болж, үнэн зөв гэрчлэх хууль зүйн үүрэг хүлээнэ. Тодруулбал, өмнө үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд "Гэрчийг тухайн хэрэгт оролцоогүй, хувийн сонирхолгүй байх." гэсэн шинжүүдийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бусад оролцогчдоос ялгагдах шинж болгон үзэж байсныг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хасаж, эрүүгийн процессын эрх зүйн нийтлэг чиг хандлагад нийцүүлэн "Эрүүгийн хэргийг үнэн зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэж, мэдүүлэг өгч байгаа хүн бүр гэрч." гэсэн эрүүгийн процессын эрх зүйн нийтлэг үзэл баримтлалын жишгээр шинэчлэн тодорхойлжээ.
2.Гэрчээс мэдүүлэг авахын өмнө гэрчийн эрх буюу Үндсэн хуулиар баталгаажсан "Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх" эрхийг болон мэдүүлэг өгсөн тохиолдолд "Үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй" болохыг тайлбарлан өгөх, эрх үүрэгтэйгээ танилцсан тухайгаа баталгаажуулан гарын үсэг зуруулдаг нь гэрч сонгох эрхээ эдэлж буйн нотолгоо тул, тийнхүү авсан гэрчийн мэдүүлэг нь Үндсэн хуулийн болон олон улсын гэрээ конвенцыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин ийнхүү баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдсон нөхцөлд гэрчийн эрх зүйн байдал бүрэн өөрчлөгдөх хууль зүйн үр дагаврыг дагуулдаг жишиг аль ч улс оронд нийтлэг байдлаар хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, гэрчийн өгсөн мэдүүлгийг тухайн этгээдийн эсрэг ашиглаж яллах боломжтой. Харин гэрчээс өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдийнх нь эсрэг мэдүүлэг гаргуулахаар шаардах, шахалт үзүүлэх, хүч хэрэглэсэн бол Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн буюу тийнхүү гаргаж авсан гэрчийн мэдүүлэг нотлох баримтын чадвараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй төдийгүй мэдүүлэг авсан этгээдэд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Эрүүгийн процессын эрх зүйн шинжлэх ухаанд "хязгаарлалт" гэдэг нэр томьёог хэрэглэдэггүй, харин хуулийн хүрээнд аливаа зүйлд хязгаарлалт тогтоох боломжтой.
Тодруулбал, гэрчийн хувьд өгсөн мэдүүлгийг тухайн этгээдийн эсрэг ашиглаж, яллах нотлох баримтад тооцох боломжтой эсэх талаарх хязгаарлалт, уг хязгаарлалтын онолын үндэслэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтаар хөндөж буй эсэх гэсэн асуулт нь гэрчийн иммунитетийн талаар тавьсан асуулт гэж ойлгож дараах байдлаар тайлбарлаж байна. Иммунитет буюу (immunitas) гэсэн нэр томьёо нь гэрч мэдүүлэг өгөхөөс чөлөөлөгдөх эрх буюу гэрчлэхээс чөлөөлөгдөх онцгой эрх тодорхой этгээдийг гэрчээр байцаахыг шууд хориглох тухай асуудал юм. Гэрчийн иммунитет эрхийг бүр эртнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглаж иржээ. Иммунитет буюу онцгой эрх эдлэх эрх бүхий субьектүүдийг олон улсын нийтлэг жишгийн дагуу Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд иргэн нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй буюу дээрх байдлын талаар мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, гэрч нь өөрийн болон гэр бүлийн гишүүн, эцэг эх, үр хүүхдүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, тийнхүү мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй хэмээн бэхжүүлжээ. Нийтийн эрх зүйн тогтолцоо бүхий орнуудын орчин үеийн хууль тогтоомжид гэрчийн иммунитетийн хоёр төрөл үйлчилж байна. Нэгд, энгийн иммунитет (use immunity) нь хууль тогтоомжид нийтлэг байдлаар заасан иммунитетийг ашиглаж байгаа хүмүүсийн хүрээнд үйлчилдэг. Иммунитетийн энэ төрөл өөрийгөө яллахаас чөлөөлөгдөх тусгай эрх болон нууцтай холбоотойгоор бий болдог. Хоёрт, хэлцлээр үүсэх иммунитет (transaction immunity) нь мэдүүлэг өгөхөөр харилцан тохиролцсоны үндсэн дээр прокуророос тусгайлан олгогддог.
Энэ тохиолдолд тухайн мэдүүлэг өгсөн этгээдийг түүний шалгагдаж байгаа гэмт хэрэгтэй нь холбогдуулан "эрүүгийн хариуцлагад татаж болохгүй" гэсэн журам үйлчилж байна. Гэрчийн иммунитетийн дээрх 2 төрөл нь манай улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой хэмжээгээр баталгаажсан байна." гэсэн байна.
Тав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад мэдээлэл гаргагч иргэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйл бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээллийн шаардлагаасаа татгалзаж, уг хуулийн 9.6 дугаар зүйлийн 1, 2, 4, 6 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, мөн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээллийн шаардлагаа өөрчилсөн болно.
ҮНДЭСЛЭЛ:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "гэрч" гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг ойлгохоор тодорхойлсон нь эрүүгийн процессын эрх зүйд болон бусад улсын энэ талаарх зохицуулалт, нийтлэг жишигт нийцсэн зохицуулалт байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ... эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. ..." гэж заасан бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шинэчлэн баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн "Гэрч" гэсэн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Үндсэн хуулиар баталгаажсан энэхүү эрхийг мөн тусган хуульчилсан байна. Тодруулбал, хуулийн дагуу гэрчээс мэдүүлэг авахын өмнө Үндсэн хуулиар баталгаажсан эрх болох "Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх" буюу "дуугүй байх" эрхийг мэдүүлэг авах эрх бүхий этгээд гэрчид тайлбарлан өгөх үүрэгтэй байхаар заажээ. Мөн тус зүйлийн 6 дахь хэсэгт гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй байхыг хуульчилж, Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг баталгаажуулсан байна.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.", мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ." гэсэн гэрчийн үүргийг хуульчилсан зохицуулалт нь эрүүгийн процессын эрх зүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зохицуулалт байх бөгөөд Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг үндэслэлгүй хязгаарласан шинжгүй, хууль зүйн процессын суурь зарчмуудад нийцсэн байх ёстой. Энэ утгаараа хуульд гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдийн эрх зүйн байдлыг дээрх хуулиар нарийвчлан зохицуулж өгөөгүйн улмаас тухайн этгээдээс гэрчийн мэдүүлэг авч, түүний эрхийг хөндөх байдал гаргахаар байгааг хууль тогтоогч анхаарч, хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байна.
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн иргэнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэргүүн ээлжид танилцуулж, мэдүүлэг өгөх тохиолдолд худал мэдүүлбэл хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг сануулах журмыг илүү тодорхой хуульчлах нь зүйтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1, 2, 4, 6 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "… шударга ёс, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "… өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, … эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. …", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.
2.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Ц.НАНЗАДДОРЖ
ГИШҮҮД Д.СОЛОНГО
Б.БУЯНДЭЛГЭР
Г.ТУУЛХҮҮ
Г.БАЯСГАЛАН

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ  

 

2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр                                                                                                                             Дугаар 10                                                                                                                                             Улаанбаатар хот                                                                                  

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

хуулийн 9.6 дугаар зүйлийн зарим хэсэг

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн

                                                                                                                                                              эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

 

    Үндсэн хуулийн цэцийн 

хуралдааны танхим 13.00 цаг

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү /илтгэгч/, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхгэрэлийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн О.Баясгалан, Г.Нацагдорж нар оролцов.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1, 2, 4, 6 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн О.Баясгалан болон Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Нацагдорж нар Үндсэн хуулийн цэцэд хандаж ижил агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ. Үүнд:

 

“Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд гэрчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон бөгөөд уг зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.”, 2 дахь хэсэгт “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.”, 3 дахь хэсэгт “Гэрч дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ.”, 4 дэх хэсэгт “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.”, 6 дахь хэсэгт “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй.”, 8 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө.” гэж тус тус хуульчлан заажээ. Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд яллагдагч гэж хэн болохыг хуульчлан заасан байх бөгөөд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ.” гэж заажээ.

 

Энэ хуулийн II хэсэг буюу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, оролцогч” гэсэн хэсэгт сэжигтэн гэсэн ойлголт байхгүй бөгөөд хууль сурталчлах, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжсэн байдлыг үзвэл гэрчээс шууд яллагдагч болж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлж байна. Гэрч нь тухайн хэрэгт биечлэн шууд ба шууд бусаар оролцоогүй, хувийн ашиг сонирхолгүй байх бөгөөд тухайн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг хэлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаар гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн үүрэг хүлээсэн этгээд билээ. Гэтэл тухайн хэргийг үйлдсэн этгээд гэж үзэгдэж буй этгээд нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй болохыг Улсын Их Хурал анхаараагүй байна. Мөрдөгч гэмт хэргийг шалгаж байхдаа гэрчийн өгсөн мэдүүлэгт буюу өөрийнх нь өгсөн мэдүүлэгт үндэслэн хэргийг илрүүлж түүнийг яллах талын нотлох баримт болгох эрх зүйн үндсийг хуулиар бий болгожээ. Мөн дээрх заалт нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараахь наад захын баталгаагаар хангагдах эрхтэй:” гээд (g)-д “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй;” байх гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг батлан гаргахдаа энэ ажиллагаанд оролцогч төрийн тусгай албан хаагчид нь шударга ёсны зарчмыг хангах боломжгүй хууль баталсан байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, эрх чөлөө, ...-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ... эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. …” гэснийг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн байна.

 

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт:

 

“1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ... эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. ...” гэж заасан бөгөөд 2017 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлээр энэхүү эрхийг Үндсэн хуульд тусгасан агуулгаар нь гэрчид олгосон зохицуулалт болсон юм. Тодруулбал, гэрч хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй хэдий ч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, хэрэв өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг гэрчид олгосон буюу гэрчийг хамгаалах зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан юм.

 

Өөрөөр хэлбэл, өмнө үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэрч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг тусгаагүйгээс үүдэн олон сөрөг үр, дагавар гарч байсныг засан сайжруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн эрхийг хамгаалах асуудлыг баталгаажуулсан зохицуулалт болсон юм. Мэдээлэл гаргагч нь Монгол Улсын нэгдэн орсон гэрээг буюу Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын заалтыг дурдсан байна. Тус баримт бичгийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн (e)-д “өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчийг байцаалгах буюу байцаалгуулах, эсрэг гэрчтэй адил нөхцөлөөр өөрийн өмнөөс гэрч оролцуулах болон шалгуулах;”, (g)-д “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй;” байх гэж заасан бөгөөд оролцогч улсууд тус тусын хууль тогтоомжоор уг эрхийг баталгаажуулах үүрэгтэй. Энэ ч үүднээс Улсын Их Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд уг эрхийг баталгаажуулах зохицуулалтыг бүрэн хэмжээгээр тусгаж гэрч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэрчийн өөрийнх нь эсрэг мэдүүлэг авч байна гэж үзвэл өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй байхаар хуульчилсан юм.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Түүнчлэн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааг зөвхөн хуульд заасан арга, хэрэгслээр явуулдаг төдийгүй нэг л хууль зөрчсөн үйлдэл гаргавал хэрэг шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт нотлох чадвараа алддаг маш нарийн үйл ажиллагаа байдаг.

 

Хүнийг тодорхойгүй үндэслэлээр сэжиглэн сэжигтнээр тооцдог, үүрэг хүлээлгэдэг, албадлага хэрэглэн хүний эрхэнд хязгааргүй халддаг явдлыг таслан зогсоох зорилгоор хүнийг шууд сэжигтнээр тооцох бус эхлээд гэрчээр асууж нөхцөл байдлыг тодруулж, үүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж баталгаажуулсны дараа сэжигтнээр тооцдог болох, шаардлагатай бол албадлага хэрэглэх, эрх хязгаарлах арга хэмжээ авдаг байх нь хүний эрхийг хангах баталгаа болох юм байна гэж хууль тогтоогчид үзэж, ийнхүү хуульчилсан болно. Энэ нь аливаа хүнийг нотолгоогүй шууд сэжигтнээр тооцож мөрдөгч нар өрөөнийхөө үүдэнд уях, оргон зайлж болзошгүй гэсэн хардлагаар баривчлах зэрэг хүний эрхэд үндэслэлгүй халдах сөрөг байдлыг таслан зогсоохоос гадна хэрэг хийгээгүй байж хэрэг хийсэн мэтээр ойлгогдож, нэр төр алдар хүндэд нь хохирол учрах, сэтгэл санааны дарамтад ордог олон сөрөг үр дагаврыг шийдвэрлэсэн зохицуулалт болсон гэж хууль тогтоогч үзэж байна.

 

Урд өмнө нь гэмт хэрэг гарсан тохиолдолд хэргийн газар байсан бүх хүмүүсийг сэжигтэн хэмээн эрхийг нь хязгаарлаж байгаад хэрэг шалгах ажиллагаа явуулж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг байсныг таслан зогсоож, тухайн хүмүүсийг гэрчээр асууж, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор мэдүүлэг авдаг дэвшилтэт зохицуулалт болсон юм. Харин мэдээлэл гаргагчийн мэдээлэлд дурдсанчлан гэрчээр асуудгийг болиулж сэжигтнээр байцаадаг өмнөх зохицуулалтыг сэргээвэл дээр дурдсан хүний эрхийг зөрчдөг байдал эргэн сэргэх бодит нөхцөл үүснэ гэж үзэж байна.

 

Гэрчээр мэдүүлэг авч байх явцад тухайн хүн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгч эхэлбэл мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан эрхийг сануулах ёстой бөгөөд ийнхүү эрхийг нь тухайн үед сануулаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтад тооцохгүй болох талаар гэрчийг хамгаалсан хуулийн зохицуулалтыг давхар хуульчилсан болно. Түүнчлэн гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа л худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хариуцлагын зохицуулалт ажиллахаар буюу Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд “Худал мэдүүлэх” гэмт хэргийг хуульчилснаар баталгаажиж байгааг дурдъя.

 

Хуулиар гэрчид олгосон мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг нэг мөр хангах үүднээс гэрчид хариуцлага тооцох үндэслэл болох 9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгээс “мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн” гэснийг хасаж, “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж өөрчлөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан.

 

Эцэст нь, мэдээлэл гаргагчийн мэдээлэлд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн бус харин Үндсэн хуулиар олгосон эрхийг баталгаажуулахаас гадна хууль сахиулагчид хуулийг нэг мөр ойлгохгүй, хэрэгжүүлэхгүй алдаа, завхрал гаргаж байсныг шийдвэрлэсэн дэвшилттэй зохицуулалт болсон гэж үзэж байна. Иймд дээр дурдсаныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр хүргүүлж байна.” гэжээ.

 

Гурав. Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт:

 

“… Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж зааснаас үзэхэд гэрч нь заавал тухайн хэрэгт биечлэн шууд болон шууд бусаар оролцоогүй хүн байх шаардлагагүй байна. Түүнчлэн тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйд ямар нэгэн байдлаар оролцсон хүн гэрчээр мэдүүлэг өгөх тохиолдолд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, мөн өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл мэдүүлэг өгөхөөс татгалзах, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй байхаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зохицуулжээ. Энэ зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ... эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. …” гэсэнтэй нийцсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно.”, 9.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө.”, 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Дараах хүнээс гэрчийн мэдүүлэг авч болохгүй:” гээд 4.6 дахь заалтад “өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, хохирогч.”, 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг … бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, ... нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, ... шийдвэр гаргана;”, 16.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ ... мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно.”, 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ...” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан хүний эрхийг баталгаажуулсан, нөгөө талаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчдийн зүгээс хүний эрхийг зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн зохицуулалтууд юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой хүний өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, өөрийнх нь эсрэг яллах нотлох баримт болгон ашиглах явдал зарим хууль хэрэгжүүлэгч нарын үйл ажиллагаанд гарч байгаа нь хуулийн үзэл баримтлалыг бүрэн гүйцэд ойлгоогүй, хэвшиж тогтсон ажлын арга барилаа өөрчилж чадахгүй байгаа, хайнга хариуцлагагүй үйл ажиллагаатай нь холбоотой бөгөөд үүнийг хууль тогтоомжид заасан арга хэрэгслээр таслан зогсоох, зөвлөмж, чиглэл, сургалтаар засаж өөрчлөх бүрэн боломжтой гэж үзэж байна.” гэжээ.

 

            Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 85 дугаар тогтоолын дагуу шинжээчээр томилогдсон доктор (Ph.D), профессор Т.Оюунчимэг дүгнэлтдээ:

 

“1.Эрүүгийн процессын эрх зүйн шинжлэх ухаанд “гэрч” хэмээх нэр томьёоны хүлээн зөвшөөрөгдсөн агуулга нь “эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж, хэргийг үнэн зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байгаа, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, мэдэж байгаа зүйлийнх нь талаар мэдүүлэг авахаар дуудагдсан, аман мэдээлэл өгч байгаа ямар ч хүнийг гэрч” гэх бөгөөд энэхүү агуулга нь дэлхийн улс орнуудад нийтлэг байдлаар хэрэглэгддэг.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Иргэн нь өөрийнхөө болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ...” буюу дуугүй байх эрхтэй гэж заасан. Хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх нь тухайн хүний субьектив эрх учраас тухайн этгээдийн сонгох боломж гэж үзэж болно. Харин тухайн иргэн гэрчийн мэдүүлэг өгөх нь өөрийн сонголтыг хийж байгаа төдийгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох оролцогчийн эрх зүйн тусгай байдал бий болж, үнэн зөв гэрчлэх хууль зүйн үүрэг хүлээнэ. Тодруулбал, өмнө үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “Гэрчийг тухайн хэрэгт оролцоогүй, хувийн сонирхолгүй байх.” гэсэн шинжүүдийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бусад оролцогчдоос ялгагдах шинж болгон үзэж байсныг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулиар хасаж, эрүүгийн процессын эрх зүйн нийтлэг чиг хандлагад нийцүүлэн “Эрүүгийн хэргийг үнэн зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэж, мэдүүлэг өгч байгаа хүн бүр гэрч.” гэсэн эрүүгийн процессын эрх зүйн нийтлэг үзэл баримтлалын жишгээр шинэчлэн тодорхойлжээ.

 

2.Гэрчээс мэдүүлэг авахын өмнө гэрчийн эрх буюу Үндсэн хуулиар баталгаажсан “Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг болон мэдүүлэг өгсөн тохиолдолд “Үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” болохыг тайлбарлан өгөх, эрх үүрэгтэйгээ танилцсан тухайгаа баталгаажуулан гарын үсэг зуруулдаг нь гэрч сонгох эрхээ эдэлж буйн нотолгоо тул, тийнхүү авсан гэрчийн мэдүүлэг нь Үндсэн хуулийн болон олон улсын гэрээ конвенцыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин ийнхүү баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдсон нөхцөлд гэрчийн эрх зүйн байдал бүрэн өөрчлөгдөх хууль зүйн үр дагаврыг дагуулдаг жишиг аль ч улс оронд нийтлэг байдлаар хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, гэрчийн өгсөн мэдүүлгийг тухайн этгээдийн эсрэг ашиглаж яллах боломжтой. Харин гэрчээс өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдийнх нь эсрэг мэдүүлэг гаргуулахаар шаардах, шахалт үзүүлэх, хүч хэрэглэсэн бол Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн буюу тийнхүү гаргаж авсан гэрчийн мэдүүлэг нотлох баримтын чадвараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй төдийгүй мэдүүлэг авсан этгээдэд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Эрүүгийн процессын эрх зүйн шинжлэх ухаанд “хязгаарлалт” гэдэг нэр томьёог хэрэглэдэггүй, харин хуулийн хүрээнд аливаа зүйлд хязгаарлалт тогтоох боломжтой.

 

Тодруулбал, гэрчийн хувьд өгсөн мэдүүлгийг тухайн этгээдийн эсрэг ашиглаж, яллах нотлох баримтад тооцох боломжтой эсэх талаарх хязгаарлалт, уг хязгаарлалтын онолын үндэслэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтаар хөндөж буй эсэх гэсэн асуулт нь гэрчийн иммунитетийн талаар тавьсан асуулт гэж ойлгож дараах байдлаар тайлбарлаж байна. Иммунитет буюу (immunitas) гэсэн нэр томьёо нь гэрч мэдүүлэг өгөхөөс чөлөөлөгдөх эрх буюу гэрчлэхээс чөлөөлөгдөх онцгой эрх тодорхой этгээдийг гэрчээр байцаахыг шууд хориглох тухай асуудал юм. Гэрчийн иммунитет эрхийг бүр эртнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглаж иржээ. Иммунитет буюу онцгой эрх эдлэх эрх бүхий субьектүүдийг олон улсын нийтлэг жишгийн дагуу Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд иргэн нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй буюу дээрх байдлын талаар мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, гэрч нь өөрийн болон гэр бүлийн гишүүн, эцэг эх, үр хүүхдүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, тийнхүү мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй хэмээн бэхжүүлжээ. Нийтийн эрх зүйн тогтолцоо бүхий орнуудын орчин үеийн хууль тогтоомжид гэрчийн иммунитетийн хоёр төрөл үйлчилж байна. Нэгд, энгийн иммунитет (use immunity) нь хууль тогтоомжид нийтлэг байдлаар заасан иммунитетийг ашиглаж байгаа хүмүүсийн хүрээнд үйлчилдэг. Иммунитетийн энэ төрөл өөрийгөө яллахаас чөлөөлөгдөх тусгай эрх болон нууцтай холбоотойгоор бий болдог. Хоёрт, хэлцлээр үүсэх иммунитет (transaction immunity) нь мэдүүлэг өгөхөөр харилцан тохиролцсоны үндсэн дээр прокуророос тусгайлан олгогддог.

 

Энэ тохиолдолд тухайн мэдүүлэг өгсөн этгээдийг түүний шалгагдаж байгаа гэмт хэрэгтэй нь холбогдуулан “эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэсэн журам үйлчилж байна. Гэрчийн иммунитетийн дээрх 2 төрөл нь манай улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой хэмжээгээр баталгаажсан байна.” гэсэн байна.

 

Тав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад мэдээлэл гаргагч иргэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйл бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээллийн шаардлагаасаа татгалзаж, уг хуулийн 9.6 дугаар зүйлийн 1, 2, 4, 6 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, мөн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээллийн шаардлагаа өөрчилсөн болно.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэрч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг ойлгохоор тодорхойлсон нь эрүүгийн процессын эрх зүйд болон бусад улсын энэ талаарх зохицуулалт, нийтлэг жишигт нийцсэн зохицуулалт байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ... эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. ...” гэж заасан бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шинэчлэн баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Гэрч” гэсэн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Үндсэн хуулиар баталгаажсан энэхүү эрхийг мөн тусган хуульчилсан байна. Тодруулбал, хуулийн дагуу гэрчээс мэдүүлэг авахын өмнө Үндсэн хуулиар баталгаажсан эрх болох “Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” буюу “дуугүй байх” эрхийг мэдүүлэг авах эрх бүхий этгээд гэрчид тайлбарлан өгөх үүрэгтэй байхаар заажээ. Мөн тус зүйлийн 6 дахь хэсэгт гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй байхыг хуульчилж, Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг баталгаажуулсан байна.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэрчийн үүргийг хуульчилсан зохицуулалт нь эрүүгийн процессын эрх зүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зохицуулалт байх бөгөөд Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг үндэслэлгүй хязгаарласан шинжгүй, хууль зүйн процессын суурь зарчмуудад нийцсэн байх ёстой. Энэ утгаараа хуульд гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдийн эрх зүйн байдлыг дээрх хуулиар нарийвчлан зохицуулж өгөөгүйн улмаас тухайн этгээдээс гэрчийн мэдүүлэг авч, түүний эрхийг хөндөх байдал гаргахаар байгааг хууль тогтоогч анхаарч, хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байна.

 

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн иргэнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэргүүн ээлжид танилцуулж, мэдүүлэг өгөх тохиолдолд худал мэдүүлбэл хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг сануулах журмыг илүү тодорхой хуульчлах нь зүйтэй.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1, 2, 4, 6 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… шударга ёс, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “… өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, … эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

 

2.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

 

                                                                                                                                    ДАРГАЛАГЧ                                             Ц.НАНЗАДДОРЖ

 

                                                                                                                                           ГИШҮҮД                                              Д.СОЛОНГО

 

                                                                                                                 Б.БУЯНДЭЛГЭР

 

                                                                                                                  Г.ТУУЛХҮҮ

 

                                                                                                                  Г.БАЯСГАЛАН